Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 42

 

Д.Төмөрбатын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс: 148/2017/00174/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                            Нэхэмжлэгч                                Д.Төмөрбат

                           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     П.Батжаргал

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 222 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.Төмөрбатын нэхэмжлэлтэй Д.Батхишигт холбогдох “Гэм хорын хохиролд 34.816.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 06 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Төмөрбат анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Д.Батхишиг нь согтуугаар намайг зодож, Д.Төмөрбат миний зүүн нүдийг сохолсон хэрэг учрал гарсан. ...Миний зүүн нүд сохорсны улмаас машин барьж чадахаа больж, улмаар Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 0100338 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, тахир дутуу хүний эгнээнд шилжсэн. Одоо би 245.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврээс өөр орлогогүй болсон. Эмч нар миний зүүн нүдийг авч, хиймэл нүд хийсэн ба уг хиймэл нүд /протез/-ийг 2 жил тутамд солиулах эмчийн заалттай. ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарч байгаа зайлшгүй зардал тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны баримтлан уг 3.400.000 төгрөгийг мөн гаргуулах. Иймд өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 34.522.000 төгрөгийг хариуцагч Д.Батхишигээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Батхишиг нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ... Миний бие Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн. Одоо ялаа эдэлж 15 сая төгрөгийн торгуулийг төлж яваа билээ. Би одоогоор Д.Төмөрбатад 3.742.126 төгрөг төлөөд байгаа. Энэ хүмүүс надаас 15 сая төгрөг нэхэмж ирэхээр нь би Энэ чинь торгуулийн мөнгө шүүдээ. Шүүхэд очиж лавлахгүй юу гэж хэлсэн. Өөр элдэв үг хэлээгүй. Миний бие 3-7 насны 3 хүүхэд, эхнэртэйгээ ам бүл 5-уулаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний амьдрал маш хүнд нөхцөлд байна. Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшээд барахгүй байна. Д.Төмөрбат ахтай очиж уулзах гэхээр мөнгө төгрөгний асуудал яригддаг. Би их хэмжээний торгуулийн ялтай болохоор одоогоор надад их хүнд байна. Би Д.Төмөрбатад учирсан хохирлыг төлөхгүй гээгүй. Өөрийн боломжоор 3.742.126 төгрөг төлсөн. 2 жилд 1 удаа солих портезний 690.000 төгрөгийг тухай бүрт нь өгч байхаар тохиролцож, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө эвлэрлийн гэрээ хийсэн бөгөөд урьдчилан өгнө гэж бидний хооронд тохиролцсон зүйл байхгүй. Миний бие сард 800.000 төгрөгний цалинтай ажил хийдэг бөгөөд торгуулийн ялд 700.000 төгрөг, эхнэр 3 хүүхдээ 100.000 төгрөгөөр тэжээдэг билээ. Иймд цаашид миний амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж Д.Төмөрбатын нэхэмжилж байгаа 34.522.000 төгрөгийг багасгаж тооцож өгнө үү гэжээ.

      

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 222 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батхишигээс 3.090.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төмөрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.726.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 64.390 төгрөг гаргаж орон нутгийн орлогод оруулж,

- Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд 2 жил тудамд 1 удаа солиулах портезийн зардал 690.000 төгрөг /ханш өөрчлөгдөхөд татгалзахгүй/-ийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглсэн. Нэхэмжлэгчийн насыг шүүх хийсвэрээр урьдчилан дүгнэж тооцох боломжгүй тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д зааснаар Д.Төмөрбатын шийтгэх тогтоолоос хойшхи эмчилгээ хийлгэхэд шаардлагатай замын зардал, ажилгүй байсан үеийн цалинг Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0106338 тоот шийдвэрт заасан хугацаагаар буюу 1 жилээр тооцох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Д.Төмөрбатын хөдөлмөрийн чадвар алдалтыг хэдийгээр нэг жилийн хугацаагаар тогтоосон боловч энэ нь нэг жилийн дараа Д.Төмөрбатын нүд хараа орж, хөдөлмөрийн чадвар алдалт нь сэргэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй ба Д.Төмөрбатын нүдийг мэс заслын аргаар авсан тул уг нүд нь ургахгүй, дахиж хараа орохгүй гэдэг нь илэрхий үйл баримт байхад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт заасан 1 жилийн хугацаагаар тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч 60 нас хүртлээ нөхөн төлбөр гаргуулах, 69 нас хүрлээ протез солиулах шаардлагатай гэж нэхэмжпэл гаргахдаа өөрийнхөө насыг хийсвэрээр урьдчилж тогтоогоогүй бөгөөд Үндэсний статистикийн хорооны “ хүн амын дундаж наслалт 69.1 “ гэсэн судалгаа болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч оөрөо хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан хуулийн заалтыг үндэслэн насаа тодорхойлсон байхад шүүх эрх бүхий байгууллагын судалгаа болон хуулиар тогтоосн тэтгэврийн насыг хийсвэр гэж үгүйсгэсэн үндэслэлээ заалгүй орхигдуулсны улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаж чадсангүй.  ...Иймд өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 31.420.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Батхишигээс 31.420.000 гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүх нэхэмжлэгч Д.Төмөрбатын насыг урьдчилан дүгнэж тогтоох боломжгүй. Гэм хор учруулах үед Д.Төмөрбат тахир дутүугийн группд байсан түхай нотлох баримт хавтаст хэрэгт байгаа учраас Д.Төмөрбат 60 нас хүртлээ хөдөлмөр эрхэлж орлого олох боломжтой гэдгийг мөн шүүх тогтоох боломжгүй байна. Портез буюу хиймэл нүдээ 2 жил тутам солиулна 68 нас хүртэл 8 удаа солиулах 690,000 тегрөгийг 8 удаа  нийт 5.520.000 төгрөг нэхэмжилжээ. Хариүцагч Д.Батхишиг шүүх хуралдаанд өөрөө тайлбарлахдаа болон эвлэрлийн гэрээгээр зохигчид харилцан тохиролцохдоо портезийг 2 жил тутам 1 удаа солиулах зардал 690.000 төгрөгийг тухайн үед нь төлж байх, ханш өөрчлөгдөхөд өөрчлөгдсөн үнээр төлхөөр 2017оны 12 сарын 27-ны өдөр зохигчдын хооронд байгүулагдсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ байгаа учраас уг гэрээний дагуу нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлүүлэх саналтай хэвээр байна. Эмчийн заавраар байнга 5.000 төгрөгний үнэтэй нүдний дусаалга 2.000 төгрөгний үнэтэй өвчин намдаах эм хоёрыг хэрэглэдэг үүнийг насан түршдаа хэрэглэнэ гэж үзвэл 12 сар х 17 жил х 14.000 =2.856.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нотлох баримтаар нотлогдсон 9.000 төгрөгийг Д.Батхишигээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Харин нэхэмжлэгчийн насыг нүдний дусаалга, эм хэрэглэх хугацааг шүүх урьдчилан дүгнэж тогтоох ямар ч боломжгуй байна. Д.Төмөрбат З сар тутам Бугантаас Сэлэнгэ аймагт эмчийн хяналтанд явж үзүүлэх зардалд 2 талдаа 50.000 төгрөг зарцуулж 69 нас хүртэлээ 17 жил явах зардал 3.400.000 төгрөг нэхэмжилж байгаагааас нотлох баримтаар 120.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнийг зөвшөөрнө. Анхан шатны шүүх Д.Батхишигээс 3.090.000 төгрөг гаргуулж Д.Төмөрбатад олгохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжилсэн хохирол төлбөрийн нотлох баримттай 129.000 төгрөгийг Д.Батхишигээс гаргуулж Д.Төмөрбатад олгох үлдэх 34.867.000 төгрөгийг хэрэгсэхгуй болгох саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Д.Батхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн. Одоо уг ялаа эдэлж байгаа. 15 сая төгрөгийн торгуулийн ялаа төлж яваа билээ. Миний бие 3-7 насны 3 хүүхэд, эхнэртэйгээ ам бүл тавуулаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний амьдрал маш хүнд нөхцөлд байна. Д.Төмөрбатын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшээд барахгүй байна. Д.Төмөрбат ахтай очиж уулзах гэхээр мөнгө төгрөгний асуудал яригддаг. Би их хэмжээний торгуулийн ялтай болохоор одоогоор надад их хүнд байна. Би Д.Төмөрбатад учирсан хохиролыг төлөхгүй гээгүй. Өөрийн боломжоор 3,742,126 төгрөг төлсөн. Би нойр булчирхайн архаг үрэвсэлтэй одоогоор би эмчилгээ хийлгэж байгаа тул давж заалдах шүүх хуралд оролцох боломжгүй. Хохирлын асуудлыг өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу шийдвэрлэж өгч тусална уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримт тус бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзлээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 34.816.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд  шүүх түүний нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Төмөрбат эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч  Д.Батхишиг нь гэмт хэргийн улмаас Д.Төмөрбатын эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан бөгөөд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Д.Төмөрбатын хөдөлмөрийн чадвар алдалтыг  нэг жилийн хугацаагаар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт заасан 1 жилийн хугацаагаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д заасан нөхөн төлбөрийг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэг жилийн дараа нэхэмжлэгч Д.Төмөрбатын мэс заслын аргаар авахуулсан  нүд нь ургахгүй, дахиж хараа орохгүй, хөдөлмөрийн чадвар алдалт нь сэргэх боломжгүй нь тодорхой байхад  анхан шатны шүүх нөхөн олговорыг зөвхөн нэг жилийн хугацаагаар тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэгчийн шаардаж буй нөхөн төлбөрийг 60 нас хүртэл хугацаагаар тооцон гаргуулах тухай  шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн бусад шаардлагад шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны   шүүхийн 2018 оны  05 сарын 14-ний өдрийн 222 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дүгээр заалтыг:  

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч Д.Батхишигээс 23.169.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Төмөрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.353.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар  заалтыг: 

“Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 273,795 төгрөг гаргуулан төсвийн  орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Д.Төмөрбат нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

         

                                  ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                      Д.БУЯНЖАРГАЛ

                                                                             Г.ДАВААРЕНЧИН