| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00565/И |
| Дугаар | 00861 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 11-12 тоотод оршин суух, Монгол овогт Д.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт Х.Х холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2020/00565/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нэхэмжлэгч Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Д.О нь Х.Х 2006 онд танилцан үерхэж дотно болж 2007 онд нэг гэртээ орж хамт амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 16-нд охин Х төрсөн. Охинтой болсон тул бид хоёр гэрлэлтээ батлуулсан хэдий ч 2010 оноос гэр бүлийн үл ойлголцол, маргалдах, хэрэлдэх зэрэг асуудлууд гарч эхлэсэн. Х
хөдөө хол ажиллах болж 2011 оноос ирэх, очих нь цөөрч хөндийрсөн. Охинтойгоо уулзах гэж л хаяа ирдэг болсон. Х өөр хүнтэй хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Би ч гэсэн өөрийн амьдралаа бодож өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон тул цаашид Х хамт амьдрах боломжгүй болсон тул 0065005 дугаартай гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Х өөрийн асрамжид байлгах, охины эцэг Х тэтгэмж авах хүсэлгүй, эд хөрөнгийн маргаан үгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Бид тус тусын амьдрал хөөж дахин гэр бүл болж амьдрах үндэслэлгүй болсон ... Эд хөрөнгийн талаар маргаангүй. Хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахгүй. Эцэг нь тодорхой хэмжээнд анхаарч харж ханддаг учраас шаардлагагүй гэж үзсэн гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Х нь Д.О анх 2006 онд танилцан гэр бүл зохион амьдарч байсан. Энэ хугацаанд 2009 онд охин маань төрж, хүүхэдтэй болж амьдрал сайхан болж байсан хэдий ч хоёр талын ах, дүүс амьдралд хэтэрхий их оролцсоноос болж таагүй, таарамжгүй асуудлууд багагүй гарч холдох, хөндийрөх эхлэл тавигдсан. Миний бие өөр хүнтэй дотносож, гэр бүлээ орхигдуулсан, О мөн өөрийн амьдралаа хөөж өөр хүнтэй амьдрах болсон. Тус тусын амьдрал хөөснөөс хойш би хоёр хүүхэдтэй, О нэг хүүхэдтэй болжээ. Иймд учир бид хоёр хоёрын амьдрал эргэж хэзээ ч нийлэх боломжгүй болсон тул №0065005 дугаартай гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйл үгүй. Охин Х миний бие байнга уулздаг, охины минь хүмүүжил сурлага нь ээжтэйгээ байхад эерэг сайн байгаа тул асран халамжлах эрхийг О үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Эд хөрөнгийн маргаантай зүйл үгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Х.Х холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.О хариуцагч Д Х.Х нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин О.Х төрсөн болох нь:
Монгол улсын иргэн 1983 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн, Г овогт Х. Х Монгол улсын иргэн 1983 оны 4 дүгээр сарын 02-нд төрсөн, М овогт Д.О нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 37-рт бүртгэж олгосон №0065005/37 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,
Монгол овогт Д.О гэр бүлд 2009 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн охин М овогт О.Х -г 2009 оны 10 дугаар сарын 22-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 0339837/668 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.М 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “ О овогтой Х нь 10 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ч.Б 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарсан зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.
Иймд Д.О, Х.Х нарын гэрлэлтийг цуцлаж, охин О.Х эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Х.Х гаргуулж нэхэмжлэгч Д.О олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Гозон овогт Х.Х Монгол овогт Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн охин Монгол овогт О.Х эх Монгол овогт Доржийн О асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Х.Х гаргуулж нэхэмжлэгч Д.О олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Б-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА