Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0204

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т Т М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга    

 

Нэхэмжлэгч: “Т Т М” ХХК

Хариуцагч: “Э ү” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “И” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн И ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, И ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т Т М ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” тухай,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0005 дугаар шийдвэр,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э ү ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Б.О, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Д.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 119/2025/0047/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т Т М” ХХК-иас “Э ү” ТӨҮГазар, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн И ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, И ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т Т М ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т Т М компанийн Э ү ТӨҮГазарт холбогдуулан гаргасан Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т Т М компанийн Э ү ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарыг 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны акт, Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны акт, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн И ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т Т М компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШЗ2026/0023 дугаар захирамж хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй:

НЭГДҮГЭЭРТ. Тендерт шалгарсан "И" ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар 26.4-д заасан шаардлагыг хангаагүй:

1/Захиалагч тендерийн баримт бичгийг батлах эрхтэй ба ЭҮТӨҮΓ/20250102440 дугаартай Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.1.2-т Оролцогчид техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байх ёстой гэжээ. Улмаар 18.1.2.2-т Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлагад 2022-2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн бөгөөд тухайн бараа нь оролцогчийн тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 45 хувиас багагүй байна гэж тусгасан. Уг туршлагын ижил төстэй гэрээ гэдэгт Өрмийн машины сэлбэг нийлүүлэх гэрээ байна гэж заасан. Гэтэл "И" ХХК-ийн гэрээний туршлагыг нотлох үүднээс ирүүлсэн гэрээ нь "Д" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ" гэх нэртэй. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл нь Тендерт дурдсан Өрмийн машины сэлбэг, эд ангид хамаарахгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд шийдвэр нь хууль бус юм.

2/ "И" ХХК нь Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 66 дахь хүснэгтэд заасан Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх эсвэл түүнтэй дүйцэх эд ангийг нийлүүлэх гэж байна уу гэдэг саналаа тендер ирүүлэхдээ тодорхой илэрхийлэх ёстой байтал "И" ХХК нь Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх үү эсвэл түүнтэй дүйцэх өөр эд ангийг нийлүүлэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Тендерийн тодорхойлолтод заасан ямар төрлийн эд ангийг захиалагчид нийлүүлэх гэж байгаагаа, хоёрдмол санаагүйгээр ойлгомжтой илэрхийлээгүй байхад Э үийн Үнэлгээний хорооны 2025.10.17-ны өдрийн хуралдаанаар өөрсдөө бие даан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

"Э ү" ТӨҮГ болон уг тендерийн Үнэлгээний хороо энэ асуудлыг тодруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана"; мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д "Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно", Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 4.1-т "Хуулийн 51.4-т заасан үндэслэлээр үнэлгээний хорооны хурлыг хойшлуулсан бол холбогдох тодруулга авах хүсэлтийг холбогдох этгээдэд яаралтай хүргүүлж, хариу авна" гэж хууль тогтоомжид заасныг зөрчсөн Өөрөөр хэлбэл "И" ХХК-иас тодруулга авалгүйгээр өөрсдийн санаачлагаар тендерт ирүүлсэн баримтыг шаардлага хангасан гэж үзэж, цаашид байгуулах гэрээндээ Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250 гэж оруулахаар болсон нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.18-д "И ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг бараа тус бүр дээр гаргаж ирүүлсэн байх бөгөөд Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250 гэж заасны дагуу Р СБШ 250 загварын барааг нийлүүлэхээр санал болгосон нь нотлогдож байна" гэсэн нь бодит байдалд нийцээгүй. Учир нь "И" ХХК-иас цахимаар ирүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан Флаш диск дэх уг баримтад "Э ү" ТӨҮГ-ын хүссэн Р үйлдвэрийн Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх үү ЭСХҮЛ ТҮҮНТЭЙ ДҮЙЦЭХ сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх үү гэдгээ тодорхой дурдаагүй.

3/ Оролцогч "И" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна" гэж заасныг зөрчсөн.

"И" ХХК нь маргаан бүхий тендерт ОХУ-ын В хот, Ч гудамж, 13 байранд оршин байрлах "УГМК Р-В" ХХК-ийн 2025.5.10-ны өдрийн "Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл" гэх албан бичгийг тендерт ирүүлсэн. Гэвч тухайн ОХУ-ын В хот, Ч гудамж, 13 байранд оршин байрлах "УГМК Р-В" ХХК-ийн нэр нь "УК Р" ХХК болон өөрчлөгдсөн, тендерт ирүүлсэн уг албан бланкийг ашигладаггүй, 2025 оны байдлаар Ерөнхий захирал В.К.З гэх хүн ажилладаггүй, В.К.З нь өмнөх уг компанид ажиллаж байгаад ажлаас гарсан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт хавсарган эх хувиар нь ирүүлсэн В.К. З-ы өргөдөл, УК Р ХХК-ийн 2025.10.23-ны өдрийн 30/8-1337/1 TOOT албан бичиг, УК Р ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтыг үндэслэн "Р компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг эрх бүхий этгээд гарын үсэг зурж ирүүлээгүй гэдгийг тогтоох, энэ үндэслэлээр уг баримтыг хуурамч гэж дүгнэх боломжгүй юм" гэжээ. Шүүх В.К.З гарын үсэг зурж ирүүлээгүй гэдгийг тогтоох боломжгүй гэдгийг дугнэхдээ "Гадаадад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай" 1961 оны конвенцид зааснаар баталгаажуулалт буюу Апостиль гэрчилгээ хийлгэх шаардлагыг хангасан баримт бичиг байхгүй гэж тодруулжээ.

Улсын дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 001/XT2023/00092 дугаар тогтоолоор "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-ийн зөв хэрэглээг тайлбарлан, тогтоосон. Өөрөөр хэлбэл конвенцийн зорилго нийтийн эрх зүйн баримт бичгийг үйлдсэн этгээд бүрэн эрхтэй эсэх, баримт бичгийн гарын үсэг, тамга тэмдгийг дахин нягтлан шалгах хэлбэрийн шалгалтын дарамт үүргээс энэ баримт бичгийг хүлээн авч буй улс орныг чөлөөлөх, апостиль баталгаа хийлгэсэн бол хүлээн авагч улс шүүх, арбитр, прокурор, нотариатчдийн үйлдэл, бүртгэл бүхий албан ёсны гэрчилгээ, лавлагаа зэрэг нийтийн эрх зүйн баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх нийтлэг стандартыг тогтоох явдал гэж үзэхээр байна. Энэ агуулгаар хувийн эрх зүйн субъект өөрийн гаргасан баримт бичгийг нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэхэд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах эсэх асуудал нь сайн дурын шинжтэй бөгөөд уг баталгаажуулалтыг хийлгээгүй нь баримт бичгийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй..." гэжээ. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

4/ "Э ү" ТӨҮГ-аас зарласан Р компанийн "Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад ялагч болсон "И" ХХК нь Р компанийн үйлдвэрлэдэг СБШ-250 МНА-32 ермийн машины бүх сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг албан ёсны үйлдвэрлэгч УК Р компаниас нийлүүлэх бодит боломжгүй.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай "Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг" нийлүүлэх тендерт
"МК У С" ХХК, "У П" ХХК, "РВД-У" ХХК, "РГМ-У" ХХК, "И М" ХХК, "ООО УК Р" ХХК гэх 6 компаниас 85 төрлийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр анх тендерт хүсэлтээ ирүүлж шалгарсан.

Гэтэл дээрх тендерийн саналд дурдагдаагүй ОХУ-ын "Т-И" ХХК-тай Захиалагчийн Техникийн тодорхойлолтод заасан 85 нэр төрлийн бараа бүгдийг нь 94,322,196 рублээр худалдан авахаар 2025.12.01-ний өдрийн 10/2025-ТИ гэрээгээр тохиролцож, гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Энэ гэрээнээс харахад "И" ХХК тендерт дурдсан 6 компианаас бус, харин тендерт дурдагдаагүй "Т-И" ХХК-иас 2025.12.01-ний өдөр 94,322,196 рубль төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Ийм байхад хариуцагч "Э ү" ТӨҮГ-аас тендер хууль ёсны дагуу явагдаж байгаа гэх тайлбар гарган оролцож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан "хариуцлагатай байх зарчмыг" зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь Хуурамч нотлох баримт гарган өгч, тендерт дурдаагүй өөр компаниас бараа, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхээр тендерт оролцож байгаа байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрөх ёсгүй.

Тендер сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн санал ямар ч ач холбогдолгүй мэт ойлгогдох нөхцөл байдал үүсч байна. Энэ нь шударга ёсонд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх" зарчимд нийцээгүй.

3.2. ХОЁРДУГААРТ. Шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдэлд нөлөөлсөн:

1/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие 2025. 11.27-ны өдөр ЭҮТӨҮГ/20250102440 дугаар тендерт шалгарсан "И" ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн ирүүлсэн болохыг тогтоолгохоор Сангийн яаманд мэдээлэл гаргасан, гэтэл Сангийн яамны Улсын ерөнхий байцаагчаас гомдол, мэдээлэлд ажиллагаа үүсгэх үүргээ биелүүлэхгүй 2 сар орчим хугацаа өнгөрсний дараа буюу эс үйлдэхүйтэй холбоотой гомдол өөрт нь гаргасны дараа 2026.01.26-ны өдөр Улсын Ерөнхий байцаагчаас "Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж"-ийг гаргаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхлүүлсэн байх боловч хяналт шалгалтын дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа" гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026.01.29-ний өдөр гаргасан хүсэлтийг хангаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэхгүй орхисноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчсөн.

2/ Шүүх хэргийг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн шийдвэрлэх явдал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасанд нийцнэ. Сангийн яамны улсын байцаагчийн дүгнэлтийн талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй нь үндэслэлгүй.

3.3. ГУРАВДУГААРТ. Захиалагч "Э ү” ТӨҮГ-ын 2025.10.22-ны өдрийн М- ДБ-112-12/10885 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиргааны акт хууль бус, нэхэмжлэгчийн тендерт оролцох, улмаар шалгарах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тухай:

1/ Захиалагч "Э ү” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102440 дугаар тендер нь Оросын Холбооны Улсын Р үйлдвэрийн СБШ-250 МНА-32 загварын өрмийн машины 85 нэр төрлийн сэлбэг, эд анги нийлүүлэгчийг сонгон шалгаруулах зорилготой байсан. "Т Т М" компани нь 2015 оноос хойш СБШ-250 МНА-32 өрмийн машин болон түүний сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийн үйлдвэрлэгч Р компанийн албан ёсны дилерээр ажилладагын хувьд СБШ-250 МНА-32 өрмийн машины бүх сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг Р үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрхтэй төдийгүй өөр бусад үйлдвэрлэгч нараас ч энэ төрлийн сэлбэг, хэрэгсэл, эд ангиудыг авч, харилцагч байгууллага, хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой тендер шалгаруулалтад дурдсан шаардлагыг хамгийн сайн хангах компанийн нэг юм.

Гэтэл захиалагчийн 2025.10.22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиргааны актаар манай материалыг ТШЗ 20.1-д заасны дагуу "Автомат ЕК ВА47-100 бараанд холбогдох Үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй тул шаардлагад нийцээгүй" гэж татгалзсан.

 2/ Дараах үндэслэлээр энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

Захиалагч "Э ү" ТӨҮГ-ын зарласан тендер сонгон шалгаруулалтын зорилго нь Р үйлдвэрийн СБШ-250 МНА-32 загварын Тэсэлгээний цооногийн ермийн машины сэлбэг хэрэгсэл нийлүүлэх 1 багц барааг сонгон шалгаруулахад оршиж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс СБШ-250 МНА-32 загварын Тэсэлгээний цооногийн өрмийн машины анхны үйлдвэрлэгч "УК Р" ХХК-иас ЭҮТӨҮГ/20250102440 дугаар тендерт дурдсан 35 нэр төрлийн бараа, материал бүгдийг нийлүүлэх итгэмжлэлийг ирүүлсэн.

Харин захиалагчаас тухайн тендерт дурдсан 85 нэр төрлийн бараа, сэлбэг, дагалдах хэрэгсэл тус бүрт үйлдвэрлэгч, эсхүл борлуулагчийн зөвшөөрөл ирүүлэхийг тендерийн баримт бичигтээ шаардаагүй. "Т Т М" ХХК-ийн ОХУ-ын 2 компаниас авсан итгэмжлэл, зөвшөөрлөөр багцад дурдсан 85 төрлийн сэлбэг, эд анги, дагалдах хэрэгслийг нийлүүлэх бүрэн боломжтой байсан.
Захиргааны актад дурдсан iEk BA47-100 нь өргөн хэрэглээний гал хамгаалагч бөгөөд нэхэмжлэгч талаас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, итгэмжлэлийг нь авсан "УК Р" ХХК /товчилсон нэр ГМК-РГМ ХХК/ болон "Баяжуулалтын тоног төхөөрөмж" ХХК-иуд зөвшөөрөл, итгэмжлэлдээ 30 ширхэг іЕК ВА47-100-г гал хамгаалагчийг нийлүүлэхээр хамааруулсан. Тендерийн ялагч "И" ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигтээ дурдаагүй, илүү баримт ирүүлсэн нь түүнийг шалгаруулах, бусад оролцогчдыг ижил үндэслэлээр татгалзах үндэслэл болохгүй.

3/ Мөн гуравдагч этгээд "И" ХХК нь Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг хэрэгслийн тендерт дурдсан 85 нэр төрлийн барааг, тэр дундаа өөрөө борлуулагчийн зөвшөөрөл ирүүлсэн гэх iEk ВА47-100 барааг "И М" ХХК-иас бус тендерт дурдагдаагүй "Т-И" ХХК-иас 30 ширхэгийг захиалж, төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл "И" ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь нотлогдоод зогсохгуй санал ирүүлсэн 6 компаниас Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх үүргээ ч ноцтой зөрчөөд байгаа юм.

Гэтэл тендер буюу төрийн худалдан авах ажиллагааг бүхэлд нь хянах шүүх энэ нөхцөл байдлын талаар нэг ч дүгнэлт өгөөгүй. Энэ асуудал шүүхийн дүгнэлтээс гадуур үлдэх учиргүй. Гуравдагч этгээд илт хууль бус үйлдэл гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж өөрийн дураар авирлаж байгаад гомдолтой байна.

3.4. ДӨРӨВДҮГЭЭРТ. Захиалагч, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй:

1/ "Э ү” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 28.1.1-д "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно", 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан эсэх"-ийг хянах, 26.4.4-д "тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан эсэх"-ийг хянана. 26.10.3-т "тендер шалгаруулалтын баримт бичигт... мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана" гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.02.02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

    ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Т Т М” ХХК-иас “Э ү” ТӨҮГазар, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Э ү” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э ү” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Т Т М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Маргааны үйл баримтын тухайд:

“Э ү” ТӨҮГ-иас зарласан “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтад “И” ХХК, “Т Т М” ХХК, “СЖЦ” ХХК-иуд тендерийн материалаа ирүүлснийг Үнэлгээний хороо хянан үзэж, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр “Т Т М” компанийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн гэж үнэлэн тендерийн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн, захиалагчаас тус зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж үндэслэлгүй гэж тендерийг дахин хянуулахаар шийдвэрлэсэн.

4.1. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэж захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10424 дугаар мэдэгдлийг “Т Т М” ХХК-д, мөн өдрийн М-ДБ-112-12/10426 дугаар мэдэгдлийг “И” ХХК-д тус тус хүргүүлснийг эс зөвшөөрч захиалагчийн тендерээс татгалзсан тус шийдвэрийг хянуулахаар “И” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргажээ.

4.2. Дээрх гомдлыг хянаад, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 дугаар албан бичгээр: “И” ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10426 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Э ү” ТӨҮГ-т мэдэгдсэн байна.

4.3. Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тус өдрийн 05 дугаар тэмдэглэлээр ...тендерийг дахин хянан үзэж, “И” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж үндэслэлтэй гэж дүгнэсэн тул захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “И” ХХК-д, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “Т Т М” ХХК-д тус тус хүргүүлжээ.

4.4. Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Э ү” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2025/15-10-0491 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

4.5. Харин “Т Т М” ХХК нь захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9781 дугаар албан бичгээр “...Гомдолд гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй...” гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.             

6. Учир нь нэхэмжлэгчээс “…Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх “Р” компаниас “2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр Ерөнхий захирал В.К.З нь Монгол Улсын “И” ХХК-д СБШ машинд зориулсан сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцох, цаашид гэрээ байгуулах үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг өгч байгаа" гэх агуулгатай хуурамч нотлох баримтыг хавсарган ирүүлсэн байхад “И” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахаар болсныг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... албан бичигт гарын үсэг зурсан гэх Ерөнхий захирал В.К.З нь “Р” компанид ажиллахаа больсон бөгөөд “Р” компани нь “ООО УК Р” нэртэй болж өөрчлөн байгуулагдсан ба “И” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган өгсөн албан бланкийг ашигладаггүй. ...”И” ХХК нь хууль, хуульчилсан актад заасан үүргээ зөрчиж хууль бусаар тендер сонгон шалгаруулалтад оролцон, бусад оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал өгсөн байхад тендерт шалгаруулсан нь захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй...” гэж,

хариуцагчаас “...”УГМК Р-В” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “И” ХХК-д олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийн хариуцна гэж заасан бөгөөд захиалагч үнэн зөвийг нотлохгүй. ...”Э ү” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ДБ-112-12/4603 дугаар албан бичгээр “И” ХХК-ийн тендерийн материал хуурамчаар үйлдсэн гэх баримтуудыг шалгуулахаар Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн. ...”И” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүх дүгнэлт гаргахгүй...” гэж,

гуравдагч этгээдээс “...оролцогч нар өөрсдөө тэр хууль бус нотлох баримт гэдэг агуулгынхаа хүрээнд үүнийгээ нотлох ёстой. ...З гэдэг хүний гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг асуудлыг ярьсан. Манай компани ямар нэгэн байдлаар “И” ХХК-ийн зүгээс хуурамч нотлох баримтыг бүрдүүлээгүй, Нотариатын тухай хуульд заасны дагуу эх хувиас нь хуулбар үнэн даруулаад тендерийн материалдаа хавсаргаж өгсөн, ...”Р” гэсэн нэртэй олон компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг...” хэмээн тус тус тайлбарлан маргасан байна.

7. Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэж маргаж, түүнд хамаарах нотлох баримтуудыг гаргаж маргаж байгаа байгаа боловч шүүх эдгээр баримтыг үндэслэн “И” ХХК-ийн тендерт ирүүлсэн “Р” компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг эрх бүхий этгээд гарын үсэг зурж ирүүлээгүй гэдгийг тогтоох, энэ үндэслэлээр уг баримтыг хуурамч гэж дүгнэх боломжгүй, ...Учир нь ОХУ-ын “Р” гэх нэртэй хуулийн этгээд нэг эсхүл ялгаа бүхий хэд хэдэн хуулийн этгээд байдаг эсэх нь тодорхой бус, “Р” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлд гарын үсэг зурсан В.К.З гэх хүн тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, гарын үсэг зураагүй гэсэн Сангийн яаманд гаргасан В.К.З гэх гарын үсэг бүхий гомдолд өөрөө тухайн хүн гарын үсэг зурсан эсэх нь тодорхой бус, эдгээр гадаад улсад үйлдэгдсэн баримтууд, түүнд зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг үнэн зөв эсэх нь нотлогдохгүй байна...” хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

8. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана” гээд, 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхийн шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэх бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ”, 5.3-т “Хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 5.11-т “Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж шалгуулсан этгээдэд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар хүргүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заажээ.

9. Дээрх хуулийн зохицуулалт, талуудын маргаж буй үндэслэлээс үзэхэд “И” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүхээс дүгнэлт гаргах боломжгүй байх бөгөөд гагцхүү худалдан авах ажиллагаанд оролцогчийн тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэх асуудлаар Улсын байцаагч дүгнэлт гаргах зохицуулалттай байна.

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Э ү” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ДБ-112-12/4603 дугаар албан бичгээр “И” ХХК-ийн тендерийн материал хуурамчаар үйлдсэн гэх баримтуудыг шалгуулахаар Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн, ...2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Ерөнхий байцаагчаас Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 01 тоот удирдамжийг гаргаж, хяналт шалгалт эхлүүлсэн, ...тус хяналт шалгалтын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа энэ тохиолдолд шүүхээс уг нөхцөл байдлыг нэг мөр тодруулж холбогдох баримтыг бүрэн гүйцэт цуглуулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

11. Тодруулбал, нэхэмжлэгчээс “И” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар уг нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, эрх бүхий этгээдээс уг асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн хэдий ч тус хяналт шалгалттай холбоотой шийдвэр эцэслэн гараагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...улсын ерөнхий байцаагчийн удирдамжаар 1 сарын хугацааг дахин сунгаад 03 дугаар сарын 26-ны өдөр хяналт шалгалтыг дуусгахаар болсон, ...дүгнэлт одоогоор гараагүй...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд уг маргаан бүхий нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах нь хэргийг нэг мөр, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой, уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд  шууд хамааралтай гэж үзэхээр байна.

12. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэх, холбогдох хуулийн хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхийн шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1-д зааснаар “оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” зэрэг эрх зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх атал маргаан бүхий уг нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүхээс холбогдох баримтыг бүрэн гүйцэт цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН