| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0129/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/164 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/164
2023 07 20 2023/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0129/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 2339000780184 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 05 дугаар гудамж 08 тоотод байрлах Д.Ганболдын гэрт хохирогч Н.Я-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 27 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн гудамж Д-55 байрлах Хаан банкны салбарын "АТМ-1399" дугаартай бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг, 22 цагт 07 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төв дотор байрлах Хаан банкны "АТМ-1193" дугаартай бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөгийг уншуулж нийт 800,000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000780184 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Я-ын (хх-ийн 10-11, 14-15-р хуудас), гэрч П.Ганболдын (хх-ийн 21-22-р хуудас), гэрч Б.Түмэн-Өлзийгийн (хх-ийн 25-26-р хуудас мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймаг Бэрх хотын захиарагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 51, 52, 54, 55-78-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000780184 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь бусдын эд зүйлийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн талаар маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид 610,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно...” гэв.
Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчид 610,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 05 дугаар гудамж 08 тоотод байрлах Д.Ганболдын гэрт хохирогч Н.Я-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 27 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн гудамж Д-55 байрлах Хаан банкны салбарын "АТМ-1399" дугаартай бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг, 22 цагт 07 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төв дотор байрлах Хаан банкны "АТМ-1193" дугаартай бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөгийг уншуулж нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэр үед Н.Я надад виза картаа өгөөд 300.000 мянган төгрөг аваад ир, та 200.000 мянгыг нь аваарай, 100.000 мянгаар нь хүүхдэдээ юм аваад хэдэн шил архи аваад ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би түүний картыг аваад төв Хаан банкны АТМ-с 300.000 төгрөг авч 200.000 мянгыг нь өөрөө аваад 100.000 төгрөгөөр нь Эвт худалдааны төвийн ард байдаг дэлгүүрээс жижиг, сажиг зүйл аваад 2 шил архи авч буцаад Ганболдынд очсон. Харин айлд буцаж очсон хойноо Н.Я-ын виза картыг нь буцааж өгөөгүй. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан бөгөөд сүүлд Я-ын виза картаас дахин 500.000 төгрөгийг төв хаан банкны АТМ-с авсан. Тэгээд 500.000 мянган төгрөгөөс "Олхон" дэлгүүрээс 1 шил архи авч и Я-ын хамт уугаад Я Ганболд гэх айлынд согтоод унтаад үлдсэн. Харин би Оюунбат гэдэг айлд очиж унтсан... Харин маргааш өглөө нь сэрээд би Түмэн-Өлзий гэх залууг утсаар нь дуудаад Я-ын данснаас авсан 500.000 төгрөгийн үлдсэн 190.000 мянган төгрөгийг, Хаан банкны виза карттай нь хамт Я руу өгч явуулсан....Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г нь намайг утсан хойгуур миний зөвшөөрөлгүйгээр хаан банкны виза картыг маань авч яваад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 27 минутад 500,000 төгрөг, 22 цаг 07 минутад 300,000 төгрөг АТМ-с авсан байсан. Би энэ тухай 01 дүгээр сарын 06-ны өглөө гар утсанд маань мессеж ирсэн байхыг хараад мэдсэн. Тэр үед Ганболд гэх хүн "Г чиний виза картыг унтаж байх хойгуур чинь курткыг чинь ухаж байгаад аваад явсан" гэж байсан....Тэгээд байж байтал өглөөний 10 цагийн орчимд Түмэн-Өлзий гэдэг хүнээр миний виза картыг 190,000 төгрөгийн хамт өгч явуулсан байсан. Тэгээд одоо миний үлдсэн мөнгийг өгөхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан юм...Одоо Г надад 610,000 төгрөг өгөх ёстой...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 14-р хуудас),
Гэрч П.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хөл муу учраас байнга гэртээ байж байдаг хүн байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бэрх тосгоны харьяат Я , Г нар манай гэрт үдээс хойш ирсэн. Ирэхдээ нэг шил архитай ирэхээр нь би тэрийг нь хамт уучхаад тэр хоёрт бас нэг шил архи авч өгсөн. Сүүлд нь Я , Г нар цуг дэлгүүр яваад нэг шил архи авч ирсэн. Тэгээд бид нар 3 шил архи уучхаад унтсан. Намайг шөнө сэрэхэд Я унтаж байсан. Харин Г нь байхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь Я миний данснаас нийт 800,000 төгрөг гарсан байна гээд өөрийнхөө виза картыг хайгаад байсан. Тэр үед нь би "Г хэзээ гараад явсан юм бэ?" гэж асуухад Я мэдэхгүй байсан. Тэгээд Г руу залгаад байх шиг байсан. Түүнээс өөр зүйл би мэдэхгүй байна...Тухайн шөнө би Г-ыг хэзээ гарч явсан нь мэдээгүй, харин өглөө нь Я надаас картаа асуухад нь "Г хэзээ гарч явсан юм, залгаад асуу" гэж Я т хэлсэн. Би Г-ыг Я-ын куртикийг ухаж байхыг нь хараагүй, хэзээ гарч явсныг нь ч мэдээгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),
Гэрч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймагт ирээд байж байтал 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд манай ах Ц.Г нь над руу залгаад "миний дүү над дээр ирээд хүнд юм хүргээд өгөөч" гэхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил дэлгүүрийн үүдэнд очиход Ц.Г ах "ногоон өнгийн Хаан банкны виза картыг 190,000 төгрөгтэй хамт Булгийн 5-08 тоот хаягт Я байгаа түүнд хүргээд өгчих" гэж байсан. Тэгээд би шууд Я дээр мөнгө, виза карт хоёрыг нь хүргэж өгөхөд Я хэдэн хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд юмыг өгчхөөд гэр рүүгээ харьсан... Надад тухайн үед юу ч хэлээгүй. Би саяхан нь цагдаагаас дуудаж байна гэхээр нь юу болсон талаар асуухад Ц.Г ах "Я-ын 800,000. төгрөгийг данснаас авсан гээд цагдаагийн дээр шалгагдаж байгаа" гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 31-33-р хуудас),
Н.Я-ын 5035556461 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 36-р хуудас),
Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 02/78 дугаартай албан тоот (хх-ийн 37-р хуудас) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Г нь хохирогч Н.Я-ын виза картыг хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Я т 190,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэгдэл хохирол 610,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г-оос гаргуулж хохирогч Н.Я т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 2 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналлтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн шүүгдэгчийн хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд Ц.Г-од г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Г нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 54, 55-78-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, өрх тойлгойлсон эцэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 2 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, өрх тойлгойлсон эцэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-од г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339000780184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Батноров сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Ц.Г-од г оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-од г Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 610,000 (зургаан зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Я т олгосугай.
8. Эрүүгийн 2339000780184 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР