Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 01102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан  сумын М багт оршин суух, Б овогт Н М -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын М багт оршин суух, Б  овогт Л.М д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгч Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н овогтой М нь Л.М 2000 онд танилцан үерхэж байгаад 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ.Энэ үеэс эхлэж бид хамтран амьдарсан бөгөөд  хамтын амьдралын явцад 2002 оны 8 дугаар сарын 20-нд хүү Б, 2008 оны 01 дүгээр сарын 12-нд  охин Б,  2011 оны 12 дугаар сарын 03-нд  хүү Б, 2016 оны 10 дугаар сарын 16-нд хүү Ч нар төрсөн. Хамт  амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдан хэрэлдэх болсон ба өдөр алгасалгүй архиууж, бие махбодь болон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Мөн үр хүүхдүүдээ зодож хүчирхийлэл байнга үйлддэг бөгөөд гэр орны уур амьсгал тааламжгүй, хүүхдүүд маань гэрээсээ дайжиж явдаг. Амьдралын боломж бололцоо хангалтгүй, ажил хийгээд олсон мөнгөөрөө архидаж гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хүлээдэггүй. Намайг зодож дарамталж, бие махбодид хүн болон хөнгөн бэртэл гэмтэл олон удаа учруулсан. Мөн сэтгэл зүйн хувьд байнгын дарамт үзүүлдэг. Эцэг, эхээс өвлөж авсан малыг архинд зарсан, 21 жилийн турш тодорхой ажил хийж байгаагүй. Н.Мминий бие одоогоор эцэг, эхийнхээ гэрт 4 хүүхдийнхээ хамт амьдарч байна.

Иймд хүү М.Б, охин М.Б, хүү М.Б, М.Ч  нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байна.

2006 оны 41 дугаартай гэрчилгээ бүхий  гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн талаар  маргаантай байгаа хашаа, байшин/ торх/ гэрээ авах шаардлагатай тул хашаа 5.000.000 төгрөг, гэр 3.000.000 төгрөг, байшин, торх-4.000.000 төгрөгөөр үнэлэж байна. Үүнээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 9.600.000 төгрөгийг Л.М гаргуулж өгнө үү гэжээ.    

Нэхэмжлэгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.М шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Утсаар чи ганцаараа наад хурлаа хийхгүй юу, би очихгүй гээд намайг дарамтлаад ирэхгүй юм. Өөрийг нь ирвэл энэ талаар асуумаар л байна. Хариуцагч байнга архи ууж намайг болон хүүхдүүдээ зодож, дарамталдаг. Байнга зодуулсаар байгаад биеийн байдал муу болсон. Анх 2000 оноос хамтран амьдарч эхэлсэн ба 2007 онд гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. 2002 онд хамгийн том хүү, 2008 онд охин, 2011 онд хүү, 2016 онд бага хүү маань төрсөн гээд дундаасаа 4 хүүхэдтэй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа, гэр байгаа боловч хариуцагч өгөхгүй гэсэн. Би одоо 4 хүүхэдтэйгээ аав, ээжийндээ амьдарч байгаа. Тусдаа амьдраад 8, 9 сар болж байна. Би гэрээсээ өөрийн гэсэн юмаа авсан чинь “чи хулгай хийгээд явчихлаа” гээд намайг гүтгээд байгаа. Одоо маргаантай байгаа хөрөнгө гэвэл Тариалан сумын Шивэрт багийн 10-3 тоотод байгаа нэлээн том хашаа, газрын хамт 5,000,000 төгрөг, торх, 2 давхрагатай 5 ханатай, дан ястай, бүтэн шалтай Монгол гэр байгаа. Энэ гэрийг Л.Мягмардорж бид хоёр айл болоход аав, ээж нь барьж өгсөн. Хашаа газрыг нөхрийг өсгөсөн Г гэдэг хүн бид хоёрыг айл болоход өгч байсан. Газар Ггэдэг хүний нэр дээр байхад нь би нөхрийнхөө нэрээр болгож авсан. Нэг жилийн өмнө байх. Байнга архи уугаад би тусдаа гэр барьж байдаг байсан. Манай хүн архины эмчилгээнд явахаар нь гайгүй болчих байх гэж бодоод буцаж нийлсэн. Тэгсэн чинь дахиад архинд орчихсон. ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Л.М холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдээ ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Л.М нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү  М.Б, охин М.Б, хүү М.Б, М.Ч нар төрсөн болох нь. 

, Монгол улсын иргэн 1978 оны  01 дүгээр сарын 24-нд төрсөн, Б  овогт Л. Монгол улсын иргэн 1983 оны 3 дугаар сарын 14-нд төрсөн, Б овогт Н.М нар 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 41-рт бүртгэж олгосон 0042773/41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 

Б овогт Л.М  Б овогт Н.М нарын гэр бүлд 2002 оны 8 дугаар сарын 20-нд төрүүлсэн хүү Б овогт М.Б 2002 оны 9 дүгээр сарын 04-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон Г№68 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатиар гэрчлүүлсэн/,

Б овогт Л.М Б овогт Н.М нарын гэр бүлд 2008 оны 01 дүгээр сарын 12-нд төрүүлсэн охин Б овогт М.Б 2008 оны 01 дүгээр сарын 21-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон №0105406/12 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас                                       /нотариатиар гэрчлүүлсэн/,

Б  овогт Л.М Б овогт Н.М нарын гэр бүлд 2011 оны 12 дугаар сарын 03-нд төрүүлсэн хүү Б овогт М.Б  2011 оны 12 дугаар сарын 13-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон №0000634971/130 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас                             /нотариатиар гэрчлүүлсэн/,

Б  овогт Л.М Б овогт Н.М нарын гэр бүлд 2016 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн хүү Б овогт М.Ч  2016 оны 10 дугаар сарын 25-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон 6731000094 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатиар гэрчлүүлсэн/,

          Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Э “ М овогтой Буянтогтох нь Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангид суралцдаг нь үнэн болно. “ гэх , 

          Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Э “ М овогтой Б нь Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6в ангид суралцдаг нь үнэн болно. “ гэх , 

          Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Э “ М овогтой Б нь Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3а ангид суралцдаг нь үнэн болно. “ гэх , 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга,  их эмч Д.Д, эмчлэгч эмч Х. нарын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Тариалан сумын 3 дугаар багийн Мовогтой Б нь эр, 17 настай, ам бүл 6, Хонхорын 10-12 тоотод оршин суух, ЕБС-ийн 12 дугаар ангид сурдаг. Сэтгэц болон бие махбодийн хувьд  эрүүл, вакцинд бүрэн хамрагдаж дууссан болно.” гэх,  

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга,  их эмч Д.Д, эмчлэгч эмч Х.Э нарын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Тариалан сумын 3 дугаар багийн М овогтой Б нь эм, 12 настай, ам бүл 6, Хонхорын 10-12 тоотод оршин суух, ЭМТ-өөс хяналт тавьсаны дагуу вакцинд хамрагдаж, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,  

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга,  их эмч Д.Д, эмчлэгч эмч Х.Э нарын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Тариалан сумын 3 дугаар багийн М овогтой Б нь эр, 9 настай, ам бүл 6, Хонхорын 10-12 тоотод оршин суух, Хүүхдийн ухаан санаа саруул, эмгэг хууч өвчингүй, товлолын дагуу  вакцинд хамрагдаж эрүүл бойжиж байгаа нь үнэн  болно.” гэх,  

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга,  их эмч Д.Д, эмчлэгч эмч Х.Энарын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Тариалан сумын 3 дугаар багийн Мовогтой Ч нь эр, 4 настай, ам бүл 6, Хонхорын 10-12 тоотод оршин суух, эрүүл саруул, хяналтанд бүрэн хамрагдаж товлолын вакцинд бүрэн хамрагдсан болно.” гэх,  

 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаантай талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй  хэдий ч нэхэмжлэгч Н.М, хариуцагч Л.М нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүхээс хариуцагч Л.М 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар гардуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбараа ирүүлээгүй, мөн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг 3 хоногийн хугацаагаар хариуцагчийн эрхийг хамгаалж хойшлуулж шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Л.М цаашид хамтран амьдрах боломжгүй, Л.М архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, үр хүүхдүүд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар тайлбарласан. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул  М.Бу, охин М., хүү М., М.Ч нарыг эх Н.М   асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 сая төгрөгөөр үнэлэгдэх хашаа, 3 сая төгрөгөөр үнэлэгдэх монгол гэр, 4 сая төгрөгөөр үнэлэгдэх байшингийн торх зэргээр  нэхэмжлэгч Н.М болон хүүхдүүдэд нь ногдох 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Л.М гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь: хариуцагч Л.М нь шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй учир түүнийг зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан байх ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт үнэлгээ 12 сая төгрөг бөгөөд нэг гишүүнд ноогдох эд хөрөнгийн үнэлгээ нь 2 сая төгрөг тодорхойлогдох боловч нэхэмжлэгч нь дөрвөн хүүхэд болон өөрт ногдох хөрөнгийн хэмжээг 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/  төгрөг гэж тодорхойлсон байна.  

Тэтгэлэгийн хэмжээг гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хуульчилсан бөгөөд  хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон учир  2011 оны 12 дугаар сарын 03-нд төрүүлсэн хүү Бэсүд овогт М.Б 2016 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн хүү Бэсүд овогт М.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2002 оны 8 дугаар сарын 20-нд төрүүлсэн хүү Б овогт М Б, 2008 оны 01 дүгээр сарын 12-нд төрүүлсэн охин Б овогт М.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт  сар бүр эцэг Л.М тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нотдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 168.550 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 177.432 төгрөгийг нийт 416.182 төгрөгийг хариуцагч Л.М гаргуулж  улсын орлогод оруулж шийдвэрлэв.  

 

Хариуцагч Л.М нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                                               

       ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б  овогт Л.М Б овогт Н. М/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  2002 оны                    8 дугаар сарын 20-нд төрсөн М.Б, 2008 оны 01 дүгээр сарын 12-нд төрсөн М.Б 2011 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн М.Б, 2016 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн  М.Ч нарыг төрсөн эх Б овогт Н.М асрамжид үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны                 12 дугаар сарын 03-нд төрүүлсэн хүү Б овогт М.Б 2016 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн хүү Б овогт М.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2002 оны 8 дугаар сарын 20-нд төрүүлсэн хүү Бэсүд овогт М.Б 2008 оны 01 дүгээр сарын 12-нд төрүүлсэн охин Б овогт М.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт, сар бүр  эцэг Б овогт Л тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн                         14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч Л.М 9.600.000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М, хүү М.Б, охин М.Б, хүү М.Б, М.Ч нарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Л.М улсын тэмдэгтийн хураамжид нийт  416.182 /дөрвөн зуун арван зургаан мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай. 

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М нарт тус тус даалгасугай

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА