Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2026/0211

 

 

 

 

 

 

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М

Нэхэмжлэгч: Б.Л

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0625/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Лгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасныг баримтлан Б.Лгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгаж ...” шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тухайд:

3.1.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн болон Улсын бүртгэлийн газарт хандсан материал хуулийн шаардлага хангасан талаар нотлох баримтгүй дүгнэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн талаар дүгнэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-232/9988 мэдэгдлийг гуравдагч этгээдэд хэрхэн мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдсан байна гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрээр шийдсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхаараагүй. Мөн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх газар хэрхэн биелүүлсэнд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл иргэний шүүхээс компанийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Ч.Бд даалгаж шийдвэрлэсэн болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж хуралдаанд хөндлөнгөөс оролцож хэлэлцэх асуудлыг тогтоох, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг зэрэг шүүхийн шийдвэрт заагаагүй үйл ажиллагаа явуулсан. Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүхээс өөрийн дүгнэлтэд хамаарах нотлох баримтыг цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

3.2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим хангагдаагүй тухайд:

3.2.1. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийхийг даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан буюу хуулийн дагуу бүртгэл хийгдэх нөхцөл хангагдсан эсэхийг шүүх тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх захирлын өөрчлөлт, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд компанийн хуучин дүрмийг хавсаргаж, хүргүүлээгүй зөвхөн шинэ дүрмийг хүргүүлсэн байхад шүүхээс баримт бичгийн бүрдүүлбэр хангаж хүргүүлсэн гэж баримтгүйгээр дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасантай нийцэхгүй байна. Мөн шүүхээс тус заалтад заасан шийдвэрийн нэг нөхцөл бол “татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн талаар  нэхэмжлэгчээс баримтаар нотлоогүй болон шүүхийн ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Түүнчлэн хариуцагчаас иргэний хэргийн маргааны улмаас бүртгэл хийх боломжгүй гэж татгалзсан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн татгалзсан үндэслэлд хамаарах иргэний хэргийн дагуу тус хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах замаар түдгэлзүүлэх үндэслэлийг нотлоогүй зөвхөн талуудыг тайлбараар буруу ойлгож 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8107 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ “... иргэний хэргийн шүүх “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах болон тамга, тэмдэгтэй холбоотой асуудлуудыг өмнө нь шийдвэрлэсэн байх бөгөөд одоо иргэний журмаар маргаж буй асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой байна” гэж дүгнэж хэргийг түдгэлзүүлээгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Лгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “И н” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигч нарын хурлыг хуралдуулсан, улмаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон дүрэм шинэчлэгдсэн, уг өөрчлөлтийг бүртгүүлэхээр баримт бичгийн бүрдүүлбэр хангаж хандсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан үндэслэлийг дурдаж татгалзсан нь хуульд нийцээгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01251 дугаар шийдвэрээр “... Ч.Бг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас бусдаар “И н” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01874 дүгээр тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/01 дугаар тогтоолоор “Ч.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2022 оны 22/10-479 тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан” боловч Ч.Бгийн гомдлоор хянаад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хууль хэрэглээний алдаатай тогтоол үйлдэж, засварлаж, зүйл заалтыг тодорхойгүй болгосон ... төлөөлөх эрхгүй иргэний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн” гэх үндэслэлээр дээрх 22/10-479, 23/01 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэхийг холбогдох этгээдэд даалгаж шийдвэрлэжээ.

3.3. Уг 2025 оны 8 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4-232/6893 дугаар албан бичиг болон 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-232/9988 дугаар албан бичгээр Ч.Бд “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх”-ийг мэдэгдэж, мөн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4-232/10699 дугаар албан бичгээр “... “И н” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагаас зарласан” тухай тус тус мэдэгдэж,

Мөн тус газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-232/10525 дугаар албан бичгээр Б.Лд хандан “... төлбөр төлөгч Ч.Бд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй байх тул Компанийн тухай хуулийн 61  дүгээр зүйлийн 61.7-д заасны дагуу “И н” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх үүссэн байх тул ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гарган хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна.

3.4. Улмаар “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 2025/01 дүгээр тогтоолоор Компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Ч.Бг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Б.Лг томилсон байна.

3.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/232/11335 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан “... “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсан бөгөөд тус компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасны дагуу хүсэлт ирүүлсэн тул 2025 оны 04-169/669, 02/169/3247 дугаар албан бичгүүдээр түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өөрчлөлт оруулах эрхийг сэргээх”-ийг мэдэгдэж,

Нэхэмжлэгч Б.Лгээс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэст “... Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр хуулийн дагуу хуралдсан “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрээр компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга түүнд тусгагдсан хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээлэл зэрэг тус компанийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан.

3.6. Хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар албан бичгээр “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасны дагуу “И н” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх боломжгүй гэж дурдан “И н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6/8791 дугаар албан бичгээр “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2025 оны 4/8205 дугаар албан бичгээр өгсөн хариу нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй ...” гэх хариуг нэхэмжлэгч Б.Лд хүргүүлсэн байна.

3.7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/23285 дугаар захирамжаар Ч.Бгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолын “2022 оны 10 дугаар сарын 04-ний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 22/10-479 дүгээр тогтоолд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болох үйл баримт тус тус тогтоогдож байна.

3.8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “... Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд маргаад байгаа асуудал нь тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэгэнт дүгнэгдсэн агуулга буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолтой холбогдолтой шүүхийн маргааныг үндэслэж татгалзаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тухайн хуулийн урьдчилсан нөхцөлийг хэрэглэж байгаа агуулга буруу байгаа учир захиргааны акт хуульд нийцэхгүй агуулгаар тодорхойлж байна ...” гэж,

3.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1251 дугаар шийдвэр хувийн хэрэгт авагдаагүй байсан ... үүнтэй зэрэгцээд Ч.Бгээс иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн захирамжийг хүсэлтийн хамт ирүүлсэн. Бид судалж үзээд тус шүүхийн Тамгын газраас тодруулахад шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хянагдаж байгаа болохыг мэдэгдэж байна гэсэн албан бичиг ирүүлсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар бүртгэх боломжгүй тухай хариу өгсөн ...” гэж,

3.10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ч.Бд тамга, тэмдэг, гэрчилгээ олгох шийдвэр гарсан, энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ёстой атал өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байгаа ... Иргэний хэргийн шүүхэд хандаад мэдээлэл өгөөд байхад энэ хүмүүс хууль бусаар хурал хуралдуулсан тул бүртгэлийн байгууллагын татгалзал үндэслэлтэй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

4.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/23285 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой маргасан Ч.Бгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх хэдий ч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01251 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01874 дүгээр тогтоолоор “... Ч.Бг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас бусдаар “И н” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд заавал биелэгдэх учиртай.

4.3. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулах боломжтой байхаар хуульчилсан байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... Ч.Б нь 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу “И н” ХХК-ийн тамга, гэрчилгээг авах эрхтэй байх боловч бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдээгүй, тамга, тэмдэггүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах боломжгүй байсан...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.4. Түүнчлэн дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах бөгөөд энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатгы шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 4.5. Гуравдагч этгээдийн тайлбарт дурьдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02074 дүгээр шийдвэрээр “ “И н” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг “И н” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож ...” шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1713 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01386 дугаар тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан мөн заавал биелэгдэх шинжийг агуулна.

Гэхдээ энэ маргааны тохиолдолд тамга, тэмдэггүйн улмаас хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг зарлах хуралдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй. Мөн гуравдагч этгээд Ч.Бгийн гомдлыг хянасны үндсэн дээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж явуулсан ба гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хүргүүлсэн “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай” мэдэгдлүүдийг аваагүй, ямар нэг байдлаар холбогдоогүй, хаягтаа байгаагүй гэх үндэслэл  хангалттай нотлогдохгүй байна.

4.6. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Бүртгэхээс татгалзах” гээд 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус заасан.

4.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигч нарын хурлыг хуралдуулсан, улмаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон дүрэм шинэчлэгдэж уг өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандсан, энэхүү тогтоол, шийдвэрүүдтэй гуравдагч этгээд маргаагүй  байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасан үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй.

4.8. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой иргэний маргаан үүссэн гэх үндэслэлээр тус бүртгэлийг бүртгэхээс татгалзсан байх боловч тухайн татгалзлын үндэслэл болсон иргэний маргаан нь “И н” ХХК-ийн аливаа асуудалтай холбоотой маргаан бус, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолтой холбогдуулан маргасан байх тул дээрх хуульд нарийвчлан зохицуулсан бүртгэхээс татгалзах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.9. Тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 60 хувийн хувьцаа эзэмшигч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр, тогтоол, өөрчлөлтийг бичиг баримтын бүрдэл болон шаардлага хангасан эсэхийг хянаад зохих журмын дагуу бүртгэх нь зүйд нийцнэ.

4.10. Ийнхүү маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/8205 дугаар шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь тодорхой баримт бичгийн бүрдэл, шаардлагын дагуу хэрэгжих боломжтой асуудал байх тул “И н” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хянаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтын “... хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг” гэсний ард “зохих журмын дагуу...” гэсэн өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА