Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 404

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг оршин суух, Б овогт Ч.Б ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг оршин суух, Боржигон овогт Д.А холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие миний бие нь 2012 онд Д.Атой танилцан улмаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн 22 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин А.М төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос хойш салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань эх Ч.Бийн асрамжид амьдарч өсч торниж байгаа. Тухайн үед бид хоёр тусдаа гарч амжаагүй ч энэ хүн архи их уудаг байсан. Түүнээс болоод олон удаа хэрэгт орооцолдох болсон. Амьдралын ямар ч зорилгогүй үр хүүхдээ анхаардаггүй байсан. Янз янзын хэрэгт орооцолдоод байсан ч би тэр болгоныг нь үр хүүхдээ бодоод их тэвчсэн. Энэ хүн амьдралынхаа төлөө ажил хийхгүй үргэлж архи ууж, гэрээр дүүрэн архичид цуглуулдаг, тэр болгонд нь би охин хүүхэдтэй учраас их санаа зовдог байсан учраас тусдаа амьдрах болсон. Одоо охин маань аавыгаа хараад ээж манай аав бүр архичин болсон байна гэж хэлдэг болсон. Сургуульд орж, том болж байгаа болоод ч тэр юм уу ааваасаа ичдэг. Бид хоёр 2017 онд үе үе уулздаг байсан боловч 2018 оноос бүр уулзахаа больсон. Одоо энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Биднийг тусдаа амьдрах хугацаанд охин над дээр л байсан. Энэ хүн хамт амьдарч байх хугацаандаа үр хүүхдээ анхаардаггүй. Хичээл сургуульд ороход хүртэл тусалж дэмжиж байгаагүй. Хүүхдээ харж хандаж чадна гэж яриад байна. Энэ хүнд хүүхэд харах чадвар байхгүй. Байнга архи уудаг. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж л хүүхдээ авна гэж байгаа байх. Ер нь энэ хүн охинтойгоо яръя гэж нэг ч удаа залгаж байгаагүй. Өөрийнх нь дугаарыг блоклосон ч гэсэн өөр дугаараас залгавал миний утас байнга холбогдож байгаа. Би Алтанбулагаас гараагүй, байдаг газартаа байгаа. Охин маань өөрөө аавтайгаа уулзахыг утсаар ярихыг хүсдэггүй. Одоо бид аль аль нь өөрийн гэсэн амьдралтай болсон. Би удахгүй төрөх гэж байгаа учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Бид хамт амьдарч байх хугацаандаа тусдаа гарч амжаагүй болохоор эд хөрөнгө гээд байх зүйлгүй учраас маргаан байхгүй! ... гэжээ.

Хариуцагч Д.А нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Ч.Бээс миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах тал дээр маргаан байхгүй. Гэхдээ би салъя гэж салаагүй. Энэ хүн өөрөө өөр хүнтэй болоод төрөх дөхөхөөр надад хэлсэн. Би ганц охиноо хүн шиг аваад явж чадна. Архи ууж, хэрэгт их орооцолдсон нь үнэн. Энэ хүн өөр хүнтэй болоод төрөх дөхөөд ирсэн шүүхэд хандаад гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Учир нь миний бие хөдөлмөр эрхлэх боломжгүй. Уушгинаасаа ус авхуулсан тул хүнд хүчир ажил хийж чадахгүй. Намайг хүүхдээ харж ханддаггүй гэж хэлж байна. Би хүүхдэдээ хүүхдийн баяраар нэг удаа дугуй авч өгч л байсан. Охинтойгоо ярих гэхээр миний дугаарыг блоклочихсон. Энэ хүн удахгүй төрөх гэж байгаа учраас л гэрлэлтээ хурдан цуцлуулах гэж байгаа байх. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! ... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Д.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Д.А гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид 2012 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин А.М төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарч ирсэн бөгөөд хэн аль нь цаашид хамт амьдрахыг хүсэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж Ч.Б, Д.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчдын дундаас төрсөн хүүхдийн насны байдал, гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхэд эхийн асрамжид байсан зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж охин А.Мг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Д.А хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзсан ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар шүүх гэрлэлтийг цуцалсан хэдий ч эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул шүүх хуульд заасан хувь хэмжээгээр эцэг Д.Аоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.Мг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад хийхгүй байхыг энд мөн тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ч.Б, Боржигон овогт Д.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Мг эх Ч.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 08-нд охин А.Мг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Аоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бт олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Аоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33.105 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярдэлгэрт даалгасугай.

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ