| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00327/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 412
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Ч.Тын / / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар эрэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилтай Боржигон овогт С.О / / /Нийгмийн даатгалын хэлтэст/ холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: Ч.Т миний бие Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дэх ажлаасаа халагдаж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 тоот шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон боловч хариуцагч талаас гомдол гаргаж намайг ажилд авахгүй явсаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд авсан. Ингээд манай байгууллагын дарга намайг ажил хийлгэхгүй байсаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч ойлголцолд хүрэлгүйгээр хэл амаар доромжлуулж арга буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа орхиод явсан.
Ингээд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас халсан тушаал танилцуулсан. Тиймээс би доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалин мөн 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны цалинг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.
Хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Жолооч Ч.Тыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр магадлал гарч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах шаардлагагүй гэж үзэн өмгөөлөгчтэйгөө ярилцсаны үндсэнд шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Тыг ажилд нь авч, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор болсон. Миний зүгээс хүний нөөцийн мэргэжилтэндээ мэдэгдэн Ч.Тыг дуудаж уулз гэхэд 2-3 удаа дуудуулсан боловч өмгөөлөгчтэйгөө ярина, он гарч байж ажилдаа орно гээд ажилдаа ирэхгүй байсан учраас ажилд орох тушаалыг нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, шүүхийн шийдвэрээр гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 1,803,260 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийж өгөхийг тушаалдаа зааж өгсөн.
Ч.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. 2020 оны 01 дүгээр сард 15 хоног ажиллаж, 3 хоног нь ажлаа тасалж, 4 хоног нь өвчтэй байсан. Ажилласан хугацааных нь цалинг олгосон. 02 дугаар сард 3 хоног ажиллаж, 11 өдөр ажилдаа ирээгүй боловч миний зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг нь тодруулахаар хэд хоног харсан боловч утас нь холбогдохгүй болохоор нь гэр лүү нь ажилтнаа явуулж, скайтелын утасны дугаарыг нь авч залгахад утсаа авахгүй, эсвэл холбогдох боломжгүй гэсэн дуудлага хариу өгч байсан. 2020 оны 01 сар болон 02 сард ажилласан хоногийн цалинг олгож, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн хуралдаан хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь жолооч Ч.Тын талаарх асуудал байсан. Тус хуралд Ч.Тыг өөрийг нь оруулж санал, хүсэлтийг нь асуухад Ажлаа тасалсан юм чинь халахгүй юу даа гэсэн хариу өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрт нь өгсөн.
Ч.Т нь ажилд орсон өдрөөс хойш өглөө ирж цагаа бүртгүүлээд, ажил тарахад цагаа бүртгүүлдэггүй байдал нь олон удаа гаргаж байсан боловч бидний зүгээс хүлээцтэйгээр хандаж байсан. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Тыг ажилд нь авсан, гэвч ажилдаа ирэхгүй ажлаа тасалсан учраас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд Ч.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч О.Туяа шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ:
Би 2018 оноос бичиг хэрэг, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон...шүүхийн магадлал гарсны дараа хэлтсийн дарга С.О нь Ч.Тыг дуудаж ажилд нь оруул гэж дуудсан...би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ч.Тын...утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Жижүүрээ гэр лүү нь явуулж скайтелын дугаар олж авсан...2019 оны 12 дугаар сарын 14-ний үед Ч.Тын утас руу залгахад би өмгөөлөгчтэй уулзаад эргэж хариу хэлнэ гэсэн...дахиад байгууллагын шинэ жил болохын өмнөх өдөр 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед залгахад он гаргаад ажилд орно...гэсэн. Тухайн үед Ажилд орох тушаал-ын төсөл нь бэлэн болчихсон байсан...ажилд орохоосоо цааргалж явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ажилд томилсон тушаал гарсан. Ч.Т нь ажлын 17 хоног ажлаа тасалсан тул даргын зөвлөлөөр хэлэлцээд Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан... гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Э.Наранбилэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
...зөвлөлийн хурлаар манай тасгийн хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Ч.Тын ажил тасалсан тухай буюу 2020 оны 02 дугаар сарын ажлын 17 хоногийн 3 өдөр нь ажиллаж, бусад өдөр нь ажилдаа ирээгүй гэх шалтгаанаар сонсох ажиллагаа явуулах хуралд оруулсан. Хурал дээр хүний нөөцийн ажилтан Ч.Болортуяа нь Ч.Тын 2020 оны 01, 02 сарын цагийн бүртгэлийн талаар танилцуулсан...Ч.Т өөрөө ажил тасалснаа хүлээн зөвшөөрсөн. Хурлын үеэр би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохыг хэлсэн. Тэгэхэд Ч.Т ..14 хоног ажил тасалсан юм чинь халахгүй юу... гэж хэлсэн. Хурал дээр намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдвөл зүгээр биш үү гэж хэлэхэд Ч.Т ..бодож үзье гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэл хүлээсэн,...хүндэтгэн үзэх шалтгаангүй 14 хоног ажил тасалсан учраас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч А.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай байгууллага нь тухайн жилд шинэчлэгдсэн хууль, журмын дагуу цалингаа шинэчлэн тогтоодог. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цалинг шинэчлэн тогтоосон, үндсэн цалин 527,393 төгрөг болсон. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шинэчлэгдэж 506,498 төгрөг болсон. Ч.Т нь 2 сард ажлын 3 өдөр ажиллаж, бусад өдөр нь ажил тасалсан. Нэг сард илүү олгосон 4 хоногийн цалингийн 3 хоногийг нь 2 дугаар сарын цалингаас суутгасан...манай байгууллага Ч.Таас 1 хоногийн цалингийн авлагатай байгаа гэсэн үг. Үүнтэй холбоотой би цалинг илүү олгосон гэж тухайн сард арга хэмжээ авхуулсан...Шүүхийн шийдвэрээр 1,803,260 төгрөгөөс хүн амын орлогын татвар суутган...тоот данс руу 1,638,934 төгрөг шилжүүлсэн...гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /дарга С.Од/ холбогдуулан ...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин мөн 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны цалинг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргаж байна... гэх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Т нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Ч.Тыг Нийгмийн даатгалын хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 1.803,260 төгрөг гаргуулан олгохоор, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, нөхөн бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалган шийдвэрлэж, нэхэмжлэгчээс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдан тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 55 дугаартай магадлалаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
Ч.Тыг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаартай шийдвэрт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дугаартай Ч.Тыг ажилд эгүүлэн авч ажиллуулах тухай тушаалаар ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин 1,803,260 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг зохих албан тушаалтанд заасан байх бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн заалтуудыг хуулийн дагуу бүрэн хэмжээгээр биелүүлсэн гэж үзнэ.
Гэтэл Ч.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 тоот шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон боловч хариуцагч талаас гомдол гаргаж намайг ажилд авахгүй явсаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд авсан. Ингээд манай байгууллагын дарга намайг ажил хийлгэхгүй байсаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч ойлголцолд хүрэлгүйгээр хэл амаар доромжлуулж арга буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа орхиод явсан...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас халсан тушаал танилцуулсан... гэсэн хэдий ч 2020 оны 1 дүгээр сард 3 хоног, 02 дугаар сард 11 хоног ажил тасалсан болох нь хариуцагчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан
...Ч.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж ажлаа хүлээж авсан. 2020 оны 01 дүгээр сард 15 хоног ажиллаж, 3 хоног нь ажлаа тасалж, 4 хоног нь өвчтэй байсан...02 дугаар сард 3 хоног ажиллаж, 11 өдөр ажилдаа ирээгүй боловч миний зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг нь тодруулахаар хэд хоног харсан боловч утас нь холбогдохгүй...скайтелын утасны дугаарыг нь авч залгахад утсаа авахгүй, эсвэл холбогдох боломжгүй гэсэн дуудлага хариу өгч байсан. 2020 оны 01 сар болон 02 сард ажилласан хоногийн цалинг олгож, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн хуралдаан хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь жолооч Ч.Тын талаарх асуудал байсан. Тус хуралд Ч.Тыг өөрийг нь оруулж санал, хүсэлтийг нь асуухад Ажлаа тасалсан юм чинь халахгүй юу даа гэсэн хариу өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрт нь өгсөн... гэх тайлбар, гэрч О.Туяа, Э.Наранбилэг, А.Баасансүрэн нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай тэмдэглэл, ажлын цагийн тооцоо, Ч.Тын 2020 оны 01, 02 сарын ZKTEKO iface 102 цаг бүртгэгч төхөөрөмжийн цагийн бүртгэл, цалингийн тооцооны карт, 2020 оны 01 дүгээр сарын цалин олгосон баримт зэргээр нотлогдож байна. Ч.Т нь 2020 оны 01, 02 сард нийт 552,314 төгрөгийн цалин авсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай Ч.Тт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримт болгон гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин нийт 1,401,000 төгрөгийн тооцолбор гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаа тасалсан талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжгүй байх тул зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ба хариуцагч нь Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Ч.Тыг Ажилд эгүүлэн тогтоох боломжтой байсан гэж үзнэ. 2019 онд Ч.Т нь ТҮ-3 ангиллаар нэг сарын үндсэн цалин 527,393 төгрөг авдаг байсан болох нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/08 дугаартай Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байна.
Иймд Ч.Т нь шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 1,997,000 төгрөг гаргуулахаар тооцоолбор гаргасны зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш буюу ажилд эгүүлэн тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 1,342,454 төгрөгийг /2019.10.15-2019.10.31-ний өдөр хүртэл ажлын 12 хоног буюу 287,668 төгрөг, 2019.11.01-2019.11.30-ны өдөр хүртэл ажлын 20 хоног буюу 527,393 төгрөг, 2019.12.01-2019.12.30 хүртэл ажлын 20 хоног буюу 527,393 төгрөг/ Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Ч.Тт олгож, 1,503,232 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 1,342,454 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 36,429 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д зааснаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс /дарга С.О/ 1,342,454 төгрөг гаргуулан Ч.Тт олгож, 1,503,232 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 36,429 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА