Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г************* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э************ Я.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Манай компани Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн ** дугаар хороо ****** толгой газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл, шаардлагыг ханган 64,1 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авсан. Хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлангаа хугацаанд нь гаргасан.

Манай компанийн 18/**** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул Нийслэлийн байгаль орчны газарт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын зөвшөөрлөө сунгуулахаар хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг даргад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Иймд манай компанийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн байгаль орчны газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс “хариуцагчийг солих тухай” хүсэлтдээ: “Манай компани нь Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган захиргааны хэрэг үүсгэсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн ирүүлсэн тайлбар болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга сунгадаг буюу Нийслэлийн Байгаль орчны газар манай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдсэн. Иймд манай компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдох захиргааны хэргийн хариуцагчийг  Нийслэлийн Засаг даргаар солих хүсэлтэй байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчилсөн.

Г************* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ******* толгой газарт 64.1 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан. Тус компанийн ***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл тус хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 10 өдөр хариуцагчийн хүсэлт хүлээн авсан тухай тэмдэглэл байгаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, мөн 16.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан байна. Гэтэл хариуцагч энэ хуулиудын алийг баримталж шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г************* ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 21 дүгээр албан бичгээр ирүүлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх ёстой байсан.

Баримт бичгийн бүрдэлд Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, үйлчилгээний хөлс төлсөн 1.0 сая төгрөгийн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2020-2021 онд батлуулсан байх ёстой хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөө, хайгуулын ажлын тайлангуудыг ирүүлэх ёстой байсан, ирүүлээгүй байна.  Тухайн аж ахуйн нэгж 2018 онд тусгай зөвшөөрөл авснаасаа хойш 2019 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулж, хайгуулын ажлын тайланг хуулийн хугацаа хоцроож ирүүлэн тайлбар гаргаж байсан. Үүнээс хойш нэг ч төлөвлөгөө, тайлан ирүүлж байгаагүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл юм.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлт өгдөг болон бүрдүүлэх материалын тухай зөвлөгөөг захирал Х.А****** утас /********/ биечлэн өгч, ажилтанд нь Маягт-11-ийг хэвлэж өгч байсан. Мөн албан бичиг ирсний дараа бүрдүүлэх материал дутуу байгааг биечлэн, утсаар хэлж байсан, илгээсэн мессежийг нотлох баримт болгон хавсаргав. Мөн нэхэмжлэлд дурдсан 2 удаагийн албан бичгээр ирүүлсэн баримт бичгийн хуулбарыг бүртгэл хяналтын картын хамт, Маягт-11-г хүргүүлж байна.

Г************* ХХК ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, 25 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байхад тус газраас хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах захирамжийн төсөл боловсруулах боломжгүй юм.

 Иймд уг компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г************* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа талаар мэдээгүй явж байсан. Би хариуцсан мэргэжилтний хувьд “танай компанийн тусгай зөвшөөрлийн  хугацаа дуусаж байна шүү, нэг сарын өмнө сунгуулах ёстой байдаг тул хүсэлтээ өгч сунгуулаарай” гэж Г************* ХХК ХХК-ийн захиралд амаар болон бичгээр хэлж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж өгч байсан. Гэтэл бүрдүүлж ирвэл зохих баримт бичгийн бүрдлийг дутуу ирүүлсэн. Баримт бичгийн бүрдэлд Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан 2021 оны Байгаль хамгаалах төлөвлөгөө , үйлчилгээний хөлс болох төлбөр төлсөн нэг сая төгрөгийг баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх хүчинтэй хугацаанд буюу 2020-2021 онд батлуулсан байх ёстой байсан хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангуудыг ирүүлээгүй байсан. Надад амаар хэлэхдээ байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадахгүй байна гэж удаа дараа тайлбар өгдөг байсан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт”,16.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 16.1.4-т “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заасны дагуу 4 баримтыг бүрдүүлж ирүүлэх ёстой байтал зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг ирүүлсэн. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэрийн төслийг боловсруулах боломжгүй юм. Нэхэмжлэгч хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна гэж байгаа бол манай цахим сайтад ирүүлсэн баримтад үзлэг хийж болно.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Г************* ХХК-ийн гаргасан “2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г************* ХХК нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шандан толгой гэх газарт 64.1 гектар талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон ***** дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг, тусгай зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон, тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 22-нд төлсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зориулалтаар олгогдсон, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага, эрх зүйн байдлыг зохицуулдаг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан заасан, тухайлбал 16.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргахаар, хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж ирүүлэх баримтыг нарийвчлан заажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 21 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Байгаль орчны орчны газарт 8 хуудас баримтаар гаргасан нь тус газрын “ирсэн бичгийн бүртгэл, хяналтын карт”-д бүртгэгдсэн, үүнд 21 тоот албан бичиг 1 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас, тусгай зөвшөөрөл, түүний хавсралт 3 хуудас, 2019 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний нүүр 1 хуудас, 2019 онд хийсэн хайгуулын ажлын тайлангийн нүүр 1 хуудас байх бөгөөд бүртгэл хяналтын картад “холбогдох материалыг Маягт-11-ийн дагуу бүрдүүлэхийг зөвлөсөн” тэмдэглэгээ хийгдсэн.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 27 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гаргасан хугацаа сунгуулах 4 хуудас бүхий хүсэлтийг, үүнд 27 тоот албан бичиг 1 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас, бөглөөгүй буюу ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй “маягт К-11” 1 хуудас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад 10 дугаар сарын 27-нд бүртгэж, Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж, тус газраас мөн өдөр нь “шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлэхийг зөвлөсөн” тэмдэглэгээ хийгджээ.

Эдгээр хүсэлтүүдэд хавсаргасан дээр дурдсан баримтуудаас үзвэл тусгай зөвшөөрөл зэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт”-ыг, 16.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн онд шинэчлэн батлуулсан баримт”-ыг, 16.1.4 “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас өмнөх үе шатны ажил гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-ыг хавсаргаж ирүүлээгүй, хүсэлтээ “Маягт К-11” маягтаар гаргаагүй буюу маягтыг бөглөөгүй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2018 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш жил бүр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх, хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулах, тухайн батлуулсан жилийн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг хүргүүлэх, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах, байгаль орчныг хамгаалахаар хийгдсэн ажлын тайланг хүргүүлэхээр хуулиар тогтоосон, эдгээр баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхээр заасан, өөрөөр хэлбэл 2019, 2020, 2021 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан гаргасан байхаар байна. Гэвч Г*************  ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 18/**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2019 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 20-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар хянуулж, 2019 оны 1 дүгээр сарын 02-нд Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлсэн, 2019 онд хийсэн хайгуулын ажлын тайланг хугацаа хожимдуулан 2020 оны 10 дугаар сарын 04-нд хүргүүлснээс өөрөөр 2020, 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын тайлан хүргүүлээгүйгээс гадна 2019, 2020, 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хянуулаагүй, тайлан хүргүүлээгүй байдаг.   

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хураамжийг 2021 оны 9 дүгээр сарын 07-нд хүсэлт гаргахдаа төлөөгүй байсан байх бөгөөд 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн банкны баримтыг 10 дугаар сарын 27-нд нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргахдаа хавсаргаж өгөөгүй байх тул “хугацаа сунгуулах үйлчилгээний хураамж төлсөн баримт ирүүлээгүй” гэж үзсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. 

Ийнхүү хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан ч түүнд хавсаргах баримтуудыг бүрэн хавсаргаж ирүүлээгүйгээс 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газарт гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 27-нд нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн хүсэлтүүдийн дагуу “хугацаа сунгах асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад танилцуулах, шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх боломж үүсээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна. Нийслэлийн байгаль орчны газрын холбогдох мэргэжилтэн Г************* ХХК-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулах” талаар зөвлөж байжээ.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргах ёстой хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэхэд шалгуур болох баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайланг хянуулж баталгаажуулаагүй, хүргүүлээгүй буюу хуулиар тогтоосон шалгуур, нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр баримт бичгийн бүрдлийг хангаагүй материалыг тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргад танилцуулаагүй байгаль орчны асуудал хариуцсан агентлагийг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г************* ХХК-иас гаргасан “2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА