| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00972/И |
| Дугаар | 01157 |
| Огноо | 2020-06-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 01157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Л.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У А.О /Т85112673/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2020/00972/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Оюунням, хариуцагч А.Одгэрэл нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь О 2006 онд Дарханд оюутан болж очихдоо анх танилцаж, найзын харилцаатай байж байгаад 2008 онд үерхэж эхлэн үерхэж байх үед хэд хэдэн удаа зодож, цохиж байранд оруулахгүй, найз нөхөдтэй уулзуулах гэх мэт муу зан авир гаргаж байсан. Тэгээд би салахаар шийдээд 2010 сургуулиа төгсөөд Хөвсгөлдөө ирсэн. Эд зүйлийг чинь явуулсан аваарай гэхээр нь товчоон дээр очсон өөрөө ирсэн байж байсан. Би нэг их нүүр өгдөггүй байсан боловч хээр хоносон энэ тэр зүйлийг ярьж хэсэг хамт байгаад яваарай гэж байлгаж байсан. Нэг өдөр манайхан хөдөө явсан хойно сандлаар намайг цохиж сандал эвдэлсэн мөн ийш тийш явахад явуулах дүргүй, хаяж явлаа гэж зандарч айлгах болсон. Нэг өдөр хүрэг ахындаа очих гэж явтал араас ирж толгойруу цохиж байхад эгч ирж салгасан тэгээд л Дархан руу нь буцаасан. Ингээд би хүүхэдтэй болсоноо гэрийхэндээ хэлж чадахгүй айгаад О хэлсэн нэгэнт хүүхэдтэй болсон хойно буцаад нийлье сайхан амьдарна гэсэн. 2011 оны 07 сарын 11 нд гэрлэлтээ батлуулсан. Удалгүй би 2011оны 10 сарын 28нд охин О мэндэлсэн. Одгэрэл нь хот, Дархан явж ажилладаг байсан болохоор би охиноо ээж дээрээ өсгөсөн. 2012 онд Удалгүй О Мөрөнд ирж бид айлын байшинд амьдарч байгаад 2013 онд тустай гэр авч амьдарсан. 2013 оны 07 сарын 15 нд хүү Д мэндэлсэн. Би гэртээ 2 хүүхдээ харж Онь Дулааны станцад ажилд орсон. 2015 онд би хувиараа хэвлэлийн үйлчилгээ явуулж ажиллах болсон. Энэ үеэс маргаан гарч ирсэн би гэртээ бүх зүйлийг хийгээд сууж байдаг байсан бол ажил хийж эхлэсэн болохоор тэр. Нэг өдөр намайг ирээд арилгана биз гээд ой гарантай хүүг минь баастай өмдтэй нь 2-3 цаг байлгасан байсан. Энэ явдал надад маш хүндээр туссан. Мөн ажлын хамт олонтой хардах ямар нэгэн баяр ёслолоор хамт олонтой байлгадаггүй би хамт явна эсвэл намайг очуулахгүй гээд би ч явахгүй за яахав гээд л үлддэг байсан. Би улсын ажил, чи бол хувийн ажил хийдэг юм чинь гэж дээрэлхүү зан гаргадаг байсан.
Би ажлаа хийж хажуугаар нь цэцэрлэг сургуулийн хүүхдээ зөөж бүх л ажлын өмнө гүйдэг байлаа. Заримдаа багш нь аав нь байдаг юмуу гэж асуудаг байсан. Удалгүй зээл авч байшин хашаа авсан. Мөн байгууллагын аварга болсон энэ байдал нь - бас архи уухад нөлөөлсөн байх би нөхрөө сайн ажилтай сайн яваг л гэж бүх зүйлийг еөрөө төвөгшөөхгүй хийдэг байсан ч О нэг ч удаа баярлалаа чиний л хүчээр сайн явж байна гэж хэлж байгаагүй төдийгүй үр хүүхэддээ анхаарал халамж бага тавьж байсан төдийгүй муухай харьцдаг байсан. Би орой үдэш 2 хүүхдээ аваад ирэхээр гал ч үгүй архи ууж ирэн элдэв янзаар хэлэх болсон. О нь ширүүн зан төрхтэй нь өөрийн төрүүлж өсгөсөн хүүхэддээ хандах хандлагаас харагддаг. Манай эгчийн хүүхэд харах хүнгүй ирж хоноход уурлаж хэзээ харих юм гэж муухай ааш гаргаж байснаар манайд нэг их хүмүүс ирэхээ больсон. Орой үдэш ах дүү залгахаар хэн залгасан вэ яасан гэх мэт хардах нь ихэссэн.
Мөн архи ууж ирээд надад гар хүрч хүүхдүүдээ айлган, орилж чаралж хавь ойрд хүртэл халдаж, согтуу найз нараа авчиран өөрөө тасарч найз нөхөд нь ч намайг элэг барих болсон. Төдийгүй 2019 онд согтуу ирж утсаа эвдэж агсам согтуу тавихаар би хүүхдүүдээ аваад явна гэсэн ирээд авсан хүнийг чинь ална гэж хутга барьж дайрсан. Иймэрхүү байдал ер элбэг байх болсонд миний сэтгэл бага багаар хөрж харааж зан, муухай зан ч хааяа гаргадаг байсан. Хэд хэдэн удаа салж ээжийндээ ирсэн. Би дахиж тэгэхгүй, уухгүй гээд амлалт өгч хүүхдүүдэд сайхан зүйл авч өгч сэтгэлийг нь татаж ээж аавтайгаа хамт байвал гоё гэсэн сэтгэгдлийг төрүүлж өгдөг. Би ч за хөөрхий бас ойлгосон байна гээд эргээд хэд хэд очсон. Харин энэ хүн хэд хоног сайхан байж байснаа дахин хэвэндээ орж эхэлдэг нөгөө л айхтар зан авираа гаргаж эхэлнэ. Дарханд ах дүү нар руу нь хэлэхэд архи уухаа боль гэж хэлдэг ч надаас болж архи ууж байгаа тэгээд ч сална гэх юм салаач тэгээд гэдэг байсан.
Сүүлд намайг зодож ухаан алдуулж шүүхээр орсон. 2019.12.11-ний 369-р тогтоолоор ял шийтгэл авсан боловч эдлээгүй 750.000 торгуулаад гарсан /би ажлаа яах юм зээлтэй зээлээ яах юм мөн амиа хороллоо гээд энэ тэр олон зүйлийг ярьж би эвлэрлийн гэрээ хийсэн/. Би дахиад архи ууж муухай ааш гаргавал өөрөө явна бүх зүйлээ та 3-т орхиод явна гэж амлалт өгөөд би буцаж ирсэн. Харин 1,2 сар аятайхан байснаа дахиад архиа ууж, мөн хүүг минь эрүүл байхдаа толгой тархи руу нь цохиж хатуу ширүүн хандсан. Хүү минь: Та яагаад дахиж ирсэн би аавыг ална , би хурдан том болмоор байна, би энэ гэрт байхгүй гэдэг үг зүрхийг минь зүсэж би дахиж хэзээ ч буцахгүй шийдвэр гаргасан 2 хүүхдээ эрүүл саруул, амар амгалан л явъя гэж шийдсэн. Би уг нь элэг бүтэн амьдралтай өсгөе гэж бодож явсан ч хүүгээ ийм араатны хажууд араатан болгож өсгөх байсан гэж бодоогүй явсан юм. Яагаад 3 сард өгөөгүй гэвэл 2 хүүхэд харах хүн байхгүй хичээл ном, цахим хичээл гээд цаг хугацаа авсан одоо 2 хүүхдээ хөдөө ахындаа байлгах болж өргөдлөө өгч байна. Одгэрэл нь зуны дэлгэр цагт сайхан ааш зантай бодолтой байдаг харин өвөл бид 3 хаачхав гээд янз янзын зан ааш гаргадаг. Би энэ хүний арга ухаан “Дахиж итгэхгүй” гэж намайг уяраадаг залжин занд нь 10 жил автлаа гэвч энэ хүн засраагүй. Хэзээ ч засрахгүй гэдгийг яс махандаа шингээж авлаа. Одоо миний бие хэвийн биш болсон толгой их өвдөх, нойр хоолонд муу согтуу ирвэл яах бол гэж бодож шөнөжин нойр хүрэхгүй, хүн энэ тэнд орилж чарлавал цочно. Зүрх муу, ходоод муу ер нь асар их айдас хүйдэс дарамттай байж ажлаа ч тухтай хийж чадахгүй байна.
Хорионы үед би ажил муу болоод өмд авъя гэж мөнгө гуйсанд муухай аашилж өөрөө мөнгө олохгүй юу явахгүй гэж хэлсэн юм . Би уугаад чамайг ямар зодсон биш гэж огт уухгүй гэсэн амлалтандаа ч хүрэхгүй дээр нь сэтгэл санаагаар хохироож байгаагаа хэзээч ухаарахгүй байна. 3ан байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. Ийм орчинд өссөн хүүхэд өсвөр үе цаашлаад яах бол гэж айж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд бидний 2011 оны 0127432 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин О, хүү Д нарыг өөрийн асрамжиндаа авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба үл хөдлөх хашаа байшин 20 саяаар үнэлэгддэг үүнийхээ хуулийн дагуу шийдвэрлэх өөрийн болон хүүхдүүдийн хувь болох 15 сая төгрөгийг О гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхрийн маань агсам согтуу тавьдаг нь маш хэцүү байдаг. Үүнийг миний бие дийлэхгүй байгаа. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс өөрт ногдох хувийг гаргуулах хүсэлттэй байна. Сэтгэлийн хувьд би амар тайван байдаггүй. Манай нөхөр эрүүл байхдаа ч гэсэн хардаж сэрддэг. Согтуу байхдаа ухаанаа алдаж муухай ааш авир гаргадаг. Би хүүхдүүдтэйгээ тайван амгалан, эрүүл саруул орчинд амьдрахыг л хүссэн. Би охин, хүү 2 төрүүлж өгсөн байхад А.О хүүхдүүдтэйгээ хатуу ширүүн хандаж зодож байсан. Охиныхоо гарыг мулталж бэртээж байсан. Санаатайгаар тэгээгүй байх гэж бодож байна. Мөн хүүг дөнгөж явж эхэлж байхад нь уяагаар уядаг байсан юм. Нөхөр маань хүүгээ цаашаа мөлхөх болгонд нь уяанаас нь татаад гэдсийг нь шалбалсан байсан. Намайг ажлаасаа ирэхэд хүүхдийнхээ баасыг цэвэрлэхгүй намайг цэвэрлэнэ биз гээд 2-3 цаг байлгасан байсан. Миний хувьд нөхрийгөө олон удаа уучилсан. Шөнө дөлөөр гэрээсээ зугтан явж айлын нохойд хөөгдөн байж ахындаа очиж байсан. Би одоо тайван байж чадахаа больсон. Дуу чимээнд цочно, хар дарж зүүдэлнэ, тайван бус байдаг болсон. Манай нөхөр архи уухаараа ширүүн араншинтай болдог. Заримдаа бол дуугүй унтчихдаг. Харин заримдаа шөнө шүдээ хавирна, ширдэг маажина, хана руу цохиж өшиглөнө, чангаар орилно гээд янз бүрийн авир гаргадаг. Мөнгө авах ёстой хүнээ очоод алчихъя гээд байхаар нь би шөнөжин ноцолдож болиулсан. Архи ууж ирээд шөнө ерөөсөө унтдаггүй. Нэг удаа согтуу ирчихээд би 2 хүүхдээ аваад явж чадахгүй байсан юм. Би гэрийнхэн рүүгээ залгаад эгчтэйгээ ярьтал танайхаас хүн ирвэл би ална гэсэн. Ээж нь манайд байсан хутгыг нь хурааж авсан. Ээжийнхээ үгэнд ч ордоггүй. Хүргэн ах манайд ирэхэд шууд очоод зодолдсон. Архи уусныхаа маргааш ерөөсөө гэмшдэггүй, би яасан юм, юугаа ч мэдэхгүй тасарсан байсан гэж хэлдэг. Нэг хэсэг 7 хоног болгон ууж байсан. Уухгүй үедээ ажлаасаа пиво авчирч гэртээ уудаг. Би сүүлдээ нойр хүрэхээ байсан. Хутга барьж аваад манайд ирсэн хүмүүс рүү ална гэж дайрна. Мөн өөрийнхөө утсыг шидэж эвдэлсэн. Яагаад ингэж байгаа юм гэхээр чи энэ утаснаас үнэтэй гэдгийг чамд харуулж байна гэж хэлсэн. Би гэрээс ганц аяга хагарахад хүртэл харамсдаг. Эд хогшил, хөрөнгөө хайрладаггүй. Би харин өөрөөсөө хүртэл харамлаж мөнгөө гамнаж байхад энэ хүн ерөөсөө тоодоггүй. Нэг удаа халуун устай ус буцалгагчийг авч шидсэн.
Хамгийн сүүлд намайг дагзаар маань шал руу мөргүүлж зодсон. Архи уухгүй байсан ч гэсэн чи сайхан загнавал би гэртээ очно, муухай загнавал очихгүй гэж хэлдэг. Намайг суу, миний үгийг сонс, манай эгч нар хүртэл нөхрийнхөө үгэнд ордог гэж хэлдэг Хашаа байшингаа 20,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийхээ 15,000,000 төгрөгийг нь гаргуулах хүсэлтэй байгаа... Миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Надад энэ хүнтэй хамт байх сэтгэлийн тэвчээр байхгүй. А.О 2 хүүхдээ төрөхөд хажууд байгаагүй. Намайг Турк яваад буцаад ирэхэд 2,000,000 төгрөгөөр үнэлэгдэх гэрийнхээ эд хогшлыг эвдсэн байсан. Өнгөрсөн шүүх хуралдаанаас хойш намайг орой болтол дагаад ажил дээр очсон. Би зээлийг чинь дуустал чамаас мөнгө авахгүй, харин хашаа байшингаа 15,000,000 төгрөгөөр үнэлүүлье гэж хэлсэн. Намайг цаг тутамд хаана байна, хэнтэй байгаа юм, юу хийж байна гэж залгадаг. Нөхөр маань миний банкны дансыг шалгадаг, мөн зөөврийн компьютерийн чатыг ч шалгаж үздэг. Би завгүй хүүхдийн анги цэвэрлэнэ гэхэд миний ч гэсэн хүүхэд гээд намайг дагаж очсон гэв.
Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.О нь эхнэр болох О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Эхнэр бид 2 бусдын л адил бие биендээ дасаж хайр сэтгэлтэй болсон. Дөнгөж 20 гаран настай залуу байхад анхны хайр болсон найз бүсгүйгээ бусдын нүднээс харамладаг, юм болгоноос л хамгаалахыг хүсдэг. Хааяа хөл өвдлөө толгой өвдлөө гэхэд их л санаа зовдог байсан. Хоол идсэн үү яасан ийсэн гээд л санаа зовоод л юм идээгүй байх гээд л ихэнхдээ орой болгон хамт хоолонд ордог байлаа .Би ч тэр үед хувиараа бага сага ажил олж хийдэг байсан. Тэгээд л найз бүсгүй маань сургуулиа төгсөж нутаг руугаа буцсан. Намар нь бид 2 Дарханд 3 сар хамт байсан. Нэг өдөр л явлаа гээд нутаг руугаа буцсан. Би ч удалгүй 2 сарын дараа араас нь очиж уулзах гээд Хөвсгөл рүү шилжиж ирсэн.Тэр үед амьдралаа босгож чадаагүй байсан болохоор хадмын гэрт цуг байдаг байсан.Нэг өдөр О эгч нь хөдөө гарч хэд хоног мал хариул гээд байсан болохоор дандаа О юманд зараад байна гээд уурандаа сандал авч газар луу шидсэн.Тэр үед ах эгч нь орж ирээд уурлаж байсан. Би ч дотроо харамсаж байна .Тэр үед О уурлаж сандлаар цохиогүй. Хадамынханд л уурласан юм. О би энэ хажууд байсан бол намайг цохих нь байна гээд ууртай байсан. Нэг өдөр чимээгүй гараад явахаар гайхаад араас нь гарсан чинь тэр тээнд алхаж явна. Би дуудаад араас нь гүйгээд очлоо.Би ч ганцаардаад байсан болохоор намайг орхиж явлаа гээд уурлах үед эгч нь намайг хараад цохилоо зодлоо гээд О аваад явсан. Би ч нэг хэсэг ганцаардаж хадмынд байж байгаад хадам ээж буц гээд Дархан руугаа буцсан. Би ч сарын дараа буцаж ирээд уучлалт гуйгаад явсан. Тэгээд бид 2 эвлэрсэн. Зун ирж бид 2 гэрлэлтээ батлуулсан. Тэгээд хүүхдүүд төрсөн.Хүүхдүүд төрөөд амьдралтай болоод ирэхээр хүн цалингаа яаая ийе гэж боддог юм билээ. Наандаж хүүхэд өвдвөл эм тарианы мөнгө хэрэгтэй байдаг. Бид 2 мөнгө төгрөг гээд хэрүүл гарч эхэлсэн.Айлын хашаанд гэр барьж толгой хоргоддог байсан болохоор хэцүү л байсан. Ганц цалингаар 4 хүн тэжээх хэрэгтэй болохоор хэцүү, ажил ихтэй хагас бүтэн сайнд хүртэл ажиллана.Ихэнх шөнө гэртээ биш ажил дээрээ байдаг байсан.Хүүхдүүдийн цэцэрлэг сургуульд зав гаргах нь ховор байдаг.Цалингаа бүтэн авчих юмсан хааяадаа халтуур олж хийнэ.Өдөр шөнөгүй ажилладаг юм болгонд эхнэр маань ганцаардаж байгааг сайн ойлгодог. Хажуугаар нь эхнэр хувиараа хэвлэлийн үйлчилгээ эрхэлдэг байсан болохоор зээл цалингийн зээлтэй надад их тус нэмэр болдог өдрийнхөө талхны мөнгийг олчихно. Дан ганц цалингаар амьдрах хэцүү байдаг. Хүнд гай болохгүй хүнээс гуйхгүй гэр бүлээ болгох гээд их зүтгэдэг. Тэрэн дээр ойлголцохгүй мөнгө төгрөг гээд маргалдана. Чи мөнгө төгрөгөө яасан гээд байнга асууна. Эхнэр уурлана.Эмэгтэй хүн болохоор хэрэг болно гэдгийг уг нь ойлгодог л юм. Хүүхдүүдийн тал дээр бид 2 маргалдана.Эцэг нь юм чинь хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй байгаасай гэсэндээ сайн сайхныг бодож заримдаа эгч дүү 2 хоорондоо зодолдох үед нь битгий тэгж бай гээд цохих нь бий. Сүүлийн үед хүүхдийн боловсрол хүмүүжилд нийгэм их анхаарах болсон. Үүний дагуу маш сайн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг би анзаарч байгаа. Хүүхдүүд маань хөдөө байж байгаад орж ирсэн.Сүүлийн 3,4 долоо хоног хүүхдүүдтэйгээ хамт байна. Зарим үед түрэгдэж уурлаж цохисноороо харамсаж байдаг. Би хүүхдүүддээ хайртай.Эхнэр хүүхдүүд маань миний амьдралын утга учир юм. Эхнэр хүүхдүүд гэр орондоо хамаг сайн сайхан бүхнийг зориулдаг бага багаар уур уцаараа засч байгаа. Хүн нас ахих тусам олон юмыг ялангуяа өөр дээрээ их олон зүйлийг тунгааж бодож татах болсон .Хүүхдүүд маань ч аав ээждээ хайртай. Би ч үр хүүхдүүд эхнэрээ зовоохгүй бүтэн амьдралыг хүсэж явдаг учраас бага багаар өөрийнхөө зан араншинд дүгнэлт хийж халамжтай хань аав нь болохоор хичээл зүтгэл чармайлт гаргадаг. Би өрх гэр бүлийнхээ толгой нь учраас энэ нандин гэр бүл үр хүүхдээ элэг бүтэн амьдралтай байлгахын тулд хичээж байгааг минь ойлгоно уу?. Боломжтой бол шүүгчтэй хүртэл эхнэртэй хамт уулзаж ойлголцох хүсэлтэй байна. Гэр бүлээ элэг бүтэн амьдралтай байлгахын тулд өөрөөсөө хамаарах чадах бүхий л боломжийг ашиглахыг хүсч байна. Гэр бүл үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө салах хүсэлгүй байгааг минь хүлээн авна уу? гэжээ.
Хариуцагч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байна. Би ажил төрөл хийж эхэлснээс хойш гэртээ зарцуулах цаг завгүй болсон. Ажлынхаа хажуугаар өөр ажил хийдэг байсан. Тэр болгоныг эхнэр маань ойлгодоггүй. Төрсөн эгч маань гэр авахад 1,000,000 өгч туслалцаа үзүүлсэн. Эхнэрийг оюутан байхад бид 2 өдөр болгон шахуу уулздаг, сайн харилцаатай байсан. Миний хувьд олсон хэдэн төгрөгөө яаж зарцуулах талаар боддог. Хүүхэд өвдвөл яах бол гэж бодоод мөнгөө хураадаг. Манай эхнэр үрэлгэн зантай, намайг мөнгө төгрөг өгсөнгүй гэж хэлдэг. Би өөрөө бие дааж өссөн болохоор хүнээс юм гуйхгүй гэж боддог. Ажлын хамт олонтой болсноос хойш хааяа архи уудаг. Захирлаа царайчилж хааяа даргадаа архи авч өгч хувааж уудаг. Эхнэр маань мөнгө төгрөг өгөхгүй байж архи уулаа гэж хэлснээс болж бид 2 хоорондоо хэрэлддэг. Одоо ажил олоход маш хэцүү болсон үед нагац ах маань энэ ажилд намайг оруулсан юм. Ирээдүйд хүүхдүүдээ сайн өсгөж, үл хөдлөх хөрөнгөтэй болъё гэж боддог. Заримдаа шөнө намайг ажлаас дууддаг. Би нэг удаа дуудагдаад 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ байж байсан. Эхнэр ажил дээрээ байсан. Би явах болоод эхнэр рүү залгахад удахгүй очлоо гэсэн. Гэртээ гал түлээд 2 хүүхдээ гэртээ үлдээгээд явсан юм. Ажил дээр байж байгаад эхнэр рүү залгатал очлоо гэж хэлсэн. Би нэг их удалгүй ажлаа дуусгачихаад гэртээ ирэхэд 2 хүүхэд байсан. Дахиад утас руу нь залгатал эхнэр маань “найзтайгаа байна” гэж хэлэхээр нь очсон юм. Найз нь бас нөхрөөсөө салсан гээд ганц нэг пиво уусан гэж ярьж байсан. Иймэрхүү асуудлаас болж хааяа маргалддаг. Би тэгж их архи уугаад байдаггүй. Эхнэр над руу үглэж уурлаж байдаг. Би охиныхоо гарыг тэгж гэмтээж байгаагүй. 2 хүүхдээ ээжтэй нь адилхан л өсгөсөн. Нэг зун манай эхнэр 10 жилийн ангийн уулзалтад явсан. Тэр үед эхнэр маань уугаад байсан. Тэр үед “би уухгүй байхад эхнэр маань яагаад уугаад байдаг юм бол” гэж бодсон. Хүүхдийн анги цэвэрлэхэд тусалъя гэж бодсон юм. Би өөрөө байнга ажилтай байдаг болохоор хүүхдээ сургуулиас нь авч чаддаггүй. Эхнэрээ хардсан юм бол байхгүй. Эхнэр маань ч гэсэн миний данс, утсыг байнга шалгаж байдаг. Би хадам ээжид ч надад хүнтэй явалдсан юм байхгүй гэж хэлдэг. Би эхнэрээсээ түрээсийн мөнгө чинь яаж байна, 2-уулаа нэг данстай болъё гэхээр үгүй гэдэг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч А.Одгэрэл холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 15 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч А.О нар нь 2011 онд гэр бүл болсон, тэдний дундаас охин О, хүү Д нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 0127432 дугаар “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0000691656 Г-835 дугаар 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У овогт О.О төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0000915673 584 дугаар 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн У овогт О.Д төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөлөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчоөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Л.О нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөр ногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Хариуцагч А.О нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлдээ айдас түгшүүр төрүүлдэг, эхнэр Л.О зодож түүнд гэмтэл учруулан уг гэмт хэргийнхээ улмаас шийтгэгдсэн нь болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 369 дүгээр “Шийтгэх тогтоол”, 2019 оны 4 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдсэн талаархи бичилттэй Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэл, нэхэмжлэгч Л.О нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх тул шүүх нэхэмжлэгч Л.О, хариуцагч А.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин О.О, хүү О.Д нарыг хүүхдүүдийн нас, эхийн хайр халамж, эцгийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх Л.Он асрамжинд үлдээж,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэгийг тогтоож хүүхэд бүрт, сар бүр эцэг А.О гаргуулан олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч А.О нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 46 дугаар гудамжны 03 тоотод байрлалтай А.О эзэмшлийн 000668577 дугаар гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүн дээр баригдсан 70,7мкв хэмжээ бүхий Л.О, А.О нарын буюу хоёр хүний өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000513219 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч Л.О нь уг гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээр баригдсан өвлийн сууцыг 20 сая төгрөгөөр үнэлж хүүхдүүддээ болон өөрт ногдох хувь 15 сая төгрөгийг хариуцагч А.О гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч А.Одгэрэл нь хашааны газар болон байшинг 30 сая төгрөгөөр үнэлнэ гэж маргасан боловч үнэлгээ тогтоолгох талаар хэн алинаас нь хүсэлт гаргаагүй, мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан М.Ч үнэлгээ тогтоох зорилгоор гэрчийн мэдүүлэг авахад 25 сая төгрөгөөр зарсан, 30 гаран сая төгрөгний материал орсон одоо 40 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэж үнийн талаар зөрүүтэй мэдүүлгийг өгчээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь анх 10 сая төгрөгөөр авсан гэдэг үйл баримтад маргаагүй хэн аль нь зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь уг үнэнд газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авахад зарцуулсан үнийг тооцоогүй гэж тайлбарлан, зах зээлийн үнийг 20 сая төгрөг гэж тогтоож нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэж байх тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар 130.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюуннямд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон Л.Оюуннямд ногдох эд хөрөнгө болох 15 сая төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч А.Одгэрэлээс гаргуулж хуваах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Оюуннямаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одгэрэлээс 371.578 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Оюуннямд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар үйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Авиагийн Одгэрэл /ТА85112673/, Хар дархад овогт Ламжавын Оюунням /РВ87071904/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн охин Одгэрэлийн Оюунжаргал, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Одгэрэлийн Дөлгөөн нарыг эх Л.Оюуннямын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн охин Одгэрэлийн Оюунжаргал, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Одгэрэлийн Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлэгийг хүүхэд бүрт сар бүр эцэг А.Одгэрэлээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тус тус зааснаар хариуцагч А.Одгэрэлээс 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Оюунням, охин О.Оюунжаргал, хүү О.Дөлгөөн нарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Оюуннямаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одгэрэлээс 371.578 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Оюуннямд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг А.Одгэрэл, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Оюунням нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА