Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 01019

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Б  овогт Э.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т овогт А.У  холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2020/00835/и индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Э.Даваабаяр, А.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Даваабаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Д нь А.У 2009 онд танилцан үерхэж байгаад 2011 онд нэг гэрт орж амьдарсан ба 2013 оны 10 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамт амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Н 2011 оны 7 дугаар сарын                      24-нд, охин З 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус төрсөн. Хамт амьдарсан сүүлийн жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдаж хэрэлдэх болсон. Мөн хамт  амьдрах сүүлийн жилүүдэд архи ууж, зодож цохих, энэ байдал нь хүүхдийн эрх ашигт муугаар нөлөөлөх болсон. Үүнээс болж тусдаа 2 жил амьдарч байгаад өөр хүнтэй гэр бүл болж нэг охинтой болсон. Бид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би хүү З, Н нарыг аав У асрамжид өгнө, Хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болно.

Иймд 2013 оны 0178350 дугаартай гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 онд анх танилцаж 2011 оноос хамт амьдарч 2011 оны 7 дугаар сард эхний хүүхдээ гаргаж, дараагийн хүүхдээ 2013 онд гаргасан. Архи дарс ууж байнга хэрүүл маргаантай байдаг болохоор 2 жил тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаандаа би өөр амьдралтай болж хүүхэдтэй болсон. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, тэтгэлэг өгөхгүй, 2 хүүхдээ аавынх нь асрамжид өгнө гэсэн нэхэмжлэлийг гаргасан байгаа гэв.

 

     Хариуцагч А.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.У би Э.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие А.У нь Э.Д 2009 онд танилцан үерхэж байгаад 2011 оны 7 дугаар сарын 24-нд том хүү У.Н, охин З нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус төрсөн бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй амьдарч байгаад том хүүгээ төрсний дараа буюу 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа үзэл бодол таарч тохирохоо байж цаашид хамт амьдрал боломжгүй болсон юм. Би одоо Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт хүү Н, охин З нарын хамт амьдардаг бөгөөд эхнэр Э.Д бид хоёр ярилцаад хоёр хүүхдээ би өөрийнхөө асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэхээр болсон. Би эхнэр Э.Д хүүхдийн тэтгэлэг авахгүй.

          Иймд А.Ууганбаяр би Э.Даваабаярын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаан байхгүй болно гэжээ.

          Хариуцагч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хөдөө байж байгаад ирэхээр өөр хүнтэй явалдаад шөнө утас нь дуугарч танихгүй хүнтэй утсаар ярьж намайг араар минь тавьдаг байсан болохоор болж бүтэхээ байгаад тусдаа амьдарч эхэлсэн. Би гайгүй болчих байх гээд 2 жил харж байгаад одоо салахаар шийдсэн гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч  Э.Д нь хариуцагч А.У холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч А.У нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас У.Н, У.З нар төрсөн болох нь:

Монгол улсын иргэн 1989 оны 7 дугаар сарын 05-нд төрсөн,  Т овогт А.У Монгол улсын иргэн 1991 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн, Б  овогт Э.Д нар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 219-рт бүртгэж олгосон №0178350 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

 Т овогт А.У  Б овогт Э.Д нарын гэр бүлд 2011 оны 7 дугаар сарын 14-нд төрүүлсэн хүү Т овогт  У.Н 2017 оны 4 дүгээр сарын 25-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон Бүртгэлийн 73 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

  Т овогт А.У Б овогт  Э.Д нарын гэр бүлд 2013 оны 10 дугаар сарын 15-нд төрүүлсэн охин Т овогт  У.З 2013 оны 10 дугаар сарын 22-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон №000094827-855 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Ц 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “ У овогтой Н нь 8 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Ц 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “ У овогтой З нь 6 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарсан, Э.Даваабаяр нь тусдаа гэр бүлтэй болж хүүхэд төрүүлсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”  гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.

Иймд Э.Д, А.У нарын гэрлэлтийг цуцлаж, хүү У.Н, охин У.З нарыг эцгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Нэхэмжлэгч Э.Д нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Э 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай  “... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна...” гэх албан бичгийн хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.У гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Т овогт А.У  Б овогт Э.Др нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 7 дугаар сарын 14-нд төрүүлсэн хүү Т овогт  У.Н 2013 оны 10 дугаар сарын 15-нд төрүүлсэн охин Т овогт  У.З нарыг эцэг Т овогт А.У асрамжинд үлдээсүгэй.

3.  Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй  гэснийг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч А.У улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Э.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг А.У нарт тус тус даалгасугай

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА