Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 07 өдөр

Дугаар   2023/ШЦТ/156

 

 

      

 

2023.07.05                                            2023/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0145

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Ц.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 2339000000220 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц  нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Эксел центр" төвийн хашаанд байх Ш.И-ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ний шөнө 22 цагийн орчим шунахайн сэдлээр Ш.И-ын huawai y90 маркийн гар утсыг хулгайлж, түүнд 810,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ц г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000220 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.И-ын (хх-ийн 20-21-р хуудас),  гэрч Э.Дуламсүрэнгийн (хх-ийн 24-26-р хуудас), гэрч Ж.Гантөгөлдөрийн (хх-ийн 29-30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШД-124 дугаартай “...Ш.И-ын хулгайд алдсан huawai y90  гар утасны үнэлгээг 810,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 47-49-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрэлсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 63, 64, 65, 66, 67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000220 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Ц  нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Ц.Ц  нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Эксел центр" төвийн хашаанд байх Ш.И-ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн орчим шунахайн сэдлээр Ш.И-ын huawai y90 маркийн гар утсыг хулгайлж түүнд 810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Экселцентр" төвийн хашаанд байх найз Ш.И-ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнө 22 цагийн орчимд түүний эзэмшлийн huawai y90 маркийн гар утсыг нь түүнд хэлэхгүйгээр хулгайлж авсан...Би тухайн гар утсыг согтуу байсан учраас авчихсан байсан...би гар утсыг нь буцаагаад өгчихсөн. Өөр ямар нэгэн өр байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-6-р хуудас),

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас)

Хохирогч Ш.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өглөө миний танил Гантөгөлдөр гэх залуу манай гэрт 12 цагийн орчимд ирээд надтай хамт 0,75 литрийн савлагаатай Хараа гэх архи нэг шилийг хувааж уусан. Удалгүй Гантөгөлдөр нь Ц , болон өөр нэг эмэгтэйн хамт ирсэн....Тэгээд 21 цаг 30 минутын үед би даараад байхаар нь өөрийнхөө гар утсыг хэвтэж байсан газартаа үлдээгээд Гантөгөлдөрийн хэвтэж байсан орон дээр гарч унтсан. Энэ үед манай гэрийн гэрэл унтраастай байсан. Түүнээс 30 минутын дараа намайг сэрүүн хэвтэж байхад Ц  гэдэг залуу нүцгэн гарч явахаар нь би бие засах гэж байгаа юм байна гэж бодсон...Түүнийг 5-6 минутын дараа орж ирэхэд нь би босоод гэрэл асаахад миний гар утас алга болсон байсан. Тэр үед нь би Ц-д  "миний гар утсыг надад өгчих угаасаа ойлгомжтой" гэж зөндөө тайлбарлаж хэлсэн боловч надад утсыг маань гаргаж өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд Ц  нь "тэг тэг, би утсыг чинь аваагүй" гэж хариулсан. Иймээс би арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл би гар утсаа гэр, хашааныхаа дотор болон гадна хэсгүүдэд сайн хайсан гэвч олоогүй. Сүүлд нь Ц  цагдаагийн газарт ирснийхээ дараа гар утсыг маань цагдаа нарт зааж өгсөн байна лээ...Би Huawai у90 маркийн гар утсаа Хэрлэн сумын Мобикомын салбараас 1,099,000 төгрөгөөр 2023 оны 01 дүгээр сард худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Э.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг байхад хэн нэгэн утсаа алдсан гэж яриагүй. Харин тэр эмэгтэй утсаа хайж байсан ба тухайн үед Ц нь түүний утсыг барьж байсан. Намайг гэрээс нь гарах үед Ц тэр эмэгтэйг утсаа авъя гэж хэлэхэд нь утсыг нь өгөхгүй байгаа бололтой тэр хоёр айлын хойд талын орон дээр хэвтээд тэврэлдэж ноцолдоод байсан. Харин би баруун орон дээрээс хүүгээ тэвэрч аваад И , Төөгий хоёрт явлаа гэж хэлээд гэрээс нь явсан. Харин намайг Хэрлэн хорооллын ойролцоо явж байхад Ц над руу залгаад чи хүний утас аваад явчихсан байна гэхлээр нь би түүнд би хүний утас аваагүй чи юу яриад байгаа юм бэ? Тэнэг юм уу чи гэж хэлээд утсаа салгасан... Намайг очсоны дараа тэр танихгүй эмэгтэйтэй Ц хоёр орон дээр ноцолдоод, тэврэлдээд хэвтэж байсан. Тэгэхдээ орны ард талаар утсыг нь унагаасан байж магадгүй. Харин И ийн утсыг хэн авсныг нь би мэдэхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 24-26-р хуудас),

Гэрч Ж.Гантөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Ш.И-ын гэрт 12 цагийн орчим очоод бид нэг шил архи хувааж ууж байгаад Ц.Ц г дуудсан. Ц  нь 14 цагийн орчимд нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд дахин 2 шил 0,75 литрийн савлагаатай хараа архи хувааж ууцгаагаад бүгд тэндээ амарсан. Тэгээд 22 цагийн орчимд намайг сэрэхэд И нямын гар утас нь алга болсон гээд цагдаа дуудаж байсан. Тэгээд цагдаа нар ирэх хүртэл И ням, Ц  бид нар гар утсыг нь хайгаад олоогүй. Тэгээд 4 хүн л байсан учраас бид нараас гарцаагүй гээд хэн, хэндээ хэлээд байхад И нямын гар утсыг гаргаж өгөөгүй. Удалгүй цагдаа нар ирээд И нямын гар утсыг хэн авсан, юу болсон талаар лавлахад хэн ч гаргаж өгөөгүй...Цагдаа нар ирээд И нямын гар утсыг тодруулахад Ц  мэдэхгүй л гээд байсан. Тэр өдөр И нямын гар утсыг нь өөрийнхөө утастай солих уу гэж асууж байсан талаар Ш.И ням нь сүүлд надад хэлсэн. Тэгэхээр утсыг нь сонирхоод байсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШД-124 дугаартай “...Ш.И-ын хулгайд алдсан huawai y90 гар утасны үнэлгээг 810,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 47-50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ш.И-ын huawai y90 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж авсан гэмт үйлдлийн улмаас Ш.И нямд 810,000 төгрөгийн хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ц  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ш.И-ын өмчлөлийн гар утсыг хууль бусаар авч 810,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), хохирогчийн гомдол саналгүй болсон тухай өргөдөл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ц  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000220 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Ц.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Ц ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Ц д хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2339000000220 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР