Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 01210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Ч овогт Л.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Х овогт Б.Н холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.М нь Б.Нямдэлгэртэй 2015 онд танилцан үерхэж байгаад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Х төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан. Б.Н нь намайг жирэмсэн болсноос хойш нэг удаа ирсэн.Түүнээс хойш харилцаа тасарсан.

Иймд Б.Нг миний хүү М.Х төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Л.М тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Бид хоёр 2016 онд танилцаж улмаар үерхэж байгаад Л.М нь жирэмсэлж бидний дундаас хүү М.Х нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн юм. Бид хоёр анхнаасаа зан байдлын хувьд таарамжгүй байсан учраас нэг гэрт орж айл болж чадахгүй байснаас болоод салж тус тусдаа амьдрах болсон.

   Иймд Б.Н миний бие хүү Х эцэг мөн бөгөөд хүүдээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэгийг  төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Б.Н холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Б.Нр нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Л.М нь жирэмсэлж тэдний дундаас хүү М.Х төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон бүртгэлийн №6710000086 дугаартай Ч овогт М Х 2019 оны 10 дугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төрсний бүртгэлд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эхийн Ч  овогт Л Мөнхтуул ” гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн / зэргээр,

Хүү М.Х нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь Хүний их эмч Б.З 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн   “Баянзүрх сумын 1 дүгээр багийн М овогтой Х нь  2 сартай, эрэгтэй эрүүл  бойжиж байгааг тодорхойлов.” гэх эмнэлэгийн тодорхойлолт зэргээр тус тус  нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул Л.М нь М.Х төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Ч  овогт М.Х төрсөн  эцэг Х овогт Б.Н мөн болохыг тогтоож, эцэг Б.Н хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Б.Н нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямдэлгэрээс  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мөнхтуулд   гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Ч  овогт М.Х төрсөн  эцэг Х овогт Б.Н / мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Ч  овогт М.Х 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Х овогт Б.Н сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв /  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414  /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв /  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М олгосугай.

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА