| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0694/3 |
| Дугаар | 221/МА2026/0188 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0188
“Т б” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа
Гомдол гаргагч: “Т б” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.А, Б.Э нар,
Гомдлын шаардлага: “Санхүүгийн Зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.Аын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №013503* дугаар шийтгэлийн хуудсыг болон Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Эын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0928 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 128/2025/0694/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т б” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.А, Б.Э нарт тус тус холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.Аын оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №013503* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Эын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №85 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0928 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т б ХХК-ийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн Зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.Аын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №013503* дугаар шийтгэлийн хуудсыг болон Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Эын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно", 80.4- т "Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ", 80.4.1-д "бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан", 80.4.2-т "бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн", 80.4.3-т "тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлсэн" гэж заасан байна" гээд "Гомдол гаргагч нь дээрх хуулийн зохицуулалтуудад заасан зөрчлийн шинжийг агуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна" гэж дүгнэжээ.
3.2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т "Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ" гэж, 36.4-т "Брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг.
3.3. "Т б" ХХК (цаашид "ҮЦК" гэх) нь пүүл опцион арилжаатай холбоотой иргэдэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр арга хэмжээ зохион байгуулж, тус арилжаанд оролцох харилцагчидтай “Хувьцааны опцион зуулчлалын гэрээ"-г байгуулан фэйсбүүк дэх "Top traders" гэх хаалттай группэд оруулсан байдаг. ҮЦК нь тус байгуулсан гэрээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөгүй бөгөөд "Т t" группдээ гадаад улсын үнэт цаасны ханшийн мэдээлэл, пүүл опцион арилжааны талаарх үнийн дүнг мэдээлдэг байсан. ҮЦК нь 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаагийн пүүл опцион арилжаа тус тус явуулсан.
Пүүл опцион арилжаа нь хэд хэдэн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцалж пүүл үүсгэн, харилцагчдад ашигтай байх талаар санал болгож захиалга аван арилжаанд оролцуулдаг ба арилжаанд оролцох захиалгыг бүртгэлтэй утасны дугаар, цахим хаяг, захиалгын хуудсаар авдаг ч арилжаанаас гарах захиалгыг тухайн пүүлд оролцсон харилцагчдын арилжаанд оруулсан үнийн дүнгийн 50 хувиас их гарах санал авсан тохиолдолд харилцагчийг арилжаанаас гаргадаг байсан.
3.4. Дээрх үйлдэл нь харилцагчтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй буюу “Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-ний 5.1.3-т “Өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжих, захиран зарцуулах” гэх зуучлуулагчийн эрхийг зөрчиж, мөн гэрээний 3.1.1-т "Зуучлуулагч нь ҮЦК-аар зуучлуулан худалдан авах опционы захиалгыг нь энэхүү гэрээний хавсралт 1-д байх "Опцион авах захиалга”-ын хуудсыг бөглөж ҮЦК-ийн баталгаат и-мэйл хаягнаас илгээх, эсвэл өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулна." гэж заасны дагуу харилцагчдаас захиалгын хуудас бөглүүлж захиалгыг авдаггүй нь харилцагчийн эрхийг бүрэн хангаагүй, ҮЦК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3.5. Харилцагчид бие дааж үнэт цаасаа сонгох, үнэт цаасыг багцлах хэлбэрээр худалдан авах захиалга өгөх боломжгүй буюу тус ҮЦК нь өөрсдийн багцалсан опционыг санал болгосон. Мөн тус ҮЦК нь "Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах" энгийн зөвшөөрөлтэй үйл ажиллагааны хүрээнд гадаадын брокерийн компани дээр нээсэн өөрсдийн үндсэн дансаар багцалсан опцион арилжааг хийсэн бөгөөд харилцагч тус бүрд гадаадын брокерийн компани дээр дэд данс нээж өгөөгүй, харилцагч өөрийн нэр дээр үнэт цаас эзэмшдэг эсэхийг нотлох боломжгүй.
3.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдоно", 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж тус тус заасан байна гээд "Тодруулбал, гомдол гаргагч нь "үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан" гэсэн зөрчлийн шинжийг хангасан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. ...Аливаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг /зөрчлийн бүрэлдэхүүний шинж/ бүрэн хангасан нөхцөлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах учиртай. Зөрчлийн бүрэлдэхүүний субьектив талын шинж буюу өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор санаатайгаар хууран мэхэлж төөрөгдүүлсэн, урвуулан ашигласан шинжүүд тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.7. Учир нь тус ҮЦК-аас ирүүлсэн пүүл опцион арилжаанд оролцсон харилцагчдын дэлгэрэнгүй мэдээлэл, опцион пүүл арилжааны задаргаа тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хоорондох хугацааны Ѕ C M H l компанийн арилжааны хуулгыг тус тус шалгахад дараах байдалтай байсан. Үүнд:
1/ Pool option 1-д нийт 81,928.00 ам.доллароор оролцсон байх бөгөөд 57 харилцагч 79,000.00 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 96.43 хувиар, тус ҮЦК нь 2,928.00 ам доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 3.71 хувиар оролцсон.
2/ Pool option 2-д нийт 36,000 ам. доллароор оролцсон байх бөгөөд 41 харилцагч 36,000 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 100 хувиар оролцсон бол тус ҮЦК нь оролцоогүй.
3/ Pool option 3-д 54,413.20 ам.доллароор оролцсон байх бөгөөд 67 харилцагч 53,210.69 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 97.79 хувиар, тус ҮЦК нь 1,202.51 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 2.21 хувиар оролцсон.
4/ Pool option 4-д 8,461.24 ам.доллароор оролцсон байх бөгөөд 16 харилцагч 7,999.88 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 94.55 хувиар, тус ҮЦК нь 461.36 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 5.45 хувиар оролцсон.
5/ Pool option 5-д 4,549.24 ам.доллароор оролцсон байх бөгөөд 8 харилцагч 4,020.86 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 88.39 хувиар, тус ҮЦК нь 528.38 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 11.61 хувиар оролцсон.
6/ Pool option 6-д 3,359.60 ам.доллароор оролцсон байх бөгөөд 67 харилцагч 3,250:00 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 96.74 хувиар, тус ҮЦК нь 109.60 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 3.26 хувиар оролцсон.
Нийт 6 удаагийн пүүл опцион арилжаанд давхардсан тоогоор нийт 103 харилцагч 183,481.43 ам доллар буюу 97.23 хувиар, тус ҮЦК нь 5,229.85 ам.доллар буюу 2.77 хувиар тус тус оролцсон байна.
3.8. Дээрх арилжаануудаас үзэхэд тус ҮЦК нь хамгийн багадаа арилжааны дүнгийн 2.21 хувиар, хамгийн ихдээ арилжааны дүнгийн 11.61 хувиар оролцсон байх бөгөөд харилцагчдад өгдөг байсан мэдээлэл худал болох нь үүгээр нотлогдож байна. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар ТВС o i (pool -1,2) гэх тус ҮЦК-ийн харилцагчдад өгсөн танилцуулгад "...Pool-д оролцох нэгж эрх 500$ ба хэдэн ч эрхээр оролцож болно; Pool бүрдүүлэхэд ТБК өөрийн хөрөнгөөр оролцоно; Зарах үед оролцсон хүмүүсээс санал авч 50%-аас дээш зарах санал өгөх үед зарна; Хариу өгөөгүй тохиолдолд олонхын саналыг дэмжсэнд тооцно; ТБКапиталын санал 20%-аар тооцогдоно" гэж мэдээлэл өгсөн байх бөгөөд тус ҮЦК нь Pool option 1-д 2,928 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 3.71 хувиар, Pool option 2-д оролцоогүй буюу арилжаанд оролцсон харилцагчдадаа арилжааны дүнгийн 20%-аар оролцох ойлголт төрүүлж, нийт арилжааны дүнгийн 20%-ийн эрсдэл хүлээх, санал өгөх эрхтэй мэтээр харилцагчдыг төөрөгдүүлсэн.
TBC o i (pool-4) 2023/06/19 гэх тус ҮЦК-ийн харилцагчдад өгсөн танилцуулгад "Пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан шийдвэр гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүйг анхаарна уу" гэж мэдээлэл өгсөн байх бөгөөд энэ нь харилцагчдын чөлөөтэй арилжих, захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдэл юм.
3.9. Мөн ТBC o i (pool-5) 2024/02/19, TBC o i (pool-6) 2024/02/21 гэх тус ҮЦК-ийн харилцагчдад өгсөн танилцуулгад "... Pool-д оролцох нэгж эрх 500$ ба дээд тал нь 4 эрхээр оролцож болно; Pool бүрдүүлэхэд ТБК өөрийн хөрөнгөөр оролцоно; Зарах үед оролцсон хүмүүсээс санал авч 50%-с дээш зарах санал өгөх үед зарна; Хариу өгөөгүй тохиолдолд олонхийн саналыг дэмжсэнд тооцно; ТБКапиталын санал 20%-аар тооцогдоно" гэж мэдээлэл өгсөн байх бөгөөд тус ҮЦК нь Pool option 5-д 528.37 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 11.61 хувиар, Pool option 6-д 109.60 ам.доллар буюу арилжааны нийт үнийн дүнгийн 3.26 хувиар оролцсон буюу арилжаанд оролцсон харилцагчдадаа арилжааны дүнгийн 20%-аар оролцох ойлголт төрүүлж, нийт арилжааны дүнгийн 20%-ийн эрсдэл хүлээх, санал өгөх эрхтэй мэтээр харилцагчдыг төөрөгдүүлсэн.
3.10. Тус ҮЦК-аас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хоорондох хугацааны Ѕ C M HK limited компанийн арилжааны хуулгыг пүүл опцион арилжаанд оролцсон харилцагчдын дэлгэрэнгүй мэдээлэл болон "T t" группэд оруулсан арилжааны мэдээлэлтэй тулгахад дараах байдалтай байсан. Үүнд:
1/ "Top traders" группт "А Б" гэх фэйсбүүк хаягтай тус ҮЦК-ийн брокер 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Сайн байна уу? Pool-д багтсан хувьцаа болон индексийн strike price болон breakeven price-ийг оруулж байна" гэж өгсөн мэдээлэлд байгаа ханшийн дүн нь Saxo C M HK l компанийн арилжааны хуулгатай таарахгүй буюу зөрүүтэй.
2/ "Top traders" группт "А Б" гэх фэйсбүүк хаягтай тус ҮЦК-ийн брокер 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Сайн байна уу? Баасан гарагт хувьцаа худалдаж авсан pool-д багтсан хувьцаа болон индексийн strike price болон breakeven price-ийг оруулж байна" гэж өгсөн мэдээлэлд байгаа ханшийн дүн нь S C M HK limited компанийн арилжааны хуулгатай таарахгүй буюу зөрүүтэй.
3/ "T t" группт "А Б" гэх фэйсбүүк хаягтай тус ҮЦК-ийн брокер нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Сайн байна уу? Pool-1 (2022.02.01) болон Pool-2 (2022.02.10) багцын мэдээллийг хүргэж байна..." гэх пүүл опцион арилжааны мэдээлэлд Pool option 1-н опцион худалдан авсан дүн 82,093 ам.доллар, Pool option 2-н опцион худалдан авсан дүн 35,718 ам.доллар гэж харилцагчдад танилцуулсан. Гэтэл S C M HK l компанийн арилжааны хуулгад Pool option 1-н опцион худалдан авсан үнийн дүн 74,752.96 ам. доллар, Pool option 2-н опцион худалдан авсан үнийн дүн 32,528.64 ам. доллар байсан.
4/ “T t" группт "А Б" гэх фэйсбүүк хаягтай тус ҮЦК-ийн брокер нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "Сайн байна уу? "POOL-3" опцион арилжааны мэдээлэл хүргэж байна" гэх пүүл опцион арилжааны мэдээлэлд Pool option 3-н опцион худалдан авсан дүн 49,749.7 ам.доллар, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн пүүл опцион арилжааны мэдээлэлд Pool option 3-н опцион худалдан авсан дүн 54,501.7 ам.доллар гэж харилцагчдад танилцуулсан. S C M HK l компанийн арилжааны хуулгад Pool option 3-н опцион худалдан авсан үнийн дүн 49,623.09 ам. доллар байна.
5. S C M HK l компанийн арилжааны хуулгад Pool option 4-1 опцион худалдан авсан үнийн дүн 7.739.20 ам. доллар байсан.
3.11. Мөн тус ҮЦК нь пүүл опционд оролцсон харилцагчидтай пүүл опцион арилжаанд зуучлах тухайлсан гэрээ байгуулаагүй, харилцагчдын өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжих, захиран зарцуулах эрхээр нь бүрэн хангаагүй, арилжаанаас гарах нөхцөл нь тодорхойгүй, харилцагчдаа мэдээллээр бүрэн хангадаггүй, харилцагчдад худал мэдээлэл өгсөн зэрэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ", 80.4.2-т "бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн" гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм. Иймд "Т б" нь зөрчил үйлдсэн нь өмнө дурдсанчлан тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний хүрээнд хохирсон харилцагчдын хохирлыг барагдуулахаар улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн болно.
3.12. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0928 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Гомдол гаргагч “Т б” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.А, Б.Э нарт тус тус холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч М.Аын оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №013503* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Эын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №85 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анх Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч М.А нь “...Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №001408* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Т б” ХХК-ийг “…Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр “…Хяналт шалгалтын газрын Улсын байцаагч М.Аын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0014082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0112 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “…хариуцагч улсын байцаагч нь зөрчил тогтоохдоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаарх дүгнэлт өгөөгүй” гэж үзэн ...“Т б” ХХК-ийн холбогдох зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг болон хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гартал Улсын байцаагч М.Аын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №001408* дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн,
Дээрх магадлалыг эс зөвшөөрч хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь шүүх хэргийн нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэсний үндсэн дээр маргаж буй актыг хүчингүй болгохын оронд нөхцөл байдлыг тодруулах үүргийг тухайн актыг гаргасан хариуцагчид өгч буй түр зохицуулалт юм. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч дахин шинэ акт гаргахдаа улсын байцаагч М.Аын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №001408* дугаар шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг “Т б” ХХК зөрчсөн эсэхийг дахин тодруулах үүргийг хүлээнэ.
6. Гэтэл хариуцагч улсын байцаагч М.А нь дахин гаргасан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №013503* дугаартай шийтгэлийн хуудсаар “Т б” ХХК-ийг ...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгож,
Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Эын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай албан шаардлагаар “Т б” ХХК-ийг “...пүүл опцион арилжаанд оролцсон харилцагчдаас хохирогчоор тогтоогдсон 11 харилцагчийн хохирлыг барагдуулж, хохирлыг нөхөн төлсөн талаарх холбогдох нотлох баримтыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор, цаашид харилцагчдаас хохирлоо барагдуулах талаар гомдол гаргасан харилцагчийн хохирлыг тухай бүр барагдуулж, хохирлыг нөхөн төлсөн талаарх холбогдох нотлох баримтыг тухай бүр тус Хороонд ирүүлэх”-ийг даалгаж шийдвэрлэсэн байна.
7. Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т “үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно”, 80.4-т “Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ” гээд, 80.4.1-д “бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан”, 80.4.2-т “бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн”, 80.4.3-д “тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлсэн” гэж тус тус заажээ.
8. Хариуцагчаас “Т б” ХХК-ийг “...харилцагчтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй буюу Хувьцааны опцион зуучлалын гэрээ-ний 5.1.3-т Өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжих, захиран зарцуулах гэх зуучлуулагчийн эрхийг зөрчиж, мөн гэрээний 3.1.1-т Зуучлуулагч нь ҮЦК-аар зуучлуулан худалдан авах опционы захиалгыг нь энэхүү гэрээний хавсралт 1-д байх Опцион авах захиалгын хуудсыг бөглөж компанийн баталгаат и-мэйл хаягаас илгээх, эсвэл өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулна" гэж заасны дагуу харилцагчдаас захиалгын хуудас бөглүүлж захиалгыг авдаггүй нь харилцагчийн эрхийг бүрэн хангаагүй, ҮЦК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ...T t гэх хаалттай группэд пүүл опцион арилжааны талаар хийсэн танилцуулгадаа “пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан шийдвэр гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүйг анхаарна уу" гэж мэдээлэл өгч бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн буюу пүүл опцион арилжаанаас гарах нөхцөл нь тодорхойгүй, харилцагчдаа мэдээллээр бүрэн хангадаггүй байсан, ...Монгол дахь номинал дансандаа харилцагчдын мөнгийг байршуулж, холбогдох хуульд заасны дагуу ажилласан боловч гадаад улсын үнэт цаасыг худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны хүрээнд гадаадын брокер болох S C HK Ltd-д харилцагчдын мөнгийг нэгтгэн хэд хэдэн гадаад улсын үнэт цаасыг багцлан, пүүл опцион арилжааг өөрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэсэн уг пүүл опцион арилжааг гадаад улсын үнэт цаасыг худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны хүрээнд хийсэн талаар тайлбар өгсөн ч уг үйлдэл нь брокерын үйл ажиллагаатай нийцэхгүй буюу харилцагчдын эрхэд хязгаарлалт тавих, хөрөнгийг багцалж захиран зарцуулах үйлдэл хийсэн...” нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т “үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” зөрчилд хамаарна гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 20.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
9. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч харилцагчийг хууран мэхлэх үйлдэл” гэж томьёолсон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1-80.4 дэх хэсэгт заасныг ойлгоно, 2 дугаар зүйлийн 2.1-т “Үнэт цаасны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах “бусад арга хэлбэр” гэдэгт дараах үйлдлийг ойлгоно” гээд 2.1.1-т “олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон интернет ашиглан олон нийтийг төөрөгдөлд оруулсан, бодит бус, хуурамч мэдээлэл цацах, амлалт өгөх замаар үнэт цаасны үнэ ханш болон эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөхөөр хуурамч мэдээлэл тараах” гэж тус тус заажээ.
10. Хариуцагч нь нийт 102 харилцагчидтай холбогдон мэдээлэл авсан, үүнээс 11 харилцагч гомдолтой гэх мэдүүлэг өгснийг үндэслэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан “T T” фейсбүүк группэд хийгдсэн лайвын танилцуулга зургууд, мөн тухайн харилцагчтай харилцсан зурвасууд зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд эдгээр харилцагчид нь өөрсдийн опцион арилжааны ашиг, алдагдлын мэдээллийг тухай бүр авч байсан гэж үзэхээр байх төдийгүй эдгээр харилцагчид бүгд гэрээгээ албан ёсоор байгуулж, захиалгаа гэрээний дагуу бүртгэлтэй утасны дугаараасаа илгээн арилжаанд оролцсон болох нь харилцагчидтай байгуулсан гэрээ, арилжааны дансны хуулга болон зарах захиалгуудыг ирүүлсэн ба захиалгыг биелүүлсэн талаарх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус хуулийн этгээдийг “...бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн буюу пүүл опцион арилжаанаас гарах нөхцөл нь тодорхойгүй, харилцагчдаа мэдээллээр бүрэн хангадаггүй...” гэж буруутгах үндэслэлгүй байна.
11. Мөн харилцагчийн захиалгын дагуу гүйцэтгэсэн Опцион арилжааны тухайд харилцагчийг үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан байх, бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдол гаргагч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т “үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан...” зөрчил гаргасан гэж шууд буруутгах боломжгүй.
12. Анхан шатны шүүхээс “...гомдол гаргагч “Т б” ХХКийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-т заасан зөрчлийн шинжийг буюу зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, ...зөрчлийн бүрэлдэхүүний субьектив талын шинж буюу өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор санаатайгаар хууран мэхэлж төөрөгдүүлсэн, урвуулан ашигласан шинжүүд тогтоогдохгүй байна. ...бид харилцагчдын худалдан авсан үнэт цаасны ашиг алдагдлын хэмжээг харилцагчид асуух бүрд мэдээлж байсан. Т T группт ашиг ба алдагдлыг тухай бүрд нь нийтлэн давхар мэдээлж ирсэн. ...хохирогч гэх 11 харилцагчид бүгд гэрээгээ албан ёсоор байгуулж, захиалгаа гэрээний дагуу бүртгэлтэй утасны дугаараасаа илгээн арилжаанд оролцсон. Үүгээр зогсохгүй хохирогч гэх 11 харилцагч нь нийт 4 пүүл опцион арилжаанд оролцож, нийт 27 опцион худалдан авснаас 3-г нь зарах захиалга ирүүлсний дагуу манай компани захиалгыг хүлээн авч биелүүлсэн... гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа баримтууд нь хэрэгт авагдсан байх тул гомдол гаргагчийн маргаж байгаа энэ үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй. ... зөрчилд холбогдогч Т б ХХК-ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна...” гэж үзэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
13. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан нөхцөлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах учиртай атал зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд улсын байцаагч М.А нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №013503* дугаартай шийтгэлийн хуудсаар “Т б” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
14. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Э анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үндэслэлээр буюу “...Тус ҮЦК-иас ирүүлсэн 2021.01.01-2024.01.26-ны өдрийн хоорондох хугацааны S C M HK l компанийн арилжааны хуулгыг пүүл опцион арилжаанд оролцсон харилцагчдын дэлгэрэнгүй мэдээлэл болон “T T” группэд оруулсан арилжааны мэдээлэлтэй тулгахад дараахь байдлаар зөрүүтэй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан тухайд:
Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар зөв буруу гэж дүгнэлт хийх боломжгүй боловч гомдол гаргагч “Т б” ХХК-ийн төлөөлөгчийн “... 1, 2 арилжааны хооронд нь яг ижилхэн нэг зүйл байгаа, тэр нь юу вэ гэхээр яг 2 ижилхэн опцион багц буюу дотроо тус бүр 6 хувьцаатай, 6 хувьцаа нь бүгдээрээ ижилхэн. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн арилжааны цаана явагдсан арилжаа нь 6 хувьцаа, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн арилжаанд бас яг адилхан 6 хувьцаа байгаа. Тэгэхээр яг ижилхэн хувьцаануудтай 2 өөр өдөр буюу хоорондоо 10 гаруй өдрийн хоорондоо зайтай арилжаа хийгдсэн байгаа. Гэтэл улсын байцаагчийн хувьд хяналт шалгалт хийхдээ Saxo Capital Markets HK limited компанийн дансны хуулгыг харж тооцооллоо тулгахдаа бид нарын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн арилжааны харилцагчид өгчихсөн мэдээллийн ард талын арилжааг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Saxo Capital Markets HK limited компанийн арилжааны хуулгатай тулгачихсан байгаа юм. Тэгэхээр энэ нь 2 өөр өдөр, хоорондоо 10 хоногийн зөрүүтэй учраас ханш нь зөрөх нь мэдээж ойлгомжтой, зарим нь өсөөд, зарим нь унаад явдаг. Бид яг 2 ижилхэн юм байна тэгэхээр андуурч магадгүй гээд хуулгаа хэвлэж өгөхдөө баруун дээд буланд нь пүүл опцион 1-ийн арилжаа нь энэ, пүүл опцион 2-ын арилжаа нь энэ гээд гараараа бичиж, тодруулагчаар тодруулж өгсөн. Ингээд байхад 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн манай харилцагчид өгсөн мэдээллийг тулгахдаа 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Saxo Capital Markets HK limited компанийн хуулгатай тулгачхаж байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын хооронд 10 хоногийн зөрүү байгаа учраас дэлхийн зах зээл дээр ханш нь өөрөө дээшээ, доошоо хөдлөөд явчихна,
... 2023 оны 02 сарын 27-ны өдрийн багц пүүл опцион 2, пүүл опцион 1-ийн мэдээллийг хүргэж байна гээд, хамгийн сүүлийн хэсэгт нь худалдан авсан үнийн дүн нь 74,772 доллар, пүүл опцион 2-т худалдан авсан үнийн дүн 32,528 доллар байна гэсэн боловч харилцагчдад өгсөн мэдээлэлд пүүл опцион 1 дээр 82,093 доллар, пүүл опцион 2 дээр 35,718 доллар байна гэх гомдлын хувьд үнэт цаасны компанийн бизнесийн моделийн загвар гэж байгаа, харилцагч бол опцион худалдаж авахад нэг үнийн дүн төлнө, нэмэх нь манай компанид шимтгэлийн төлбөр төлнө. Бид харилцагчтай байгуулсан опцион зуучлалын гэрээний 3.1.5-д опцион арилжааны шимтгэл нь премиум үнийн дүнгийн 10 хувь байна гэж заасан байгаа. Тэгэхээр Saxo C M HK l компани дээр авсан арилжааны үнэ дүн бол яг цэвэр дүнгээрээ тэр хүний авч байгаа опционы үнийн дүн. Энэ дээр 10 хувь нэмээд манай шимтгэлд тооцогдоод 2 дүн нийлээд харилцагчдад танилцуулж байгаа фейсбүүк групп дээр тавигдсан тоо болж байгаа юм. Жишээлбэл пүүл опцион 1 дээр 82,093 доллароор харилцагчид арилжаанд орсон гэж мэдээллээ фейсбүүк дээр оруулсан. Тэгэхэд цаана нь Saxo Capital Markets HK limited компани дээр 74,772 доллароор арилжаа хийгдсэн байна. Энэ хоёрыг л зөрүүтэй байна гээд байгаа юм. Гэтэл энэ зөрүү нь хэд вэ гэхээр 7320 доллар буюу 9.79 хувь нөгөө 10 хувь маань явж байгаа юм,
... 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мэдээлэлд пүүл опцион 3-ийн опцион худалдан авсан дүн 49,749 доллар гэж оруулсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дахиад энэ мэдээллээ пүүл опцион 3 гэж оруулахдаа дүн нь өөрчлөгдөөд 54,501 доллар гэж оруулсан, зөрүүтэй мэдээлэл өгсөн гэх тухайд эхний удаад нь бид 49,479 доллар гэдэг нь шимтгэлээ оруулаагүй дүнгээ оруулсныг нь би анзаараад засуулсан. Харилцагчдад дараагийн удаад шимтгэл орсон дүнгээрээ тоогоо тавиарай яагаад гэхээр өмнөх 2 удаагийн пүүл опцион арилжаан дээр бид дандаа оруулсан дүнгээрээ явчихсан учраас ингэж өөр форматаар мэдээлэл өгч болохгүй гээд ажилтандаа хэлээд, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яг шимтгэл орсон дүнгээр нь мэдээллийг харилцагчдад өгсөн, энэ хоёрын хооронд гарч байгаа зөрүү нь 9.8 хувь байгаа. Иймд хуулганууд нь зөрүүтэй, алдаатай байна, дундаас нь мөнгө завшчихсан, луйвардчихсан байна гэдэг утга агуулга бичээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах хуулийн заалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0928 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН