Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/01417

 


 

2020 оны 05 сарын 22 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/01417                                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Тангад овогт М.гийн И /РД:ЦБ:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  байрлах, Э,ХХК /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 741 622 984 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч П.О/, Б.У, хариуцагчийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э,ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай Алтан богд орон сууцны барилгыг барьж байгаа ба Э,ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Бат-Өлзийн  нь энэхүү барилгын ажилд мөнгө шаардлагатай байгаа учраас мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан. Ийнхүү хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний барилгын ажлыг дэмжиж 2016 оны 5 дугаар сараас эхлэн хэд хэдэн удаагийн зээлийн гэрээгээр нийт 8 439 260 600 төгрөгийг ямар нэгэн хүүгүй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хариуцагчид зээлж, дараах гэрээнүүдийг байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 5 618 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ гэрээний дагуу 993 560 600 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 963 200 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 500 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны зээлийн гэрээний дагуу 249 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 115 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч нь зээлсэн мөнгөө 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлөлт хийсэнгүй. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлийг төлж барагдуулах талаар хариуцагч Э,ХХК-ийн захирал Б. болон түүний төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн төлбөр болох 8 439 260 600 төгрөгийг хариуцагч Э,ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, 222.5-т мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Э,ХХК-ийн зээл төлөх ёстой байсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буюу Монгол банкнаас гаргасан хувиар тооцож хүү 239 112 384 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 63 250 төгрөг нийт 8 741 622 984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр                        300 000 000 төгрөг нэмж өгье гэдгийг зөвшөөрч байгаа ч хугацааны хувьд 1 жилийн хугацаа боломжгүй.  2016 онд зээлсэн мөнгөө ямар ч хүүгүй, тухайн үед долларын ханш чанга байсан, харин одоо бол ханш нэмэгдсэн, бас ямар ч алданги тооцоогүй. Өнөөдөрийг хүртэл нилээн их хохирч, нилээн их алдагдалтай байгаа. Цаашид ч буюу сонгуулийн дараа валютын ханш өөрчлөгдөнө. Энэ  бүхнийг бодоход 1 жил хүлээж чадахгүй. Өнөөдрөөс хойш сарын дотор буюу 2020 оны 06 сарын 20 ны дотор бүгдийн төлнө гэвэл эвлэрч болно. Эвлэрэх нөхцөл дээр байраа өгье гэж байсан. Байраа орон сууцаа м.кв-ын 1 900 000 төгрөгөөр тооцоод энэ үнэндээ тохируулаад шууд өнөөдөр солилцохоор эвлэрч болж байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.Итэй зээлийн гэрээтэй байгаа. Зээлийн гэрээний үнийн дүн 8.4 тэрбум төгрөгийг М.И гэдэг хүнээс авсан. Энэ үнийн дүн дээр хоёр талаасаа тооцоо нийлмээр байна. М.Ит энэ мөнгийг 2017 оны 06 сараас 2018 оны 6 сар 7 сар цувуулж өгсөн. Энэ мөнгөн дээр аль аль талаасаа  тодруулах шаардлагатай байгаа учраас хоёр талаасаа тооцоо нийлэх хүсэлтэй байна. Манай компаний нягтлан н.Гүнжээ эгчийн дансаар, н.Должин гэдэг хүнээс мөнгө шилжиж орсоныг М.И өөрөө ч мэддэггүй. Сүүлд М.Итэй 10 хоногийн өмнө уулзаж эвлэрэх боломжтой гэж ярьсан. Өнөөдөр эвлэрэх боломж байхгүй юм шиг байна. Эвлэрлээ гэхэд асуудалгүй мөнгийг өгнө санаа амар байх хэрэгтэй, гол нь байшин баригдаж дуусаагүй. Дуусах гэж өнөөдөр бүх хүчин чармайлтаа гаргаж байна. М.Иийн айдас хүйдэс бол 140 айлын орон сууцыг  зараад мөнгийн идэх байх гэж  айж байна, гэхдээ 70-аад байр эзэнгүй байгаа. Зах зээлийн ханшаар байрын зараад мөнгийг нь өгнө гэж М.Итэй 10 хоногийн өмнө уулзахдаа яриад тохирсон ч тэгээд таг болсон. М.Иийн нэхээд байгаа зээлийн хүү, өмгөөлөгч нарын  зардлыг төлөх ёсгүй. Анхнаасаа зээлийн хүүгүй гэж тохирсон, гэтэл эцэстээ 3 өмгөөлөгчийнхөө зардлыг төлүүлнэ гэж байна. 10 хоногийн өмнө уулзахдаа 300 000 000 төгрөг нэмж өгье, надад жилийн хугацаа өгөөч гэж ярилцсан. Мөн мөнгийг нь жилийн хугацаанд төлөх биш харин жилийн хугацаа аваад 9 сараас борлуулалт эхлэхээр өгье гэж хэлэхэд за, утсаар яръя гэж хэлсэн, тэгээд түүнээс хойш холбоогүй болсон. Бид ямар ч гэсэн мөнгийг нь өгнө. Иргэн н.Должин гэдэг хүний данснаас 600 000 000 төгрөг шилжсэнийг М.И өөрөө ч мэдээгүй байгаа учраас хоёр талаалаасаа тодруулье гэсэн үүднээс тооцоо нийлэх санал гаргасан. 1 сарын хугацаанд  8.7 тэрбум гаргаж өгч чадахгүй. Сонгууль гээд нөхцөл байдал ийм байхад, дөнгөж 100 хувь болох гээд  явж байгаа барилгаас яаж 8.7 тэрбум төгрөгийг гаргаж өгөх  юм. Миний зүгээс өөрийнхөө боломжит бүхэл хувилбарыг хэлж байгаа” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.И нь хариуцагч Э,ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8 439 260 600 төгрөг, зээлийн хүү 239 112 384 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 63 250 000 төгрөг, нийт 8 741 622 984 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Зохичгдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М.И, Э,ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 04-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр авагч нь 5 618 500 000 төгрөгийг 2016 оны 05 сарын 25-ны өдөр төлбөр төлөгчид 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл 3 жил, 6 сарын хугацаатай олгосон. Дээрх дүнд хүү, алданги тооцохгүй гэж,

            -2018 оны 05 сарын 11-ны өдрийн зээлийн гэрээгээр 993 560 600 төгрөгийг 2018 оны 03 сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай,

            -2018 оны 07 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 963 200 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай,

            - 2018 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 500 000 000 төгрөгийг 2018 оны 08 сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл  хугацаатай,

            - 2018 оны 09 сарын 17-ний өдрийн зээлийн гэрээгээр 249 000 000 төгрөг буюу 100 000 ам.долларыг 2018 оны 09 сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, хүү, алданги тооцохгүй ба барьцаагүй олгож, гэрээг бичгээр байгуулсан ба дээрх гэрээнүүдэд зээлүүлэгч М.И, зээлдэгч Э,ХХК-ийг төлөөлж захирал Б. гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байна.

 

            Нэхэмжлэгчээс 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Э,ХХК-д нийт 115 000 000 төгрөгийн зээлийг дээрх нөхцлөөр олгосон гэж тайлбарлаж байна. Гэрээг бичгээр байгуулаагүй.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Б. нь нэхэмжлэгчээс санхүүжилт авч компанийн Алтанбогд цогцолбор хорооллын барилгын санхүүжилтэд зарцуулсан гэж тайлбарлаж байх ба 8 439 260 600 төгрөгөөс 500 000 000 төгрөгийг манай ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Гүнжээгийн дансанд шилжүүлсэн байдаг. 500 000 000 төгрөг барилгын санхүүжилтэнд зарцуулагдсан эсэх маргаантай байгаа. Мөн М.Итэй хүү, алданги тооцохгүй гэж тохирсон тул хүү, өмгөөлөлийн хөлсийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

            Хариуцагч Э,ХХК-ийн захирал Б.эс 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 19/30 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.Ит 8 439 260 000 төгрөгийн тооцоог хэрхэн төлж барагдуулах талаар санал хүргүүлсэн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст М.Иийн гаргасан гомдлыг шалгах явцад Б.эс 2019 оны 12 сарын 09-ний өдөр хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан байх ба тус гэрчийн мэдүүлэгт “...Нийтдээ 8 439 600 000 төгрөгийн санхүүжилтийг авч барилгад нийлүүлсэн нь үнэн...” гэж мэдүүлсэн, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч М.И                            8 439 260 600 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-16, 2-р хх             9-10 /

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан ба шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад, нэхэмжлэгч М.И хариуцагч Э,ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээнийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

            Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч М.И нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э,ХХК-иас зээлийн гэрээний үүрэг 8 439 260 600 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнүүдэд зээлийн буцаан төлөх хугацааг 2019 оны 10 сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон, харин 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 115 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасанчлан хариуцагч Э,ХХК-ийг гэрээ болон хуульд зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээний дагуу хүү тохиролцоогүй боловч нэхэмжлэгч нь хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн 3 сар /2019 оны 11, 12 сар, 2020 оны 01 сар/-ын хүүг Монгол банкнаас зарласан төгрөгийн хадгаламжийн дундаж хүүгээр тооцож                 239 112 384 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөлөлийн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй болно.

 

Түүнчлэн өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 63 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлохоор Өмгөөллийн  энд пртнерс ХХН-ийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн кассын орлогын ордерыг нотлох баримтгаар гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч П., Б.Улаанбаатар нэхэмжлэгч М.Итэй байгуулсан 2020 оны 03 сарын 20-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцсон. Тус гэрээнд талууд ажлын хөлсний талаарх тохиролцоо хийгээгүй байна.  

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э,ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8 439 260 600 төгрөг, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүнд 239 112 384 төгрөг нийт 8 678 372 984 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 43 866 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э,ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 43 549 814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э,ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү 8 678 372 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 866 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж            43 549 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ит олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХЦЭЦЭГ