Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 373

 

Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын 5 дугаар багт түр оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт М.Аийн /*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Б овогт Д.Ц /*******/ холбогдох

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч М.А, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц бид хоёр 2009 онд танилцан хамтран амьдарч 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нар төрсөн. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. Охин, хүү хоёр маань надтай үлдсэн, хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаагүй учраас хүүхдүүдийн бүх бичиг баримт нь ээжийнх нь нэр дээр явдаг. Хоёр хүүхдэдээ энд, тэнд юм хөөцөлдөх үед бичиг баримтад авагдсан овог нэр зөрдөг учраас заавал ээжийг нь дуудах шаардлагатай болдог. Одоо би гэр бүлтэй болсон. Иймд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нарын эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглох гэсэн юмаа гэх.

 

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс М.Аийн эцэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. М.А архи их уудаг, агсан согтуу тавьдаг, эд хөрөнгөө эвддэг учраас би салаад тус тусдаа амьдарч байгаа. М.А үнэмлэхгүй учраас бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй юм. Хоёр хүүхдээ аваад үлдье гэхээр нь орхиод явсан. Хүү Ц.Г, охин Ц.Н нарын эцэг нь М.А мөн. Би одоо Зэлтэр суманд эгчийндээ хамт амьдарч байгаа, мал малладаг. Хааяа ирж хүүхдүүдээ эргэж тойроод буцдаг. М.А хүнтэй суугаад өвөл эхнэр нь төрсөн гэсэн гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь Д.Ц холбогдуулан гаргасан Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид нь 2009 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нар төрж, таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарч, нэхэмжлэгч нь гэр бүлтэй болсон байх ба 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н эцэг нь М.А болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц бид хоёр 2009 онд танилцан хамтран амьдарч 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нар төрсөн. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. Охин, хүү хоёр маань надтай үлдсэн,...Одоо би гэр бүлтэй болсон. Иймд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нарын эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү... гэх,

хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс М.Аийн эцэг тогтоолгоход татгалзах зүйлгүй...М.А үнэмлэхгүй учраас бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй...Хоёр хүүхдээ аваад үлдье гэхээр нь орхиод явсан. Хүү Ц.Г, охин Ц.Н нарын эцэг нь М.А мөн. Би одоо Зэлтэр суманд эгчийндээ хамт амьдарч байгаа, мал малладаг...М.А хүнтэй суугаад өвөл эхнэр нь төрсөн гэсэн гэх зохигчдын тайлбар мэдүүлэг, хүү Ц.Г, охин Ц.Н нар нь эцэг М.Атай хамт амьдардаг болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 412 тоот Тодорхойлолт зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Г, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.Н нарын эцэг нь М.А мөн болохыг тогтоож, зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, хүү Ц.Г, Ц.Н нар нь эцэг М.Аийн асрамжид байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 932 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Цэнгэлмаагийн Ганхуяг, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Цэнгэлмаагийн Намуунсүрэн нарын эцэг нь М.А болохыг тогтоосугай.

2.Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, хүү Ц.Ганхөлөг, Ц.Н нарын эцэг М.Аийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 932 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА