Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 608

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, О  овогт Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, Э  овогт П.Х-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00385/И индекстэй иргэний хэргийгхянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч П.Х, түүний өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нөхөр П.Х тай 2005 онд танилцаж, улмаар бид 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.А  төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бид бусдын адил сайхан л амьдарч байсан. П.Х  нь 2009 оноос хойш архи уудаг болсон, архи уухаараа надад гар хүрч, хэл амаар доромжилдог болсон. Улмаар байнга архи ууж, гэр орондоо элдэв янзын хүмүүс авчирч архидах, надад гар хүрч зодох явдал ихэссэн. Би энэ бүгдийг гэр бүл, үр хүүхдээ бодож тэсэн өнгөрөөж тухайн үедээ цагдаад гомдол гаргаж байгаагүй. 2014 онд бид гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин ирснээс хойш П.Х  архи уух нь зогсоогүй төдийгүй удаа дараа надад гар хүрч зодсон. Энэ байдлыг тэсвэрлэх аргагүй болж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт нэг удаа дуудлага өгч байсан. 2015 оны 06 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байна. Хүүхэд өсөн торниход энэ хүний тусламж дэмжлэг бага, анхаарал халамж муу тавьдаг байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах нь миний болоод хүүхдийн маань амь нас эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд аюултай байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, охин Х.А ийг өөрийн асрамжид үлдээж, П.Х аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2009 оноос хойш архи дарс ууж эхнэрээ хэл амаар доромжилж, зовоодог байсан нь үнэн. Одоо сүүлийн жилүүдэд архи дарс уухгүй, хөдөө мал маллаж амьдарч байна. Тийм учраас эхнэр хүүхдийн хамт гэрлэлтээ цуцлуулахгүйгээр буцаж хамтран амьдрахыг хүсч байна. Одоо миний бие дахин архи дарс уухгүй мөн зан төлөвөө засаж гэр бүл, үр хүүхдээ зовоохгүйгээр буцаж хамтран амьдарч чадна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н  нь хариуцагч П.Х аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Г.Н , П.Х  нар нь 2005 онд танилцаж, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.А  төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, эвлэрлийн хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Х.А ийн насны байдал, цаашид сурч, хүмүүжих орчин нөхцөл, эхийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж илүү байх боломжтой байдал зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан.

Хуульд зааснаар гэрлэгчид хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Х.А ийг эх Г.Н ийн асрамжинд үлдээж, эцэг П.Х аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Х аас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /230000х12/50%=1.380.000₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 37030 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг баримтлан О  овогт Г.Н  //, Э  овогт П.Х  // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Х.А ийг эх Г.Н ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Х.А ийг 11 нас хүртэл тухайн бүс  нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16  нас /суралцаж байгаа бол 18/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Х аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Н д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Х аас  улсын тэмдэгтийн хураамж 107230 төгрөгийг гаргуулж, 37030 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгосугай.                                                 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН