Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0030

 

Иргэн Д.Цогтбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Цогтбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Цогтбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр: “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 2., Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1,-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цогтбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Цогтбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 сар 6 хоногийн цалин 7931591 /долоон сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ээлжийн амралт эдлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цогтбаярт олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Цогтбаярын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг “Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар ахлах офицерын албыг 50 нас хүртэл хааж болохоор зохицуулсны дагуу тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх зүйлийн 2-т заасан “сунгах эсэх тухай” асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулаагүй.

Харин Хууль зүйн сайд 2012 онд А/22 дугаар тушаал гаргаж, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан.

... Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаах насны дээд хязгаарт хэтэрсэн, цаашид сунгах боломжгүй болсон алба хаагчдын судалгааг гаргаж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/105 дугаартай албан бичгээр Хууль зүйн сайдад хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д.Цогтбаярын алба хаах хугацааг сунгах эсэх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулж, шийдвэрлүүлсэн эсэх талаарх баримт ач холбогдолтой гэж үзсэн атлаа хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас дээрх нотлох баримтыг гаргуулалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зохицуулсан.

Д.Цогтбаярт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хүний нөөц, сургалтын хэлтсээс “Албанаас чөлөөлөх, халах /код911/ журам”-ын 911.4.1 /Цагдаагийн төв байгууллагын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчид тэтгэвэр тогтоолгох болсон тухай урьдчилан мэдэгдэнэ/-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөх болсон тухай урьдчилан мэдэгдсэн байдаг.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Цогтбаяраас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Цогтбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ээлжийн амралт эдлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2016/01 дүгээр мэдэгдэх хуудсаар Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаярт “2016 оны эхний хагас жилд багтаан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ харьяалах нэгж албаар уламжлуулан ирүүлэх”-ийг мэдэгдсэн, тухайн мэдэгдлийг хүлээн авснаар Д.Цогтбаяраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад “тэтгэвэрт гарах хугацааг нэг жилээр хойшлуулж өгөх”-ийг хүссэн, өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байтал уг асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэлгүй түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий захиргааны актаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал, цагдаагийн хурандаа цолтой алба хааж байсан нэхэмжлэгч Д.Цогтбаяр нь Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар ахлах цолтонд болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар ахлах офицерт тооцогдож, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар 50 нас хүртэл офицерийн албыг хааж болохоор, 13 дугаар зүйлийн 2 /Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно/-т зааснаар цэргийн жинхэнэ алба хаах хугацаагаа сунгуулах замаар албаа 55 нас хүртлээ хааж болохоор байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь Д.Цогтбаярыг 50 нас хүрсэн ч албан үүргийг нь үргэлжлүүлэн хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд цэргийн тэтгэвэр тогтоох мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж хуульд заасны дагуу алба хаах хугацаа сунгах тухай хүсэлтийг 55 нас хүрээгүй байхдаа гаргасныг хариуцагч албан тушаалтан цэргийн алба хаах хугацааг сунгах эсэхийг эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэлгүй, мэдэгдэлд дурдсан хугацаа нь дуусаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуулийн дээрх заалтууд болон цэргийн алба хаагчийг тэтгэвэрт гаргахтай холбоотой заалтуудыг зөрчжээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь зөв байна.

Харин хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч Д.Цогтбаяр 55 насанд хүрсэн, тодруулбал, нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан насанд хүрснээр цаашид цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрч, дахин сунгагдах боломжгүй болжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэх тогтоох боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

Харин маргаан бүхий захиргааны акт гарснаас Д.Цогтбаярыг 55 нас хүртэлх хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн холбогдох шаардлагуудыг энэ хугацаагаар  хангахаар байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цогтбаярын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Цогтбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1.636.306 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун зургаан/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж Д.Цогтбаярт олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын холбогдох нөхөн бичилт хийх, Д.Цогтбаярт зохих журмын дагуу ээлжийн амралт эдлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР