Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 01025

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяө даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Б овогт Х.М  нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ш овогт  Г Атарсайхан холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2020/00866/и индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нэхэмжлэгч Х.М, Г.А нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.М нь  Г.А 2010 онд танилцан 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. Энэ үеэс эхлэн хамт амьдарч байсан бөгөөд хамтын амьдралын явцад  охин А.Н 2011 оны 6 дугар сарын 10-ны өдөр төрсөн.  Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж хэрэлдэж, маргалдах болсон. Улмаар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэрэлдэж, маргалдан Г.А нь гэрээсээ хөөж, хамт амьдрах хүсэлгүй байгаагаа  хэлсэн. Ингээд  Х.М миний бие 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гэртээ очсон. Үүнээс хойш бид тус тусынхаа гэрт амьдарч байна. Бидний энэ байдал нь  хүүхдийн эрх ашиг, хүмүүэилд муугаар нөлөөлөх болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүүхдээ өөрийнхээ асрамжид авч, эцгээс нь  тэтгэмж нэхэхгүй. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Иймд 2011 оны 0136332 дугаартай  гэрлэлтийн гэрчилгээ бүхийн бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Атарсайхан бид хоёр 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тусдаа гараад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н гэдэг охинтой болсон. Үүнээс хойш 8 жил хамт амьдраад 2019 оны 7 дугаар сард би хадам аавтайгаа хэрүүл маргаан хийж хөөгдсөн. Энэ нэг удаа болж байгаа асуудал биш өмнө нь бас хэрүүл хийж намайг хөөдөг байсан. Энэ удаад хөөгдөөд үнэхээр тэвчээгүй учраас би гэртээ харьсан. Хөөгдөж байхдаа нөхөр рүүгээ харахад надад “чи энд ингэж хэрүүл тэмцэл хийж намайг, өөрийгөө, үр хүүхдээ зовоож байхаар гэртээ харь” гэж хэлсэн. Намайг гэрт маань хүргэж өгсөн. Түүнээс хойш би түргэн зан гаргаад гэрээсээ явсан юм болов уу гэж бодоод бас энэ хүнийг жаахан хүлээсэн. Нэг биш 2, 3 удаа энэ хүнд буцаж эвлэрье, үр хүүхдээ бодъё, би буцаад гэртээ очих уу гэж хэлсэн боловч эхлээд юу ч хэлдэггүй байсан. Сүүлд “чи ирээд яах юм бэ аавтай таарахгүй юм байна лээ, хүүхдэд ч хэцүү байгаа учраас хамт амьдрахаа болъё” гэсэн. Түүнээс хойш энэ хүнд буцаж эвлэрье гэж огт хэлээгүй. Энэ оны 4 дүгээр сарын сүүлээр салъя, гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлээд, шүүхэд ирсэн.  ... Бид хоёрын үзэл бодол таарахгүй байгаа болохоор салахаар шийдсэн. Одоогийн байдлаар бид хоёр тусдаа амьдраад  нэг жил болж байна. Өнгөрсөн 9 дүгээр сар, 10 дугаар сард энэ хүнийг харсан. Би энэ хугацаанд буцаад эвлэрье гэж хэлсэн боловч Г.А өөрөө эвлэрэхгүй гэсэн. Бид хоёрын хэрүүл хийгээд байдаг шалтгаан нь энгийн юм шиг хэрнээ энэ хүн үнэхээр ааш авир муутай байдаг болохоор тэсэхэд хэцүү байдаг. Надад огт гарч хүрч байгаагүй. Байнга өөрийнхөөрөө зүтгэдэг ...  гэв.

 Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.А би Х.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Г.Атарсайхан нь Х.Мөнхдөлтэй 2010 онд танилцан үерхэж байгаад 2011 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж улмаар бидний дундаас 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин А.Н нд төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа  үзэл бодол таарч тохирохоо байж цаашид амьдрал боломжгүй болсон.

Иймд Г.А би Х.М гэрлэлт цуцлуулж, охин А.Н асрамжидаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн  болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэн хэлэлцэх санал байхгүй. Бид хоёр хоорондоо таарч тохирохгүй, хамт амьдрахад хэцүү болсон. Зүгээр юм ярьж байгаад хэрүүл хийгээд хэрэлдэж эхэлдэг. Бид хоёр хамт байхаасаа байхгүй нь их байдаг. Тус тусынхаа ажлыг хөөгөөд явчихдаг. Өвөл нэг сар хамт байвал байна, байхгүй бол тэгээд байхгүй ш дээ. Би гэртээ байхгүй нь их, хөдөө гадаа хаашаа л бол хаашаа хаа сайгүй л газар тариалангийн ажлаар явчихдаг. Бид хоёр 8 жил болоход нэг гэрт хамт байсан нь ховор л доо. Танилцаж байх үедээ хэн хэн нь ажилгүй завтай байсан. Бид хоёр хамт байвал цаашдаа ч гэсэн ийм л байх биз дээ гэж бодож байна. Ер нь бид хоёр одоо дахиад суусан ч хэрүүлтэй байна. Одоо салах дээрээ тулчихсан юм чинь салсан нь дээр байх гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Г.А холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.М, хариуцагч  Г.А нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин А.Н төрсөн болох нь:

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн,  Ш овогт Г.А Монгол улсын иргэн 1990 оны 8 дугаар сарын 01-нд төрсөн, Б овогт Х.М нар 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 17-рт бүртгэж олгосон №0136332/17 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

         Ш овогт Г.А  Б овогт Х.М нарын гэр бүлд 2011 оны 6 дугаар сарын 10-нд төрүүлсэн охин Ш овогт А.Н 2011 оны 6 дугаар сарын 21-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон 00005547789/64 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэгч, эмчлэгч эмч Б.Ц 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн иргэн  А овогтой Н хүйс-эм, нас-9, ам бүл -3, Бумбат-д оршин суудаг нь үнэн болно. А.Н нь эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид тусдаа амьдарч эхлэсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”  гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.

Иймд Х.М, Г.А нарын гэрлэлтийг цуцлаж, охин А.Н эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Нэхэмжлэгч Х.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд 70.200  төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг  хариуцагч Г.А гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнхдөлд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш овогт Г.А, Б овогт Х.М  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 16-нд төрүүлсэн охин 2011 оны 6 дугаар сарын 10-нд төрүүлсэн охин Ш овогт А.Н эх Б овогт  Х.М  асрамжинд үлдээсүгэй.

3.  Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу / төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  хариуцагч Г.Ас гаргуулж нэхэмжлэгч Х.М  олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Атарсайханд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Мөнхдөл нарт тус тус даалгасугай

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА