| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00348/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 376
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Улаанбаатар хотын Багануур дүүргийн 3 дугаар хороо 33-20 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Агар аяга ХХК-ийн захирал Боржигон овогт Д.Зын /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Хонгорморьтын 1 дүгээр хэсэг 2-083 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Монгол овогт Б.Ад /*******/ холбогдох
Хүүхдийн асрамж солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.З /онлайнаар оролцов/, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Г нь манай бага хүү байгаа юм. Хүү маань одоо Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Ган-Өлзий ХХК-д өрмийн туслахаар ажилладаг учраас миний бие тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож нэхэмжлэл гаргасан. А.Г, Б.А нар нь манайд 4 сар хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 3 сартай жирэмсэн байхдаа тус тусдаа амьдарцгаасан. Миний хүүгийн охин Г.Э нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Охиноо 1 нас өнгөрөөгөөд хоорондоо эвлэрч 1 сар гаруй хамтран амьдарч байгаад мөн л муудалцан Б.А охиноо аваад гэр лүүгээ буцсан. Түүнээс хойш энэ хоёрыг охиноо бодоод буцаад хамт амьдрах юм болов уу гэж харж байсан ч Б.А гэр бүлтэй болж хүүхэд гаргасан. Бид нар гэр бүлээрээ харилцан тохирч Б.А охиноо 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр та нар авах уу гэхээр нь Сэлэнгэ аймаг руу очиж авчирсан. Одоо аав, өвөө, эмээгийн хамт амьдарч, цэцэрлэгт явж, бидний асрамжид байгаа.
Б.А нь 2018 онд шүүхэд хандан эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гарган Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу манай хүү хүүхдийн тэтгэлэг төлж байсан. Одоо ач охин маань аавтайгаа амьдарч байгаа учраас асрамжийг нь өөрчилж, аав А.Гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг зогсоож өгнө үү гэх.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин Г.Э нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. А.Г бид хоёр таарч тохирохгүйн улмаас хэсэг хугацаанд хамтран амьдарч байгаад намайг жирэмсэн байхад тус тусдаа амьдарсан. Үүнээс хойш охин маань миний асрамжид байсан. Миний хувьд гэр бүл, хүүхэдтэй болсон учир охин Г.Эгээ аавынх нь асрамжид байсан нь дээр гэж үзсэн учраас 2019 оны 02 дугаар сард өвөө, эмээ нь ирж аваад явсан. Одоо аав, эмээ, өвөөтэйгөө хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж солиход татгалзах зүйлгүй гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын нэхэмжлэлтэй Б.Ад холбогдуулан Хүүхдийн асрамж солиулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.Г, Б.А нар нь 2015 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Э төрж, түүний эцэг нь А.Г болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрээр тогтоогдсон байна.
А.Г, Б.А нар нь гэр бүлийн харилцаатай байсан одоо охин Г.Э нь эцэг А.Гтэй хамт амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...А.Г, Б.А нар нь манайд 4 сар хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 3 сартай жирэмсэн байхдаа тус тусдаа амьдарцгаасан. Миний хүүгийн охин Г.Э нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Охиноо 1 нас өнгөрөөгөөд хоорондоо эвлэрч 1 сар гаруй хамтран амьдарч байгаад мөн л муудалцан Б.А охиноо аваад гэр лүүгээ буцсан. Түүнээс хойш энэ хоёрыг охиноо бодоод буцаад хамт амьдрах юм болов уу гэж харж байсан ч Б.А гэр бүлтэй болж хүүхэд гаргасан. Бид нар гэр бүлээрээ харилцан тохирч нь Б.А охиноо 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр та нар авах уу гэхээр нь Сэлэнгэ аймаг руу очиж авчирсан... Одоо ач охин маань аавтайгаа амьдарч байгаа учраас асрамжийг нь өөрчилж, аав А.Гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг зогсоож өгнө үү гэх,
хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин Г.Э нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. А.Г бид хоёр таарч тохирохгүйн улмаас хэсэг хугацаанд хамтран амьдарч байгаад намайг жирэмсэн байхад тус тусдаа амьдарсан. Үүнээс хойш охин маань миний асрамжид байсан. Миний хувьд гэр бүл, хүүхэдтэй болсон учир охин Г.Эгээ аавынх нь асрамжид байсан нь дээр гэж үзсэн учраас 2019 оны 02 дугаар сард өвөө, эмээ нь ирж аваад явсан. Одоо аав, эмээ, өвөөтэйгөө хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж солиход татгалзах зүйлгүй... гэх тайлбар, мэдүүлгээс үзэхэд охин Г.Э нь эцэг А.Гийн асрамжид байгаа болох нь нотлогдож байна.
Иймд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Э нь эцэг А.Гийн асрамжид байгаа ба эх Б.А нь охиноо өөрийн асрамжаас татгалзаж, эцгийнх асрамжид үлдээхэд маргаангүй гэж байх тул охин Г.Эг эцэг А.Гийн асрамжид үлдээж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байх тул хүүхдийн тэтгэлийн талаарх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй, тухайн асуудлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид нь гэр бүл болоогүй ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд...тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зйүлийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Э эцэг А.Г асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Агаас 70,200 төгрөг гаргуулан Д.Зд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА