Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01502

 


2020 оны 5 сарын 29 өдөр                                 Дугаар 183/ШШ2020/01502                                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Э-гийн Э- /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо оршин суух,  М.ын  Б- /РД:/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, 2009 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б., 2010 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.нарыг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-, хариуцагч М. Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э- миний бие М. Б-тэй 2009 оноос эхлэн хамт амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 20-нд хүү  Б-ийн , 2010 оны 10 дугаар сарын 10-нд охин  Б-ийн нар төрсөн. М. Б- бид хоёр хамт амьдраад 10 жил болсон. М. Б- нь надтай хамт амьдрахдаа өмнө нь гэр бүлийн баталгаатай эхнэртэй байсан гэдгээ нуусан байсан. Би жирэмсэн болсноос хойш энэ талаар олж мэдсэн. Миний анхны төрөлт байсан болохоор хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. М. Б- нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаад чамтай л амьдарна, өмнөх амьдралаа нууж байсанд уучлаарай гээд байсан учраас би хүүхдээ эцэгтэй байлгахын тулд хамт амьдарсан. М. Б- нь хамт амьдарч эхэлсэн үеэс л намайг маш их хардаж улмаар янз бүрээр хэлж, хэл амаар доромжилж, сүүлдээ зоддог болсон. Миний аав ээжийг үл хүндэтгэдэг, хүүхдүүд болон дүү нарынхаа дэргэд намайг зоддог. Намайг зодуулаад хамаг бие хөх алаг болсон байхыг түүний аав ээж нь харж байсан. 2015 онд хүүхдүүдийн маань дэргэд намайг маш хэрцгийгээр зодож баруун талын хацрын мах тасарч цус нь тогтохгүй байхад нялх хүү минь айж сандран алчуур авчирч өгч байсан зүрх зүсэм дүр төрх нүдэнд одоо ч харагддаг. Энэ зодуураас үлдсэн сорви нь одоо маш тод. Энэ бүх зодуур доромжлолыг би хоёр хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл тэвчиж ирсэн. М. Б- нь мөн гэр орондоо ирэхгүй хонуутаар алга болдог болсон учраас гэр бүлийн доторх хэрүүл маргаан байнга гардаг болсон. Би чамайг дахиж зодохгүй, дахин янз бүрээр хэпэхгүй уучлаарай гэхээр нь тухайн үед хүүхдүүдээ бодоод уучпаад эвлэрдэг байсан. Гэсэн хэдий ч түүний зан ааш нь засрахгүй байхын зэрэгцээ тэрээр гэр бүлээс гадуур өөр эмэгтэйчүүдтэй дотно харьцаа үүсгэн үйлдэл дээрээ баригдсан ч буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй, үргэлж өөрийгөө зөвтгөсөн зүйлийг ярьдаг. Үүнээс болж 2019 оны 9 сард гэмтэлтэй хацар руу маань алгадсанаар хацар доош унжиж нүүр муруй болсон тул Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэсэн. Энэ үеэс одоог хүртэл бид хоёрын дунд гэр бүлийн ямар нэгэн дотно харьцаа байхгүй танихгүй хүмүүс шиг байдаг. Хамгийн гол нь М. Б-ийн хучирхийлэл дарамтнаас болж хоёр хүүхэд маш их айдастай, аймхай болоод байгаа нь хүүхдүүдийн маань эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан цаашид М. Б-тэй хамтран амьдрах боломжгүй байгаа болно. Иймд М. Б- нь гэр бүлдээ байнга гэр бүлийн хүчирхийлэл дарамт учруулдаг тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б., охин Б.нарыг эх миний асрамжинд үлдээж, эцэг М. Б-өөс хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

 

          Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие өмнө нь эхнэртэй байсан нь энэхүү нэхэмжлэлд шууд хамаарах зүйл биш. 2015 онд болсон явдал нь эхнэр Э.Э- тэр өдөр 23 цагийн орчим гэртээ согтуу ирсэн бөгөөд найз Ц-г гэрт оруулсангүй хэмээн надтай маргалдсан. Улмаар эхнэр Э.Э- нь сандал авч шидэн намайг хэл амаар доромжилж миний биед гар хүрэхийг оролдсон хэдий ч би өөрийн нүүрийг хамгаалж гараа өргөхөд үед миний гарын тохой хэсгийг ирж мөргөсөн. Намайг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн үйлдэл дээрээ баригдсан гэсэн нь ажлын гадна хүнтэй ажил хэрэг ярилцаад сууж байх үед гар утсаараа бичлэг хийж хамт сууж байсан эмэгтэйг элдвээр хэлж, үснээс нь зулгаан намайг эвгүй байдалд оруулж байсан. Энэ үйлдэлд нь би тайлбар хийсэн боловч эхнэр сонсохыг хүсээгүй. Бидний хооронд үүссэн дээрх асуудлуудаас болж гэр бүлийн дотор хэрүүл маргаан гарах болсон. Одоогийн байдлаар бидний үр хүүхдүүд эрүүл саруул, гачигдах зүйлгүй, аав, ээжийн хайранд өсөн хүмүүжиж байна. Эхнэр бид хоёр хамт амьдраад 10 гаруй жил болсон. Миний хувьд гэр бүлийн хэрүүл маргаанаа хүүхдүүдийнхээ дэргэд гаргахыг хүсэхгүй байгаа бөгөөд энэ маргааныг харилцан ярилцаж засан залруулах боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч М. Б-өд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2009 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б., 2010 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.нарыг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М. Б- нь гэрлэлт цуцлуулах хүүхдүүдийг асрамжиндаа авах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

М. Б-, Э.Э- нар 2016 оны 08 сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 10 сарын 20-ны өдөр хүү Б., 2010 оны 10 сарын 10-ны өдөр охин Б.нар төрсөн болох нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-3-5/

 

Нэхэмжлэгч Э.Э- нь цаашид хамтын амьдралаа үргэжлүүлэх хүсэлгүй гэх, гэрлэгч нар хоорондын таарамжгүй харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй болсон, шүүхээс гэрлэгчидийг эвлүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг удаа дараа явуулсан боловч амжилтгүй болсон, дээрх байдлаас дүгнэхэд М. Б-, Э.Э- нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлий 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхээр зохицуулсан бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийг хэнийх нь асрамжид үлдээх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй болно.

 

Мөн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд зохигчдын хэн аль нь хүүхдүүдийг асрамжиндаа авснаар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, сурч боловсроход сөрөг нөлөө үзүүлэх байдал тогтоогдохгүй болно.

 

Хуульд зааснаар эцэг, эх хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдах ба шүүх тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхүүдийг байнга оршин суухыг тодорхойлж байгаа явдал юм.

 

Иймд 2009 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б., 2010 оны 10 сарын          10-ны өдөр төрсөн охин Б.нарын насны байдал, хүүхдүүдэд шаардагдах асаргаа, халамж зэргийг харгалзан эх Э.Э-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг М. Б-өөс хуульд заасан хэмжээгээр хүү Б., охин                     Б.нарт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байвал зохино.

 

Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  М.ын  Б-, Э-гийн Э- нарын  гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б., 2010 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.нарыг эх Э.Э-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар 2009 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б., 2010 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн охин Б.нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрт эцэг М. Б-өөс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ