| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
2023 07 19 2023/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0156/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2339000090263 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарт ээлжийн түгээгчээр ажиллаж, тус салбарын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай тушаалаар "нефть хангамжийн операторчин" албан тушаалд томилогдож, Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн атлаа "Цүнхээр мөнгө хураах үйлчилгээний гэрээ"-ний дагуу цугларсан бэлэн мөнгө болох 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орлого 776,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орлого 1,312,550 төгрөг нийт 2,089,050 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, уг мөнгийг Хэнтий аймгийн ШТС№1 салбарт тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарт нийт 2,089,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000092263 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ийн ( хх-ийн 18-20-р хуудас), гэрч Ц.Энхтайваны ( хх-ийн 32-33-р хуудас), гэрч Т.Анхбаярын (хх-ийн 36-37-р хуудас), гэрч Ч.Уранбайгалийн (хх-ийн 40-41-р хуудас), гэрч Н.Сүхээ (хх-ийн 44-45-р хуудас), гэрч Б.Оюунаагийн (хх-ийн 48-49-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Багануур дахь нефть хангамжийн салбарын 2023 он 4 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай 2,089,250 төгрөгийг О.О бүрэн төлж барагдуулсан гэх албан тоот (хх-ийн 169-р хуудас),
Шүүгдэгч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймаг Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 171, 172, 173 174-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000090263 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.О нь Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн атлаа 2,089,050 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, уг мөнгийг Хэнтий аймгийн ШТС№1 салбарт тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарт нийт 2,089,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэв.
Шүүгдэгч О.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч О.О нь Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарт ээлжийн түгээгчээр ажиллаж, тус салбарын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай тушаалаар "нефть хангамжийн операторчин" албан тушаалд томилогдож, Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн атлаа "Цүнхээр мөнгө хураах үйлчилгээний гэрээ"-ний дагуу цугларсан бэлэн мөнгө болох 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орлого 776,500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орлого 1,312,550 төгрөг нийт 2,089,050 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, уг мөнгийг Хэнтий аймгийн ШТС№ 1 салбарт тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарт нийт 2,089,050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ажил үүрэг гүйцэтгэж байхад надаас гоо сайхны бараа бүтээгдэхүүний авлагатай Хэрлэн хорооллын Оюу салоны худалдагч Оюумаа гэдэг эмэгтэй ажил дээр маань ирээд надаас мөнгө нэхсэн юм. Тэгээд тухайн үед надад мөнгө байгаагүй 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн орлого 776,100 төгрөг байхаар нь 110,000 төгрөг аваад өгсөн юм. Тэгээд үлдэгдлийг нь хийлгүүлэхээр өөрийн том хүүдээ Эвт худалдааны төвийн 2 дугар давхраас 220,000 төгрөгийн өвлийн куртик, 250,000 төгрөгөөр өвлийн гутал зэргийг авч өгсөн. Ингээд 150,000 төгрөгийг гэртээ портер нүүрс аваад үлдэгдэл мөнгөөр өөрөө хоол авч идсэн. Харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орлого 1,312,550 төгрөгийг тухайн өдөр бас буцаан тушаагаагүй бага хүү О.Ирмүүн хүүхдийнхээ үсний найранд хэрэглэсэн нь үнэн. Тухайн үед миний буруутай үйлдлээс болсон учир миний цалингаас суутгаж 2,089,250 төгрөгийг авч ямар нэгэн өр төлбөргүй болсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллага 2022 оны 05 дугаар сарын 02-ны 22/55 дугаартай "Цүнхээр мөнгө хураах үйлчилгээний гэрээ"-ний дагуу Хаан банктай хамтран өдөр бүр орсон бэлэн мөнгөний орлогыг хурааж Төв салбарынхаа дансанд оруулдаг юм....2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Даваа гарагт Хаан банкны ажилтан ирэхэд нь ШТС-1 салбарын түгээгч О.О өмнөх амралтын өдрүүд болох 10 дугаар сарын 21, 22, 23-ны өдрийн орлого болох нийт 4 цүнхтэй 6 боодол мөнгийг хүлээлгэн өгөх ёстой юм. Үүнд 21, 23-ны өдрүүдийн 1 цүнхтэй 2 боодол мөнгө, 22-ны өдрийн 2 боодол мөнгөтэй 1 цүнх, 21-ний нэгдүгээр ээлжийн 1 мөнгөтэй 1 цүнх, 23-ны өдрийн 1 боодол мөнгөтэй 1 цүнх нар болно. Үүнээс 2022 оны 10 дугаар сарын 21, 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлого 1 цүнтэй 2 ширхэг боодол мөнгөний нэг боодол болох 1,224,100 төгрөг нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагын дансанд орсон...одоо манай байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хаан банкны ажилтанд хүлээлгэн өгсөн 776,500 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны ажилтанд хүлээлгэн өгсөн 1,312,550 төгрөг нийт 2,089,050 төгрөг манай байгууллагын дансанд шилжин ороогүй байна. Иймд байгууллагад учирсан хохирол болох 2,089,050 төгрөгийг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлж байгууллагад учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-20-р хуудас),
Гэрч Ц.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Манай байгууллагын зүгээс ажлын өдөр бүр албаны машинтай хамгаалалтын ажилтан, жолооч, мөнгө хураан авагч нарын нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хэрлэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ын бэлэн мөнгөний орлогыг битүүмжилсэн цүнхээр хураан авч банкны салбар тушаадаг юм. Цүнхээр мөнгө хураан авахад банкны ажилтан нь "цүнхэндээ мөнгө болон тухайн мөнгөний дагалдах хуудасны хуулбар хувийг нь хийгээд лацдаж битүүмжилсэн байдаг тухайн дагалдах хуудасны эх хувь дээр мөнгө хүлээн авсан банкны ажилтан гарын үсэг зураад эх хувийг нь ШТС-ын ажилтанд үлдээгээд хариуцсан салбар болох Хэрлэн тооцооны төвийн теллерт лацтай нь хүлээлгэж өгдөг юм... 2022 оны 10 дугаар сарын 11-ний миний нөгөө ээлжийн АТМ хариуцсан ажилтан албан тушаалтай Т.Анхбаяр ажилласан. Харин 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд би ажилласан... Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагаас 12 цагийн хооронд мөнгө хураан авах ажлаа хамгаалалтын ажилтан Хуягаа ах, жолооч Жамбалдагва нарын явж гүйцэтгэсэн юм. Би тухайн өдөр хэдэн цүнхтэй мөнгө хүлээн авсан талаараа сайн санахгүй байна, гэхдээ нэг цүнх байж магадгүй, тухайн өдрийн хуран авсан цүнхтэй мөнгөө Хэрлэн тооцооны төвийн теллер Уранбайгальд хүлээлгэж өгсөн. Харин 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон асуудлыг маш сайн санаж байна тэр өдөр 10-12 цагийн хооронд мөнгө хураан авах ажил гүйцэтгэсэн, Петровис ШТС-1-с нэг лацтай цүнхтэй мөнгө хүлээн аваад үлдэж байгаа нэг сая гурван зуу гаруй төгрөгийн баримт дээр гарын үсэг зуруулж авч үлдсэн. Харин би тухайн мөнгийг теллерт хүлээлгэн өгөхөд өөр мөнгөн дүнтэй боодолтой мөнгө лацтай цүнхнээс гарч ирж байсан юм, тухайн өдрийн цүнхээр хурааж авсан мөнгийг тус салбарын теллер Золбаярт хүлээлгэн өгсөн. Энэ өдрүүдэд петровис ШТС-1-н мөнгө хүлээлгэн өгсөн ажилтан нь О.О гэдэг түгээгч байсан...Би өөрийн ээлжид цүнхтэй мөнгө хураан авах бүртээ хамгаалалтын ажилтан, жолооч нарын хамт явдаг, мөнгө хүлээлгэн өгөхдөө теллерт лацтай нь хүлээлгэн өгдөг учраас надад дундаас нь лацыг хөдөлгөж мөнгө авах ямар ч боломж байхгүй. Надад тэр мөнгөнөөс авах шаардлага ч байхгүй, Би тэр мөнгөнөөс авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч Т.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний би хамгаалалтын ажилтан, жолооч нарын хамт 10 цагаас 11 цагийн хооронд ШТС бүрээс цүнхээр мөнгө хураан авах ажил хийж гүйцэтгэсэн... Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр петровис ШТС-1-н түгээгчээс мөнгө хураан авсан эсэх талаараа санахгүй байна. Хэдийгээр миний ээлжийн өдөр байсан ч гэсэн намайг цүнхтэй мөнгө хураан авахаар очих үед мөнгөө бэлтгээгүй тохиолдолд би хураан авдаггүй. Ийм тохиолдолд түгээгч нар нь өөрсдөө мөнгийг салбар дээр ирээд хүлээлгэн өгдөг тохиолдол байдаг. Би тухайн өдөр ШТС-1-с мөнгө цүнхтэй мөнгө хүлээн авсан бол дагах хуудас дээр гарын үсэг зурж хүлээн авсан байх ёстой... Би болон манай нөгөө ээлжийн ажилтан Энхтайван бид хоёр манай банкнаас гаргаж өгсөн мөнгө хураан авсан хүснэгтэн тэмдэглэлд ШТС-с цүнхтэй мөнгө хураан авахдаа гарын зурсан баримтад тусгагдсан мөнгөн дүн, он сар зэргийг тэмдэглэж цүнхтэй мөнгө хүлээлгэж өгсөн албан тушаалтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Энэ тэмдэглэл нь надад байгаа, миний нөгөө ээлжийн Энхтайван бид хоёр дундаа нэг тэмдэглэл хөтөлдөг юм. Тэгэхээр цүнхтэй мөнгөний дагалдах баримтаас гадна манай нэг тэмдэглэл мөнгө хураан авах үед бүртгэгддэг гэсэн үг. Би ШТС бүрээс хураан авсан цүнхтэй мөнгийг ахлах теллерт хүлээлгэж өгдөг. Тэгээд ахлах теллер нь тухайн цүнхтэй мөнгө хүлээн авсан өдөртөө баримтад заасан дансанд нь шилжүүлэг хийдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч Ч.Уранбайгалийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний үдийн өмнө манай салбар руу ганцаараа орж ирээд манайх сая мөнгө хураалгах үед хоцорчихлоо гээд цагаан өнгийн 2 ширхэг Цүнхтэй мөнгөний дагалдах бичиг дээр гарын үсэг зуруулж аваад гарч явсан. Тэр үедээ тухайн түгээгч ямар нэгэн мөнгө барьж орж ирээгүй, надаас мөнгөө явуулсан чинь хоцорчихлоо гэж гуйгаад байхаар нь би зурж өгөөд явуулсан юм... Би О.О гэдэг хүнийг өмнө нь таньдаг байгаагүй, хамаатан садны харилцаа холбоо ч байхгүй. Сүүлд энэ маргаан болсон үед би *******ийг нь сонссон... Цүнхээр мөнгө хураан авсан ажилтан нь манай ахлах теллерт цүнхтэй мөнгийг хүлээлгэн өгдөг. Харин манай ахлах теллер цүнх доторх баримттай мөнгийг тулгаад теллурүүдэд баримттай нь тараан өгдөг. Харин тухайн теллурүүд нь ахлах теллерээс тараан өгсөн ширхгийн дүнтэй нь тааруулж дотоодын дансанд орлого хийдэг. Би энэ процессын дагуу ШТС-с ирсэн мөнгийг өдөр бүр хийдэг юм. Гэхдээ тухайн өдрүүдэд яг хэчнээн боодол, хэдэн төгрөг орлого болгон оруулсан болохоо санахгүй байна. Орлогын баримтууд дээр тодорхой байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч Н.Сүхээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү О.Ирмүүний үс авах найр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болсон. Би өөрөө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Арван гурвын уурхай"-д ээлжийн ажил хийдэг учраас аймгийн төвд ирэн очин байдаг. Тухайн үед манай эх******* бид хоёр 99 худалдааны төвөөс үсний найранд хэрэглэгдэх хүнсний болон бусад зүйлсийг худалдан авсан. Үүнд эх******* 500,000 орчим төгрөг гаргасан, харин би өөрийн цалингаас 600,000 орчим төгрөг гаргасан. Эх******* маань бас тухайн үед хүүхдийн хувцас зэрэг ойр зуурын худалдан авах зүйлсийг бүгдийг нь зохицуулсан...Тэгээд сүүлд над руу цагдаагаас тодруулж асуухад нь эх*******ийгээ ажлаасаа мөнгө авсан талаар мэдсэн. Тухайн үед эх******* маань надад ямар мөнгөөр худалдан авалт хийснээ тодорхой тайлбарлаагүй, надад хүүгийнхээ үсний найранд хэрэглэх 600,000 гаран төгрөг байгаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч Б.Оюунмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өдрийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 10 дугаар сарын сүүлээр өрөө өгөхгүй удаад байхаар нь би ажил дээр очиж 110,000 төгрөгийн өрөө нэхэж авсан. Тухайн 110,000 төгрөгийг О нь ажлынхаа өрөөнөөс бэлнээр надад тоолж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),
Багануур дахь нефть хангамжийн салбарын 2023 он 4 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай 2,089,250 төгрөгийг О.О бүрэн төлж барагдуулсан гэх албан тоот (хх-ийн 169-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч О.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.О нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч О.О нь Багануур дахь нефть хангамжийн Хэнтий аймгийн ШТС№1 салбарын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн атлаа "Цүнхээр мөнгө хураах үйлчилгээний гэрээ"-ний дагуу цугларсан бэлэн мөнгө болох орлогын 2,089,050 төгрөгийг завшиж, улмаар 2,089,050 төгрөгийн хохирол учруулсан ба Багануур дахь нефть хангамжийн салбарын 2023 он 4 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаартай 2,089,250 төгрөгийг О.О бүрэн төлж барагдуулсан гэх албан тоот (хх-ийн 169-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч О.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч О.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.О нь урьд шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ( хх-ийн 171-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 2,700,000 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч О.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339000090263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч О.О ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.О д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.О хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2339000090263 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР