| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00156/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 419
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын, Ч овогт Г.М ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 хэсэг 012 тоотод оршин суух, Очирт овогт А.Л РД:/МЮ93120214/-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие Ганзориг овогтой Маралмаа нь 2018 онд А.Лтой танилцаад нэг их удаагүй хүүхэдтэй болсон. 2018 оны 9 сараас утсаа салгаж холбогдохоо больж сураггүй болсон. Бид үерхээд харилцан итгэлцсэний улмаас бидний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 19-нд хүү М.Б төрсөн. А.Л одоо Өмнөговь аймагт ажлынхаа газрын эмэгтэйтэй танилцаж хүүхэдтэй болсон гэж хамт ажилладаг хүнээс нь сонссон. Тиймээс хүүгийнхээ ирээдүйд нь хэрэгтэй гэж бодоод эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан! гэв.
Хариуцагч А.Л нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... 2020 оны 03 дугаар сарын 19-ний Г.Мгаас А.Л надад холбогдуулан эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Маралмаатай үерхэж байгаагүй, хамт амьдарч байгаагүй, 2 удаа уулзаж дотно харилцаанд орсноос өөр зүйл байхгүй. Миний хувьд хүүхэд төрсөн, жирэмсэн болох ч боломж бүрдээгүй гэж үзэж байна! ... гэжээ.
Хариуцагч А.Л нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй А.Л миний бие танилцлаа. Миний бие Өмнөговь аймаг Цогтцэций суманд Хишиг Арвин ХХК-д ажилладаг бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний хооронд ажилтай таарч байгаа бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 22-ны 11 цагт зарлагдсан шүүх хуралдаанд очих боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү! ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч А.Лид холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Л нь ... Маралмаатай хамт үерхэж, амьдарч байгаагүй, хоёр удаа уулзаж дотно харьцаанд орсноос өөр зүйл байхгүй, жирэмсэн болох боломж бүрдээгүй... гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтай байна гэж үзлээ.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх хүү М.Бгийн биологийн эцэгийг тогтоолгох-оор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1943 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...А.Л нь М.Бгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.97%-ийн магадлалтай ... тухай хариуг шүүхэд ирүүлжээ.
А.Л ...ДНК-ийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр хийж өгнө үү... гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Зохигчид 2019 онд танилцан дотносож, улмаар тэдний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү М.Б төрсөн болох нь нэхэмжлэгч Г.М, хариуцагч А.Л нарын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1943 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул А.Лийг М.Бгийн биологийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү М.Бг эх Г.Мгийн асрамжид үлдээж, эцэг А.Лоор хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар М.Б эцгээр эцгээр Очирт овогт А.Л РД:/ /-ийг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Бг эх Чоно овогт Г.Мгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Бг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Лоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Лоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33.105 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ