Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/982

 

 

 

 

 

  2023         09          29                                   2023/ШЦТ/982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “В” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурор/

Шүүгдэгч Д.П /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон Эрүүгийн 2303005010414 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Д.П

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 10 минутын орчимд Сүхбаатар 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар замд “Nissan Serena” маркийн 43-19 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан скутертэй зорчигч Э.А-ыг /эрэгтэй, 17 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас, /хх-ийн 3 дугаар хуудас/, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Э.А-ын мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/, хууль ёсны төлөөлөгч Ц.Солонгын мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, /хх-ийн 26 хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9315 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас ирүүлсэн гэрлэн дохионы горим, /хх-ийн 83-84 хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 945 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”, /хх-ийн 45 дугаар хуудас/, Nissan Serena” маркийн 43-19 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Солонго нь“...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид энэ гэмтэлтэй холбоотой эрүүл мэндэд нь асуудал гарвал иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх тайлбар гаргасан нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1.000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овогт Д.П-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.П-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН