Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

    2023          07           18                                            2023/ШЦТ/161

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0152/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Хохирогч Ш.С ,

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох эрүүгийн 2339002160239 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг "Ар бэлх" гэх газарт байх Ш.С , Г.Жаргалсайхан нарт "надад 5 сая төгрөг байна, үхэр, мал цуглуулаад өгөөч" гэж итгүүлэн, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 үхэр, 2 адууг зараад мөнгийг нь явуулна гэж хэлж, "утас болохгүй байна, Батбаатар гэж хүн рүү шилжүүлсэн байна" гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ш.С г залилж, түүнд 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.О нь залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339002160239 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.С гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Г.Жаргалсайханы (хх-ийн 16-17-р хуудас), гэрч Н.Отгонбаярын (хх-ийн 24-25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-131 дугаартай дүгнэлт (хх-ийн 8-10-р хуудас),

Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 72, 73, 77, 78-81-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2339002160239 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О нь Ш.С г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ш.С г залилж 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч  О-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Т.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Т.О нь Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг "Ар бэлх" гэх газарт байх Ш.С , Г.Жаргалсайхан нарт "надад 5 сая төгрөг байна, үхэр, мал цуглуулаад өгөөч" гэж итгүүлэн, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 үхэр, 2 адууг зараад мөнгийг нь явуулна гэж хэлж, "утас болохгүй байна, Батбаатар гэж хүн рүү шилжүүлсэн байна" гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ш.С г залилж 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

 

Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С  эгч, Жаргалсайхан ах хоёрт мөнгийг нь өгнө гэж бодож байсан боловч хүлээн авалт ихтэй байгааг дуулаад тухайн үхэр болон адууны махыг зарж борлуулсан мөнгөөрөө архи виски авч бүүр илүү их ашиг олохыг хүссэн. Надад залилах бодол байгаагүй...Манай хамаатан садны хүн болохоор мөнгө бүрдэхээр нь өгье гэж бодож байсан. Би С  эгч, Жаргалсайхан ах хоёрт мөнгийг нь өгч хохиролгүй болгоно... Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.С гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө Т.О нь манай нөхөр рүү залгаж "Ах би идэшний бяруугаа авъя, мөн надад 5 сая төгрөг байна, та үхэр мал цуглуулаад өгөөч" гэхээр нь бид хоёр ярилцаж зөвшөөрөөд "Одоо идэшний үед 5 сая төгрөгт олдох мал байхгүй, ах нь чамд ү*******хэхгүй хэдэн үхэр өгье ахынх нь зээл тулаад байгаа" гэж ярилцан тохироод тус өдрийн орой Т.О нь мөнгөлөг саарал өнгийн 83-91 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн машинтай жолоочийн хамт хоёулаа ирсэн. Манайд намар хадланд тусалсан гээд идэшний бяруу аваарай гэж байсан юм. Тэгээд тэр бяруугаа авч байгаа нь юм. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө эр ухаа халзан бяруу идшинд өгсөн, харин жолооч нь 1.300.000 төгрөгөөр идшиндээ улаан эрээн охин шүдлэн авч мөнгийг нь дансанд хийсэн. Харин ногоон эрээн шүдлэн эр үхэр, мухар хар халзан шүдлэн эр үхэр, эрээн нүүртэй хүрэн охин шүдлэн, эрээн нүүртэй хар эр шүдлэн үхэр нийт 4 үхэр, халиун зүсмийн шүдлэн үрээ, хээр зүсмийн шүдлэн үрээ нийт 2 адуу ажиллаж ачуулаад 4 үхрийг Т.О-д худалдаж, 2 адууг нь ядраад байсан болохоор дайж заруулахаар явуулсан. Тэгээд Т.О нь манай гэрт 4 үхрийн мөнгө шилжүүлээгүй, утас маань болохгүй байна сумын төвд малын бичиг авахдаа шилжүүлэхээр тохирсон. Тэгээд сум ороод малын бичиг аваад ирэхдээ шилжүүлээгүй "миний утас болохгүй байна, аймаг орж өөрөө очиж янзлахгүй бол болохгүй байна" гэж хэлээд аймаг явсан. Тэгээд маргааш нь манайх руу залгаж нөгөө авч явсан 4 үхэр, 2 адуу нийт 6 сая төгрөг болсон мөнгийг нь орой шилжүүлье гэж ярьсан. Маргааш өглөө нь бид нар залгаж мөнгөө шилжүүлэхгүй юм уу гэж ярихад "Би өчигдөр орой Батбаатар гэдэг данс руу танай мөнгийг шилжүүлсэн" гэхээр нь "Би тийм данс өгөөгүй миний ******* юм уу, манай нөхрийг ******* гарна" гэж хэлэхэд "Тэгвэл би буруу шилжүүлсэн байна, цагдаад бүртгүүлье" гэж ярьсан. Тэгээд тэрнээс хойш удаа дараа залгахад үнэн худал нь мэдэгдэхгүй ярьж одоог болтол зарсан гэх 6 сая төгрөгөөс ганц төгрөг өгөөгүй биднийг залилсан гэж бодож байна...Үхэр, адууны мөнгө 6,400,000 төгөрг, нааш цааш явсан замын зардал банкны хүү зэрэг 600,000 төгөрг нийт 7 сая төгрөгийг  Т.О-аас нэхэмжилж байна.....” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.О нь 2022 оны намар манайд хадлангийн ажилд тусалсан болохоор идшинд бяруу өгнө гэж хэлсэн байсан бөгөөд 2022 оны 11 сарын 02-нд над руу залгаж “ Ах би идэшний бяруугаа авъя дээрээс нь надад хэдэн төгрөг байна үхэр мал авч эргэлдүүлэх гэсэн юм “ гэхээр нь “бэлэн мөнгөтэй унаа тэрэгтэйгээ ирвэл болох байх “ гэж тохиролцоход тус өдрийн орой 83-91 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн машинтай жолоочийн хамт хоёулаа ирсэн . О-ын идшинд 1 бяруу , жолоочид 1.500.000 төгрөгөөр охин шүдлэн зарж “1.300.000 төгрөгийг манай эх*******ийн дансанд 5935298281 данснаас “88258856” утгатай хийсэн 200.000 төгрөгийг О  нь өгнө гэж тохирсон харин 4 үхэр, 2 адууг О ад нийт 6 сая төгрөгөөр худалдсан . Тэгээд хөдөө гэрээс мөнгө шилжүүлж болохгүй байна гэхээр нь хойд сумын төв орж малын гарал үүслийн бичиг авч өгөхөд О  “миний интернэт банк болохгүй бас, утас болохгүй байна айсаг ороод шилжүүлье гэхээр нь малаа өгөөд явуулсан . Маргааш нь бид нар О  руу залгаж мөнгөө нэхэхэд “хариуд“ өчигдөр орой Батбаатар гэдэг данс руу танай нөхрийн данс руу шилжүүлсэн “ гэхээр нь “ бид нар тийм данс өгөөгүй “ гэхэд Буруу дансанд шилжүүлсэн байна цагдаад бүртгүүлье” гэж ярьсан . Тэрнээс хойш удаа дараа худал ярьж мөнгө өгөөгүй байна. О  нь “утсаар мөрийтэй тоглож мөнгө хожсон тэрийг эргэлдүүлэх гэсэн нь “ гэж ярьж байсан. Одоо бодвол манай үхэр , адууны мөнгөөр тоглоом тоглоод алдсан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

 

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хосоо гэх залуу бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингис хотоос хөдлөөд 19 цагийн үед Норовлин сумаас баруун урагшаа Ар бэлх гэх газарт очоод 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө эрт бид нар босоод тухайн малын эзэн гэх Жаргалсайхан гэх хүнд би 1.300.000 төгрөг дансаар шилжүүлээд улаан зүсмийн шүдлэн үхэр худалдаж аваад тэнд мал ажиллахаар ирсэн хүмүүст 100.000 төгрөг өгч гаргуулсан. Тэгтэл тэр Хосоо гэх залуу өөрийнх нь идэш гэх нэг бяруу болон тухайн айлаас Хосоо гэх залуугийн авч явж зарах гэж байгаа гэх 4 үхэр, 2 адууг мөн ажиллаад Истана машиндаа ачаад гарал үүслийн гэрчилгээгээ аваад тэндээсээ 22 цагийн үед хөдлөөд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн үед Чингис хот руу ороод манай гэрийн хашаа руу очиж би өөрийнхөө тусдаа шуудайлсан байсан махыг гэртээ буулгаад үлдсэн махаа манай хадам дүү Мөнхбаатар, мөн тэр Хосоо гэх залуу хоёр явж борлууллаа гээд машинаа аваад яваад өгсөн...Би бодохдоо тухайн Жаргалсайхан гэх айл нь тэр Хосоод мөл өгч явуулж заруулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Уул нь тэр Хосоо гэх залуу ганц идэшний бяруу авна гэж анх ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

 

  1. Бодит Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-131 дугаартай “...4 үхэр, 2 адуу нийт 6 тооны малыг 6.400.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 8-10-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг шүүгдэгч Т.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх зэрэг аргаар өөрийн эзэмшилд авахын зэрэгцээ залилаж авсан эд хөрөнгөө  анхнаасаа буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдаж байдаг. 

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Т.О нь хохирогч Ш.С д нийт 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг төлж барагдуулаагүй байхгүй байх тул шүүгдэгчээс 6,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.С д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

 

Иймд шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж зохиомол байдлыг зориудаар бий бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.О нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 78-81-р хуудас) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох,... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,....өмчлөгчийн эд хөрөнгийг.....шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг,  Хос Аялгуу караокед касс ажилтай зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.О нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 600,000 нэгжээр торгох, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар тогтоох тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.О-ын хохирогч Ш.С г залилж 6,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2339002160239 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-д Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.О-аас 6,400,000 (зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.С д  олгосугай.

 

6. Эрүүгийн 2339002160239 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.С  нь замын зардал болон зээлийн хүү нийт 600,000 төгрөгийг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.О-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР