Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 43

 

*******гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс: 148/2018/00554/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                             *******

                             Хариуцагч                                   *******

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 214 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ийн захирал *******, Ерөө сумын  Засаг даргын Тамгын газрын даамал ******* нарт холбогдох “2012 оноос хойш өдий хүртэлхи хугацаанд хууль ёсны эзэмшиж байсан газраа хариуцагч нарын буруутай үйлдлээс болж ашиглаж чадаагүйн хохирол 29.000.000 төгрөг, нэр төр гутаасан сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах”, “******* *******” ХХК-ийн захирал *******ын сөрөг нэхэмжлэлтэй, иргэн *******, Ерөө сумын засаг дарга ******* нараас “2017 онд 84.36 га-д уринш хийхэд гарсан зардал 10.724.600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125 тоот захирамжаар олгосон Ерөө сумын Хонгорын ******* гэх газарт байрлах 94 га газрыг хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж 2012 оноос өдийг хүртэл ашиглаж чадалгүй хохирч энэ талаараа хууль хяналтын байгууллагад хандаж 3 шатны шүүхийн 6 удаагийн хуралдааны эцэст Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны 221 дугаартай тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6/2760 дугаартай шийдвэрийн дагуу уг газрын хууль ёсны эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгсөн. Иймд 2012 оноос хойш хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа тул тухайн эзэмшил газраас олсон ашиг орлогыг нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Иймд уг хохиролд 29.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэр төрийг гутаан доромжилж нэр төрд минь халдсан хариуцагч нараас сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нотлох баримтыг үндэс болгож нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *******гийн  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  байна. Засаг даргаас захирамж гаргаж надад 800 га газрыг 2007 онд эзэмшүүлсэн түүн дотор *******гийн газар хамт явж байсан байна. Гэтэл 2015 онд энэ асуудал гарч  шүүхээр шийдэгдсэн. Би хуулийн дагуу Засаг даргын захирамж гарч надад энэ газар олгогдсон тул Засаг даргаас хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байх. Энэ 84 га газрыг Засаг даргын захирамж гаргаад *******д буцаагаад өгчихсөн. “******* *******” ХХК-ний газрыг эзэмших эрхийг хэн ч хүчингүй болгоогүй. *******гийн 29.000.000 төгрөгийн хохирлын талаар хэрэт ямар ч баримт алга. *******гийн нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл тараагаагүй тул сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ... Тус сумын өндөр настан ******* нь сумын засаг даргын 2001 оны 12 сарын 25-ны өдрийн 128 тоот захирамжаар 94 га газар эзэмших эрх үүссэн боловч 2007 оныг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй газрын төлбөрөө төлөөгүй 2002 онд батлагдаж 2003 оноос хэрэгжиж эхэлсэн газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр авах хүсэлт гаргаагүй гэрээ байгуулаагүй. Тухайн газар нь олон жил ашиглагдаагүй орхигдож атаршиж хөрсний доройтолд орсон талбай болсон байсныг “******* *******" ХХК нь сэргээн эзэмших хүсэлт гаргасны дагуу “******* *******" ХХК-д эзэмшүүлсэн. ******* ******* ХХК нь 2007 оноос хойш тухайн тариалангийн газрын хуулийн дагуу газрын төлбөрөө хугацаанд төлж газраа зориулалтын дагуу эзэмшиж ирсэн хариуцлагатай компани юм. иргэн ******* нь зориулалтын дагуу огт ашиглаагүй бөгөөд газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй сүүлд нь нөхөн төлсөнийхөө дараа 1 нэгж талбарын 32,61 га азрыг "*******” ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж зарсан Эндээс харахад иргэн ******* тариа тарих биш тариалангийн газрыг зарах сонирхолтой хүн гэдэг нь илт харагдаж байна. ...Иймд иргэн *******гийн нэхэмжилж байгаа тухайн эзэмшил газраас олсон ашиг 29 000.000 төгрөг мөн нэр төр гутаан доромжилж нэр төрд халдсаны 1.000.000 төгрөгийг төлөх нь зүйлд нийцэхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

*******аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн ******* 94 га (84.36) газрыг эзэмших эрх байхгүй мөртлөө Засаг дарга *******тай хуйвилдаж түүнийг зарж мөнгө угаасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. ...“******* *******” ХХК-ний эрх ашигт хууль бусаар халдсан А/435, 289 тоот захирамжуудыг хууль бус захирамжууд гэдгийг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1-р сарын 18-ний өдрийн 03 тоот шийдвэрийн тогтоолын 1-р зүйлд заагаад хүчингүй болгосон юм. Гэтэл өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хамгаалахын тулд Засаг дарга байсан ******* давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж албан тушаалаа урвуулан ашигласан юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх *******ын хүсэлтээр хүчингүй болгож 84га талбай 2 эзэнтэй хэвээр үлдсэн юм. Хууль хэрэгжиж, шударга ёс үйлчилдэг бол Цэрмаад 84га газар давхар эзэмшүүлсэн Аймгийн засаг даргын А/435, Сумын засаг даргын 289 тоот захирамжууд хүчингүй, үйлчлэх ёсгүй юм. ... 94 (84.36) га талбайг “”******* ******* ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар гэдэг нь баримтаар нотлогдож байгаа юм. ******* хууль бусаар эзэмшсэн мөртлөө хуулинд заасан үүргээ биелүүлээгүй учир эзэмших эрхээ хүчингүй болгуулсан нь бас баримтаар нотлогдож байгаа. Ийм учраас хууль зөрчиж зарж мөнгө угаасан иргэн ******* болон засаг дарга ******* нараас “******* *******” ХХК хохирлоо нэхэмжилж авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. “******* *******” ХХК 2017 онд 84.36 га-д уринш хийж 2018 онд тариалалт хийхэд бэлэн болгосон юм. Уринш хийхэд гарсан зардал 10.724.600 төгрөг болсон. Уринш хийсэн талбайг “******* *******” ХХК-д мэдэгдэлгүйгээр нууцаар өд зарсан тул 2018 онд 84.36 га талбайд тариалалт хийх боломжгүй боллоо. Ийм учраас уринш хийхэд гаргасан энэ зардлаа “******* *******” ХХК олж авах ёстой. Энэ хохирлыг иргэн ******* болон ******* нараас гаргуулж “******* ******* ХХК”-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...надаас хохирол нэхэмжилж байгааг сонслоо. Би толгой мэдэж газрын асуудлыг шийдээгүй, харин Улсын дээд шүүхээс шийдвэрлэсний дагуу л уг газрыг шилжүүлэхийг газрын даамалд хэлж хийлгэсэн юм. Энэ хохирлыг би төлнө гэдгийг ойлгохгүй байна. Ямар учраас, ямар үндэслэлээр төлөх ёстой болж байна. Өмнөх Засаг дарга нар л энэ хохирлыг хариуцах ёстой байх. Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 214 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******гийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ний захирал *******, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын даамал ******* нараас ... 2012 оноос хойш хууль ёсны дагуу эзэмшиж байсан газраа хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж ашиглаж чадаагүйн хохирол 29.000.000 төгрөг, нэр төр гутаасан тул сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах, *******ын сөрөг нэхэмжлэлтэй, иргэн *******, Ерөө сумын Засаг дарга ******* нараас ...газарт уринш хийсний зардал 10.724.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307.950 төгрөг, сөрөг нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 186.544 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 214 дүгээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Хөгшин намайг чирэгдүүлж, олон хоног удаа дараа шүүх хуралд оролцож явсны эцэст 29.000.000 төгрөгийн хохирол учирснаа нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдож байна. Миний бие бусдад хууль бусаар газраа алдаад олон жил явсны эцэст 84.36 га газраа авсандаа баярлаж явсан юм. Энэхүү газраа бусдад хууль бусаар ашиглуулж хохирсон намайг улам их хохироож байна гэж үзэж байна. Миний бие сард тэтгэвэр 290.000 төгрөг авдаг. Энэ мөнгөндөө тохируулж илүү нэхээд яахав гэж бодоод 29 сая төгрөг нэхэмжилсэн. ******* нь 2012-2017 оны хооронд ямарч бичиг баримтгүйгээр хууль бусаар ашигласан нь нотлогдсон.

Би өмгөөлөгч аваагүй учраас шүүхэд нотлох баримт гарган өгөх  тухай сайн мэдээгүй явсан юм.  Одоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тариа тарих боломжгүй, газар тариалангийн үйлдвэр эрхлэх нь тодорхой хэмжээний багаж, техниктэй байх шаардлагатай. Хүссэн болгон нь тариа тарих боломжгүй гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй зүйл нэхэмжилж байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “******* *******” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Иргэн ******* гомдолдоо: ******* нь 2012-2017 оны хооронд ямар ч бичиг баримтгүйгээр хууль бусаар ашигласан нь нотлогдсон гэж бичжээ. Юуг хууль бусаар ашигласныг тодорхой бичээгүй байна. Бодвол маргаан бүхий 94га тариалангийн талбайг хэлж байх шиг байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийг мөрдөж Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга гаргаж гэрээ хийж, гэрчилгээ олгодог журамтай. Хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж харъяа засаг даргын шийдвэргүйгээр газар эзэмших, ашиглахыг хориглодог. Ерөө сумын засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 59 тоот захирамж гаргаж 94 га газрыг “******* *******” ХХК-д эзэмшүүлсэн байна. Захирамжийн дагуу 60 жилийн хугацаатай гэрээ хийж кадастрын зураг, газар хүлээн авсан акт зэргийг хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш 2013 онд улсын хэмжээгээр кадастрын зураг, гэрчилгээг шинэчлэх болсон учир Ерөө сумын Засаг дарга 2013 оны 5-р сарын 6-ны өдөр 141 тоот захирамж гаргаж ******* ******* ХХК-д дахин шинээр эзэмшүүлэн гэрээ хийж, гэрчилгээг шинэчилж олгосон байна. Ерөө сумын засаг даргын 2013 оны 141 тоот захирамжийн үйлчлэлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр, тогтоол, магадлал, захирамж болон Аймаг, сумын засаг даргын захирамж 2018 оныг хүртэл гараагүй. Ийм учраас ямарч бичиг баримтгүй газар ашиглаж байсан гэдэг нь гүтгэлэг гэж үзэж байна.

Бүх бичиг баримт хавтаст хэрэгт байгаа. Төрийн өмчийн газрыг ямарч албан ёсны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглах нь гэмт хэрэг мөн учраас үүнийг эрүүгийн шугамаар шалгуулах саналтай байна.  ******* би ...эрүүгийн гэмт хэргүүдийг үйлдээгүй, *******д ямар ч хохирол учруулаагүй учраас нэр төрөө хамгаалахын тулд албан ёсоор энэ хүсэлтийг тавьж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ний захирал *******, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын даамал ******* нарт холбогдуулан хууль ёсны дагуу эзэмшиж байсан газраа хариуцагч нарын буруутай үйлдлээс болж 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жил  ашиглаж чадаагүйн хохирол 29.000.000 төгрөг, нэр төр гутаасан сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын даамал *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хариуцагч “Моностой *******” ХХК нь хариуцагч *******, Ерөө сумын Засаг дарга ******* нарт холбогдуулан хохирол 10.724.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл:  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 125 тоот захирамжаар олгосон Ерөө сумын Хонгорын ******* гэх газарт байрлах газар тариалангийн зориулалт бүхий 94 га газрыг нэхэмжлэгч *******д эзэмшүүлж, 2007 оны 04 сарын 17-ны өдрийн 52 дугаартай засаг даргын захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгон улмаар 2007 оны 05 сарын 07-ны өдрийн 59 дугаартай Засаг даргын захирамжаар тухайн газрын “******* *******” ХХК- нд 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүний дараа Ерөө сумын засаг даргын 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжаар *******гийн урьд эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээснээр зохигчдын хооронд маргаан гарсан ба Захиргааны хэргийн шүүх Засаг даргын удаа дараа газар эзэмшүүлэх тухай гаргасан захирамж нь хууль зөрчсөн талаар гомдлыг хэлэлцэн 3 шатны шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийг сэргээсэн  байна.

 

Дээрхи үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийг    Ерөө сумын засаг даргын захирамжийн дагуу хариуцагч “******* *******” ХХК-д шилжсэн. Мөн Ерөө сумын засаг даргын  захирамжийн дагуу  “Моностой *******” ХХК-ний эзэмшилд газрыг шилжүүлсэн байна.

Хариуцагч  “******* *******” ХХК нь нэхэмжлэгч *******гийн эзэмшил бүхий газрыг өөрөө дур мэдэн авсан бус харин  Засаг даргын захирамжаар буюу эрх бүхий этгээдийн шийдвэрээр газрыг шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж байсан   нь тогтоогдож байх тул хариуцагч  “******* *******” ХХК-ыг  нэхэмжлэгч  *******д хохирол учруулсан гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл *******гийн эзэмшил бүхий газрыг хариуцагч “******* *******” ХХК-нд шилжүүлсэн албан тушаалтны эрх бүхий актын улмаас иргэн ******* нь өөрийн эзэмшлийн газраа тодорхой хугацаагаар ашиглаж чадаагүй байдал тогтоогдож байна.

Иймд тус хэргийн  хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах этгээд биш тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгч ******* нь  эрх бүхий этгээдийн хууль бус   шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар эрх бүхий этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ  хууль мэдэхгүйн улмаас хэрэгт шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлж өгч чадаагүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх шаардлагатай гэж тайлбарласан.

 Нэхэмжлэгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,  түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд энэ үүргээ  анхан шатны шүүхэд биелүүлэх ёстой. Энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж  хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан  байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжийг төлөхийг шүүгийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 987 дугаартай захирамжаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд түүний гомдлыг давж заалдах шатны шүүх  хангахгүй үлдээсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 302.950 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх  тэмдэгтийн хураамж 302.950 төрөгийг гаргуулан  төрийн сангийн орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН