Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/162

 

 

 

 

 

    

 

  2023        07          18                                             2023/ШЦТ/162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0154/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х-т холбогдох эрүүгийн 2339000000159 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хогийн толгойн ард" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "эрээн нүүртэй, хар зүсмийн" 6 настай 1 тооны сувай үнээг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг "Зуслангийн толгойн үзүүр" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "хар алаг зүсмийн" шүдлэн насны 1 тооны үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хув худаг" гэх газраас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "манхин халзан, хар алаг зүсмийн" 5 настай 1 тооны сувай үнээг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хар чулуут" гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч Х.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс "мухар ухаа зүсмийн 5 настай" эр үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Овоот" гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "улаан халзан зүсмийн" хөх соёо насны 1 тооны эр үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1.500.000 төгрөг, нийт 7,000,000 сая төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Х-ыг  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000159 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Б-ын (1-р хх-ийн 8-9, 56-57, 102-103, 200-201-р хуудас) хохирогч Х.Т-ын (1-р хх-ийн 150-151-р хуудас), гэрч Б.Сайнжаргалын (1-р хх-ийн 14, 62, 106, 157, 224-225-р хуудас), гэрч Ц.Гансүхийн (1-р хх-ийн 16-17, 64-65, 108-109, 159-160-р хуудас), гэрч Э.Ганцэцэгийн (1-р хх-ийн 18-20, 162-163-р хуудас), гэрч М.Орхонтуулын(1-р хх-ийн 68-р хуудас), гэрч М.Даваасүрэнгийн (1-р хх-ийн 153-154-р хуудас), гэрч Б.Нямдаваагийн (1-р хх-ийн 165-166-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-74 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 28-30-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-72 дугаартай “...1 тооны үхрийг 1.000.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 75-77-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-71 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( хх-ийн 1-р 114-116-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-70 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 172-174-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-73 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 230-232-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №2023/ШД-112 дугаартай “...1 тооны адууг 800.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 2-р хх-ийн 14-17-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 119-121, 215-217-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 202-207-р хуудас),

Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 208-213-р хуудас),

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (2-р хх-ийн 10-11, 18-19-р хуудас),

Хохирогч М.Б-ын Хаан банкны 5940023465 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 46, 47-р хуудас),

Хохирогч Ж.Т-ын   Хаан банкны 5940011574 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 48-р хуудас),

Хохирогч Х.Т, М.Б нар хохирол төлбөрөө авсан шүүгдэгчид гомдол, саналгүй тухай хүсэлтүүд,

Шүүгдэгч Ж.Х-ын хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай албан тоот, хүүхдүүдийн төрсний гэрчилгээий хуулбар (2-р хх-ийн 20, 22, 32, 33, 35, 37-38-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Эрүүгийн 2339000000159 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ж.Х нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн... Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

1. Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хогийн толгойн ард" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "эрээн нүүртэй, хар зүсмийн" 6 настай 1 тооны сувай үнээг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг "Зуслангийн толгойн үзүүр" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "хар алаг зүсмийн" шүдлэн насны 1 тооны үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хув худаг" гэх газраас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "манхин халзан, хар алаг зүсмийн" 5 настай 1 тооны сувай үнээг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Хар чулуут" гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч Х.Т-ын эзэмшлийн үхэр сүргээс "мухар ухаа зүсмийн 5 настай" эр үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Ж.Х нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг "Овоот" гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим ганцаараа шунахайн сэдлээр хохирогч М.Б-ын үхэр сүргээс "улаан халзан зүсмийн" хөх соёо насны 1 тооны эр үхрийг морин уналга буюу бор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлан, улмаар махалж зарж борлуулан түүнд 1,500,000 төгрөг, нийт 7,000,000 сая төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 5 удаагийн үйлдлээр мал хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт эх******* хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан юм. Тэгээд хэд хоног үхрээ хурааж амжихгүй 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр очиж тоолоход Эрээн нүүртэй хар зүсмийн сувай үнээ алга болсон байсан тухайн үедээ үхрээ тасраад айлын үхэр малаар сарнисан байх гээд, хэд хоногийн дараа хайгаад олдохгүй болохоор нь нэг сумын төврүү орж ирэхдээ цагдаад бүртгүүлнэ гэж байгаад сая өргөдөл өгсөн юм...Нүүрээрээ цагаан эрээнтэй хар зүсмийн сувай үнээ байсан юм... 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр очиж тоолоход Хар алаг зүсмийн шүдлэн эр үхэр алга болсон байсан тухайн байсан тухайн үедээ үхэрээ сарниад явсан байх гээд эрж байгаад цагдаагийн байгууллагад хандаагүй байсан юм...Хар алаг зүсмийн биеэр нэг их томгүй махлаг шүдлэн эр үхэр байсан..... 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үхрийнхээ бэлчээр дээр очиход халзан сувай үнээ байхгүй байх шиг харагдаад байсан. Тэрнээс хойш үхэртээ хараад байхад ерөөсөө харагдаагүй... Өвлийн улиралд бол Баян-Овоо сумын 3 дугаар баг Өлзийт, Зээгэнт, Суврай, Халзан дов, Хув худаг гэх газруудаар 3-5 км орчим газарт бэлчдэг. Ер нь их үхэрнүүд малладаг болохоор зарим нэг нь тасарч явах гээд байдаг тал бий.... Манхин халзан, хар эрээн сувай үнээ /5 настай/ хоёр чих цуулбар имтэй. Манхин халзан гэдэг нь цагаан толгойтой үхрийг хэлдэг. Манай үхэр болохоор манхин халзан толгойтой, хоёр чих нь хар, бие нь гэдэс, нуруугаараа цагаан эрээн үнээ байсан.... 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тоолоход Улаан халзан зүсмийн хөх соёо насны эр үхэр алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...Эвэртэй улаан халзан зүсмийн хөх соёо насны эр үхэр байсан. Зүүн чих араас догол, баруун чих урдаас догол имтэй гэхдээ энэ үхрийн баруун чихний үзүүр хэсгээсээ хөлдөж тасарч унаад тайрмал гэж хэлхээр имтэй болчихсон байгаа... Манай үхэр бугд ижил имтэй биш хоёр чих цуулбар имтэй, хоёр чихэндээ улаан өнгийн даавуутай, зүүн чих араас догол, баруун чих урдаас догол имтэй зэрэг өөр өөр имтэй байгаа... Манай алдсан үхрийн дундаж жин хавар бол 190-240 килограммын хооронд татдаг байсан, би үхэрээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 8-9, 56-57, 102-103, 200-201-р хуудас),

 

Хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эх*******, хүүхдүүдийн хамт мал маллан 2000 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Манай малын "А" дансандаа бог, бод нийлсэн 500 орчим тооны малтай үүнээс ах дүү нарын нийлсэн 100 гаран үхэртэй ба манай үхэр бол 30 гаруй тооны үхэр байдаг. Одоогоор манайх Баян-Овоо сумын 3 дугаар баг Бэлчир гэх газар нутаглаж байна. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед гадаа тэнгэр муухайрч цас шуурах гээд байхаар нь үхэрнүүдээ гэрээсээ ертөнцийн зүгээр баруун зүгт 5-6 км зайд Хар чулуут гэх уулын зүүн хормойд үхэрнүүдээ бөөгнүүлээд орхисон. Түүнээс хойш цасан шуурга шуурч манай нутгаар 2 хоног шуураад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед үхэрнүүдээ гэрийнхээ гадаа авч ирэхэд мухар ухаа зүсмийн соёолон эр үхэр дутуу байсан. Тэгээд эх******* бид хоёр нилээн хэд хоног ойр орчимоороо хайсан боловч олдоогүй...Баян-Овоо сумын 3 дугаар баг Хар чулуут гэх газрын ойр орчим Сүмбэрийн хоолой гэх газруудаар бэлчдэг. Салхи шуурганд уруудахгүй бол тасарч байгаагүй... Мухар, ухаа зүсмийн хоёр чих араасаа догол имтэй /5 настай/ эр үхэр байсан... Соёолон насны эр үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ.....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 150-151-р хуудас),

 

Гэрч Б.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 02 дугаар сарын 14-ний орой гэгээ тасарч байхад манай нөхөр Ж.Х хүнээс өр авлагынхнаа үхрийг аваад ирнэ гээд гэрээсээ зүүн урагш зүгт бор зүсмийн морьтой яваад шөнө 21-22 цагийн орчимд байх 1 тооны эрээн нүүртэй хар зүсмийн сувай үнээг хөөж ирж уургалж барьж аваад өвс хийдэг шургаагаар хийсэн хашаанаас уяж байгаад цохиж нядлаад махыг нь өөрийнхөө стана маркийн авто машиныхаа ард хийж хонуулаад маргааш өглөө нь Баян-Овоо сум руу аваад явсан...Би хэнийхийг мэдэхгүй өр авлагатай  айлаасаа авсан гэсэн...Ганцаараа цохиж унагаад нядалж стана маркийн авто машиныхаа ард хийсэн байсан би оролцоогүй...Би нөхрийгөө үхэр хөөж ирээд барьж аваад цохих гэж байхад нь хэний үхэр вэ гэж асуухад надад өртэй байсан хүнээс л авлаа чи битгий орох орохгүй юманд оролцоод бай гэхээр нь дуугай болсон. Тэгээд Х  өнөөдөртөө нядалчихъя гээд нядлаад маргааш нь Баян-Овоо сум руу махаа ачиж аваачиж Хэнтий аймаг, Баян-Овоо сум хоёрын хооронд таксинд явдаг Гансүх гэдэг хүнд малын гарал үүслийн гэрчилгээ авч өгөөд ачиж явуулж заруулсан...Мэдээгүй манай нөхөр мал эмнэлгээс бичиг авч өгөөд ачиж явуулсан... Хэнтий аймаг руу мах ачиж явуулсан таксины жолооч Гансүх ахаар өөрөөр нь заруулсан мөнгийг нь би өөрийнхөө 5940033257 дугаарын Хаан банкны дансаар авсан... Манай нөхөр үхэр нядалсныхаа маргааш өглөө махаа Баян-Овоо сум руу махаа авч явахдаа арьс, толгой, гэдсийг бүгдийг нь ачаад аваад явсан болохоор сайн мэдэхгүй байна... 2023 оны 02 дугаар сарын 14-ний орой гэгээ тасарч байхад манай нөхөр Ж.Х хүнээс өр авлагынхнаа үхрийг аваад ирнэ гээд гэрээсээ зүүн урагш зүгт бор зүсмийн морьтой яваад шөнө 21-22 цагийн орчимд байх 1 тооны эрээн нүүртэй хар зүсмийн сувай үнээг хөөж ирж уургалж барьж аваад өвс хийдэг шургаагаар хийсэн хашаанаас уяж байгаад цохиж нядлаад махыг нь өөрийнхөө стана маркийн авто машиныхаа ард хийж хонуулаад маргааш өглөө нь Баян-Овоо сум руу аваад явсан.... 2022 оны 12 дугаар сарын 03-ны орой нар шингэх үеэр манай нөхөр Х  нь хойгуур явж хүнээс авлагаа авчаад ирье гээд бор морьтойгоо явсан. Тэгээд нэг их удалгүй манхин халзан хар алаг зүсмийн сувай үнээ хөөж гэрийн гадаа ирээд уургалж барьж аваад гэрээсээ зүүн урагш аваачиж алаад махыг нь сэврээж хонуулаад маргааш өглөө нь Баян-Овоо сум руу өөрийнхөө 41-20 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр ачиж Баян-Овоо сум руу очиж мал эмнэлэгээс гэрчилгээ авч сум хооронд таксинд явдаг Гансүх ахын машинд суугаад өөрөө махыг нь ачаад аваад явсан... Би 2023 оны 03 дугар сарын 23-ны өдөр Хөдөө гэртээ нөхөр Х  бага хүүгийн хамт байж байтал Х  ээжийн гэрээр ороод ирье гээд мотоциклтой явсан. Удалгүй Х ын эгчийн хүүхэд Данка буюу Нямдаваатай хамт ирсэн. Гэртээ ирчхээд байж байгаад Х  мордоод гараад явсан. Тэгэхээр нь би хар шуурганаар хаачих гэж байгаа юм гэсэн чинь юм Дугарахгүй гараад яваад өгсөн. Цаг орчмын дараа 1 үхэр авч ирээд гэрийн урд байх саравч дотор Нямдавааг гуйж байгаад хамт нядалсан. Маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6-7 цагийн үед би гэрээсээ гараад харахад мухар ухаа зүсмийн эр үхрийн толгой шийр байсан Махыг нь жижиг гэртээ хийчихсэн байсан. Тухайн үед намайг асуухад ээжээс авсан гэсэн юм ярьж байсан. Тухайн өдөртөө үхрийн махаа 41-20 ХЭҮ улсын дугаартай стана маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Х  сумын төв рүү аваад явсан... 2023 оны 03 дугаар сарын 27-ны орой гадаа харуй бүрий болж байхад манай нөхөр Ж.Х зүүн урагш мордож явчхаад ирье гээд хонинд унаж байсан бор зүсмийн морьтойгоо явсан. Тэгээд 21 цаг өнгөрөөд гадаа харанхуй байхад 1 тооны Улаан халзан зүсмийн эр үхэр хөөж ирээд уургалж барьж авч нотлоод саравчны шонгоос уяад цохиж алсан гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 14, 62, 106, 157, 224-225-р хуудас),

Гэрч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд хувиараа 2557 ХЭН улсын дугаартай, пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явдаг бегеед 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ж.Х над руу залгаж "Та ачаатай байгаа юу ? 1 үхэр, 6 тооны хонь явуулая" гэхээр нь би авч явахаар болж сумын төвд гарал үүслийн бичгээ аваад өөрийн машинаасаа миний машинлуу 1 тооны үхрийн мах, 6 хонины мах ачиж явуулсан. Х  нь надад арьс толгой өгч явуулаагүй түүний машинд нугалсан хар үхрийн арьс харагдаж байсан. Тэгээд би тухайн өдөр аймгийн төв орж Цагаан чулуутын махны үйлдвэрийн ченж Зоригтбаатар гэх ченжид өгч мөнгийг нь Сайнжаргалын дансыг нь асууж өөрийн тээврийн зардалаа авч шилжүүлүүлсэн...тэрийг яг сайн санахгүй байна. Ямар ч байсан зараад мөнгийг нь явуулсан... Намайг Хэнтий аймаг явах гээд хүнээ цуглуулж явахад Ж.Х гэх хүн над руу утсаар залгаад би таниар нэг үхрийн мах ачаад өөрөө сууж явна шүү гэхээр нь махныхаа бичгээ аваарай гэхэд дараахан нь удаагүй махны гарал үүслийн бичгээ аваад надад өгсөн. Тэгээд миний машинд 1 үхрийн мах ачаад Хэнтий аймагт очиж ченж Ганцэцэг гэдэг эмэгтэйд зарсан... Ямар ч үхрийн арьс, толгой ачиж яваагүй нэг үхрийн мах л ачиж явсан...Ж.Х өөрөө л махаа зараад тооцоогоо хийсэн байх би машинаас бууж хараагүй. Надад мах ачсан болон өөрөө сумаас ирж, очих зардлын мөнгө нийт 80,000 төгрөг би бэлнээр авсан.... Би Хэнтий аймаг болон Баян-Овоо сумын хооронд такси үйлчилгээнд хувиараа явдаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ж.Х нь 1 үхрийн мах, 1 адууны мах аймагруу ачуулсан бөгөөд түүний эх******* Сайнжаргал нь малын гарал үүслийн бичигээ аваад суусан. Тэгээд аймгийн төв орж Мөнхсайхан гэх ченжид очиж зарсан.... 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Х  нь эх******* Сайнжаргал болон хүүхдээ суулгаад 1 үхрийн мах, гарал үүслийн бичиг өгч өөрийнхөө стана маркийн машинаас манай машинруу үхрийн мах ачсан, арьс толгойг нь хамт явуулаагүй. Тэгээд аймгийн төв орж аймгийн баруун хойд хэсэгт байдаг Ганцэцэг ценжид тухайн үхрийг Сайнжаргал нь зарсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 16-17, 64-65, 108-109, 159-160-р хуудас),

Гэрч Э.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2010 оноос хойш одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн суманд мал, мах худалдан авч байна. Өвлийн цагт гэрээрээ буюу Хэрлэн сумын 2 дугаар баг 85-2 тоотод худалдан авдаг. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал Баян-Овоо сумын харьяат Гансүх ах нэг залуугийн хамт мах худалдан борлуулахаар ирээд би махыг нь худалдаж авсан. Мөнгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5935377752 дугаарын данснаас 2023.02.16-ны өдөр 14 цаг 00 минутанд 1.510.000 төгрөгийг 5940033257 дугаарын Сайнжаргал гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн... Би яг ямар мах надад зарсан талаар нь бодоод олохгүй байна. Ямар ч байсан надад мах зараад би мөнгийг нь данс руу шилжүүлсэн байж таарна... 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал Баян-Овоо сумын харьяат Гансүх ах машинаараа ачиж ирээд махны эзэн гээд зүс харж байсан нэг хүүхэнтэй хамт мал эмнэлгийн гэрчилгээтэй үхрийн мах худалдан борлуулахаар ирсэн. Уг үхэр нь арьс, толгойгүй мал эмнэлгийн гэрчилгээтэй ирсэн. Тухайн үед 1 килограммыг нь 8000-8500 төгрөгийн ханшаар 179 килограмм махыг 1.500.000 төгрөг болж мөнгийг нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5935240536 дугаарын данснаас Сайнжаргал гэсэн эзэмшигчтэй 5940033257 дугаарын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 18-20, 162-163-р хуудас),

Гэрч М.Орхонтуулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх хугацаанд Ж.Х нь өөрийн стана маркийн ногоон машинтайгаа ирж надаас 1 үхэр, 6 тооны хонины мал эмнэлгийн бичиг аваад Гансүхэд өгч явуулна гэж байсан...Бяруу зарж байгаа гэхээр нь дундажлаад 80 кг-аар бодож, хонийг 17-18 кг-аар дунджил багцаагаар тавьсан хиллэж үзээгүй. Тухайн махыг гарч шалгахад ногоон өнгийн стана маркийн машинд дээр нь хонины махаа тавиад, доор нь үхрийн махаа тавьсан байсан. Тэгээд тухайн үед үхрийн махыг айхтар сөхөж хараагүй явуулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-р хуудас),

Гэрч М.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт нөхөр Х.Т-ын хамт мал маллан 20 гаран жил амьдарч байгаа бөгөөд одоо манай "А" дансанд нийт 500 гаран тооны малтай үүнээс ах дүү нарын нийлсэн 100 гаран үхэртэй бөгөөд яг манай үхэр бол 30 гаран үхэр байдаг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Бэлчир гэх газар нутаглах бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 21- ний орой 17 цагийн орчимд тэнгэр бүүдийгээд цас шуурах гээд байхаар нь үхэрнүүдээ гэрээс баруун зүгт 5-6 км зайд байрлах Хар чулуут гэх уулын зүүн хормойд үхэрнүүдээ бөөгнүүлээд орхисон. Түүнээс хойш цасан шуурга манай энэ хавьд 2 хоног шуураад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үхэрнүүдээ гэрийн гадаа авч ирэхэд мухар ухаа зүсмийн ногооны соёолон 2 чих араасаа догол имтэй эр үхэр дутуу байсан. Тэгээд бид хоёр нилээд хэд хоног эрэл сурал болсон боловч олдоогүй...Би нөхөр малын эрэлд нөхөр маань хааяа яваад, хааяадаа хамт явсан... Манай мухар ухаа зүсмийн ногооны соёолон эр үхэр нь биеээр бол жижигхэн үхэр байсан ба хаврын цаг турсан байх гэж үзээд 160-170 кг татах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 153-154-р хуудас),

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Сүмбэрийн хоолой гэх газар байрлах гэртээ дээрх өдөр байсан ба тухайн өдөр тэнгэр муухайраад байхаар нь үхэртээ хурааж явах үед ойролцоогоор 19-20 цагийн орчимд манай гэрээс урд зүгт 4 км зайд байрлах Х  ахын гэрээр хэсэхэд Х  ах гадаа мухар ухаа зүсмийн эр ажлаад байж байсан би гэрээр нь ороход гэрт нь эх******* хүүхэд нь байсан, тэгээд би орж хоол идчихээд гарч ирэхэд Х  ах үхэр ажиллалцаад өгөөч гэхээр нь "Чадахгүй, тэнгэр муухай байна, үхрээ хураагаад хашаандаа хаших гээд явж байна" гэж хэлээд явсан ба гэрийхээ хашаанд үхрээ хаших үед цас нилээн хүчтэй ойрын юм харагдахгүй шуурч эхэлсэн... Тухайн мухар ухаа үхэр нь Х  ахын үхэр биш байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 165-166-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-74 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 28-30-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-72 дугаартай “...1 тооны үхрийг 1.000.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 75-77-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-71 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( хх-ийн 1-р 114-116-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-70 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 172-174-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2023/ШД-73 дугаартай “...1 тооны үхрийг 1.500.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 230-232-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №2023/ШД-112 дугаартай “...1 тооны адууг 800.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 2-р хх-ийн 14-17-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 119-121, 215-217-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 202-207-р хуудас),

Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 208-213-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (2-р хх-ийн 10-11, 18-19-р хуудас),

Хохирогч М.Б-ын Хаан банкны 5940023465 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 46, 47-р хуудас),

Хохирогч Ж.Т-ын   Хаан банкны 5940011574 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 48-р хуудас),

Хохирогч Х.Т, М.Б нар хохирол төлбөрөө авсан шүүгдэгчид гомдол, саналгүй тухай хүсэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Х-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ж.Х-ыг  гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Ж.Х нь 5 удаагийн үйлдлээр хохирогч М.Б, Х.Т нарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлууд учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Х нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ж.Х нь хохирогч М.Б-т 5.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Т-т 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч М.Б-ын Хаан банкны 5940023465 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 46-47-р хуудас),

Хохирогч Ж.Т-ын   Хаан банкны 5940011574 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (2-р хх-ийн 48-р хуудас) болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаандшинээр гаргаж өгсөн  хохирогч Х.Т, М.Б нар хохирол төлбөрөө авсан шүүгдэгчид гомдол, саналгүй тухай хүсэлтүүд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  Ж.Х-ыг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Иймд шүүгдэгч Ж.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Х нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-38-р хуудас) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Ж.Х т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “ Бусдын...олон тооны...малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ж.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5 эх*******, хүүхдүүдийн хамт амьдардаг, эх******* Б.Сайнжаргал нь 6 сартай жирэмсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бор зүсмийн морь /10 настай/ -ийг хурааж улсын орлогод оруулж, эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан  сэргийлэх  арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2339000000159 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Ж. Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны  малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Х ыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х т оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бор зүсмийн морь /10 настай/-ийг шүүгдэгч Ж.Х аас хурааж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн 2339000000159 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан  сэргийлэх  арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.УУГАНБАЯР