| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01903/и |
| Дугаар | 183/ШШ2020/01462 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2020/01462
2020 оны 5 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2020/01462 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, оршин суух, овогт Х.ын Т. /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, оршин суух, овогт Г.ийн З. /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т., түүний өмгөөлөгч Д., хариуцагч Г.З., түүний өмгөөлөгч Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Т. миний бие 2008 онд Г.З.тай танилцан гэр бүл болж, 20019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин Т., 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү Т.Л.нар төрсөн. Бид манай аав, ээжийн гэрт хамт амьдарч байсан. Амьдрах хугацаанд бидний хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсч байнгын хэрүл маргаан гарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 9 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү хоёр эцэг Х.Т. надтай болон миний аав, ээжийн хамт өсч, бидний асрамжинд байж, сургууль цэцэрлэгт хамрагдан өсч байна. Г.З. бид хоёр гурван жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа ба энэ хугацаанд хэн аль нь эвлэрэх, хамт амьдрах оролдлого хийгээгүй. Миний хувьд түүнийг хүлээн авах, буцах нийлэх өчүүхэн ч сэтгэл үлдээгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү, охин хоёрыг амьдрах орчин, эрүүл саруул, сурч хүмүүжих байдал, ирээдүйг нь бодож эцэг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Г.З. миний бие нь 2008 онд Х.Т.тэй танилцаж гэр бүл болсон. 2010 оны 01 дүгээр сарын 24-нд охин Т., 2015 оны 06 дугаар сарын 24-нд хүү Т.Л.нарыг төрүүлсэн. Нөхөр бид хоёрын хооронд гэр бүлийн ноцтой хэрүүл маргаан гардаггүй байсан. Би Очир дагинас ХХК-д дадлага хийж байхдаа Х.Т.тэй танилцаж, гэр бүл болсон бөгөөд Х.Т. нь айлын ганц хүү, гэр бүлийн бизнесээ цаашид үргэлжлүүлэх хүн гэдгийг ойлгон, түүнийг ажлаа амжилттай хийх бүхий л бололцоогоор хангаж үр хүүхдээ өсгөн, гэр орныхоо бүхий л зүйлсийг амжуулдаг байсан. Мөн сургуулиа төгссөний дараа Очир дагинас ХХК-д ажил хийж байсан хэдий ч гэрт асуудал гарлаа гэхэд л очиж зохицуулдаг байсан. Гэр бүл болсноос хойш тусдаа гарч амьдрах бололцоо бидний хувьд байсан боловч хадам ээж хүүтэйгээ цуг амьдарна гэж үргэлж ярьдаг байсан болохоор миний хувьд ээжийн хүүгээ гэх сэтгэлийг хүндэтгэн үзэж 7 жил гаруй хугацаанд цуг амьдарсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эцэг эхтэйгээ цуг амьдрах нь бидний хувьд сөрөг хандлагыг үүсгэж байсан. Хадам аав Т.Х., хадам ээж Ж.Доржханд нар нь хоорондоо гэр бүлийн байнгын хэрүүл маргаантай байдаг байсан бөгөөд нөхөр Х.Т. аав, ээж хоёрын маргаанд оролцож, үүнийхээ улмаас сэтгэл санааны хувьд тогтворгүй уур уцаартай байх болсон бөгөөд түүнээсээ болоод зарим тохиолдолд гэртээ ирж хонохгүй байх тохиолдол гарах болсон ч миний хувьд ойлгож байсан. Гэвч дээрх нөхцөл байдалд 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хүндрэлтэй, мөн бидний гэр бүлийн орон зай алдагдах байгаа талаар нөхөр Х.Т.д удаа дараа хэлж байсан. Миний зүгээс цаашид хамт амьдрарч, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд сэтгэл санааны хувьд маш хүнд байсан тул тусдаа гарч амьдрахыг нөхөр Х.Т.д удаа дараа санал болгож байсан. Нөхөр бид 2-ын хувьд үнэндээ бие биедээ цаг гаргах, өөрсдийнхөөрөө амьдрах тал дээр нөхцөл боломж бүрдэж байгаагүй. Би хүүхдүүдээ өсгөх гэр орон, ажил төрлөө зохицуулах гээд хөдөө гэртээ ч очих, найз нөхөдтэйгээ уулзах боломжгүй байсан. Тухайн үед бүх зүйлээ л гэр бүлдээ зарцуулах ёстой гэж бодож байсан ч өөрийнхөө орон зай, нөхөртөө хэрхэн хандах, хосууд ямар харилцаатай байх зэргийг анзаарах сөхөөгүй л өдөр хоног өнгөрдөг байсан. 2015 онд хүү Т.Л.маань төрөөд 2 сартай байхад 2015 оны 9 сар манай байгууллагын 10 жилийн ойн үйл ажиллагаан дээр нөхөр Х.Т., миний төрсөн ах Г.Мөнхжаргал нар согтуу үедээ хоорондоо маргалдсан. Гэтэл энд болсон үйл явдлыг манай нөхөр Х.Т., хадам аав Т.Х., хадам ээж Ж.Доржханд нар надтай холбогдуулж надруу хандаж уурлаж, загнасан нь сэтгэл зүйн хувьд хүндээр туссан. 2008 оноос хойш 7 жил хамтдаа амьдарч, гэр орон, ажил төрлийн асуудлыг өөрийн чадлын хирээр амжуулан, ач охин, ач хүүг нь төрүүлээд нялх биетэй хүнийг өнчин, ядуу гэх үгээр дайрахад хүнд байсан. Ингээд би өөрийн ээж С., ах том Г. нартай утсаар ярьж нөхцөл байдлыг хэлэхэд ээж С., том ах Г. хоёр хадмуудтай уулзаж ярилцахаар ирсэн боловч тийм харилцан ярилцах боломж олгоогүй. Нэгэнт ийм болсон тул ээж маань энд үлдээд яах вэ, Х.Т. та 2 эцэг, эхтэйгээ цуг амьдраад яахав тусдаа гарч амьдар, Х.Т. ээж, ааваасаа санаа нь зовоод байдаг юм байлгүй, миний охин зориглоод байр түрээслээд тусдаа гарахаар Х.Т. нь хүрээд ирэх байлгүй гэж зөвлөхөөр нь нээрээ хүүхдүүдээ аваад тусдаа гаръя гэж шийдсэн. Тухайн үед би хэрүүл шуугиантай орчинд хүүхдийн дархлаа болон мэдрэлийн эсүүд гэмтэж, өвчлөмтгий болдог гэдэг зөвлөгөөг уншсан байсан нь ч нөлөөлсөн. Үнэндээ тухайн үед Х.Т. бид 2 хоорондоо муудалцаад тусдаа амьдрахаар шийдэж тохиролцсон зүйл огт байхгүй. Х.Т. надад салж явахад хүргэх муу муухай ааш зан гаргаж байсан тохиолдол үгүй бөгөөд бүх зүрх сэтгэлээ ажилдаа зориулдагт би хувьдаа дэмждэг байсан. Би Х.Т.гээс салах санаа бодол агуулж яваагүй. Өрх гэр тусгаарлан амьдрах нь зүйтэй юм байна гэсэн үүднээс охиныхоо сургуулийн ойролцоо байр түрээслэн 1 жил 3 сар амьдарсан. Энэ хооронд миний ээж С. нь охин Х., хүү Т.Л.нарыг асрахад тусалж байсан. Тусдаа гарч амьдарснаас хойш Х.Т. нь хамт амьдрахаар ирээгүй. Би хүүгээ 2 сар гарантай нялх биетэй байхаас ажил хийж хүү Т.ын сүүний мөнгө, байрны түрээсийн төлбөрөө төлдөг байсан. Энэ хугацаанд нөхөр Х.Т.гээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Аав минь бага байхад нас барсан хэдий ч ээж, миний 3 ах бага охин намайг мэргэжил боловсролтой байхыг л үргэлж захиж, түүнд чиглүүлэн хүмүүжүүлсэн. Ах нар, тэдний эхнэрүүд нь гадаад улс орнуудад магистрын зэрэг хамгаалсан учир намайг өөрийн боловсролын зэргээ дээшлүүлэх талаар зөвлөж 2016 оны 9 дүгээр сараас БНСУ руу мэргэжлийнхээ дагуу магистрт сурах болсон. Ингээд охин Т.г аав Х.Т.гийн асрамжид, хүү Т.ыг өөрийн ээж С.ийн асрамжинд үлдээгээд 2019 оны 08 дугаар сарын 31-нд БНСУ руу явсан. Миний бие амралтаараа 2016.12.13 Монголд ирж нөхөр Х.Т.тэй уулзаж ярилцаад хоёр хүүхдийг намайг сургуулиа төгсөөд ирэх хүртэл аавтай нь байлгахаар тохирч, 2016.12.30 нд миний ээж С. хүү Т.ыг аавд нь өгсөн. Миний бие суралцах хугацаанд хүүхдүүдтэйгээ холбоотой байж, амралтаараа ирж цуг байж байгаад буцдаг байсан. Нөхөр Х.Т. 2017 оны 2 дугаар сараас 2018 оны 4 сар хүртэл Герман улсад суралцсан. Охин Х., хүү Т.Л.нар энэ хугацаанд хадам аав Т.Х., ээж Ж.Доржханд нарын асрамжинд байсан. 2019 оны 3 дугаар сард ирээд би Х.Т.тэй уулзахад хамт амьдрах хүсэлгүй гэдгээ хэлсэн. Хэдийгээр Х.Т. бид хоёр З жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа ч бидний хувьд гэр бүл салах ноцтой шалтгаан байхгүй, одоо ч байхгүй. Хэдийгээр 3 жил гаруйн хугацаанд Х.Т. бид 2 эцэг, эхийнхээ тусламжтайгаар мэргэжлийн зэргээ дээшлүүлэн хувийн амжилтаа ахиулсан боловч 2 хүүхдийнхээ хувьд сайн эцэг эх байж чадаагүй. 2015 онд том охин Х. минь 5 настай, хүү Х.Л.2 сартай байх үеэсээ эцэг эхтэйгээ хамдаа амьдарсангүй. Үүнд л эх хүний хувьд харамсаж байна. Хүү Х.Л.өвөөгөө л байнга ярьдаг хүү, охин нь дотогшоо хүүхэд болон өсч байна. Х.Т. бид 2-ын хувьд хэзээ ч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хэн аль нь хэдийд ч гаргаж болно. Ганцхан өмнөх бүх гомдол, үл ойлголцлыг мартаад 2 хүүхдээ бодоод, байр түрээслээд хамтдаа эцэг эхтэйгээ хамтдаа байх сайхан дурсамж үлдээхийг чин сэтгэлээсээ хүсч байна. 2 хүүхдэд минь эцэг эхтэйгээ гэр бүлээрээ байсан дурсамж байхгүйгээр өсөхийг, бусад хүүхдүүдийг хараад өөрсдийнхөө амьдралыг харьцуулан үзэхийг, эцэг эхдээ гомдохыг, бусад айлын хүүхдүүдэд атаархахыг, өөрсдийгөө азгүй гэж бодохыг, гутарч гунихыг үүнээс илүү хугацаагаар хармааргүй байна. Хүүхдүүд минь өдрөөс өдөрт өсч, ухаан сууж байна. Өөрсдийгөө харьцуулан гутарч гуних, өөрсдийгөө хэрэггүй хүүхэд гэж бодох, бусдаас ирэх гадуурхаптанд өртөх, өөртөө итгэлгүй болох зэрэг сэтгэлзүйн болон нийгмийн дарамтанд өртөх эрсдэл өндөр байна. Одоо л гэрлэлт цуцлах асуудал яригдаж байгаа боловч тэднийг ухаан орохоос өмнө эцэг эх нь тусдаа амьдарсан болохоор дээрх нөхцөл байдал ялангуяа охин Х.д минь үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ийм байдлыг бодохоор охиноо өрөвдөөд зүрх зүсэгдэх шиг болдог. Миний 2 хүүхэд бол миний хайрын бэлэг тэмдэг, хайрын үргэлжлэл билээ. Би нөхөр Х.Т.тэй 2 хүүхдийнхээ төлөө, өөрсдийнхөө хайр сэтгэл, хамтын амьдралын төлөө харилцан ойлголцол, сэтгэл зүйчийн мэргэжлийн зөвлөгөөний тусламжтайгаар энэ бүх нөхцөл байдалд дүгнэлт хийхийг хүсч байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Т. нь хариуцагч Г.З.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн охин Т., 2015 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Л.нарыг өөрийн асрамжиндаа үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Х.Т., Г.З. нар 2008 оны 06 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 01 сарын 24-ний өдөр охин Т., 2015 оны 06 сарын 24-ний өдөр хүү Т.Л.нар төрсөн болох нь иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-6-8/
Нэхэмжлэгч Х.Т. нь эхнэр Г.З.аас удаан хугацаанд тусдаа амьдарсан, хоорондын таарамжгүй харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж цаашид хамтын хамтын амьдралаа үргэжлүүлэх хүсэлгүй гэх, шүүхээс гэрлэгчидийг эвлүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг удаа дараа явуулсан боловч амжилтгүй болсон, дээрх байдлаас дүгнэхэд Х.Т., Г.З. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх, тэднийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болохоор заасан ба гэрлэгчид энэ талаар тохиролцоогүй тул шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлий 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхээр зохицуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийг эцэг, эх хэнийх нь асрамжид үлдээвэл тэдний эрх ашигт илүү нийцтэй байх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, уг газар гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг ажиллуулсан байна. Шинжээчид нэхэмжлэгч, хариуцагчийн гэрт очиж, нөхцөл байдлын үнэлгээ хийж, уулзалт ярилцлага зохион байгуулан, сэтгэлзүйн тест ажиллулах зэрэг аргуудыг хэрэглэсний үр дүнд хүүхдүүдийн нас, хүйсийн онцлогоос шалтгаалж цаашид эхийн зүгээс тавигдах халамж, анхаарал нэмэгдэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. /хх-55-60/
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд зохигчдын хэн аль нь хүүхдүүдийг асрамжиндаа авснаар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, сурч боловсроход сөрөг нөлөө үзүүлэх байдал тогтоогдохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх түүний саналыг харгалзан үзэх ба 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн охин Т. эхийн асрамжид байгаа, цаашид эхийн асрамжид үлдэх талаар санал гаргаснаас гадна охины насны онцлогт шаардагдах эхийн анхаарал, халамж, насны байдлыг нь харгалзан эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Мөн 2015 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.ын тухайд эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсанаар хэн алинтай нь цуг амьдрах боломжоор хязгаарлагдсан хүүхдийн сэтгэл санааны хүнд байдлыг эгчээс нь салгах давхар дарамтад оруулах нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн охин Т., 2015 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Л.нарыг эх Г.З.ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хуульд зааснаар эцэг, эх хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдах ба шүүх тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхүүдийг байнга оршин суухыг тодорхойлж байгаа явдал юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг Х.Т.гээс хуульд заасан хэмжээгээр охин Т., хүү Т.Л.нарт сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байвал зохино.
Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт Х.ын Т., овогт Г.ийн З. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн охин Т., 2015 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Л.нарыг нарыг эх Г.З.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн охин Т., 2015 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Т.Л.нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрт эцэг Х.Т.гээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ