Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар С ХХК-ийн гомдолтой , Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Нт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: С ХХК /******** /

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н.

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Нийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №********* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: Манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Нийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №********* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг эс хүлээн зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт буюу түүний хуралдаанд холбогдох хуулийн дагуу гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариуг өгөөгүй болно.

Манай компани нь Улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг хууль тогтоомж, хууль тогтоомжийн дагуу гарсан болон гаргасан захиргааны байгууллагын хэм хэмжээний акт, захиргааны актыг зөрчсөн үйл ажиллагааг явуулаагүй болно.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Б.Н нь төрийн эрх бүхий албан тушаалтнаас хууль ёсны шаардлага тавьсан мэтээр буюу АИ-92 автобензиний үнийг 1660 болгосон зөрчил гаргасан гэх хийсвэр дүгнэлт гаргаж газрын тосны бүтээгдэхүүний үнийг өөрчлөхгүй байх гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шийтгэлийн хуудасны олох нь хэсэгт бичжээ. Улмаар шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсугай гэжээ.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор: 1.1-т тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; ... бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу аливаа этгээдэд торгууль оногдуулах урьдчилсан нөхцөл шалгуур нь тухайн этгээд зөрчлийн хэм хэмжээг тогтоосон хүчин төгөлдөр хуульд заасан зөрчлийг бодитоор гаргасан байх шаардлага тавигддаг билээ.

Мөн зөрчил гэх зүйл нь ямар нэг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулсан байх нөхцөлийг хуулийн уг заалтаар шаардаж байгаа боловч энэ хэргийн тохиолдолд ямар ч төрийн албан хаагчийн ямар ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан зүйлгүй болно.

Монгол Улсад АИ-92 автобензиний үнийг тогтоосон, өөрчлөхгүй байхыг даалгасан хууль ёсны буюу хуулиар үнэ тогтоох, өөрчлөхгүй байх эрх олгогдсон байгууллага, албан тушаалтны шаардлага гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд байхгүй, байх боломжгүй юм.

Тодруулбал, Төрийн байгууллага, түүний албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан эрхийг хэрэгжүүлж хувийн хэвшилд буюу аж ахуй эрхлэгчдэд шаардлага тавих эрхтэйгээс гадна үүрэгтэй билээ. Энэ нь Үндсэн хуулийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд тулгуурласан байдаг.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд харшилсан, аж ахуйн нэгжийн барааны үнийг тогтооход чиглэсэн бүдүүлэг шийдвэрийг гаргаж түүнийг биелүүлээгүй гэх үндэслэлээр торгуулиар дарамтлах үйлдэл гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг явдал юм.

Зах зээлд борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох, борлуулах хэмжээг тогтоох эрх нь зөвхөн өмчлөгчид байдаг бөгөөд үүнийг нь Төр зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, бусад тохиолдолд хуулиар хамгаалахаар Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална., 3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. гэснээр тодорхой заасан байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөвхөн тухайн зах зээлд зүй ёсны монополь гэж тогтоогдсон аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах, бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд өөр бусад байдалтай аж ахуй эрхлэгчийн борлуулалт болон үнийн асуудалд төрийн оролцоо байх учиргүй юм.

Манай компанийн хувьд дизелийн түлш болон авто бензин худалдан борлуулах зах зээлд зүй ёсны монополь байдалтайгаар тогтоогдоогүй буюу тогтоогдох боломжгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, түүний албан тушаалтан төдийгүй, төрийн ямар ч байгууллагаас бараа бүтээгдэхүүний үнэ, борлуулалтад хөндлөнгөөс оролцох эрхийг хуулиар олгоогүй болно.

Хууль зүйн талаас нь авч үзвэл Улсын байцаагч нь зөвхөн хуульд заасан эрх, үүргийн хүрээнд /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хувьд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийн дагуу/ манай компанид шаардлага тавих эрхтэй, үүрэгтэй байхад ямар ч хуулийн зүйл, заалтыг үндэслэлгүйгээр үнийг өөрчлөхгүй байх, борлуулалтын хэмжээг хязгаарлахгүй байх гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Улсын байцаагч нь дээрх байдлаар ямар нэг хууль ёсны /Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид үндэслэсэн/ шаардлага тавиагүй атал Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор: 1.1-т тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; гэсэн заалтыг үндэслэн 500.000 төгрөгийн торгууль оногдуулсан нь тухайн шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байгаа юм.

Нөгөөтэйгүүр зах зээл дэх үнэ нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаар тогтдог бөгөөд энэхүү зүй ёсны чөлөөт зах зээлийн тогтолцоог хамгаалахад чиглэгдсэн Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэрийг гаргах үүрэгтэй билээ.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Үндсэн хуулиар баталгаажиж хамгаалагдсан өмчлөгчийн эрхийнхээ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өртөг, зардалдаа тулгуурлан тогтоож, борлуулах үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцүүлэн бүтээгдэхүүнээ борлуулан шударгаар өрсөлдөж буй манай компанид 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчимаас гажуудсан гэж бид үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ********* дугаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг илт хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан С ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ********* дугаартай шийдвэр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоолоор А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон.

Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/04 дугаарын удирдамжаар ажлын хэсэг гарч С ХХК-д хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын ажлын хэсэг С ХХК-ийн станцуудаар явж газар дээр нь үзлэг шалгалт хийсэн. С ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь АИ-92 автобензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн С ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18/395 тоот албан бичгийн хавсралт Үнэ өөрчлөх хүснэгтээр 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр АИ-92 автобензинийг 1630 төгрөгөөс 1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь нотлогдсон тул гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэж заасныг зөрчсөн гэж үзэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Гэтэл С ХХК-ийн зүгээс энэ шийтгэлийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэх гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд дараах хариу тайлбар, няцаалтуудыг өгч байна.

Нэг: Улсын байцаагчийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны нэг гишүүн дангаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болсон гэсэн тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 2010 оны шинэчилсэн найруулгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан боловч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар 2012 оны Засгийн газрын 66-р тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг батлан орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилон газрын хуралдаан хийгддэг болсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмээр газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоож, өрсөлдөөний тухай хуульд заасан /6.1.1, 6.1.2, 8. 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17/-д холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр заасан байдаг. Иймд улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг газрын хуралдаанаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно. Өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан шүүхийн практик ч Улсын ерөнхий байцаагч улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг хянах бүрэн эрхгүй гэж дүгнэж байгаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу гаргасан шийдвэр тул хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр: Улсын байцаагч 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан гэсэн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/04 тоот удирдамжаар холбогдох ажлын хэсэг гарч С ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 14-р хороонд байрлах 37-р шатахуун түгээх станц, Сүхбаатар дүүргийн 43-р шатахуун түгээх станцуудаар явж газар дээр нь үзлэг шалгалт хийсэн. Эдгээр шатахуун түгээх станцууд нь АИ-92 автобензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Мөн С ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18/395 тоот албан бичгийн хавсралт Үнэ өөрчлөх хүснэгтээр 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр АИ-92 автобензинийг 1630 төгрөгөөс 1660 болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь нотлогдсон.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4-т газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар:

1. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд, өргөн хэрэглээний автобезиний /А-80, АИ-92/ хангамж, үнийг тогтвортой байдлыг ханган ажиллах,

2. Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох хяналт шалгалтын байгууллагад, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийг тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллах талаар зөвлөмж гаргасан байдаг.

Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын

24-ний өдрийн 26 тоот тогтоолоор А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/222 тоот мэдэгдлээр Хамтарсан зөвлөл-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар мэдэгдсэн.

Уг мэдэгдлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гомдол гаргаагүй тул үүнийг үүнийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл С ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь АИ-92 автобензинийг 1630-1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоол, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/222 тоот мэдэгдлийг тус тус зөрчсөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэж заасныг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан материал, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, үнийн самбар зэргээр тогтоогдсон тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч С ХХК нь анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Нийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №********* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэншаардлага бүхий гомдлыг гаргасан ба улмаар шүүх хуралдаанд тус №********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж гомдлын шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №********* тоот шийтгэлийн хуудсаар С ХХК нь АИ-92 автобензиний үнийг 1660 төгрөг болгож нэмсэн зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:1.1-д тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсанбол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.

Гомдол гаргагч нь энэ хэргийн тохиолдолд ямар ч төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан зүйлгүй байхгүй, үнэ тогтоох, үнээ өөрчлөхгүй байхыг шаардах эрх төрийн албан тушаалтанд байхгүй, улсын байцаагч нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд харшилсан, аж ахуйн нэгжийн барааны үнийг тогтооход чиглэсэн бүдүүлэг шийдвэрийг гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг явдал юм гэх зэргээр ийм агуулгаар гомдлын үндэслэлээ тодорхойлон маргаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дүгээр зөвлөмжөөр дараах байдлаар зөвлөмж гаргажээ. Үүнд:

1. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд, өргөн хэрэглээний автобезиний /А-80, АИ-92/ хангамж, үнийг тогтвортой байдлыг ханган ажиллах,

3. Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох хяналт шалгалтын байгууллагад шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийг тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллах.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1/04 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулж, тус удирдамжийн хавсралтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байх ба уг ажлын хэсэг С ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тус компанийн шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг 1630 төгрөгөөс 1660 төгрөг болгон 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг тогтоосон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №1/222 тоот албан бичгээр нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдэд Хамтарсан зөвлөл-ийн шийдвэрийг болон Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 26 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.

Дээрх үйл баримт үндэслэлүүдээс үзэхэд С ХХК нь төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүйгээр АИ-92 автобензинийг 30 төгрөгөөр нэмэгдүүлсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан болон зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд С ХХК нь төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн №********* тоот шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Нийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №********* тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий С ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ