Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

                                    

2023.06.26                                     2023/ШЦТ/146

 

 

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/0136/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Н.Б, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Э.Н нарт холбогдох эрүүгийн 2339001890203 дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Э.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хийдийн 16-08 тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Э.О-тай  "дүүгээ өмөөрсөн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Э.Н-тэй бүлэглэж, Э.О-ын толгой, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн баруун чамархай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Н нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг хийдийн 16-08 тоот хашааны гадна хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Э.О-тай "дүүгээ өмөөрсөн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Н.Б-тэй бүлэглэж, Э.О-ын толгой, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн баруун чамархай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр "Хэнтий Ус" ХХК-д ээлжийн жолооч хийгээд жижүүртэй байсан ба өөрийн хүргэн ах Мөнхтулгын хөл гарыг нь барьж өгөхөөр ажлаасаа гараад хүргэн ахын гэрт буюу Хийдийн 15-13 тоотод очиход миний төрсөн ахын төрсөн хүү Я.Хүсэлбаяр хашааныхаа үүдэнд зогсож байсан ба тухайн үед би дүүгээс яасан бэ? гэж асуухад миний дүү намайг хэдэн хүүхдүүд зодох гээд байна гэж надад хэлэхлээр нь би дүүгээ дагуулаад хаана байгаа нь асуухад дүү намайг хашааны хойно дагуулж Хийдийн 16 дугаар эгнээний урд талд очиход 10 гаруй хүүхэд байхаар нь би тэдний дэргэд очоод та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ? гэж нийт дунд нь хэлсэн чинь нэг танихгүй хүүхэд залуу гарч ирээд намайг цохих гэхлээр нь би түүнийг тэврээд авсан чинь араас нэг нь ирээд нуруу хэсэгт цохиж намайг газарт унагаад, тэд нар олуулаа намайг энд тэндээс цохиж, өшиглөсөн. Харин тэр үед миний дүү зугтааж яваад эгчид хэлж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Ийм л асуудал болсон...миний толгой тархи доргисон, нүүр, нүд хөхөрч хавдсан, хөл нуруу хөндүүр болсон байсан...Н, Б гэх хоёр залуу намайг цохиж, өшиглөсөн учраас дээрх гэмтлүүд миний биед учирсан...надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын  2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 195 дугаартай:

1.2. Э.О-ын биед тархи доргилт, толгойн баруун чамархай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт хоёр шүдний гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Я.Хүсэлбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О ах тэнд байсан хүүхдийн дэргэд очоод та нар яагаад байгаа юм бэ гэсэн чинь О ахын хажуу талаас Биндэръяагийн ах /Б/ нь гараараа нэг удаа цохисон..., Биндэръяагийн хоёр ах /Н/, Б хоёр л зодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Б, Э.Н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Н.Б, Э.Н нар нь хохирогч Э.О-ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд  хохирогч Э.О  “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 107-р хуудас) байх тул шүүгдэгч Н.Б, Э.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Б, Э.Н нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б, Э.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339001890203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Э.Н нарыг тус бүр 500 (таван зуу)нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу)нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг  3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б, Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339001890203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР