Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 112/ШШ2017/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн *******д холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугцааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2015 оны 08 дугаар сарын 21-ий өдрийн Б/53 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлаар түр томилогдож улмаар сонгон шалгаруулалтанд орж тэнцэн 2015 оны 12 дугаар сарын 24-ий өдрийн Б/83 дугаартай захирамжаар жинхлэн томилогдон ажиллаж байтал 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгааг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

2016 оны 04 дүгээр сарын 21-ий өдрийн дугаар 08-09-029/04/110 дугаар 19 заалт бүхий албан шаардлагыг тухайн үед өгөгдсөн хугацаанд биелүүлж хангаж ажилласан бөгөөд ажил хангалтгүй гэсэн ажлын хариуцлага тооцогдоогүй. Албан шаардлагын 1,2,3 дугаар заалт нь төсөв хөрөнгөөр шийдэгдэх ажил учир холбогдох газруудад уламжилж Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах санд төслийг хүргүүлэн хамтран ажилласан. Одоогийн тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа ******* нь боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан, багшлах эрх нь тодорхойгүй 2005-2006 онд тус сургуулийн технологийн цагийн багшаар ажиллаж байсан ба тус сургуулийн нярав Ш.Бүрэнтогтохтой эгч дүүсийн хүүхдүүд учраас ашиг сонирхолын зөрчил үүсэх бүрэн боломжтой юм.

2016 оны ажлыг Боловсрол соёл, урлагын газраас 85 хувьтай дүгнэж 39 хувийн

урамшуулал авсан бөгөөд үр дүнгийн гэрээг үүгээр тооцно гэж нийт захирлуудад

мэдэгдэж байсан. Үр дүнгийн гэрээг одоо болтол албан ёсоор дүгнэж илтгэх хуудсыг

нийт захирлуудад өгөөгүй байгаа болно. 85 хувьтай дүгнэж урамшуулал олгохоор

шийдвэрлэчихээд үр дүнгийн гэрээ 58 хувь гэж хаанаас хэн гаргаж ирж байгаа нь

ойлгомжгүй байна. Энэ нь зөвхөн шүүх хуралд өөрсдийгөө хамгаалахаар зохиосон

нотлох баримт гэж үзэж байна.

Манай санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 10-р сарын 25-ны өдөр шалгалт хийсэн үнэн бөгөөд намайг ажлаа хийж байх хугацаанд надад хэрэгт хавсаргасан саналын талаар болон уг санхүүгийн шалгалтын талаар ямар ч дүгнэлт танилцуулаагүй, ирүүлээгүй, мэдэгдээгүй болно. Энэхүү санал дүгнэлтийг миний бие шүүхэд хэргийн материал танилцах хугацаандаа л танилцлаа.

Аймгийн засаг даргын Тамгын газраас 2016 оны 08-р сарын 31-ний өдөр ажлын

хэсэг очсон бөгөөд гомдлын дагуу ирлээ гэж ажилтай танилцсан. Ингээд уг ажлын

хэсгийн дүгнэлт огт ирээгүй байж байгаад намайг 2016 оны 12-р сарын 27-ны өдөр

аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Баттайван дуудаж сонсох ажиллагаа хийж байна гээд дүгнэлтийг танилцуулсан бөгөөд би тайлбараа өгсөн. Аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа сонсох үйл ажиллагаа хийж байна гэж надаас тайлбар авсан байсан.

Намайг ажлаас чөлөөлөх гэж эртнээс бэлтгэсэн боловч намайг унагаах буруутгах зүйл энэ хүмүүс олж чадаагүй. Би 2015 оны 08-р сараас 2016 оны 12-р сарын хооронд 1 жилийн хугацаанд 7-8 удаа том жижиг шалгалт хийгдсэн бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хүртэл шалгалт хийж надаас шалтгаалсан зүйл байхгүй талаар надад хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн ******* сумын сургуулийн захирлаар томилсон байгаа. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаартай захирамжаар ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Аймгийн Засаг даргын захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг барьсан байдаг. Уг заалт нь хөдөлмөрийн гэрээг ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг барьж чөлөөлсөн байгаа. Өнөөдрийн байдлаар *******т мэргэжил, ур чадвар болон эмнэлэгийн ямар нэгэн дүгнэлт огт гараагүй байгаа. Хавтаст хэргийн материалд ч өгөөгүй байгаа. Тиймээс энэ үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. Мэргэжил, ур чадварын түвшинг тодорхой тооны комисс тогтоодог. Аттестатчилал хийсэн байх ёстой гэтэл ийм ажил огт хийгдээгүй. Өнөөдөр Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гараад ******* сумын сургууль дээр очиж шалгалт хийсэн гэж байгаа. Засаг даргын шийдвэрээр боловсролын байгууллагад шалгалт хийлгэх эрх ******* байхгүй байгаа. Ямар шалгалт яагаад хийгээд байгаа юм энэ нь чөлөөлөгдсөн асуудалтай холбоотой нь маш тодорхой харагдаж байгаа. Боловсролын тухай хуульд ******* хуулиараа энэ эрх хэмжээ олгогдоогүй байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй байх. Өнөөдөр Засаг даргын төлөөлөгчөөр хууль зүйн хэлтсийн дарга ороод ирсэн байгаа учраас энэ асуудлыг ярьж байна. *******ас гарч байгаа эрх зүйн актууд бүгд энэ хүний гараар дамжиж байгаа. Тэр үүднээс энийг хэлэх нь зүйтэй байх. Тушаалын үндэслэлд захирлаар томилогдохдоо хууль тогтоомж зөрчиж томилогдсон гэж байгаа. Энэ хүн Засаг даргын захирамжаар томилогдсон. Энэ төлөөлөөд сууж байгаа хүн тэр үед хуулийн хэлтэст ажиллаж байсан. Өөрийн төлөвлөсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гээд энэ хүн тогтоосон байгаа. Арга зүйн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн. Боловсролын тухай хуульд багш нарыг арга зүйн удирдлагаар хангах үүрэг нь Боловсрол, соёл, урлагын газарт байгаа тэр үүргээ захирал дээр аваачаад тохсон байгаа. Хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж байгаа. Хэрэгт өгч байгаа дүгнэлтүүд нь Санхүү аудитын хэлтсийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналт хариуцсан улсын байцаагчийн албан шаардлага байгаа. Боловсролын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах ёстой боловсролын байцаагч аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг, боловсролын газрынхаа эрх хэмжээний асуудлыг сургуулийн захирлыг зохицуулсангүй гэж хэлээд албан шаардлага өгөөд сууж байгаа нь эмэгнэлтэй, мэдэхгүйдээ энэ хүмүүсийг ингэж хийсэн гэж бодохгүй байна. Заалтуудыг нь харахаар төсөв хөрөнгөөр зохицуулах ёстой заалтууд байгаа. Сургуулийн хичээлийн байр, дотуур байр, сургалтын тоног төхөөрөмж, ном сурах бичгээр хангах ажлыг Боловсролын тухай хуулиар ******* зохион байгуулах, арга зүйн удирлагаар хангах үүрэг нь боловсролын газарт байгаа. Сургуулийн захиралд ийм албан шаардлага явуулаад сууж байгаа. Санхүү аудитын хэлтсийн дүгнэлтэнд Төсөвийн тухай хууль тогтоомж зөрчигдсөн, мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн зүйлүүд яваад байгаа учраас санхүүгийн шалгалтын талаар дурдах гэж байна. Санхүүгийн хяналт энэ сургууль дээр *******ийг ажиллаж байхад очсон нь үнэн зорилго нь *******ийг зөрчилтэй харагдуулах гэсэн. Санхүүгийн хяналтын байцаагчийн акт байгаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн энэ шалгалтаар нийт таван зөрчил илэрүүлсэн байгаа. Хашхүүгийн ээлжийн амралтын мөнгийг буруу тооцож ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон. Энийг хэн тооцож олгох ёстой юм нягтлан тооцох ёстой. Нягтлан хэдийгээр тооцож байгаа ч гэсэн гарын үсэг зурж байгаа хүн захирал гэхдээ тэр амралтын мөнгийг тооцсон баримт дээр ******* гарын үсэг зураагүй, өмнөх захирлынх нь гарын үсэг байгаа. 2015 онд ******* сургуулийн захирлаар томилогдоогүй байсан. Шалгалтын хоёр дахь зөрчил нь мэдээлэл зүйн багш Түвшинбилэг боловсролын салбарын тэргүүний ажилтнаар шагнуулахад сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар гэж байгаа мөн *******ийг байхгүй байхад гарсан тушаал, гуравдугаарт судалгаа тооцоогүй их хэмжээний тэмээний мах бэлдсэний улмаас 2014 онд тэдэн төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд тэдэн төгрөг гэсэн байгааг хараад үзэхээр 2015-2016 он гэж байгаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* томилогдсон. Энэ мах бас *******т хамаагүй. 2015 оны 12 дугаар сард сургуулийн төсвөөс тухайн жилийн хоолны хөнгөлөлтөнд тэдэн төгрөг олгосон гэж байгаа энэ нь хоёр захирал солигдох хооронд нягтлан нь ийм юм бодоод өөртөө олгосон юм шиг байгаа юм. Ямар шийдвэрээр олгогдсон нь бас байхгүй байгаа. Тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Болдод 78.000 төгрөгний албан томилолтын олговор олгосон байгаа. Тухайн үеийн сургуулийн захирлаар ажиллаж байсан гэхээр Болд гуай өөртөө олгосон байгаа юм. Энэ бүгдээс харахаар *******тэй холбоотой зөрчил санхүүгийн байцаагчийн актанд байхгүй байна. Боловсрол соёл, урлагын газраас *******д хүргүүлсэн санал дээр хуулийн заалт байгаа. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлээр боловсролын байгууллагын сургалтын орчинг зохицуулдаг байгаа. 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Боловсролын сургалтын байгууллага нь барилга байгууламж, техник төхөөрмж нь багш ажилтан, суралцагчидын хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан байна гэж байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх хангах үүрэг нь *******д байгаа. Мөн хуулийн 46 дугаар зүйлээр Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүргийг зохицуулсан байгаа 46.1.2 дахь хэсэгт боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах гэж байгаа. Өнөөдөр ******* ямар санал хүсэлт гаргах ёстой юм. Боловсрол, соёл, урлагын газар нь ийм заалт барьж *******д санал хүргүүлсэн байгаа. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.3, 20.2.4, 20.2.10, 20.2.11, 20.2.12 энэ заалтуудыг нь харахаар захирлын эрх, үүрэг нь байгаа. Ийм заалтуудыг барьж Боловсролын байгууллага санал явуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт байгаач үүгээр мэргэжил ур чадварыг тогтоодоггүй юм, тогтоох эрх бүхий хүмүүс нь биш юм гэв.

Өнөөдөр энэ хүн ур чадварын ямар зөрчил гаргасан талаар Боловсролын байгууллага ямар ч дүгнэлт хийгээгүй. Өөрсдийн хийгээгүй, хийж чадаагүй ажлыг энэ хүнээр хийлгэхээр шаардсан ийм саналыг хүргүүлсэн байгаа. Боловсролын хяналтын улсын байцаагч үнэхээр эрх хэмжээнийхээ дагуу явсан юм уу гээд захиргааны хариуцлага ногдуулсантай холбоотой маргаан явах байсан байх ингэж явагдаагүй ажлын хэсгийн дүгнэлт болоод гараад ирсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* сумын сургууль дээр 2016 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчид ажилласан байсан. Энэ үеэр боловсролын улсын байцаагч ажлаад сургууль дээр гарч байгаа зөрчил, сургуулийн захирлын хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Бага дунд боловсролын тухай хуулиар хүлээсэн үүрэг байна. Тухайлбал захирал нь дараах үүрэгтэй 20 дугаар зүйлийн 20.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, 20.2.2.сургууль хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад багш, сурагч, эцэг, эх, олон нийтийн оролцоо, түншлэлийг ханган ажиллах, 20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх энэ үүргээ биелүүлээгүй байна. 20.2.9.багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, 20.2.11.шийдвэр гаргахад багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, багш, суралцагч, эцэг, эх, олон нийтийн оролцоог хангах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх, 20.2.12.сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах, 20.2.13.сургуулийн орчин дахь хоол, хүнс, цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, ийм байдлаар сургуулийн захирлын үүргийг тогтоож өгсөн. Гэтэл ******* сумын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгаа. Энэ нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагчийн Т.Дэлгэрцэцэг албан шаардлага хүргүүлсэн, зөрчил арилгуулах тухай гээд энэ 19 заалт бүхий албан шаардлага байгаа. Танилцаж хүлээн авсан гэдэг дээр ******* сумын сургуулийн захирал ******* гэсэн байна.

Санхүүгийн хяналт аудитын хэлтэс мөн төлөвлөгөөт хяналт шалгалтаар ийм зөрчил илэрсэн. ******* сумын сургуультай холбогдуулаад хяналт шалгалт явагдаагүй. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* сумд явагдсан байна. Гэхдээ ******* сумд ганцхан шалгалт хийгээгүй Баян-Уул, Шарга, Жаргалан гэсэн сумдад төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил хийгдсэн. Энэ хяналт шалгалтаар нилээд ноцтой зөрчлүүд илэрсэн байгаа. ******* сумын сургуулийн санхүүгийн хувьд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Боловсролын хуулиуд болон эдгээртэй нийцүүлэн гаргасан актуудын хэрэгжилтийг шалгасан байгаа. Энэ шалгалтын явцад ноцтой зөрчил нь их хэмжээний тэмээний махыг удаан хугацаанд хадгалсан, агуулахад шороо тоос дарсан, хулганы баастай зарим хэсэгт өттэй тэмээний мах болон борц их хэмжээгээр хадгалагдаж байсан. Ийм махаар сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд будаатай хоол хийж өгч байсныг тухайн улсын байцаагч илэрүүлсэн байгаа. Ийм байдлаар суралцагч хүүхдүүдийн эрүүл ахуйд хяналт тавих сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсэг ажилласан байгаа. Энэ ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байгаа. ******* сумд ажиллах удирдамжийг Боловсрол, соёл, урлагын газрын даргын баталсан удирдамжтайгаар явсан. Энэ ажлын хэсэг ажлаад дүгнэлт гарсан. Дүгнэлт нь ******* сумын сургуулийн захирал ******* нь сургуулийн захирлын албан үүрэг гүйцэтгэх шаардлага хангахгүй байна гэж гарсан байгаа. Энэ шалгалтаар маш олон зөрчлүүд илэрсэн. ******* нь сургуулийн захирлын ажлын байранд тавигдах 3 жил ажилласан байна гэсэн шаардлага хангаагүй нь илэрсэн. Мөн ******* нь 2015 онд томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлынг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу урьдчилсан мэдүүлгээ хянуулалгүй шууд томилогдсон зөрчил илэрсэн. Томилсоны дараа авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилуулах санал нь яваад хариу нь томилогдсоны дараа ирсэн зөрчил илэрсэн. Ажлын хэсгийн ажилласан дүгнэлтээр Болорсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Бага дунд боловсролын тухай хуульд заасан захирлын үүрэг, Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолууд зөрчигдсөн байна гэж ажлын хэсэг дүгнэсэн байгаа. ******* нь энэ мэтээр хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй багш, ажилчдаа арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, санхүүгийн үйл ажиллагаанд тавих ёстой хяналт тавиагүй ийм ноцтой зөрчлүүд илэрсэн тул *******ийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас аймгийн ******* чөлөөлсөн байгаа. Төсөв 2201000 төгрөгний хохирол учруулсан байгаа. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг зөрчсөн байна. Батлагдсан төсвийг зориулалтынх нь дагуу зарцуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Улсын байцаагч хуулиар тогтоосон эрхийн дагуу тэмээний махны үнэ болох 2.201.000 төгрөгийг сургуулийн захирал, нягтлан бодогч, эд хариуцсан ажилтан зэргээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосон бөгөөд тухайн үед сургуулийн захирал, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байна. Тэгэхээр ******* нь удаа дараагийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь баримтуудаар тогтоогдож байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2016 оны 4 дүгээр сард явсан. 7 дугаар сарын 1-ний дотор албан шаардлагын хариу өгөх ёстой албан шаардлагын хариу гээд ирүүлсэн байсан. Албан шаардлагын хариуг 8 дугаар сард газар дээр нь очоод шалгахад 19 заалтаас 7-н заалтын зөрчлийг арилгаад 12 заалтын зөрчлийг арилгаагүй зөрчилтэй байсан. Дээр нь аймгийн Засаг даргын захирамжаар ажилласан ажлын хэсгийн дүгнэлт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байгаа. Сургуулийн захирал бол төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан. Төрийн үйлчилгээний албан тушаалтантай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байгаа. Ажил олгогчийн санаачилгаар цуцлах 6 үндэслэл байгаа. Түүний нэг нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн энэ заалтаар Хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа. Ажлаас чөлөөлөж байгаа нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар аймгийн Боловсролын газрын даргын санал дүгнэлтийг үндэслэж аймгийн ******* шийдвэрээ гаргасан байгаа. Аймгийн Боловсрол соёл, урлагын газрын даргын санал албан бичиг байгаа. ******* сумд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хавсаргаж энэ саналыг ирүүлсэн байгаа. Тийм учраас энэ хуулийн заалтыг баримталж ******* нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй юм байна. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн улирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажил олгогч үзсэн байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамжаар *******ийг ажлаас нь чөлөөлсөн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Пүрэвдагвыг гуравдагч этгээдээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна. Цаашид гуравдагч этгээдээр оролцохгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Гэрч Т.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Манай байгууллага хяналт шалгалтыг хяналтын хуудсаар хийдэг. Хяналтын хуудсын дагуу үнэлэлт дүгнэлт өгдөг байгаа. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байсан. Хяналтын хуудсаар 19 зөрчил илэрсэн. 19 заалт бүхий нэг албан шаардлага хүргүүлж ажилласан байгаа. Албан шаардлагын хариуг хугацаандаа ирүүлсэн. Гүйцэтгэлийн хяналт гээд явдаг байгаа. Хариу ирсэн боловч газар дээр нь очиход зарим нэг хариу биелэгдээгүй байсан. Гадна биеийн тамирын талбайтай болох гэсэн байсныг мэргэжлийн багш нартаа хэлж биеийн тамирын талбайтай болж сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг биеийн тамирын багш нарт хариуцуулан тохижуулах, тогтвортой амжиргаа төслөөр гүйцэтгүүлэхээр санал санаачлага үүрэг болгож өгсөн байсан. Газар дээр нь яваад очихоор биеийн тамирын багш нар нь тийм зүйл байхгүй гэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Аймгийн ******* 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн ******* сумын сургуулийн захирлаар томилогдохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж томилогдсон, албан үүргээ хангалтгүй биелүүлж, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж ******* сумын сургуулийн захирал *******ийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ******* нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ... боловсролын улсын байцаагчийн 19 заалт бүхий албан шаардлагын 7 заалтыг хэрэгжүүлж 12 заалтыг хэрэгжүүлээгүй, ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй тухай ажлын хэсгийн дүгнэлт гарсан, ... Санхүүгийн хяналт, аудитын газрын хяналт шалгалтаар зөрчил илэрсэн зэрэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.

Иймд дээрх ажил мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлүүдэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

1. 2016 оны 04 дүгээр сарын 21-ны 08-09-029/04/110 дугаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлагын тухайд:

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын Улсын байцаагч Т.Дэлгэрцэцэг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд хяналт шалтгалт явуулж 19 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлж, 2016 оны 07 дугаар сарын 01-ны дотор албан шаардлагын биелэлтийг ирүүлэх, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцох талаар анхааруулсан байна.

Боловсролын улсын байцаагчийн хувьд Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу албан шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй төдийгүй хуулийг хэрэгжүүлж ажиллахад хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ уг албан шаардлагын тухайд шууд хэрэгжүүлэх боломжгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлууд нийлээдгүй тусгагдсанаас гадна 2016 оны 07 дугаар сарын 01-ны дотор буюу 2 сарын хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан байна. Өөрөөр хэлбэл ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд өөрөөс нь шалтгаалах албан шаардлагад тусгагдсан ажлуудаас 7 шаардлагыг биелүүлсэн байгаа нь 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний хооронд хийсэн зөвлөн туслах ажлын тайланд тусгагдсан байна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 28-ны 34 тоот албан бичгээр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлсэн байна.

2. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганзориг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар албан тоотоор аймгийн *******д ******* сумын сургуулийн захирал *******т хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 10 дугаар сард ******* сумын сургуулийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны 21-03/10/26 дугаар төлбөр хариуцуулах тухай акт тогтоосон.

Уг шалгалтаар 5 зөрчил илрүүлсэн бөгөөд зөрчил тус бүрийг хариуцах ажилтанд нь хариуцуулан акт тогтоосон бөгөөд *******ийн тухайд 2015-2016 оны хичээлийн жилд төсөвт учруулсан хохирол 1504.3 мянган төгрөгийг сургуулийн захирал *******, нягтлан бодогч Г.Саранчимэг, эд хариуцагч Ш.Бүрэнтогтох нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон байна. Уг санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд тулгуурлан *******ийг ажил мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ******* сумын ерөнхий боловсролын сургууль төсөв, санхүү хариуцсан мэргэжлийн ажилтан буюу нягтлан бодогч болон эд хариуцагч /нярав/ ажилтантай байхад санхүүгийн зөрчилд холбогдуулан *******ийг ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж хариуцлага тооцох нь үндэслэлгүй байна. Мөн ******* нь 2015 оны 08 дугаар сарын 24 өдөр ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас аймгийн *******д хүргүүлсэн *******т хариуцлага тооцох саналд ...сургуулийн шинэ хуучин 2 агуулахад шороо тоос дарсан, хулганы баастай, зарим хэсэгт өттэй, дутуу шулсан тэмээний яс болон борц их хэмжээгээр хадгалагдаж байсан. Эд хариуцагч хүлээн авсан тэмээний махаа тухайн үед нь борцолсон боловч журмын дагуу махаа зарлагадаж борцоо орлого аваагүй ...эд хариуцагчийн агуулахын бүртгэлээс харахад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зарлага гаргаагүй байгаагаар тайлагнасан боловч тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дотуур байрны хүүхдийн хоолонд дээрх тэмээний борцоор цагаан будаатай шөл хийж өгч байв гэсэн байгаа боловч энэ талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 21-03/10/26 дугаар улсын байцаагчийн актад тусгагдаагүй ...судалгаа тооцоогүйгээр их хэмжээний тэмээний мах бэлдсэний улмаас ...хохирлыг төсөвт учруулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өттэй махаар хүүхдүүдэд хоол хийж өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...мах гээд байгаа зүйл нь дандаа тэмээний шулсан яс байсан ...өттэй байн уу өтгүй байн уу гэдэг нь энэ актад дурдагдаагүй ...илүү мах төсөвт хохирол учруулсан гэсэн зүйл байгаа гэсэн тайлбар зэргээс энэ байдал нь хангалттай тогтоогдохгүй байна.

3. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/320 дугаар захирамжаар ******* сумын 9 жилийн дунд сургуулийн үйл ажиллагаа, дотоод ажилд хяналт, үнэлгээ хийх, зөвлөн туслах комисс байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ******* сумын 9 жилийн сургуулийн үйл ажиллагаанд хяналт хийж, зөвлөн тусласан ажлын дүгнэлт гаргасан байна.

Уг ажлын хэсэг ******* сумын 9 жилийн сургуулийн үйл ажиллагаанд хяналт хийж, зөвлөн тусласан ажлын дүгнэлтэд тусгагдсанаар боловсон хүчний талаар, сургуулийн бичиг хэрэг, дотоод ажил, төсөв санхүү, хяналт шалгалтын байгууллагуудаас гаргасан акт, албан шаардлагын биелэлтийг хангаж ажиллаагүй, үдийн цай нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, сургуулийн захирлын менежмент, удирдлага зохион байгуулалтын талаар багш ажилчдаас санал асуулга авах чиглэлээр үйл ажиллагаанд хяналт хийж, нэгдсэн тайлан дүгнэлтийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 15-ны 413 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттайванд хүргүүлсэн байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж зааснаар аймгийн Боловсрол соёл урлагийн газраас үр дүнгийн гэрээний хэрэгжилт бус ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн. Уг ажлын хэсгийн хяналт хийж, зөвлөн тусласан ажлын дүгнэлтэд ******* сумын сургуулийн захирал ******* нь тус сургуулийн захирлын албан үүрэг гүйцэтгэх шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Гэхдээ хариуцагчийн зүйгээс шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан ажлаас чөлөөлөх болсон бусад /боловсролын улсын байцаагчийн 19 заалт бүхий албан шаардлагын 7 заалтыг хэрэгжүүлж 12 заалтыг хэрэгжүүлээгүй, ...Санхүүгийн хяналт, аудитын газрын хяналт шалгалтаар зөрчил илэрсэн/ үндэслэлүүд нь дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

Мөн ******* сумын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалтан хэдий ч төсвийн шууд захирагчийн тухайд үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг нь хавтаст хэргийн материалд авагдсан. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 зааснаар ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж *******ийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл аймгийн *******, ******* сумын сургуулийн захирлын хооронд хөдөлмөрийн гэрээ байгууллагдаагүй хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах нөхцөл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох хуулийн зохицуулалтыг хэрэглэж байгууллагдаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ийг Говь-Алтай аймгийн ******* сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 11 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 76 хоногийн олговор 3424484 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан *******ийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 6-9 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

******* нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ******* сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж 60.1 оноогоор тэнцсэн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын удирдах ажилтаны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас-аар нотлогдож байна. Үүнээс үзэхэд ******* сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулахдаа сургуулийн захирлаар ажиллах шаардлага хангасан гэж үзэж, уг сонгон шалгаруулалтад оруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага нь тухайн иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж ажилд томилчихоод дараа нь шаардлага хангахгүй байсан байна гэдэг тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ийг Говь-Алтай аймгийн ******* сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу *******ийн 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 76 хоногийн олговор 3424484 /гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн *******ас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЗОЛБАДРАХ