Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 11

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч, З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, yарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Д.Пүрэвдавга, шүүгдэгч Б.Батхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, гэрч Б.Батхишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б.Батхуягт холбогдох 201607000123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч  Монгол  Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 23-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 49б-16 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Зээрд адуун овогт Бандийн Батхуяг /УК 68102379/
Б.Батхуяг  нь  Монголын Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүнхэр”  амралтын газрын амрах байранд хохирогч Д.Жаргалсайханы толгой руу  шилтэй архиар цохиж гэмтэл учруулсан үйл баримт нь хохирогч  Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2 согтуу хүн манай өрөөнд гэрэл тусгаад ороод ирсэн, би “та нар гараач бид амарч байна” гэхэд “ширээг чинь авна” гэсэн би “зохион байгуулагчид хэл энэ өрөөнд нэг ширээ байна та нар гар” гэж хэлсэн тэгсэн нөгөө 2 хүн гардаггүй, манай эхнэр хажуугаас өндийж ирээд бид нар унтаж амарч байна шүү дээ зохион байгуулагчид  хэлээч гэж хэлсэн. ...би тэр 2 согтуу хүнийг араас нь түлхээд өрөөнийх нь үүдэнд иртэл настай эмэгтэй намайг яагаад түлхээд байгаа юм гээд түлхсэн. Тэгэхээр нь би “та яагаад намайг түлхээд байгаа юм” гээд өөрийг нь түлхсэн тэгээд би өрөө рүүгээ орох гэж байхад цаана нь зогсож байсан эрэгтэй хүн миний толгой руу нэг юмаар цохи  сон, тухайн үед харанхуй байсан болохоор 2  согтуу эрэгтэйн  цаанаас нэг гар орж ирээд толгой руу цохисон ...гараа далайж ирээд цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ариунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ...2 хүн манай хүргэн ах Жаргалсайханы авсан өрөөнд орж ирээд ширээ нэхээд байсан, тэгэхэд манай хүргэн ах дотуур хувцастайгаа босч ирээд энд жаахан хүүхэд байна та нар хэрүүл маргаанаа маргааш бол гэж хэлээд тэр 2 эрэгтэй хүнийг цааш түлхээд гаргасан тэгэхэд  цаанаас нь нэг эмэгтэй хүн ирээд дундуур нь ороод байсан тэгэхээр нь манай хүргэн ах Жаргалсайхан цааш нь түлхсэн чинь тэр эмэгтэй  хүн муухай орилсон.  Тэр үед тэр хэдийн өрөөнд байсан нэг эрэгтэй хүний гар нь далайж байгаад цохисон би тухайн үед заамдах гэж байгаа юм байх гэж бодсон чинь цохиж байгаа хүчтэй чимээ гарсан. Тэгээд эргээд харахад манай ахын толгой хагарсан гарын салаагаар нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас Д.Жаргалсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ”Жаргалсайханы биед толгойн оройд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогч Д.Жаргалсайханы биед шүүгдэгч Б.Батхуяг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглаж бусдыг үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн Д.Жаргалсайханы биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж түүний үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлтэндээ түүний шалтаг болгосон гэх үл ялих зүйлийг тодорхой заагаагүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Б.Батхуягийг  Б.Батхишигийн “ээжээ хүн аллаа шүү дээ” гэж хашгирсан үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэн танхайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллажээ.
        Хэргийн нөхцөл байдал болон гэрчүүдийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд Д.Чилхаасүрэн, Б.Батбаатар нар нь өрөөнүүдийн хаалгыг татаж, хохирогч Д.Жаргалсайханы байрлаж байсан өрөөнд удаа дараа орж, ширээ өгөхийг шаардаж, улмаар хэрүүл маргаан үүсгэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ч уг хэрүүл маргаанд  шүүгдэгч Б.Батхуяг оролцсон гэдэг нь нотлогдоогүй байна.
Дээрх маргааны явцад хохирогч Д.Жаргалсайхан нь шүүгдэгчийн дүү Б.Батхишигийг түлхэхэд тэрээр “ээжээ хүн аллаа шүү дээ” хэмээн хашгирсан болох нь гэрч Н.Ариунчимэг, Д.Энхтуяа, Д.Чилхаасүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Б.Батхишиг ийнхүү хашгирахдаа айж сандарсан байдал илэрхийлсэн болох нь гэрчүүдийн “муухай орилсон”  “орилсон” “ их муухай орилсон” гэх мэдүүлгүүдээр тэр тусмаа хохирогчийн эхнэрийн дүү Н.Ариунчимэгийн “... ах Жаргалсайхан  цааш нь түлхсэн чинь тэр эмэгтэй “муухай орилсон” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Батхуягийн төрсөн, эмэгтэй дүү нь маргааны үед “ээжээ хүн аллаа шүү дээ” гэж хашгирахыг сонссон явдлыг  үл ялих зүйл гэж үзэх боломжгүй. Харин  дээрх нөхцөл байдалд дүү нь хашгирсанаас үүдэн үүсэн хувийн сэдэлттэй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Батхуягийн үйлдлийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчилж  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйчлэх нь зүйтэй бөгөөд түүнийг бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй.
       Шүүгдэгч Б.Батхуяг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  2016 оны  08 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.
       Иймд шүүгдэгч Б.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй  болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй,  шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

0Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зээрд адуу овогт Бандийн Батхуягийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Зээрд адуу овогт Бандийн Батхуягийг бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч  Б.Батхуягт 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Б.Батхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Жаргалсайхан нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг  дурдсугай.              
7. Шүүгдэгч Б.Батхуягийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний  хуулбар авагдсан болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Н.ДЭЛГЭРМАА