Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч:Б овогт Б.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Д.Э холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нэхэмжлэгч Б.С, хариуцагч Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С миний бие нөхөр Д.Э 2008 онд танилцаж үерхэж байгаад 2010 онд гэр бүл болж хамт амьдарсан. Бидний дундаас хүү Э. 2010 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн, одоо 10 настай, ЕБС-ийн 4 дүгээр ангид сурдаг. Бид хамтдаа 2010 оноос 2011 оны хавар хүртэл хамт амьдарсан бөгөөд таарч тохирохгүй болоод тусдаа амьдрах болсон. Би одоо Завхан аймгийн Дөрвөлжин суманд гэр бүлтэй болсон, тусдаа амьдарч байгаа бөгөөд 2016 онд хүү С, 2019 онд хүү Б нарыг төрүүлсэн цаашид энэ хүүхдүүдийнхээ аавтай гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах, хүүхдүүдээ овоглуулах асуудал хөндөгдөөд байна. Д.Э сүүлийн жилүүдэд огт холбоо тогтоогоогүй, хаана амьдарч байгааг нь огт мэдэхгүй хол учир гэрлэлтийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй өдийг хүрсэн. Одоо би энд түр хугацаагаар ирсэн учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Дундын эд хөрөнгийн талаар маргаангүй.

Иймд Б.С миний нөхөр Д.Э гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, хүү Э.А миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Би өөрөө өөр гэр бүлтэй болсон. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй юм. Энэ хүн хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Миний хүү аавыгаа бараг л мэдэхгүй байгаа. Би хүүдээ энэ талаар хэлж ойлгуулсан... гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Э би Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Д.Э нь Б.С 2008 онд танилцан үерхэж байгаад 2010 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулжулмаар бидний дундаас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.А төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа үзэл бодол таарч тохирохоо байж цаашид амьдрал боломжгүй болоод 2011 онд тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэгч Б.С нь одоо нутагтаа хүнтэй сууж улмаар 2 хүүхэд төрүүлсэн хүн юм.

Иймд Д.Энэбиш би Б.С гэрлэлт цуцлуулж, хүү Э.А эхийн асрамжид үлдээж, хүүдээ тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Тусдаа амьдраад олон жил болсон... гэв.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.С хариуцагч Д.Э нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Э.А төрсөн болох нь;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “ Монгол улсын иргэн, Б овогт Д.Э Монгол улсын иргэн Б овогт Б.С нарын 2009 оны 10 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 367-рт 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн  бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/005357 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “Б овогт Д.Э Б овогт Б.С нарын гэр бүлд 2010 оны 02 дугаар сарын 11-нд төрүүлсэн хүү Э.А 2010 оны 02 дугаар сарын 11-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 106-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/005395 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ...”  гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.С нь шаардах эрхтэй байна.

         Хэрэгт Д.Э, Б.С нарын гэр бүлийг цуцлах ноцтой шалтгаантай талаархи баримт авагдаагүй хэдий ч Д.Э, Б.С нар нь 9 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, түүнчлэн нэхэмжлэгч Б.С нь өөр хүнтэй гэр бүл зохиож хүүхэд төрүүлэн амьдарч байгаа зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

         Иймд  Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч Д.Э нь хүү Э.А эх Б.С  асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хүү Э.А эх Б.С асрамжинд үлдээж,

 

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ... 26.2.2-т Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж,

       Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан байх тул эцэг Д.Э хуульд заасан хэмжээгээр хүү Э.А сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж тус тус шийдвэрлэв.

 

          Хэрэгт хүү Э.А нь эрүүл бойжиж байгаа болон эх Б.С  асрамжинд байгаа талаар: Завхан аймгийн Рашаант өрхийн эрүүл мэндийн төвийн Хүний их эмч З.Ц “ Э овогтой А нь 2010 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн, жин 3.200 грамм, өндөр 53см, ванцинд хамрагдсан, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. “ гэх Эмчийн тодорхойлолт,

 Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Б.Д “ Э овогтой А нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори 1 дүгээр сургуулийн Б.Н багштай 4д ангид суралцдаг нь үнэн болно.”  гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

  

           Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.С төлсөн 104.414  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Д.Э Б овогт Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 11-нд төрүүлсэн хүү Б овогт Э.А эх Б овогт Б.С асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 11-нд төрүүлсэн хүү Б овогт Э. А 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Д.Э ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С    олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Б даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн        119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш                              14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА