Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 29

 

                                          Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч С.Алтай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун,

Хохирогч Ч.Сүхбаатар,

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нарыг оролцуулан

Гэрч Ө.Наранбаярыг байлцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201611000167 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1966 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Цагаан чулуут” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 сарын 30-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хэргийг Монгол Улсын 2009 оны 7 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Дорнод аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 5/465 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

-мөн Прокурорын газрын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 05/55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг Монгол Улсын 2015 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ЖЮ66080512 регистрийн дугаартай, Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатар.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Бурхант гэх газарт иргэн Ч.Сүхбаатарын 3 тооны үхрийг Хонда-Лого маркийн 57-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бэлчээрт нядалж, бусдад 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Т.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хулгай хийгээгүй. Малын хаа дутуу гэж хэлээд байна. Би нурууг нь авч үлдээд бүтэн махаар  нь өгсөн. Мах авдаг газар хяналтын камер ажиллаж байгаа шүү дээ. Намайг машинаа журмын хашаанд хийх хооронд хэргийн газарт үзлэг хийгээд ирсэн байсан. Шинжээчид манай гэрт хүртэл очиж ирсэн байсан шүү дээ. Хэрэг гардаг өдөр Наранбаярын мотоцикл эвдэрсэн  гэхээр  нь очиж чирж авчирсан. Айлын гадаа авчирч тавиад тэр айлдаа хоносон. Өглөө нь аймаг руу ирээд махаа зараад буцсан. Гэртээ ирэхэд Чинзориг утсаар  залгаад “Чамтай уулзах хэрэг байна” гэсэн. Тэгээд би өглөө нь ирж уулзсан. Тэгэхдээ нурууны мах шулж аваад хөргөгчиндөө хийсэн. Шулсан яс нь гэрт байсан. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр малаа услах гээд очиход байхгүй болчихсон байсан. Айлын хашаанд мал ажилласан байсан. Би зүүн талаас нь очиж харчихаад шууд цагдаагийн газарт хандсан. Ганцаараа мал ажиллана гэдэг нь их сонин санагдаж байсан. Сээргүй хаа, гэдэс зэргийг нь шуудайнд хийсэн байсан. Дал хавирга нь яг л таараад байгаа юм. Би энэ хүнийг санаатайгаар үймүүлээд байна гэж бодож байна. Гэрч нар ч бас гэрчилж байна. Хагас мах нь яасан бэ гэхээр ачигдсан гэж байсан. Би урьд нь хэрэг төвөгт орооцолдсон гэж бодож байна. Манай гэрийн ойролцоогоос өмнө нь хулгай хийсэн юм шиг байна лээ. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү  гэж хүсэж байна гэв.

             Гэрч Ө.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Би 2016 оны 4 сарын 17-ны өдөр Матад сум явсан. Шинэхүү гэдэг айлынд хоноод өглөө нь босоод адуу малаа бүртгэж аваад Шинэхүүд хүлээлгэж өгсөн. Тэгээд замдаа явж байгаад миний унаж явсан мотоцикл эвдрэхээр нь замын хүнд эцэг, эхийнхээ дугаарыг өгөөд холбоо бариулсан. Орой манай ээж, аав ирээд машинтай авсан. Мотоциклоо айлын гадаа орхиод явсан. Би аймагт ирээд гэртээ хонох гэсэн боловч хүн байгаагүй. Тэгэхээр нь Уранмонгол эгчийнд ороод ядарсандаа хувцастайгаа унтаад өгсөн байсан. Өглөө нь сэрэхэд аав ээж хоёр ирчихсэн байсан. Тэгээд зах ороод мотоциклын  сэлбэг  аваад айлын гадаа ирээд мотоциклоо зассан. Ямар ч байсан Хүрэлбаатарын  машинд иймээ тийм юм байгаагүй. Ор хөнжлийн даавуу, хувцас зэрэг л байсан. Байцаагчид би харсан зүйлээ л мэдүүлсэн гэв.   

Гэрч Ч.Энхтөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …2016.04.17-ны өдөр Ням гарагт Т.Хүрэлбаатар, Н.Нэргүй нар нь аймгийн төв явлаа гээд өөрийн эзэмшлийн жижиг тээврийн хэрэгслээр яваад 2016.04.19-ний өдөр ирээд машинаас үхрийн хаа, гуя буулгаад зүүн талын илүү гэрт оруулаад шулаад уутанд хийгээд 12 цагийн үед аймгийн төв рүү явсан. …ирэхдээ үхрийн махтай ирсэн бөгөөд 2016.03.20-ноос хойш гэрийн гадаа ямар нэгэн үхэр мал янзлаагүй. Надад хэлэхдээ авч ирсэн үхрийн махаа захаас худалдаж авсан гэж ярьсан” гэжээ. /хх-ийн 45-46/

Гэрч Г.Баянмөнх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”2016.04.19-ний өдөр аймгийн төв дээр байж байхад хадам аав Сүхбаатар над руу утсаар залгаад 3 тооны үхрийг бэлчээрт нядалсан байна гэхээр нь хэсгийн төлөөлөгч С.Чинзориг руу ярихад аймгийн төвд ажлаар явж байна гэхээр нь цуг хэргийн газар руу очсон. Очиход хар мухар халзан, ухаа халзан, улаан халзан 3 тооны эр үхрийг нядалж толгой, арьс болон гэдэс дотор сэвсийг хаясан байсан. Биеэр арай том ухаа халзан эр үхрийн арьс болон хэл багалзуур хоолой, уушиг, зүрх нь байхгүй байсан бөгөөд толгойд нь хэл байхгүй байсан болохоор нь авалгүй хэргийн газарт орхиод явсан. Нөгөө 2 үхрийн толгой нь хэл болон арьстайгаа үргэлж болохоор нь гэрлүүгээ аваад явсан. …Анх хэргийн газарт очиход ухаа зүсмийн үхрийн арьс болон хэл, багалзуур, хоолой, уушиг, зүрх байхгүй байсан бөгөөд ухаа зүсмийн үхрийн толгойд хэл нь байхгүй байсан. Би 2016.04.20-ны өдрийн хураан авсан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 7, 8 тоот зургийг харлаа. Уг зурагт байх хэлний доод хэсэгт харагдах жижиг арьс нь манай аав Ч.Сүхбаатарын ухаа зүсмийн үхрийн арьс мөн байна. Би зүсээр нь мөн гэж таниж байна” гэжээ. /хх-ийн 49-51/

Гэрч Б.Оюунболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 10-07 тоотод хувиараа мал мах авдаг бөгөөд 2016.04.19-ний үдээс хойш 14 цаг өнгөрч байхад Нэргүй гэх эмэгтэй хүн өндөр залуугийн хамтаар /нэрийг нь мэдэхгүй/ ирээд мал мах авах юм уу гээд Хэрлэн сумын 2 дугаар багаас авсан гарал үүслийн гэрчилгээтэй мах авчрахаар нь би авсан. Тухайн үед өгсөн мах нь 98 кг болсон бөгөөд би 1 хилийг нь 3500 төгрөгөөр бодож авсан. Туранхай үхрийн мах байсан учраас 3500 төгрөгөөр авсан бөгөөд арьс болон толгой, гэдэс байгаагүй. Ямар ч байсан нуруутай дан хаа дутуу мах өгсөн бөгөөд аль талын хаа байсныг нь одоо санахгүй байна. Шүдлэн жижиг малын мах байсан” гэжээ. /хх-ийн 56-57/

Гэрч Б.Батзул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Нэргүй нь 2016.04.18-ны өдөр надаас 1 тооны үхрийн гарал үүслийн гэрчилгээ авсан. Тухайн үед би Нэргүйгээс хулгайн мал биш биз дээ гэж асуухад биш, манай өөрсдийн маань мал гэж хэлэхээр нь гарал үүслийн гэрчилгээг өгсөн. Надаас улаан зүсмийн эм шүдлэн гэж бичүүлж авсан. Баянтүмэнгийн пост болон гүүрээр гарал үүслийн бичиггүй мал оруулдаггүй бөгөөд хүмүүс ирээд урьдчилж гарал үүслийн гэрчилгээгээ авдаг. Би гарал үүслийн гэрчилгээг олгохдоо тухайн хүний малын А дансыг шалгаж хараад малтай бол гарал үүслийн гэрчилгээг бичиж олгодог бөгөөд жилийн эцсийн тооллогоор тухайн мал нь хасагдана шүү гэдгийг хэлж анхааруулдаг. Тухайн малыг нүдээр харж гэрчилгээ олгодоггүй, олгох боломжгүй байдаг” гэжээ. /хх-ийн 58-59/

Гэрч Ө.Наранбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Надад хэлэхдээ гэрийн гадаа улаан шүдлэн нядалсан гэж хэлсэн боловч ямар нэгэн үхэр нядалсан ул мөр ажиглагдаагүй. Өвлийн идэшний сэвс байсан. Өөр шинээр үхэр нядалсан зүйл байгаагүй гэжээ. /хх-ийн 52-53/ 

Н.Нэргүй мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…Нөхөр Хүрэлбаатар бид хоёр 2016.04.17-ны өдөр буюу Ням гарагт хөдөө гэрээсээ угаах хувцаснуудаа аваад Дорнод аймагт байдаг гэртээ ирсэн. 2016.04.17,18-ны өдрүүдэд хөдөөнөөс авч ирсэн хувцсаа угааж байтал 2016.04.18-ны өдрийн 14 цагийн үед Хүрэлбаатар нь машин болохгүй байна, машинаа янзлуулаад ирье гэж яваад тэр шөнөө ирэхгүй, маргааш нь буюу 2016.04.19-ний өглөө ирэхдээ үхрийн мах ачсан ирсэн. Машинд нь ухаа зүсмийн арьс харагдаж байсан. Хүрэлбаатар надад хэлэхдээ хөдөө гэр рүүгээ яваад өөрийнхөө ухаа гунжийг ажиллаад ирлээ чи баг руу очоод гарал үүслийн бичиг авчих гэхээр нь баг руу очиж гарал үүслийн бичиг авсан” гэжээ. /хх-ийн 97-98/ 

-Н.Нэргүйг асууж авсан тайлбар, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 4, 97-98//

-Т.Хүрэлбаатарыг асууж авсан тайлбар /хх-ийн 5/

-Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

-Б.Оюунболдыг асууж авсан тайлбар, байцаасан тэмдэглэл /хх-ийн 6,56-57/

-Гэрч Ө.Наранбаярыг асууж авсан тайлбар, байцаасан тэмдэглэл /хх-ийн 7-8, 52-53/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-36/

-Гэрч Э.Мөнгөнтуяаг асууж авсан тайлбар /хх-ийн 43-44/

-Гэрч Ч.Энхтөрийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 45-46/

-Гэрч Д.Баттулгыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 47/

-Гэрч Г.Баянмөнхийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 49-51/

-Гэрч  Н.Уранмонголыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61/

-Т.Хүрэлбаатарыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /104-105/

-Дорнод аймгийн Прокурорын газрын тогтоол /хх-ийн 118-120/

-Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-71/

-Гэрч Ц.Мөнхбаатарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 139-140/

-Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 196-198/ болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газраас хохирогч Ч.Сүхбаатарын хоёр чих нь цуулбар имтэй мухар хүрэн эр шүдлэн, ижил имтэй мухар хар халзан эр шүдлэн, ухаа сарман эвэртэй эр шүдлэн зэрэг 3 тооны шүдлэн үхрийг “Хонда-Лого” маркийн 57-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бэлчээрт нядлан бусдад 2400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эдгээрийг давхар нотолсон гэрч Э.Мөнгөнтуяа, Ч.Энхтөр, Г.Баянмөнх, Ө.Наранбаяр, Б.Оюунболд, Б.Батзул, Н.Уранмонгол нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Н.Нэргүйн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, орон байр агуулах саванд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт устгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатарт холбогдох   хэргийг   Прокурорын   газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

     Иймд шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй болно.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 3 үхэр хулгайлаагүй. Өөрийнхөө улаан хүрэн зүсмийн үхрээ махалсан. Миний машинд 3 үхрийн мах багтахгүй. Мах худалдаж авсан газарт олон камертай. Үүнийг шалгаж болно шүү дээ. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдааны шүүмжлэлд “…Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Өмнө нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна” гэж тус тус мэтгэлцэв.

Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд тухайлбал, хохирогч Ч.Сүхбаатарын “…манай гэрээс зүүн урагш 2 км орчим зайд байдаг эзэнгүй айлын хаваржааны барилга руу очиж үзэхэд миний 3 шүдлэн нядлагдсан байсан. Би тэр даруй хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. … Намайг хэргийн газарт очиход пүнзэн дээр үхрийн сээртэй хаа байсан бөгөөд дотор талд нь 3 үхрийн толгой, хоёр үхрийн арьс, 3 үхрийн сэвс байсан. …Манай алдагдсан 3 үхрийн ухаа сарман эвэртэй эр шүдлэнгийн маань арьс болон хэл багалзуур хоолой зэрэг нь байхгүй болохоор нь манай хүргэн Г.Баянмөнх уг толгойг нь авалгүй орхисон гэж байна лээ. Манай ухаа зүсмийн үхрийн толгой нь цагаан болохоос биеийн бусад хэсэг нь бүхэлдээ ухаа зүстэй, сүүлний үзүүр хэсэгт цагаан байсан. Мөн хэргийн газарт үхрийн зүүн талын хаа нь сээртэйгээ үлдсэн байсан бөгөөд Хүрэлбаатар гэх хүн ченжид үхрийн бүтэн мах өгөөгүй байсан. …Тухайн үед хэргийн газарт үлдсэн байсан хааг жижиглэж эвдээд Хүрэлбаатараас хурааж авсан хааны жижиглэсэн хэсэгтэй харьцуулж харахад хавирганы урт, бугалганы хэсэг болон далны хэмжээ, махны өнгөний харагдах байдал, тарга тэвээр зэрэг нь адилхан байсан. Хэрэв өөр том үхэр болон жижиг үхрийн мах байсан бол өөр хэмжээтэй байх байсан. Тэгтэл харьцуулж харахад яг адилхан харагдаж байсан. Мөн Хүрэлбаатараас хурааж авсан үхрийн хэлний доод хэсэгт байрлах жижиг арьс нь манай ухаа зүсмийн үхрийн арьс мөн байсан. …Хэргийн газарт байсан манай 3 үхрийн толгойны ухаа халзан зүсмийн үхрийн толгой нь хэлгүй байсан. Мөн Хүрэлбаатар гэх хүнээс хураан авсан махан дунд үхрийн хэл байсан бөгөөд тэр хэлийг харахад хэлний доод хэсэгт байрлах жижиг арьс нь манай ухаа зүсмийн үхрийн арьс мөн байсан …” гэх,

Гэрч Ч.Энхтөрийн “…2016.04.17-ны өдөр Ням гарагт Т.Хүрэлбаатар, Н.Нэргүй нар нь аймгийн төв явлаа гээд өөрийн эзэмшлийн жижиг тээврийн хэрэгслээр яваад 2016.04.19-ний өдөр ирээд машинаас үхрийн хаа, гуя буулгаад зүүн талын илүү гэрт оруулаад шулаад уутанд хийгээд 12 цагийн үед аймгийн төв рүү явсан. …ирэхдээ үхрийн махтай ирсэн бөгөөд 2016.03.20-ноос хойш гэрийн гадаа ямар нэгэн үхэр мал янзлаагүй. Надад хэлэхдээ авч ирсэн үхрийн махаа захаас худалдаж авсан гэж ярьсан” гэх,

Гэрч Г.Баянмөнхийн ”2016.04.19-ний өдөр …очиход хар мухар халзан, ухаа халзан, улаан халзан 3 тооны эр үхрийг нядалж толгой, арьс болон гэдэс дотор сэвсийг хаясан байсан. Биеэр арай том ухаа халзан эр үхрийн арьс болон хэл багалзуур хоолой, уушиг, зүрх нь байхгүй байсан бөгөөд толгойд нь хэл байхгүй байсан болохоор нь авалгүй хэргийн газарт орхиод явсан. Нөгөө 2 үхрийн толгой нь хэл болон арьстайгаа үргэлж болохоор нь гэрлүүгээ аваад явсан. …Анх хэргийн газарт очиход ухаа зүсмийн үхрийн арьс болон хэл, багалзуур, хоолой, уушиг, зүрх байхгүй байсан бөгөөд ухаа зүсмийн үхрийн толгойд хэл нь байхгүй байсан. Би 2016.04.20-ны өдрийн хураан авсан тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 7, 8 тоот зургийг харлаа. Уг зурагт байх хэлний доод хэсэгт харагдах жижиг арьс нь манай аав Ч.Сүхбаатарын ухаа зүсмийн үхрийн арьс мөн байна. Би зүсээр нь мөн гэж таньж байна” гэх,

Гэрч Б.Оюунболдын “2016.04.19-ний үдээс хойш 14 цаг өнгөрч байхад Нэргүй гэх

эмэгтэй хүн өндөр залуугийн хамтаар /нэрийг нь мэдэхгүй/ ирээд мал мах авах юм уу гээд Хэрлэн сумын 2 дугаар багаас авсан гарал үүслийн гэрчилгээтэй мах авчрахаар нь би авсан. Тухайн үед өгсөн мах нь 98 кг болсон бөгөөд би 1 хилийг нь 3500 төгрөгөөр бодож авсан. Туранхай үхрийн мах байсан учраас 3500 төгрөгөөр авсан бөгөөд арьс болон толгой, гэдэс байгаагүй. Ямар ч байсан нуруутай дан хаа дутуу мах өгсөн бөгөөд аль талын хаа байсныг нь одоо санахгүй байна. Шүдлэн жижиг малын мах байсан” гэх,

Гэрч Б.Батзулын “…Нэргүй нь 2016.04.18-ны өдөр надаас 1 тооны үхрийн гарал үүслийн гэрчилгээ авсан. Тухайн үед би Нэргүйгээс хулгайн мал биш биз дээ гэж асуухад биш, манай өөрсдийн маань мал гэж хэлэхээр нь гарал үүслийн гэрчилгээг өгсөн. Надаас улаан зүсмийн эм шүдлэн гэж бичүүлж авсан…” гэх,

Гэрч Ө.Наранбаярын мөрдөн байцаалтад өгсөн “…Надад хэлэхдээ гэрийн гадаа улаан шүдлэн нядалсан гэж хэлсэн боловч ямар нэгэн үхэр нядалсан ул мөр ажиглагдаагүй. Өвлийн идэшний сэвс байсан. Өөр шинээр үхэр нядалсан  зүйл байгаагүй…” гэх, 

Н.Нэргүйн сэжигтнээр өгсөн “…Нөхөр Хүрэлбаатар бид хоёр 2016.04.17-ны өдөр буюу Ням гарагт хөдөө гэрээсээ угаах хувцаснуудаа аваад Дорнод аймагт байдаг гэртээ ирсэн. …Хүрэлбаатар 2016.04.19-ний өглөө ирэхдээ үхрийн мах ачсан ирсэн. Машинд нь ухаа зүсмийн арьс харагдаж байсан. Хүрэлбаатар надад хэлэхдээ хөдөө гэр рүүгээ яваад өөрийнхөө ухаа гунжийг ажиллаад ирлээ чи баг руу очоод гарал үүслийн бичиг авчих гэхээр нь баг руу очиж гарал үүслийн бичиг авсан” гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, орон байр агуулах саванд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт устгасан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Т.Хүрэлбаатарын “Энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байгаа нь няцаагдан үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хулгайд алдагдсан 3 тооны үхэр хохирогчийн эзэмшилд байсан мөн тухайн цаг хугацаанд хулгайд алдагдсан талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн 2.5 литрийн “Нийслэл” пивоны голоор нь хуваасан хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ЖЮ66080512 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, 1000930 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Т.Хүрэлбаатарт, 00660734 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Нэргүйд тус тус буцаан олгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатараас 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Бурхант” гэх газарт оршин суух  ЖЮ51101176 регистрийн дугаартай Чимэдийн Сүхбаатарт олговол зохино.

Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 57-89 ДОР улсын дугаартай "Honda Logo" маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй тэнцэх 2000000 /хоёр сая/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, машиныг өмчлөгч Н.Нэргүйд олгож, шүүгдэгч Т.Хүрэлбаатарын эзэмшлээс 4 ханатай монгол эсгий гэр битүүмжилсэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнх-Эрдэнийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатарыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр,  2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Хүрэлбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Хүрэлбаатарын 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 57-89 ДОР улсын дугаартай "Honda Logo" маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй тэнцэх 2000000 /хоёр сая/ төгрөгийг ялтан Т.Хүрэлбаатараас гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 57-89 ДОР улсын дугаартай "Honda Logo" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, машиныг өмчлөгч Н.Нэргүйд олгож, ялтан Т.Хүрэлбаатарын эзэмшлээс 1200000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнх-Эрдэнийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Хүрэлбаатараас 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Бурхант” гэх газар оршин суух,  ЖЮ51101176 регистрийн дугаартай Чонод овогт Чимэдийн Сүхбаатарт олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн 2.5 литрийн “Нийслэл” пивоны голоор нь хуваасан хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  баримт бичгээр ирүүлсэн ялтан Т.Хүрэлбаатарын ЖЮ66080512 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, 1000930 дугаартай жолоочийн үнэмлэхийг ялтан Т.Хүрэлбаатарт, 00660734 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Нэргүйд тус тус буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Хүрэлбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Ж.ДОЛГОРМАА