| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00349/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 387
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн, Б овогт Л.Э ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн, Б овогт Б.Б холбогдох
Гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Л.Э миний бие нь 2010 онд Б.Бтой танилцан улмаар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4301000056 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт амьдарч байх хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 30-нд хүү Б.Е, 2016 оны 07 дугаар сарын 15-нд охин Б.Номинсолонго нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжид амьдарч байгаа. Цаашид хүү, охин хоёроо өөрийн асрамжид авч үлдээж хүүхдийн эцэг болох Б.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Баасансүрэн овогтой Бат-Оргил миний бие нь 1983 оны 01 дүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, Д.А хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 16-2-20 тоотод оршин суудаг.
Би нэхэмжлэгч Л.Этай анх 2010 онд танилцаж гэр бүл болсон. Бид хоёрын дундаас хүү Б.Е, Б.Номинсолонго нар нь мэндэлсэн. Бид хоёр зан харьцаа хоорондоо таарамжгүй болж 2017 оноос тусдаа амьдарсан.
Иймд нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү! ... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас цалингийн зээлийн үлдэгдэл 6.836.011 төгрөгийг барагдуулсан тул уг мөнгийг Б.Б гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Б.Б нь ... би 6.836.011 төгрөгийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байхад авсан цалингийн зээл бөгөөд Л.Э зээлийг хааж Хаан банканд төлбөргүй болгосон нь үнэн. Энэ мөнгийг төлж барагдуулна. ... гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хариуцагч Б.Бын 6.836.011 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Эын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид 2010 онд танилцаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Е, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Номинсолонго нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарч ирсэн бөгөөд хэн аль нь цаашид хамт амьдрахыг хүсэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж Л.Э, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Мөн зохигчдын дундаас төрсөн хүү Б.Е, охин Номинсолонго нар насанд хүрээгүй тул түүний асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хүүхдийн санал болон нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр харилцан тохиролцоогүй тул шүүх хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдүүдийг сар бүр эцэг Б.Боор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд эх Л.Э, эцэг Б.Б нарын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад хийхгүй байхыг энд мөн тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овогт Л.Э, Боржигон овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 30-нд хүү Б.Е, 2016 оны 07 дугаар сарын 15-нд охин Б.Номинсолонго нарыг эх Л.Эын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 30-нд хүү Б.Е, 2016 оны 07 дугаар сарын 15-нд охин Б.Номинсолонго нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Е, охин Б.Номинсолонго нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Боор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Л.Эын 6.836.011 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид Тогтоох хэсгийн 4 дэхь заалтад давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106.6-д зааснаар нэхэмжлэгч 6.836.011 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 124.626 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 62.313 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33.105 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярдэлгэрт даалгасугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ