| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 188/2020/0091/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 428
2020 4 7 2020/ДШМ/428
Б.Ө-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ө-т холбогдох эрүүгийн 1908044661849 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Өвгөн овгийн Б.Ө, 19....... оны 5 дугаар сарын 5-ны өдөр ............ суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, .............., жолооч мэргэжилтэй, ................ХХК-д жолооч ажилтай, ам бүл ............ хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Б.Ө- нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны орчимд өөрийн эзэмшлийн 69-45 УББ улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн машинд иргэн О.Б-д пиво өгч, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө-ыг хохирогчийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota3 загварын “Corolla Fielder” маркийн 6945 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн “Toyota” загварын “Corolla Fielder” маркийн 6945 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ө- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би бага насны 2 хүүхэдтэй. Хэрэг болсны дараа эхнэр Б.Хэрлэнцэцэг нь жирэмсэн болсон бөгөөд одоо 5 сартай, ажилгүй. Манай хашаанд хадам эх Оюунцэцэг тэтгэвэрт, охин Бадамцэцэг нь өрх толгойлсон эмэгтэй, бага насны 2 хүүхэдтэй цуг амьдардаг. Энэ 2 өрхийн дунд би ганцаараа ажил хийдэг байсан. Намайг хоригдсоноос хойш манай 2 гэрийн амьдрал их доройтсон бөгөөд банк болон банк бусын 2 зээлтэй үлдсэн. Ар гэрийн байдлыг харгалзаж үзэн хорихоос бусад ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргахгүй. Б.Ө-ын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т зааснаар “... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” зэрэг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Б.Ө- нь ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Хэрлэнэцэцэг нь 6 сартай жирэмсэн. Шүүгдэгч нь гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Б.Ө- нь “Автобус нэгдэл” ХХК-д том оврын жолоочоор ажилладаг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2002 оны Эрүүгийн хуулиас гол ялгагдах онцлог нь гэмт хэрэгт оногдуулах ялын 60-70 хувь нь хорихоос өөр төрлийн ял байхаар хуульчилж өгснөөрөө онцлог бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан дэлхийн жишиг Эрүүгийн хуульд болон бусад хөгжингүй улс орны Эрүүгийн хуульд нийцсэн болно. Дэлхий нийтийн түвшинд ял бол албадлагын арга хэмжээ мөн гэх ойлголтоос салж хорих ялыг хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, түүнд боломж олгоход чиглэгдэх болсон.
Энэ утгаараа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийн зорилго нь “... гэмт хэрэг үйлдсэн хүн... цээрлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж хуульчилж өгсөн байдаг.
Б.Ө- нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүний ар гэрийн нөхцөл байдал, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь жирэмсэн, гэрээсээ ганцаараа ажил хийдэг, түүний хувийн байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.Ө- нь О.Б-д согтууруулах ундаа авч өгч, согтуурсан байх үед нь ууланд аваачиж өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор хүчиндсэн болох нь тогтоогдсон. Хохирогч тухайн үед 18 настай байсан. Аавтайгаа маргасан байсан учраас гэрээсээ гарахдаа гар утас, түрийвч зэргээ орхиод гарчихсан, сэтгэл санаа нь таагүй байх үедээ Б.Ө-ын автобусанд явж байгаад гэртээ хүргүүлэх үедээ хүчиндүүлсэн. Б.Ө- нь гэм буруу дээрээ маргахгүй, гэмшиж байна гэж ярьдаг боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон давж заалдах гомдолдоо хохирогчийг буруутгасан тайлбар хэлдэг. Тэгэхээр Б.Ө-ыг гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Мөн хохирогчийг бэлгийн харьцаанд орж үзээгүй байхад нь бэлгийн халдашгүй байдалд нь халдчихсан. Ингэхдээ өөрийнхөө тээврийн хэрэгслийг ашигласан. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилгүй. Шийтгэх тогтоолд прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг улсын орлого болгоно гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө байх юм бол улсын орлого болгохоор заасан. Энэхүү гэмт хэрэг ямар нэгэн орон байранд гараагүй, шүүгдэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд гарсан тул улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохгүйгээр шийтгэх тогтоол гарчихаар дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маргаан үүсгээд байгаа юм. Бидэнд танай битүүмжилсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа тул үүнийгээ цуцалж өг гэх албан бичиг ирээд байдаг юм. Иймээс анхан шатны шүүх битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Ө- нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны орчим өөрийн эзэмшлийн 69-45 УББ улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашинд хохирогч О.Б-д пиво өгч уулган, улмаар түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн болох нь:
хохирогч О.Б-гийн “... 18 нас хүрчихсэн тэй гэж хэлэхээр нь би хүрсэн гэж хэлсэн. Тэгээд тэр хавьд дэлгүүрт зогсоод 1 эсса пиво, нөгөө пиво нь нийслэл гэсэн нэртэй пиво барьж гарч ирээд энэ эсса пиво нь жимстэй яг ундаа шиг гэж надад хэлсэн. ...Тэр үед би пивоны бараг талдаа орж байсан ба согтох нь байна гэж хэлтэл зүгээрээ ганц пиво яах ч үгүй ээ гэж надад хэлсэн. ...Надад нэг мэдэхэд аймаар өвдөлт мэдрэгдээд байсан ба сэрээд хартал тэр ах миний дээр гарчихсан хөдөлж байсан. Мөн би ямарч хувцасгүй шалдан байсан. ...босох гэтэл улам дээрээс дараад хэвтээд байсан. ...бие засах гэтэл миний 2 хөл өвчин орчихсон, мөн шээхэд өвдөөд байсан. ...” /хх-15/,
“... Ө- ахтай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. ...намайг согтоод унтсан хойгуур надад хэлэлгүйгээр миний хувцсыг тайлж надтай бэлгийн харьцаанд орсон юм. ...” /хх-18/,
гэрч Б.Хэрлэнцэцэгийн “... би шалгаасаар байгаад асуутал нэг охинтой уулзаад цуг пиво уусан, тэгээд тэр охин өөрөө машинаас буух дургүй байсан, гэртээ харьмааргүй байна гээд байсан гэж надад хэлсэн. ... чи тэр охиныг хүчиндсэн юм уу гэж асуухад, би ерөөсөө хүч хэрэглээгүй, өөрөө ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэж хэлсэн. ...” /хх-25/,
гэрч С.Тунгалагийн “... 8 дугаар сарын 22-ны өдөр байж байтал Бат-Өлзийгийн эхнэр над руу яриад ажлынх нь хүн оролдсон юм шиг байна, тэгээд айгаад гэртээ очиж чадаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сандраад шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /хх-30/,
гэрч Ш.Бат-Өлзийгийн “... нэг мэдэхэд пиво уугаад унтчихсан байсан гэж хэлсэн. Нэг сэрээд хартал, Ө- Бадамсүрэнгийн хамаг хувцсыг нь тайлчихсан дээр нь гарчихсан хөдөлж байсан гэсэн. Тэгтэл Бадамсүрэн ахаа болиоч ээ гэж Ө-т хэлтэл, зүгээр зүгээр гэж хэлээд дайраад байсан. Намайг хүчиндсэн гэж Бадамсүрэн надад хэлсэн. ...” /хх-32/,
шүүгдэгч Б.Ө-ын “... би хувцаснуудыг нь тайлаад хойд талын суудал дээр хэвтүүлээд түүнтэй бэлгийн харьцаанд орж эхэлсэн. ...” /хх-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 10206 дугаартай “... О.Б-гийн үтрээний арчдас наалдцанд эр бэлгийн эс илэрсэн. ...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5417 дугаартай “... О.Б-гийн үтрээнээс авсан гэх №5547 дугаартай арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Б.Ө-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-43/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ө-ыг “хохирогчийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн орсон” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Ө-ын “...хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.”, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “... Б.Ө-ын гэм буруу дээр маргаагүй, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү....” гэсэн гомдлуудыг хүлээж авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх эрхийг шүүхэд олгосон заалт байна.
Анхан шатны шүүх Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа уг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн Toyota загварын Corolla Fielder маркийн 6945 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, ...” гэснийг “Хэрэгт прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл битүүмжлэлийг хэвээр үлдээж, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ