| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
2023.06.09 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0115/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 2339001030202 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг 10-03 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч хохирогч Б.Э-тай "Хөлдүү гэрт очиж хонох гэлээ" гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойны зүүн хэсэгт 1 удаа, баруун санчиг хэсэг рүү 1 удаа цохиж, улмаар түүний биед хамрын нуруу хэсэг, дээд уруул, уруулын зүүн хажуу хэсэг доод эрүүний зүүн хэсэг, баруун бугалга, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 14-16-р хуудас),
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой би найз Юмжирийнд үдээс хойш 15 цагийн орчим хамтран амьдрагч Оюунбаярын хамт очиж 0.5 литрийн савлагаатай Хараа архи хувааж уусан. Оюунбаяр архи ууж дуусаад 18 цагийн орчим надаас түрүүлээд гэртээ харьж түлээ нүүрсээ бэлдлээ гээд явсан. Би байж байгаад 20 цаг өнгөрч байхад Булгийн 10-3 тоотод гэртээ харьтал миний хамтран амьдрагч О нь архи, согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглэсэн байдалтай 1 архины шил гэрт байсан. Би өөрөө гэртээ орохдоо архи уусан халамцуу байсан тул яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Хэрүүл өдөөд байх шиг болохоор нь Хэрлэн сумын 5 дугаар багт байдаг гэр лүүгээ очиж хонолоо гэтэл чи хөлдүү гэрт очиж хонох гэлээ гээд миний толгойны зүүн, баруун санчиг хэсэг рүү гараа зангидаад нэг, нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийн төрсөн охин болох Уянга руу залгаад ээжийгээ ирж ав тэгэхгүй бол алуулах шинжтэй байна гэж дуудсан. Тэрийг сонсоод миний охин цагдаагийн байгууллагад хандсан байх... Санал, гомдолгүй нэхэмжлэх зүйл гэвэл миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 34600 төгрөг, эмийн 35000 төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),
Гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө миний ээж над руу утсаар залгаад намайг ирээд аваач гээд уйлаад байхаар нь би ээжийг Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах О ын гэрээс нь авахаар гэрт нь очсон чинь миний ээж, О хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний ээжийн зүүн талын нүд нь хавдаж, хөхөрсөн, уруул нь хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь ээжээс юу болсныг нь асуухад архи ууж, сууж байгаад гэнэт бос н ирээд намайг өшиглөсөн гэж миний ээж Э надад хэлсэн учраас би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-34-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай:
1. Б. Э ын биед хамарын нуруу хэсэг, дээд уруул, уруулын зүүн хажуу хэсэг доод эрүүний зүүн хэсэг, баруун бугалга, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун, зүүн гуя, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бухий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Э нь “...бид хоёр эвлэрсэн ба надад нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 73-р хуудас) байх тул шүүгдэгч Д.Оюунбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.О-ын хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001030202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөж овогт Д О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.О оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2339001030202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР