Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Н нэхэмжлэлтэй. Хариуцагч: Х овогт Ж.Ж холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А  Ж.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагч Ж.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Ж.Н нь нөхөр Ж.Ж сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны                               07 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2014/0609 шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Тус шийдвэрийн дагуу хүү Ж.Т, охин Ж.Э нар миний асрамжид, хүү Ж.Т эцэг Ж.Ж  асрамжид үлдэж, харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр тохиролцсон. Хүү Ж.Т 2015, 2016 онд аавтайгаа хамт амьдарч байгаад, 2017 оноос надтай болон дүү нартайгаа хамт амьдарч эхэлсэн. Ж.Ж нь ихэнхдээ гэртээ байдаггүй, миний хүүг айлаар байлгаад байдаг байсан учраас би хүүгээ өөр дээрээ авсан. Намайг хүүгээ авахад Ж.Ж ямар нэг байдлаар эсэргүүцээгүй учир хүү Ж.Т миний асрамжид ирж, одоо би  гурван хүүхдийн хамт амьдарч байна. Тиймээс би хүү Ж.Т хууль ёсоор өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Одоо би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг бөгөөд ганцаараа  гурван хүүхдээ харж хандаж амьдарч байна. Ж.Ж жилд нэг удаа аль нэг хүүхэддээ куртик ч юм уу, ямар нэг хувцас авч өгдөгөөс бусдаар хүүхдүүдээ харж хандаж, өсгөж хүмүүжүүлэхэд шаардлагатай зардлаас төлөлцсөн зүйл байхгүй. Намайг Ж.Ж руу залгаж “хүүхдүүддээ тусалж дэмж” гэж хэлэхэд “чи зарж байгаагаараа өөрөө харж ханд” гэж хариу хэлдэг. Тиймээс Ж.Ж хуульд заасны дагуу хүүхэд бүрийн тоогоор тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Мөн манай гурван хүүхдийн төрөөс олгодог хүүхдийн мөнгө нь Төрийн банкны хадгаламжийн дансанд ордог байсан бөгөөд хадгаламжийг захиран зарцуулах эрх болон хадгаламжийн дэвтэр нь эцэг Ж.Ж байдаг. “..Хүүхдүүдийнхээ дэвтрийг авъя...” гэж хэлэхэд “..чамд ямар хамаатай юм бэ?.. ”  гэж хэлээд өгдөггүй тул хүүхдүүдийнхээ хадгаламжийн дансны захиран зарцуулах эрхийг би өөр дээрээ авах хүсэлттэй байна. 2014 онд бид гэрлэлт цуцлуулахын өмнө малаа хувааж аваад, хоёр машинаа нэг нэгээр нь авах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоотод байрлах хашаа байшинг би авах, гэрийг нөхөр авах, 5х6 хэмжээтэй хоёр ширхэг торхыг хашаа байшингаа аваагүй нь авъя гэж амаар тохиролцсон учраас шүүхийн шийдвэрийг эд хөрөнгийн маргаангүй гэж гаргуулсан байсан. Бид салсны дараа малаа тэнцүү хувааж, машинаа нэг нэгээр нь авсан, торхнуудыг нөхөр авсан боловч хашаа байшинг өнөөдрийг хүртэл надад шилжүүлж өгөөгүй. Тус хашаа байшинг 2009 онд зуу гаруй хонь, бэлнээр 3.000.000 /гурван сая/ төгрөг, нэг ширхэг автомашин өгч худалдаж авч байсан буюу гэр бүлийн дундын эд хөрөнгөөр худалдаж авч, Ж.Ж бид хоёрын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоо хүү Ж.Т Авъяас ахлах сургуульд, Ж.Т, Ж.Э нар Сод-Эрдэм сургуульд тус тус суралцдаг бөгөөд сургуульд суралцаж байх хугацаандаа манай аавынд байдаг. Манай аавынх ам бүл олуулаа тул хэрэв би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоотод байрлах хашаа байшингаа өөрийн өмчлөлд авах юм бол хүүхдүүдийн хамт тэнд амьдрахаар төлөвлөж байна. Иймд би дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 2004 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Т эцгийнх нь асрамжнаас гаргаж, төрсөн ээж болох Ж.Н миний асрамжид үлдээх,

Хүү Ж.Т, Ж.Т, Ж.Э нарт тус бүрт нь хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож, эцэг Ж.Жгаргуулах,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоотод байрлах хашаа байшинг 25.000.000 саяар үнэлж өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг 20.000.000 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гурван хүүхдээ авах дээрээ бат зогсоно. Тэтгэлгээ гаргуулдагаараа гаргуулна. Харин хашаа байшингийн хувьд бид хоёрын дундын өмч байгаа. Өмнө нь энэ хүн амаараа тэр хашаа байшингаа чамд өгөөд би гэрээ аваад хоёр машинаа нэг, нэгээр нь авъя гэж тохиролцсон боловч малаа яг хуваагаад бусад асуудал дээрээ зөрчилдсөн юм. Би нэхэхгүй байдаг байсан тэгтэл хүүхдийн мөнгө орохгүй байхаар нь гайхаад өөрт нь хэлсэн зөвшөөрөхгүй байсан. Тэгээд намар хүүхдийн хичээл нь орох болоод мөнгө хэрэг болсон чинь малаа зараад өөрөө өг гээд эсэргүүцээд байсан. “... Одоо би хүүхэд том болох тусам хэрэглээ өндөр болоод ирнэ, би ганцаараа хөдөө малаа малладаг болохоор яах ч аргагүй хүүхдүүдээ энд байлгах хэрэгтэй болдог иймэрхүү асуудалтай байна. ... ” гээд хэлэхээр огт ойлгохгүй байсан. Тэгээд энэ хүн өөрийгөө ажилгүй гэж хэлээд байна. Энэ хүн урд том тэрэг барьдаг, гурван хүүхэдтэй багш эхнэртэй, Мустангийн П барьж байгаа байр л гэсэн түүнд 3 өрөө байр авсан, түүндээ сар болгон 5.500.000 төгрөг төлж амьдардаг байж байхгүй гээд байх юм. Малаа ч гэсэн байхгүй гээд яриад байх юм,  тэр үедээ 245 толгой мал хүүтэйгээ цуг хуваагаад авсан байгаа. Бид хоёр гэрлэлтээ 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр цуцлуулсан.  Тус шийдвэрээр хүү Ж. охин Ж. нарыг асрамжиндаа авч, хүү Ж.Тэцэг Ж.Ж асрамжинд үлдээж харилцан тэтгэлэг гаргуулахгүйгээр тохиролцож, хүү Ж.Т          2017 оны хавраас өвөө, эмээ дээрээ ирж мөн надтай цуг байхаар болсон. Тэгээд эцэг Ж.Ж нь хүүгээ надтай цуг байдаг болсноос хойш хүүхдүүдтэйгээ уулзахгүй, харилцаа холбоо тогтоох сонирхолгүй болсон. Хэрэгцээнийх нь мөнгө төгрөгийг хэлээд авах гэхээр өгөх боломжгүй гэдэг. 2017 онд ирсэн хүүхэд чинь 2018 оны сургуульд орохоос эхлээд хичээл номын мөнгөний асуудал гарч байгаа юм. Тэгээд өөрөө 200.000 төгрөг хийлээ гээд тэрийгээ миний данс руу биш хамт амьдарч байгаа эхнэрийнхээ гараар дамжуулж аав, ээж хоёрыг маань нэгээс хоёр цаг орчим хүлээлгэж байгаад 200.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн байдаг юм. Түүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд өөр зүйл өгсөн юм байхгүй. Тиймээс би том хүүгээ өөрийн асрамжид авч гурван хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож авмаар байна гэсэн хүсэлт гаргасан байгаа. Хашаа байшингийн хувьд бид хоёрын дундын өмч, 2011 онд 9.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бидний дундын өмчөөс үүссэн хөрөнгө учраас өөртөө ногдох хэсгийг мөн хүүхдүүдэд ногдох хэсэгтэй нь гаргуулж авмаар байна. 25.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа түүнээс өөрийн хувиа буюу 20.000.000 төгрөгийг мөнгөөр нь гаргуулж авах хүсэлтэй байна. ... гэв.

Хариуцагч Ж.Ж  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Ж миний бие тус шүүхэд гаргасан Ж.Н хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие эхнэр Ж.Н гэр бүл болсон гэрлэлтээ 2014 оны 7 дугаар сарын 29-нд цуцлуулж, том хүү Ж.Т миний асрамжинд үлдээж, бага хүү Ж.Т, охин Ж.Э нарыг ээжийнх нь асрамжинд үлдээсэн. Тэгээд эд хөрөнгийн хувьд бид гэрлэлт цуцлах үед Ж.Н Төмөрбулаг сум руу Баярбат гэж хүнтэй суугаад явсан байсан бөгөөд тэр цагаас хойш хүүхдүүдээ өөрийн аав ээж Ж.Д нарын асрамжинд үлдээсэн. Одоо Ж.Н нь Бүрэнхаанд хүүхдүүд болон аав, ээжээсээ тусдаа амьдардаг юм. Бага хоёр хүүхэд маань гэрлэлт цуцласнаас хойш бол түүний аав, ээж дээр л байгаа. Харин том хүүтэйгээ би Улаанбаатар хотод 2014-2015 оны хооронд амьдарч байгаад буцаад Мөрөнд ирээд хамт амьдарч байгаад ажил төрөл хийхийн эрхэнд Өмнөговь аймаг руу том тэрэгний жолоочоор ажиллаад 2018 оноос хойш том хүү Ж.Т Н аав Ж хоёр дүүгийнх нь хамт амьдруулж байгаа нь үнэн болно. Ингэж том хүүгээ үлдээж байгаа нь хоёр талтай нэгдүгээрт: хүү маань хоёр дүүгээсээ  холдоод байсан учир хамт байлгаж, дасгах, дүү нартаа дэм тус болог гээд, хоёрдугаарт би хол газар ажил хийх болсон тул биечлэн харж хандах боломжгүй болсон тул өвөө, эмээгийнх нь асрамжинд үлдээсэн. Өнгөрсөн хугацаанд би гурван хүүхэддээ ойр зуурын хэрэгцээний зүйлийг хааяа авч өгч, дэмжиж тусалж байсан. Мөн гэрлэлт цуцлах үедээ бид Мөрөн сум 13 дугаар хороонд хашаа байшин, гранд марк-2 маркийн суудлын автомашин, амьжиргаа цагаан, Бүрэнхаан багт “Хээнэхэн” гэх газарт өвөлжөөний хашаа, “Хөх цав” гэх газарт хаваржааны хашаа, 600 гаруй тооны бог мал, 8 үхэр, 6 адуу, том 5 ханатай гэр, антен зурагт зэрэг эд хөрөнгөтэй байсан. Бид салах үедээ би 13 дугаар хорооны хашаа байшин, амьжиргаа цагаан, 200 толгой бог мал, “Хөх цав” гэх газарт хаваржааны хашаа, 6 адуугаа авсан. Харин Нармандах гранд марк-2 маркийн суудлын автомашин, Бүрэнхаан багт “Хээнэхэн” гэх газарт өвөлжөөний хашаа, 400 гаруй тооны бог мал, 8 үхрээ авсан юм. Энийг бид харилцан тохиролцоод хуваасан учир надад үлдсэн эд хөрөнгийг Ж.Н одоо нэхэмжлэх эрхгүй. Мөн Ж.Н би хашаа байшингаа өгөхгүй, том хүү маань удахгүй насанд хүрнэ, айл гэр толгойлно тэр үед би хүүдээ өгөх гээд хадгалж байгаа. Хэрэв Н өгвөл 3 хүүхдэд маань очихгүй зарагдах байх гэдгээс эмээж байна. Учир нь надаас салахдаа авсан марк -2 машин болон өвөлжөөний хашаагаа зарсан байсан. Энэ бол хүүхдүүдийн маань ногдох хөрөнгө байсан ч бүгдийг нь зарж үрээд дууссан учир дахиж эд хөрөнгө өгөхгүй. Хүүхдийн асрамжийн хувьд би хүү Ж.Т өөрийн асрамжинд авна. Цаашид өөрөө харж хандах боломжтой. Хоёр бага хүүхдийнхээ хувьд бол асрамжийг нь хэвээр үлдээгээд ээж нь биечлэн асардаггүй ч дассан газраа өвөө, эмээгийнхээ асрамжинд байж, дасаж сурсан сургуульдаа сурч, насанд хүртлээ байг гэж бодож байна. Харин насанд хүрээд оюутан болох, сургууль соёлд орох үед нь бол би эцгийн үүргээ биелүүлж харж хандах болно. Иймд хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэмжийг тухайн үедээ бол бид харилцан тохиролцоод нэхэхгүй байхаар болж, зарим эд хөрөнгийг хүүхдийн тэтгэмжинд шилжүүлж амаар тохиролцож байсан. Хэрвээ одоо тэтгэмж нэхэмжилж байгаа бол би хүүхдийн тэтгэмжийг төлөхдөө Нармандахад төлөхгүй, шууд өвөө, эмээд төлнө. Учир нь Н хүүхдүүдийг биечилж асардаггүй. Иймээс тэтгэмжийн мөнгө хүүхдүүдэд маань очихгүй байх гэж бодож байна.

    Иймд Н шүүхэд гаргасан дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүүхдийн асрамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хүүхдүүдийн тэтгэмжийг бага хүү Ж.Т, Ж.Э нарт тэтгэмж төлж болох хэдий ч ээжид нь өгөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр тэр хашаа байшинг 9.500.000  төгрөгөөр авч байсан. Би урд байгаа хашаа байшин, дотор нь нэг микро машин байгаа тэрийг, хаваржааны хашаатайгаа өгнө. Би өөр зүйл бол өгч чадахгүй. Урд Тавантолгойд том тэрэг барьж байсан минь үнэн, гэхдээ одоо бол тэр ажлаасаа гарсан. Одоо ажил төрөл байхгүй байгаа. Би хүүгийнхээ өөрийнх нь шийдвэрийг сонсмоор байна, тэгээд ээжтэйгээ баймаар байна гэвэл хамаагүй. Надтай байна гэвэл би авна. Тэтгэлгээ бол мөнгөөр нь өгч чадахгүй. Надад мөнгө байхгүй. Хэрвээ надаас мөнгө гаргуулна гэвэл би эргээд шүүхдэнэ. Гурван хүүхдээ би өөр дээрээ авна. Би өөрөө өсгөнө гэж бодож байна. Би гурван хүүхдээ өөр дээрээ авчихвал тэжээгээд явж чадна. Энэ хүн чинь эхлээд надаас тэтгэлэг авахгүй гэж хэлсэн. Би бүх хөрөнгөө хуваагаад хүүгийнхээ хөрөнгөтэй өөрийнхөө хөрөнгийг авч үлдсэн. Тэгээд бүх зүйлээ энэ хүнд өгсөн. Тэгтэл одоо надаас нэхэмжлээд байхаар би бас гомдолтой л байна. Гэхдээ би эвлэрэх тал дээр нэг санал тавих гэсэн юм. Хэрвээ 20.000.000  төгрөгөө бэлнээр нь авна гэвэл бэлэн мөнгө өгч чадахгүй. Надад тийм боломж байхгүй. Гурван хүүхдийнхээ тэтгэлгийг тэр хаваржааны хашаа, хашаа байшингаараа л тохиролцоод төлнө. Өөр нэмж өгөх юм байхгүй. Тэр хашаа байшинг дундын өмч гээд байх юм. Тэр чинь дундын өмч биш би өгөх ёстой хөрөнгөө бүгдийг нь өгсөн. Тэгээд 13 сая төгрөгийн үнэтэй Гранд маркийн машинаа өгсөн. Тэгээд хашаа байшингаа, хаваржааны хашаатайгаа  гурван хүүхдийнхээ тэтгэлэгт өгөөд болно гэсэн саналтай байгаа гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Ж.Ж холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд том хүү Ж.Т асрамжийг өөрчлүүлэх, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 20.000.000 / хорин сая/  төгрөгийг гаргуулах, хариуцагчаас  гурван хүүхдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Ж.Ж нь “... би хүүтэйгээ ярьж байгаад шийдэх гэтэл надтай уулзуулсангүй, хэрэв хүү минь хүсч байгаа бол дургүйцэх зүйлгүй, дундын өмчнөөс 20.000.000  / хорин сая / төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд бид анхнаасаа хөрөнгөө тохирсон ёсоороор хувааж авсан учир одоо хашаа байшинг Ж.Н авна гэвэл би уг хашаан доторхи байшин, торх, бас нэг микро, хаваржааны хашаа  байгаа эдгээрийг хүүхдүүдийнхээ тэтгэлэгт тооцуулж өгч болно. Тэрнээс би хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй. Би өөрөө ажил төрөл эрхэлдэггүй, биеийн байдлаас шалтгаалаад ажлаасаа гарсан байгаа учир тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй. ...”  гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчээс  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаар “Тус багийн малчин Жовогтой Нань ам бүл-4, 3 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн” гэх албан бичиг,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хөвсгөл аймгийн Бүртгэлийн хэлтсийн  улсын бүртгэгч Б. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №67-21550 дугаар Иргэн Ж.Н танаа “Эрхийн Улсын бүртгэлийн                 Ү-1723004000 дугаартай, Хөвсгөл Мөрөн сум 13-р баг 14 гудамж 9 тоот  хаягт байрлах Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөхгийн өмчлөгчөөр Иргэн Ж овогтой Н.Ж овогтой Ж  нар бүртгэлтэй байна” гэх албан бичиг 1 хуудас,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “Монгол улсын иргэн Х овогт Ж.Ж,  Монгол улсын иргэн  Н овогт Ж.Н нар нь 2004 оны 10 дугаар сарын 16-нд гэрлэж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6701000045-рт бүртгүүлсэн гэрлэлт цуцлалтын бүртгэл байгаа тул лавлагаа олгов. “ гэх 155/000469 дугаартай Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа,  

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “Х овогт Ж.Ж  Новогт Ж.Н нарын гэр бүлд 2004 оны 12 дугаар сарын 11-нд төрүүлсэн Ж.Т/  2004 оны 12 дугаар сарын 28-нд  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/005593 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Х овогт Ж.Т 68 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Х овогт Ж.Э 34 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Авъяас сургуулийн сургалтын менежер Б.Б 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “ Сурагч Ж овогтой Тэ нь Хөвсгөл аймаг Мөрөн сумын Төрөлжсөн сургалттай Авъяас сургуулийн Л.Н багштай 10а  ангид суралцдаг нь үнэн болно.”гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Сод эрдэм сургуулийн  сургалтын менежер С.Д 2019 ооны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай “Ж овогтой Э нь С.Н багштай 4-р ангийн б бүлэгт суралцаж байсан нь үнэн болно.” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Сод эрдэм сургуулийн  сургалтын менежер С.Д 2019 ооны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай “Ж овогтой Тнь 8а бүлэгт суралцаж байсан нь үнэн болно.” гэх тодорхойлолтууд,

        Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2014/0609 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар баримт 3 хуудас /Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,

            Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Эн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ Бүрэнхаан багийн иргэн Ж овогтой Ж2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны хуулбар үнэн болохыг тодорхойлов. Адуу-1, хонь-148, ямаа-113, бүгд-262 “ гэж бичигдсэн малын тооны тодорхойлолт,

       Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Э2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ Бүрэнхаан багийн иргэн Ж овогтой Н2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны хуулбар үнэн болохыг тодорхойлов. Адуу-2, үхэр-11, хонь-322, ямаа-335, бүгд-670 “ гэж бичигдсэн малын тооны тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ж.Ж нар нь 2014 онд гэр бүлээ шүүхийн журмаар цуцлуулсан, уг шүүхийн шийдвэрээр “... хариуцагч Ж.Ж асрамжинд том хүү Т нэхэмжлэгч Ж.Н асрамжинд хүү Ж.Т, охин Ж.Э нарыг үлдээсэн. ...”, тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нар “... хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй ... ” гэж тохиролцсоныг шүүхийн шийдвэрт дурьдаж шийдвэрлэсэн, том хүү Ж.Т нь 2017 оноос хойш нэхэмжлэгч Ж.Н асрамжинд буцаж ирсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” ,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.”,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д” Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.”  гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ж.Н нь шаардах эрхтэй байна.

Том хүү Ж.Т нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дүү нарын хамт ээж Ж.Насрамжинд байж, сургуульд суралцах хугацаандаа өвөө, эмээгийндээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар,

Мөн хүү Ж.Т “... Би аавтайгаа хамт 5 ангиасаа амьдарч байгаад 7 дугаар анги төгссөнийхөө зунаас эхлэн ээж Ж.Н, дүү нарын хамт амьдрах болсон. Би болон хоёр дүү нар маань аймгийн төвийн сургуульд сурдаг тул өвөөгийндөө амьдардаг. Амралтаараа Бүрэнтогтох сумын Бүрэнхаанд байдаг гэртээ очдог ... “ гэх санал зэргээр нотлогдож байна.

Том хүү Ж.Т шүүхэд өгсөн санал, ээж болон дүү нартаа ээнэгшин дассан байдал, сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ааваасаа тусдаа амьдарсан, эхийн ахуйн нөхцөл бололцоо, эхийн хайр халамжийн байдал зэргийг үндэслэн Ж.Т асрамжийг өөрчилж, эх Ж.Н асрамжинд үлдээж шийдвэрлэх,

Нэхэмжлэгч нь хүү Ж.Т, Ж,Т, охин Ж,Э нарт хуульд заасан хэмжээгээр эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч “... өөрт ногдох хөрөнгө болох хашаа байшингийн өөрт ногдох хэсэг, микро, торх, хаваржааны хашаа зэргийг тэтгэлэгт тооцуулж өгмөөр байна, тэтгэлэг төлж чадахгүй, биеийн байдлаас шалтгаалан ажлаасаа гарсан одоо ажилгүй байгаа. ...”  гэж маргасан боловч талууд тэтгэлэгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй, дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ж.Ж нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно.”,

40.1.1-д “ 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”,

40.1.2-д “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заажээ.

Иймд 16 настай том хүү Ж.Т, 13 настай хүү Ж.Т нарт тус бүрт нь  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 9 настай охин Ж.Э  11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Жс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх,

Нэхэмжлэгч Ж.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоотод байрлах хашаа байшинд 25.000.000 / хорин таван сая/ төгрөгөөр үнэлж, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 20.000.000 / хорин сая/  төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 Харин хариуцагч Ж.Ж нь бид хоёр гэрлэлтээ цуцлуулах үед эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож авах зүйлүүдээ авцгаасан учир энэ хашаа байшин нь дундын хөрөнгө биш гэж маргасан.

 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...тухайн үед тохиролцсон боловч дараа нь тохиролцооны дагуу малаа яг хуваагаад бусад асуудал дээр зөрчилдсөн,... бидний дундын өмчөөс үүссэн хөрөнгө учраас өөртөө ногдох хэсгийг мөн хүүхдүүдэд ногдох хэсэгтэй нь гаргуулж авмаар байна. 25.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа түүнээс өөрийн хувиа буюу 20.000.000 төгрөгийг мөнгөөр нь гаргуулж авах хүсэлтэй байна... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан сум дундын 27 дугаар  шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 155ШШ2014/0609 дугаар шийдвэрээр зохигчид гэрлэлтуу цуцлуулснаас хойшхи хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  эд хөрөнгийн талаар маргасныг шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш  Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохигчдын дундын хөрөнгө байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тухайн эд хөрөнгө нь салгах боломжгүй үл хөдлөх  эд хөрөнгө байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д ... ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар мөн нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоот дахь хашаа байшингаа 25.000.000 / хорин таван сая/  төгрөгөөр үнэлсэн   үнийн дүнд хариуцагч маргаагүй байх тул хариуцагч Ж.Жаргалбатаас 25.000.000 / хорин таван сая/   төгрөгний тал хувь болох 12.500.000 / арван хоёр сая таван зуун мянга/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нармандахад олгож тус тус шийдвэрлэв.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.500.000  / долоон сая таван зуун мянга/  төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Н нь улсын тэмдэгтийн хураамжид 445.465 төгрөгийг төлсөн байх  ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 465.190 төгрөгийг буюу асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 257.950 төгрөгийг  гурван хүүхдэдээ эцэг Ж.Ж тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд 137.040 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн 19.725 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Н гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж 422.191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н олгож шийдвэрлэв.