Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч Д овогт Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт Б.Г холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь 2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоотод байрлах хашаа бүхийн газрыг иргэн Г.Б худалдан авч 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0372830 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Улмаар нэг удаа газар өмчлөн авах эрхээ эдлэж хүсэлт гарган 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б-1723002747 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан юм. Гэтэл дээрх хашаа бүхийн газрыг эзгүй байх хооронд Б.Г гэгч этгээд дураараа авирлан бууж  улмаар өнөөдрийн байдлаар төрсөн эгчийнх нь гэх  айл нэмэгдэж хоёр айл миний газрыг хууль бусаар эзэмшин газраа эзэмшихэд минь саад учруулж байна. Мөрөн сумын Газрын даамлын ярьж байгаагаар энэхүү Б.Г гэгч нь өмнө нь манай хажуугийн хоосон хашаанд дураараа буусан байсныг тухайн хашаа бүхий газрын эзэмшигч нар хөөж явуулснаар манай хашаа руу дур мэдэн шилжин бууж эзэмшин миний газраа эзэмших эрхэд халдан саад учруулж ирсэн баримт байна. Миний бие өмнө нь  гурван удаа тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Б.Г гэгч нь өөр аймаг, сум руу ажиллахаар явсан юм уу хэсэг хугацаанд байхгүй, олдохгүй байсан тул миний нэхэмжлэлийг хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байсан юм. Одоо Б.Г нь миний хашаанд төрсөн эгчийнхээ гэх айлын хамт оршин сууж, албан ёсны хаяг харъяаллаа ч тус хаягаар тогтоолгон амьдарч байгаа ба шүүхээр асуудлаа шийдвэрлүүл хэмээн үл тоож  байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Б.Г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоот хашаа бүхий газрыг албадан чөлөөлүүлж иргэн Д.Б миний бодит эзэмшилд шилжүүлж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү. Миний бие газраа 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг төлсөн болно  гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б гэдэг хүнээс 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тухайн газрыг өөрийн нэр дээр өргөдөл бичиж шилжүүлж авсан. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр газрын албанд өргөдөл өгч газрын гэрчилгээгээ гаргаж авч байсан. Тэгээд газраа эзэмших гэтэл айл байсан учраас маргаан үүссэн. Одоог хүртэл ийм байдалтай байна. Тиймээс газрыг минь албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Энэ газар маань 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоотод байдаг газар байгаа юм. 2013 онд хашаагаа янзлах гээд очиход айлтай болчихсон, урдуураа хашаатай байсан чинь шон үлдсэн байсан. Асуусан чинь тийм зүйл байхгүй энэ миний газар энд олон жил байсан гэж байсан. Тэгэхлээр нь тухайн үедээ газрын албан дээр очиж даргатай нь хамт энэ айлд очиход манайх олон жил энд байсан манай газар гээд түүнээс хойш шүүхэд хандаж эхэлсэн. 2013 оноос хандаж эхэлсэн гэв.

         Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие Б.Г нь иргэн Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэхүү хашаа нь анх манайхыг 9 дүгээр багийн 25-06 тоотод зуны байшинд амьдардаг үед 2004 онд Ц гэдэг хүнээс шонгүй хоосон газар авсан.  Би энэ хашааг барьж амьдраад 2013 онд хүртэл амьдарсан. Гэтэл эхнэрийн бие муудаад  Улаанбаатар хот руу яаралтай явах болоод  хашаагаа эзэнгүй орхиогүй, гэр маань бариатай, хашаандаа хүргэнийхийгээ буулгаад явсан. Манай эхнэр Улаанбаатар хотод хавдрын эмнэлэгт хяналтанд байдаг учраас эмнэлэгийн ойрхон 3-4 жил Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад энэ жил орон нутагтаа ирсэн. Одоо манай хашаанд Д.Э нь 5-6 жил хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Мөн гудамж хорооны иргэд мэднэ. Манайх Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоотод амьдарч байгаа тул иргэн Д.Б гэгч нь надтай 9 дүгээр багийн 25-08 тоот газрыг нэхэмжилж өргөдөл гаргасан байна. Би Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоот хашаанд 2010 оны 11 дүгээр сард “Цахилгаан эрчим хүч”ээр хангах гэрээ хийсэн юм. Газрын албанаас явж байна гээд “бичиг баримт дээр гарын үсэг зур” гэсэн би өөрөө ч танилцаж амжаагүй байхад гарын үсэг зуруулан, газраа гурав хоногийн дотор сулла гэсэн үүнд гэр бүлийн хүн бид хоёр гомдолтой байна. Үүнийг та бүхэн шийдвэрлэж өгнө үү. Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-08 тоотоор гэрчилгээ гаргачихаад яагаад Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоотыг нэхэмжлээд байгаа учрыг олж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ газрыг 2004 онд аваад 2 тал хашаа барьж, жорлон ухсан. Одоо болтол амьдарч байна. Эхнэр маань бие муутай эмчилгээ хийлгэж байх хойгуур газрын талаар тийм асуудал гарсан байна лээ. Би өөрөө өвчтэй, ажил төрөл байхгүй өнөө маргаашаа өнгөрөөж явдаг хүн. Манай эхнэр савны хорт хавдрын эмчилгээ хийлгээд, бүр Эрээнд очиж эмчлүүлж байгаад ирсэн. Одоо эмнэлгийн хяналтад байдаг. Би энэ газрыг 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 6 тоотод зуны амбаарт амьдарч байхдаа Ц гэдэг хүнээс газар байхад нь аваад хашаа барьсан. Газрын гэрчилгээ авах боломжгүй байсан. Манайх одоо 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 7 тоот гэсэн хаягаар явдаг. Энэ хүн 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоот гэж нэхэмжлээд байгаа гэв. Багийн даргын тодорхойлолт хүртэл байгаа гэв.

 

         Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Г холбогдуулан өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хариуцагч Б.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн                25 дугаар гудамжны 08 тоотод байрлах газрыг Д.Б нь миний газар гэж байгаа бөгөөд манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07 тоот хаягаар явдаг, би тухайн газар эзгүй байхад нь бууж хашаа барьж жорлон ухсан, олон жил амьдарч байна энэ бол нэхэмжлэгч Д.Б н газар биш гэж маргасан байна.

      Нэхэмжлэгч Д.Б Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах, 734,4 кв м хэмжээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1723002747 дугаар бүртгэгдсэн бичилт бүхий 000089460 дугаар “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаархи Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Тахарын Ерөнхий газар наймдугаар тойргийн тахарын албаны дарга Б.Намгинжавын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/215 дугаар албан бичгийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын Ц.Г 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/924 дугаар албан бичгийн хуулбар 1 хуудас, эх хувиар1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2879 дугаар захирамж Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас,

      Хариуцагч Б.Г иргэн Бумба овогтой Г эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг хаяг 9-25-7  Зураг үйлдсэн: Хувилгаан газар ХХК-ны инженер Ж.Ж гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан, Хянасан ГХБХБГ-ын мэргэжилтэн Ц.Б гэх боловч гарын үсэг зурагдаагүй баримтын эх хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн засаг даргын албан бичиг 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар,

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Г одоо амьдарч байгаа хашааны солбилцол нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот газрын солбилцолтой давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот  байгууллалтын газрын кадастрын мэргэжилтнийг шинжээчээр томилох тухай хүсэлтийг гаргаж шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба ГХБХБГазрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э шинжээчийн дүгнэлтийг гаргаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоотод байрлалтай газрын нэгж талбарын хувийн хэргийг хуулбарлан нийт 17 хуудас баримтыг ирүүлжээ.

       Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоотод байрлалтай газрыг нэхэмжлэгч Д.Б нь иргэн Батпүрэвээс 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэн  авах хүсэлтээ холбогдох газарт гаргаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А-02 дугаар захирамжаар эзэмших эрхийг Б.Б шилжүүлсэн, тэрээр 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 0372850 дугаар “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр тухайн газрыг эзэмшсэн,  гэр бүлийн хэрэгцээнд зориулан уг газрыг өмчлөх өргөдлөө гарган, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгч Д.Б өмчилсөн, хариуцагч Б.Г нь 2006 оноос хойш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07 тоот хаягт оршин сууж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

      Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Б шаардах эрхтэй байна.

       Шүүх нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Учир нь: Хариуцагч Б.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 07 тоот хаягт 2006 оноос хойш оршин сууж байгаа, нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлалтай хашааны өмчлөгч гэж маргааны зүйлийг хоёр өөр мэтээр тайлбарлан маргаж байгаа боловч ГХБХБГазрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаагийн  /шинжээч/ Иргэн Дашням овогтой Б нь Мөрөн сумын 9 дүгээр баг 25 дугаар гудамжны 8 тоот 737,4м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А-02 тоот захирамжийн №21 дэх заалтаар Т.Б эрх шилжүүлэн авч уг газраа аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 тоот захирамжийн №937 дахь заалтаар өмчилж авсан байна. Уг газрыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13-н цагт газар дээр нь очиж хэмжилт хийсэн. Хэмжилт хийхэд геодезийн мэргэжилтэн Ц.Б, кадастрын мэргэжилтэн Б.Э, Б, Г гэр бүлийнхэн байсан бөгөөд Д.Б өмчилж авсан газар нь одоо амьдарч байгаа Б.Г газартай координатаараа давхцаж байгаа болно гэсэн дүгнэлтээр тухайн маргааны зүйл  нэг болох нь,

         Түүнчлэн хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамж зэрэг нотлох баримтаар Хөвсгөл аймгийн мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот буюу хариуцагч Б.Г оршин сууж байгаа газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Б мөн болох нь тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлах  737,4м2 өмчлөлийн газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Г үүрэг болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

      Хэрэгт авагдсан нотлох баримтаас Наймдугаар тойргийн тахарын албаны даргын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/215 дугаар албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байх тул үнэлээгүй болно.

       Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил учир энэ хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Иргэний хуулийн уг зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байх ба дээрхи маргаан  гэрээний үүрэгтэй холбоотой бус, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэн зохицуулалт үйлчилнэ гэж үзлээ.

       Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан ба нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргад энэ маргааны талаар шийдвэрлүүлэхээр хандаж байсан...гэж тайлбарлан  нотлох баримтаар  Хөвсгөл аймгийн мөрөн сумын засаг дарга Ц.Г 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/924 дугаартай...иргэн хоорондын эд хөрөнгийн маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна... гэх албан бичгийг ирүүлжээ.

    Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Д.Б нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

     Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн газраа 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж улсын тэмдэгтийн хураамжид 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гс 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоотод байрлах  737,4м2 өмчлөлийн газрыг чөлөөлж, газрыг нэхэмжлэгч Д.Б хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Г үүрэг болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгосугай. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА