| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
2023 07 25 2023/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0147/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэнгээгийн Т д холбогдох эрүүгийн 2339000860248 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т нь Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн Яргайтын 7-2 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн гэрийн гадна хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б-тай "айлд агсан тавьж, хэл амаар доромжилсон" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар С.Б-ын толгой хэсэгт 1 удаа банзаар цохиж, унасан үед нь гар хөлөөрөө зодож, түүний эрүүл мэндэд зүүн ухархайн болон дотор хана, хамар ясны хугарал, толгойн зүүн дээд хэсэгт ил шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000860248 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Б-ын (хх-ийн 11-12-р, хуудас), гэрч Т.Оюунтунгалагын (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Б.Батэрдэнийн (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Ц.Мөнхсарнайн (хх-ийн 27-28-р хуудас), гэрч Б.Эрзоригийн (хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 67, 70-71, 84-96-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000860248 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Отгонбаатар шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Т нь С.Б-ыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч С.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч С.Т нь Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн Яргайтын 7-2 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн гэрийн гадна хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б-тай "айлд агсан тавьж, хэл амаар доромжилсон" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар С.Б-ын толгой хэсэгт 1 удаа банзаар цохиж, унасан үед нь гар хөлөөрөө зодож, түүний эрүүл мэндэд зүүн ухархайн болон дотор хана, хамар ясны хугарал, толгойн зүүн дээд хэсэгт ил шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 22-23 цагийн орчимд С.Б-ын толгой хэсэгт 1 удаа банзаар цохиж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл тэр залуу миний модыг булааж аваад миний толгой руу цохиход би шууд муужраад газар унасан. Тэгэхэд тэр залуу миний дээрээс удаа дараа өшиглөж зодсон. Миний хамрыг хугалсан. Чих рүү өшиглөж цус гартал зодсон. Тэгээд би ухаан алдсан нэг сэрэхэд би Бат-Эрдэнийн гэрт сэрсэн. Удалгүй эмнэлэг ирж надад анхны тусламж үзүүлсэн. Маргааш нь би миний толгой өвдөөд чихнээс юм гоожоод байхаар нь би Хэнтий аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан чихний хэнгэрэг цоорсон, зүүн талын толгойн чамархайн яс дотор гаднаа цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд би 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо дахиж эмчилгээ хийлгүүлнэ. Намайг зодсон хүнийг тухайн үед би таниагүй. Дараа нь сураглаж сонсохнээ Т гэдэг залуу байсан. Би зодуулсныхаа маргааш аймаг яваад тухайн үедээ цагдаа сэргийлэхэд хандаж чадаагүй. Би болон манай эх******* тухайн залуутай холбогдож намайг ийм болгосон учир эмчилгээний мөнгө өг гэхэд огт мөнгө өгөөгүй. Мөн тухайн залуу намайг зодох үедээ гартаа бугуйвчтай ял эдлэж байгаа гэж хэлсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү…Эмчилгээнийхээ бүх зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),
Гэрч Т.Оюунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд явж байхад манай нөхөр болох Б бусдад зодууллаа гэж манай дүү Эрзориг над руу утасдаж хэлсэн. Аймгийн төвд ирээд харахад толгойндоо 4 оёдол тавиулсан толгой нь боодолтой, чихний дэлбэн шархалсан чихнээс юм гоожсон, хамар нь хавдсан байдалтай байсан. Доод уруул нь зүүн талаасаа шалбархайтай байсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлж томографит толгойны зураг авахуулахад хамар нь хугарсан зүүн талын чамархай дотор гадна талаасаа цөмөрсөн байдалтай байсан. Чих хамар хоолойд үзүүлэхэд чихний хэнхэрэг цоорсон байсан…Миний нөхөр болох настай хүнийг ямар нэгэн шалтгаангүйгээр ингэж зодож танхайрсан асуудалд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т д ах нь унтлаа гээд орондоо ороод унтсан. Өглөө сэрэхэд манай эх******* Мөнхсарнай хэлэхдээ чи янз бүрийн хүн гэртээ дагуулж ирээд чиний дагуулж ирсэн Т чинь манайд ирсэн Б гэдэг хүнийг зодоод бөөн юм боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Ц.Мөнхсарнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б босож ирээд араас нь гарсан. Гэрийн гадаа дуу шуу болж байгаад чимээгүй болохоор нь гарч харахад гэрийн урд талд Б гэдэг ах ёолоод газар хэвтэж байхаар нь гэртээ оруулж ирээд эмнэлэг дуудсан. Нүүр ам толгой нь цус болсон байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч Б.Эрзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б ах гэрээс гарч явахад Т гэх залуу араас гарч ирээд Б ахыг араас нь модон шат шидээд дараагаар нь хашааны банзаар толгой руу нь цохиж унагаагаад дээрээс нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 27-н өдрийн 128 дугаартай дүгнэлтэд:
1.2. С.Б-ын биед зүүн ухархайн гадна боон дотор хана, хамрын ясны хугарал, толгойн зүүн дээд хэсэгт ил шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой
4.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч С.Т нь хохирогч С.Б-ыг зодсон гэмт үйлдлийн улмаас С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ
хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.Т нь хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч С.Б эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Т гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч С.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Т нь урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ялаар, Хэнтий аймгмйн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-96-р хуудас)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339000860248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С. Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2339000860248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Т гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР