Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2016/0033/З |
Дугаар | 111/ШШ2017/0037 |
Огноо | 2017-11-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 111/ШШ2017/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Ц.Идэрмөнх
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох
Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилон ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгэх, хууль бус актын улмаас учирсан хохирол 1500000 төгрөгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацалсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал, иргэдийн төлөөлөгч О.Амарсанаа, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн 52 настай. Эдийн засагч мэргэжилтэй бизнес удирдлагын магистер зэрэгтэй. Төрийн захиргааны албанд 29 жил 3 сар ажилласан. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Баянхонгор сумын 1-р баг Шинэ төгөлийн 12-т оршин сууж байна.
Аймгийн худалдан авах ажиллагааны алба 2012 онд байгуулагдаж хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтанд оролцон тавигдсан шаардлагуудыг хангасан тул миний бие эрх бүхий этгээдийн шийдвэрээр даргаар нь томилогдон ажилласан. Энэ ажилд томилогдохоосоо өмнө би аймгийн Мэргэжлийн хяналтын газар Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тус ажлын байр зарлагдсаны дагуу зохих шалгалтанд орж тэнцсэн юм.
Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай аймгийн засаг даргын захирамж гарч, тус захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, хэд хэдэн хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Тус захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 гэсэн заалт тус хуульд байхгүй, мөн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10–д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөөгүй.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүлийн 27.2.4-д "Төрийн байгууллага татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртлэх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэх заалт нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байрны)-ын тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан бөгөөд миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд уг баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна.
Миний өмнө нь эрхэлж байсан Худалдан авах ажиллагааны албаны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэртэйгээр одоогоор хадгалагдаж байгаа юм.
Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай) гэж заасан боловч орон нутгийн өмчийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын харъяанд нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж байсан. Худалдан авах ажиллагааны албаны хувьд дарга 1, мэргэжилтэн 3, жолооч 1, нягтлан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1 гэсэн долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд миний ажлын байр буюу төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
Намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахдаа надад ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр албан ажлынхаа өрөөнд сууж байтал захиргаанд ажиллаж байгаагүй үл таних эмэгтэй надад ...Ц.Идэрмөнх гэдэг хүн та мөн үү... гэж асуугаад ...мөн... гэтэл ...дарга энэ бичгийг өгч байна... гэж хэлээд нэг бичиг өгөөд гарсан. Юун бичиг байгаа талаар задалж үзэхэд намайг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын захирамж байсан.
Энэ үйл ажиллагаагаараа аймгийн Засаг дарга Г.Батжаргал нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зөрчиж шийдвэр гаргаж байгаа бол урьдчилан сонсгох ажиллагаа хийх, миний хувьд тухайн шийдвэрийн талаар урьдчилан тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрх үүргүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.
Би энэ захирамжийг хүлээн авсаны дараа тухайн захирамжийг эс зөвшөөрч 2016 оны 10 сарын 18-ны өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан тухайн захирамжийг хянуулах тухай гомдол гаргасан боловч надад албан ёсоор хариу мэдэгдээгүй. 2016 оны 11 сарын 18-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Дашцэрэнгээс утсаар ярьж асуухад Төрийн албаны салбар зөвлөл хуралдах боломжгүй байгаа, учир нь бүгд түр орлон гүйцэтгэгч нар байгаа гэсэн хариуг өгсөн ингээд хуулинд заасны дагуу шүүхэд хандсан юм.
1.Хуулинд огт байхгүй заалт үндэслэн ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд 24.1.3 гэсэн заалт огт байхгүй байна.
2.Мөн дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох чөлөөлөх заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай зөвшилцөөгүй. Авилгатай тэмцэх газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нар энэ ажилд Ч.Мөнхцэцэгийг томилох боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн.
3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т” Төрийн байгууллага татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэсэн үндэслэл авсан гэтэл миний ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй миний ажиллаж байсан орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн ямарч орон тоо хасагдаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.
4.Намайг ажлаас чөлөөлөхдөө надад ямар нэг байдлаар урьдчилан мэдэгдээгүй нь захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн эрхээ хамгаалах боломжийг огт олгоогүй.
5.Миний бие төрийн байгууллагад 29 жил 3 сар ажиллаад хууль бусаар чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан хаагч дараах баталгаагаар хангагдана.
Үүүнд: 27.2.1 энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 27.2.2 ...”Бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох нь ... төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх“ зэрэг заалтуудыг зөрчиж намайг чөлөөлөх нэрээр ажлаас халсан.
Төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх доорх 3 үндэслэл байна.
Үүнд: Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, Өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Дээрх үндэслэлүүдийн аль нь ч тохирохгүй байна.
6.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулна гэж заасан бөгөөд миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд уг баталгаагаар хангагдах ёстой.
Миний урьд нь эрхэлж байсан ХААА-ны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэр томъёотойгоор хадгалагдаж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж тодорхой зааж өгсөн.
Монгол Улсын Дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2010 оны 8 дугаар тогтоолын 15-д “ энэ хэсэгт заасан” ...”зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн” гэдэгт эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинээр бий болгосныг ойлгоно. “мөн хэсэгт заасан” Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тус тус заасан дээрх хууль Дээд шүүхийн тайлбаруудаас харах юм бол миний хувьд эрхэлж байсан ХААА-ны даргын ажил шинэ зохион байгуулалтанд орсон ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны А/633 дугаар захирамж, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд зэргээр бүрэн нотлогдож байгаа юм.
7.Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ...зэрэг үндсэн хуулийн язгуур эрх ашгийг зөрчиж байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлана” гэж заасныг зөрчин төрийн албаны хуульд захирагдах, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй үл тоомсорлосон байна.
Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0555 дугаар магадлалд дурдсан орон нутгийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг хангах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Миний бие эдийн засагч мэргэжилтэй, бизнес удирдлагын магистер зэрэгтэй, Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн. Мэргэшсэн байдлын хувьд 1998-2000 онд Төрийн өмчийн хорооны /одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ Баянхонгор аймаг дахь төлөөлөгчөөр, 2000-2005 онуудад Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргаж хууль зөрчиж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, түүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна” гэсэн шалгуурыг хангаж байгаа.
Гэтэл Ч.Мөнхцэцэг нь өнгөрсөн 4 жилд улс төрийн намд ажиллаж байсан худалдан авах ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаагүй төрийн албан хаагч биш. Үүнийг нь нотолж АТГ, ТӨБЗГ-ын дарга нар энэ албан тушаалд Ч.Мөнхцэцэгийг томилох боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0555 дугаар магадлалд дурдсанаар аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай ‘Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилон ажиллуулахыг аймгийн Засаг дарга Г.Батжаргалд даалгах, ажиллаагүй байсан буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус актын улмаас учирсан хохирол 1500000 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү“ гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цацалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан. Уг захирамжийн үндэслэх хэсэгт нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайн хуульд 24.1.3 гэсэн заалт байхгүй. Мөн тус хуулийн 30.1.10 нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалтыг баримталсан байна. Хамгийн чухал заалт буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтуудыг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрийн 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу бүтэц орон тоог өөрчилсөн тул Ц.Идэрмөнхийг чөлөөлсүгэй гэсэн байгаа. Ц.Идэрмөнх нь 1995 онд төрийн албан хаагчийн тангараг өргөж түүнээс хойш тасралтгүй 29 жил төрийн албанд ажиллаж байгаа өөрөөр хэлбэл Ц.Идэрмөнх нь төрийн жинхэнэ албан хаагч болсноороо тухайн Ц.Идэрмөнхтэй холбоотой харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна гэсэн байгаа, тэгэхээр Ц.Идэрмөнх нь өөрөө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулиар Ц.Идэрмөнхийн хөдөлмөрийн харилцаа зохицуулагдаж явна. Мөн Ц.Идэрмөнх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаа эдэлж байгаа тэгэхээр аймгийн Засаг дарга Г.Батжаргал нь маргаан бүхий захиргааны актдаа баримталсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “төрийн албан хаагчийн баталгаа” гэсэн зүйл байгаа энэ зүйлийг барьж Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм. Өөр өөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг маргаан бүхий захиргааны актдаа тусгаагүй учраас хууль бүс захиргааны акт юм. Мөн Ц.Идэрмөнхийг Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн томилуулах шаардлага байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалт байгаа. Энэ нь Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон. Харин тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг баримтлан Ц.Идэрмөнх нь энэ баталгааг эдлэх ёстой гэж үзэж байгаа. Мөн Худалдан авах ажиллагааны албыг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга нь 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог батлах тухай А/633 дугаар захирамжийг хавсралтаар аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн газрыг 10 орон тоотой байхаар захирамжлан урьд нь Ц.Идэрмөнхийн удирдаж байсан “Худалдах худалдан авах ажиллагааны үндсэн чиг үүргийг Орон нутгийн өмчийн газар гэсэн нэртэй болгон өөрчлөн байгуулсан байна гэж үзэж байна. Ямар учраас өөрчилөн байгуулсан бэ гэхээр Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг тайлбарласан байгаа. Уг тогтоолын 15-д зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдэг нь Иргэний хуулийн 31 дүгээрр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсныг хэлнэ” гэж заасан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж заасан байгаа. Иймд манай зүгээс хуучин худалдах, худалдан авах ажиллагааны алба болон Орон нутгийн өмчийн газрыг нийлүүлээд хоёулангийнх үйл ажиллагааг зогсоогоод Орон нутгийн өмчийн газар гэсэн бүтцийг бий болгон эрх, үүргийг нь шилжүүлсэн учраас манай талаас уг Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн хуулийн этгээдийг нийлүүлсэн байна гэж үзэж байна. Тэгэхэр ингэж хуулийн этгээдийг нийлүүлсэн байдал нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж үзэж Ц.Идэрмөнхийг өөрчлөн байгуулагдсан байгууллагад нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой учраас ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь чөлөөлөх заалт биш юм” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн “Худалдан авах ажиллагааны алба”-ыг аймгийн “Орон нутгийн өмчийн газар” болгон өөрчилсөн бөгөөд, тус газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрны /Албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 7-д “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ.” гэж заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж баталсан. Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод орон нутгийн өмчийн албаны 7 үндсэн зорилт, худалдан авах ажиллагааны албаны 1 үндсэн зорилт тусгагдсан байна. Энэ нь тухайн ажлын байранд зайлшгүй орон нутгийн өмчийн албаны туршлагатай мэргэшсэн албан тушаалтныг томилох шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзсэн.
Шинэчилсэн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг илүү хангаж байгаа буюу Орон нутгийн өмчийн албаны даргаар 2008-2013 онд ажиллаж байсан иргэн Ч.Мөнхцэцэгийг “Орон нутгийн өмчийн газар”-ын даргаар түр томилсон. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/6432 тоот алба бичигт Ч.Мөнхцэцэгийг төрийн захиргааны байгууллагад 5, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь Ч.Мөнхцэцэгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартай зөрж байна. Ч.Мөнхцэцэг тайлбартаа төрийн захиргааны байгууллагад 16 жил, үүнээс 8 жилийг удирдах алба хашиж байсан гэсэн тайлбар өгсөн байгааг нотлох баримтаар тодруулах шаардлагатай байна. Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг шинээр үүсгэн байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусгагдан үйл ажиллагаа явуулж байна.
Хоёр. Шинээр үүсгэн байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй зарлан зохион байгуулсан бөгөөд тус сонгон шалгаруулалтанд Ц.Идэрмөнхийн оролцох эрх нээлттэй байсан ч ороогүй. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Худалдан авах ажиллагааны алба байгуулагдахаас өмнө Засаг даргын Тамгын газарт өмчийн мэргэжилтэн алба, хэлтэс, газар байгаагүй, тэдгээрийг удирдах албан тушаалтан байгаагүй, харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өмч хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан учир орон нутгийн өмчийн газрын даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Идэрмөнхийг томилох нь зүйтэй байжээ гэж шүүх үзлээ.” гэсэн нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн маргааныг шийдвэрлэсэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гагцхүү уг албан хаагчийн урьд эрхэлж байсан албан тушаал хэвээр байгаа тохиолдолд “эгүүлэн тогтоож” шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчиж шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Гурав. Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 8951460 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Идэрмөнхөд олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг үүрэг болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д” төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”гэж заасны дагуу Ц.Идэрмөнхийн ажиллаж байсан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан байх тул хуулийн дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон дүнг хасч тооцоогүй.
Нэхэмжпэгч Ц.Идэрмөнхийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” -ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан, хэргийн оролцогчийн биелүүлсэн үйлдэл байх тул 1500000 төгрөгийг нөхөн төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Мөнхцэцэг миний бие нь 1967 оны 07 дугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1975 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж 1983 онд төгсөж бүрэн бус дунд боловсрол, 1985 онд тус аймгийн Богд сумын 10- н жилийн дунд сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсролыг эзэмшсэн.
Улмаар 1985 онд МУИС-д элсэн орж 1989 онд тус сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжпээр төгссөн. Сургуулиа төгсөөд Баянлиг сумын НААҮ-ний төвийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад тэр үеийн сумын депутатын чуулганаар хэлэлцэгдэж Баянговь сумын АДХГЗ-нд Санхүү тасгийн дарга, татварын байцаагчаар томилогдон 4 жил ажиллаад тус сумын Засаг даргын орлогчоор дэвшин томилогдож 5 жил ажилласан. 1996 онд болсон орон нутгийн сонгуулиар улс төрийн нөхцөл шалтгаанаар ажилгүй болсон хэдий ч хоёр сарын дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажпын албанд цагаатгал, ГХУСА-ийн хамт нягтлан бодогчийн ажпыг хавсран гүйцэтгэж байсан. 2008 онд аймгийн ОНӨА-ны даргаар томилогдон ажиллаж байгаад 2013 онд байгууллага татан буугдсан шалтгаанаар ажпаасаа халагдаж мэргэжпийн чиглэлээрээ салбар бүрт ажиллаж 4 жилийг өнгөрөөсөн. Тангараг өргөсөн төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн хувьд мэргэжпийн дагуу ажиллах хүсэлтийг тэр үеийн удирдлагуудад удаа дараа тавьж байсан боловч үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж хуулийг үл хүндэтгэн нэг ч удаа надад ажил санал болгож байгаагүйгээр барахгүй төрийн захиргааны ордонд ч орох эрхгүй явж 4 жилийг өнгөрөөсөн.
2016 онд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй зэрэгцэн МУЗГ-ын шийдвэрээр аймгийн Засаг даргын дэргэд Худалдан авалт, орон нутгийн өмчийн ажлыг эрхлэн гүйцэтгэх Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулагдахад аймгийн Засаг даргын захирамжаар даргаар нь томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Миний бие МУИС-ийг төгсөж нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, МУ-ын удирдлагын академийг дүүргэж нийгмийн удирдлагаар мэргэшсэн, мөн худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А-3 сертификаттай, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны байгууллагад 16 жил үүнээс 8 жилийг нь удирдах албан тушаал хашиж явсны хувьд энэхүү ажлыг хийж гүйцэтгэх бүрэн чадвартай гэж тус газрын даргаар ажиллах өргөдлөө гаргаж зохих газруудаас нь тодорхойлолт материалаа авч тус албанд томилогдсон.
Тодруулбал: Миний бие тус ажлын байранд түр тушаалаар томилогдсон. Түр тушаалтай байх хугацаанд тухайн ОНӨГ-ын даргын ажлын байр зарлагдаж, миний бие төрийн албаны шалгалт өгч тэнцсэн учир тус албан тушаалд жинхлэгдсэн. Тухайн албанд анх түр томилогдохдоо Авилгатай тэмцэх газраас тус албан тушаалд тэнцэж байгаа эсэх, Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдүүлэг явуулж хянуулан тодорхойлолт авсан хэдий ч намайг Төрийн захиргааны албанд 5 жил ажиллаагүй, Удирдах албан тушаалд 3 жил ажиллаагүй байна гэсэн утгатай албан оичиг ирүүлсэн. Үүний дагуу миний бие Авилгатай тэмцэх газарт дахин өргөдөл гарган хандахад уг албан тушаалд тэнцсэн тухай тодорхойлолт ирүүлсэн. Тус тодорхойлолтын дагуу зохих шийдвэрүүдийг гаргуулсан болно.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дэргэдэх орон нутгийн өмчийн алба, Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба гэсэн 2 тусдаа байгууллага нь татан буугдаж, шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны чиглэлд худалдан авах ажиллагааны үүрэг чиглэл байгаа хэдий ч Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байсан Ц.Идэрмөнхийг Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн томилогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Орон нутгийн өмчгийн газар нь бүтцийн хувьд Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албатай”.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Нутгийн удирдлагын 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг шүүх хуралаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Амарсанаа дүгнэлтдээ: “Ц.Идэрмөнхийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ажилд буцаан авах, ажилгүй байх хугацаанд учирсан хохирол болох 1500000 төгрөгийг нөхөн олгуулах, хуульд байхгүй заалтыг захиргааны актад тусгасан, Ц.Идэрмөнхийн ажлын байр хэвээр хадгалагдаад үлдсэн гэсэн үндэслэлээр Орон нутгийн өмчийн газрын даргаар томилохыг даалгах гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгэх, хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцааны төлбөр 1500000 төгрөгийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилон ажиллуулахыг аймгийн Засаг дарга Г.Батжаргалд даалгаж өгнө үү” гэж дээрх шаардлагаа өөрчилсөн болно.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулахыг Аймгийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
1.Нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 112 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны даргаар анх томилж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дүгээр захирамжаар бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” Б/634 дүгээр захирамжийн үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгүүд гэж тодорхойлжээ.
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн “24.1.3” гэсэн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэсэн,
- мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”,
- Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан байх ба эдгээр хуулийн заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, халах үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл халагдснаар дуусгавар болохоор хуульчилсан байтал тухайн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад Ц.Идэрмөнхийг төрийн албанаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”,түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2.5-д заасан хууль дээдлэх үндсэн зарчим болон төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмуудыг тус тус зөрчжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, маргаан бүхий захиргааны актад дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.
Хэдийгээр дээрх заалтад “төрийн байгууллага ...өөрчлөн байгуулагдсан” гэх зохицуулалт байгаа ч мөн зүйлийн өмнөх заалт буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг төр буюу тухайн албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалтыг оруулж өгсөн байна.
Тухайн тохиолдолд: Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Худалдан авах ажиллагааны алба” ажиллаж байх үед Орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ямар нэгэн төрийн бие даасан байгууллага ажиллаж байгаагүй бөгөөд уг асуудлыг хариуцсан нэг мэргэжилтэн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд харъяалан ажиллаж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн газарт хамааруулан ажиллуулахаар тогтоожээ.
Энэ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “...үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарч байсан Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд хамааран ажиллаж байсан орон нутгийн өмчийн мэргэжилтний гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй нэгтгэн нийлүүлэх замаар “Орон нутгийн өмчийн газар” гэх нэршлээр төрийн байгууллагыг өөрчлөн байгуулснаас бус “Худалдан авах ажиллагааны алба” татан буугдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар тус албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан байдал биш байна.
Дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/633 дугаар захирамжийн хавсралтаар Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг 10 орон тоотой байхаар захирамжилжээ. Урьд Ц.Идэрмөнхийн удирдаж байсан Худалдан авах ажиллагааны албаны үндсэн чиг үүрэг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газартай хамт байхаар тогтоогдсон, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны гол үйл ажиллагаанд Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Тодруулбал: Худалдан авах ажиллагааны албаны даргын болон Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтуудад тусгаснаар албан тушаалын ангилал нь Ахлах түшмэл, албан тушаалын зэрэглэл нь ТЗ-9, шууд харьяалах албан тушаалтан нь аймгийн Засаг дарга байна.
Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод Орон нутгийн өмчийн талаарх асуудлыг тусгаснаас гадна Худалдан авах ажиллагааны асуудлыг давхар тусгасан бөгөөд энэ нь
а.Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэг буюу Чиг үүрэг, ажлын байрны зорилго хэсэгт “Тухайн орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх” гэсэн нь
Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсгийн Чиг үүрэг, ажлын байрны зорилго хэсэгт “...Бараа ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлагдсан төлөвлөгөөний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах” гэж тусгасантай утга агуулгын хувьд адил байна,
б. Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 2 дахь хэсэг буюу Ажлын байрны үндсэн зорилт хэсэгт “Тухайн орон нутгийн хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах”, 2.1-д “Худалдан авах ажиллагааны ил тод байдал, хангагдаж, худалдан авах ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим хэрэгжүүлнэ” гэсэн нь
Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 2.Ажлын байрны үндсэн зорилтын 6-р хэсэгт,
в. Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 2. Ажлын байрны үндсэн зорилтын 4-т “Орон нутгийн засаг захиргааны байгууллага, худалдан авах ажиллагааны газрын ажлын уялдаа холбоог хангаж ажиллах”, “Ажлын уялдаа холбоо сайжирсан байна” гэсэн нь
Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 2.Ажлын байрны үндсэн зорилтын 7-р хэсэгт,
г. Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 2. Ажлын байрны үндсэн зорилтын 5-т “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж, сургалт, сургалчилгааны ажлыг явуулах, ажилтнуудыг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан зөрчил, маргааныг шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллах”, 2.1-н 4-т “Худалдан авах ажиллагаа ил тод явагдаж, эрх зүйн зөрчлөөс сэргийлэгдсэн байна” гэсэн нь
Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 2.Ажлын байрны үндсэн зорилтын 8-р хэсэг тус бүрт бүрэн өгүүлбэрээр шууд шилжсэн байна.
Түүнчлэн Ц.Идэрмөнх нь Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа нь хэрэгт авагдсан төрийн албан хаагчийн тангаргын хуудас, бакалаврын болон магистрын дипломын хуулбар, гэрчилгээ, аймгийн Худалдан авах ажиллагааны даргаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал, түүний нэхэмжлэл, тайлбар зэргээс харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.”, “Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тус тус заажээ.
Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Ц.Идэрмөнхийн урьд ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны алба шинэ зохион байгуулалтад орсон ч чиг үүрэг хэвээр хадгалагдсан нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны А/633 дугаар захирамж, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” Б/634 дүгээр захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг огт хийгээгүй байх бөгөөд энэхүү акт нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд ажиллах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзсэн болно.
Хоёр. “Ц.Идэрмөнхийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлагуудыг тухайд:
Нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийг төрийн албанаас чөлөөлөх нэрийдлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бусаар ажлаас халсан гэж үзсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 болон 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 15 771 833 /арван таван сая долоон зуун далан нэгэн мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, энэ талаар холбогдох дэвтэрт бичилт хийлгэх үндэслэлтэй байна.
Гурав. “Хууль бус актын улмаас учирсан хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн үйлдэл байх тул 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай” Б/634 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилон ажиллуулахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Идэрмөнхийн ажилгүй байсан 11 /арван нэг/ cap 21 /хорин нэг/ хоногийн цалин 15.771.833 /арван таван сая долоон зуун далан нэгэн мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Ц.Идэрмөнхийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧ Б.СУГАР
Б.БАТЧИМЭГ