Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

       2023          07          18                                            2023/ШЦТ/160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0151

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Л-д  холбогдох эрүүгийн 2339002270233 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс хойш Өрөлтийн даваа гэх газар хохирогч Б.Б-ийг "Хоёр сая төгрөг нэхээд байна" гэх шалтгаанаар түүний эрүү хэсэг рүү нь цохиж улмаар Б.Б-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339002270233 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б-ийн (хх-ийн 19-р хуудас), гэрч Л.Энхбаатарын (хх-ийн 9-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч О.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-28-р хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуулиг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 32, 33-37, 38, 39-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2339002270233 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Л нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс хойш Өрөлтийн даваа гэх газар хохирогч Б.Б-ийг "Хоёр сая төгрөг нэхээд байна" гэх шалтгаанаар түүний эрүү хэсэг рүү нь цохиж улмаар Б.Б-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч О.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч О.Л нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс хойш Өрөлтийн даваа гэх газар хохирогч Б.Б-ийг "Хоёр сая төгрөг нэхээд байна" гэх шалтгаанаар түүний эрүү хэсэг рүү нь цохиж улмаар Б.Б-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би сумын төв рүү ороод танилууд болох Энхбаатар, Б нарын хамт голын эрэг дээр архи уугаад байж байтал Б нь над руу агсраад эхлээд миний толгойны ар хэсэг руу 1 удаа цохиод зүүн гарыг татаад хөшөөд байхаар нь би уурандаа машинаас буугаад Б-ий эрүү хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгтэл Б-ий амнаас цус гараад үлдсэн би тэнд нь үлдээгээд машинаа бариад яваад өгсөн. Би Б-ий биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би танилууд болох Энхбаатар, Л  нарын хамтаар голын эрэг дээр архи уугаад байж байтал Л  гэнэт миний нүүр ам хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд л би ерөнхийдөө ухаангүй болчихсон. Тэрнээс цаашаа юу болсныг одоо бол тодорхой санахгүй байна. Ямар ч байсан Л  миний ам руу 1 удаа цохиж 2 шүдийг маань унагаасан нь үнэн мөн гомдол саналыг минь барагдуулаагүй байгаа...гомдолтой байна....” гэх мэдүүлэг(хх-ийн 19-р хуудас),

 

Гэрч Л.Энхбаатарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нутгийн дүү болох Дугарын хамтаар сумын төвийн хойд хэсэгт шинээр барьж байгаа хашааныхаа хөндлөн банзийг хадаад байж байтал Б гэх залуу эх*******ийн хамт ирээд эх******* нь үлдээгээд яваад өгсөн удалгүй Л  ирээд бид хэд хашааныхаа хөндлөн банзыг хадаж дуусгачихаад манай урд гэрлүү очиж 2 шил архи байсан тэрийг хувааж уучихаад Ванягийн дэлгүүр орж дахин нэг шил архи автал Дугар гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Б , Л  бид 3 нөгөө шил архиа хувааж уухаар сумын төвөөс хойшоо гарахаар явж байтал Б , Л  хоёр маргалдаж байгаад Б нь Л гийн хойноос нь толгой хэсэгрүү нь нэг удаа гараараа цохиод зүүн гарыг нь барьж байгаад хөштөл Л  Болор-Эрдэнийг гараараа цохитол Б газар унасан тэгээд наад Б чинь агсам тавиад хэцүү юм байна гээд бид хоёр тэнд нь үлдээгээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр Л гийнд очоод би авгайгаар нь гэртээ хүргүүлсэн...Б-ийн  амнаас цус гарсан байдалтай газарт суусан байдалтай үлдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас),

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Б-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 27-28-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч О.Л нь хохирогч Б.Б-ийн эрүү хэсэг рүү цохисон гэмт үйлдлийн улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.Л нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эрүүл мэндэд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч О.Л нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэрэгт баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний иргэний журмаар шүүгдэгч О.Л гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

 

 Иймд шүүгдэгч О.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Л нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 32, 33-37-р хуудас)-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирч байх ба улсын яллагчийн шүүгдэгчийн эрүүгийн харицлагын талаарх гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339002270233 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2339002270233 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Л гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР