Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

  2020            4              14                                       2020/ДШМ/465

 

 

Л.Б-эд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч C.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Д.Очирваань,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Очирваань, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Адалбек нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Б-эд холбогдох эрүүгийн 1910000000256 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ард овгийн Л.Б-, 19.. оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..............мэргэжилтэй, .............. хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 182.2.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтггүүлж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан 37 настай, эрэгтэй, Ч.Б-тай маргалдан түүнийг олон удаа хутгалж, нүүр, цээж, хэвлий хөндий нэвтэрсэн шарх, дух, зүүн совхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-эд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 660 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ээс 11.905.780 төгрөг гаргуулж, хохирогч С.Нансалмаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, отверка 1 ширхэг, хугарсан түлхүүр 1 ширхэг, товч 1 ширхэг, цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас илэрсэн гарын мөр 18 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утас 2 ширхэг, кулонтой гинж 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, футболк 2 ширхэг, турсик 1 ширхэг, гутал 1 хос, талийгаачийн хувцас болох цоохор өнгийн өмд 1 ширхэг, китель 1 ширхэг, ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, тэлээ бүс 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, камерийн бичлэгтэй сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, Л.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаагийн өмгөөлөгч Б.Адалбек гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Л.Б-ийн урьдчилан хоригдсон хугацааг 660 хоног гэж буруу бичигдсэн ба шүүгдэгч Л.Б- 365 хоног цагдан хоригдоогүй байсан.

Н.Цог-Эрдэнийн “... 2, 3 жилийн өмнө уулзахад надад жаахан захирангуй болчихсон юм шиг санагдсан” гэж мэдүүлснийг “би амь хохирогчтой 3 жилийн өмнө архи ууж байсан. Тухайн үед амь хохирогч надад агсам тавьж байсан” гэж шүүхийн тогтоолд буруу ташаа тэмдэглэгдсэн байна. Үүнээс үзэхэд шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг барьж шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэг хянаж үзсэн гэх үндэслэлтэй байна.

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “... баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үеийн дотор нугалаасанд 3 см урт, 1 см орчим гүн булчин шөрмөс ил гарсан, долоовор хурууны гуравдугаар үеийн нугалаасанд 1.6 см урт, 0.5 см гүн, тавдугаар хурууны гуравдугаар шивнүүрийн гадна хажууд 1.8 см урт, 0.5 см гүн шархтай...” гэж тэмдэглэгдснээс үзэхэд хохирогч өөрийгөө хамгаалж, эсэргүүцэл үзүүлсэн нь харагдаж байна.

Өмгөөлөгчийн болон бусад зардлыг энэ хэргийн улмаас үүссэн хохирол гэж үзээгүй. Ийм хэрэг гараагүй бол өмгөөлөгч авах шаардлагагүй мөн бусад зардал, хохирол гарахгүй байсан. Тийм учраас эрүүгийн хэрэгт хамтад нь хохирлын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдаж, дахин хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэж, талийгаач Ч.Б-ыг 11 удаа хутгалснаас харахад энэ хүн засарч хүмүүжээгүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгоогүй нь харагдаж байна. Ийм байтал шүүхээс 18 жилийн ял оноож байгаа нь Л.Б- хорих байгууллагаас суллагдаж, гарч ирээд дахин ийм гэмт хэрэг хийхгүй бас нэгэн над шиг эх хүн, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдийг нь сэтгэлийг нь мөнхийн зовлонд унагахгүй гэх үндэсгүй байна. Миний хань хүүгийнхээ энэ аймшигт үхлээс болж сэтгэл санааны хүнд байдалд орж, тарчлан зовсоор байгаад хэрэг гарснаас хойш 6 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 1-нд тархинд нь цус харваж нас барсан. Ингээд харахад нэг хүний амь насыг хохироосон биш цаана нь энэ гэмт хэргийн улмаас дахин нэг хүний амь нас шууд бусаар хохироод байна. Л.Б-д оноосон ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Б-эд бүх насаар нь хорих ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “ ... Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын орчим гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Л.Б-эд холбогдох хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэх хүртэл тэрээр нийт 297 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд “цагдан хоригдсон 660 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох”-оор зааж, ял завших боломж олгосон байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 297 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан ...” гэсэн өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэрт нэг ангийн хүүхэд болох Ч.Б-тай архидан согтуурсны улмаас маргалдан санамсаргүйгээр ийм хэрэг болсонд туйлын их харамсаж, ар гэрийнхэнээс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал болох 22.006.780 төгрөгнөөс 10.101.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 11.905.780 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Эхнэр Б.Хонгорзулын биеийн байдал одоогоор “элэгний хатуурал, зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс” гэсэн оноштойгоор “Шастены 3” дугаар эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэгт байнга эрүүл мэндийн хяналтад байдаг. Намайг цагдан хоригдож байх хугацаанд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эхнэр минь маш хүнд хийсвэр хагалгаагаар охиноо төрүүлсэн. Охин минь төрөлхийн зүрхний гажиг /тараагуур судасны нарийсал/ гэсэн оноштойгоор 2020 оны 1 дүгээр сард Эх нялхасын эмнэлэгт япон эмч нарын хяналтанд зүрхний хагалгаанд орсон.

Одоогоор эхнэр, охин хоёрын минь биеийн байдал сайнгүй, өдөр болгон эмчилгээтэй байгаа. Миний ар гэрийн байдал болон хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялаас минь бага ч болов хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Д.Очирваань гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... шийтгэх тогтоолын 13 дахь талд шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан учир 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь заалт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэсэн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийтгэсэн гэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардалд сайн дураараа 10.100.000 төгрөг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал гуйсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Би давж заалдах гомдлыг өмгөөлөгчтэйгөө хамтарч гаргасан юм. Би маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж нэг хүн биш, маш их хүн сэтгэл зүйгээрээ хохирсон. Хохирол, мөнгө гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн хувьд ямар хүнд байгааг үгээр хэлшгүй байна. Ийм байхад яасан гэж шүүгдэгчийн ял шийтгэх хүнддэх юм бэ. Бүх насаар нь хорих ял оногдуулж өгөөч гэж байгаа үндэслэл нь над шиг олон эх хүн битгий үр, хүүхэд, хань ижлээ алдаасай гэсэн үүднээс шүүхээс хүсэж байгаа юм. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд хяналтын прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан 37 настай, эрэгтэй, Ч.Б-тай маргалдан түүнийг олон удаа хутгалж, нүүр, цээж, хэвлий хөндий нэвтэрсэн шарх, дух, зүүн совхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Л.Б-ийн яллагдагчаар өгсөн “...хутгатай ноцолдож байх хугацаанд Батбаярын биед шарх сорви, хутганы ором гарсан байх магадлалтай. ...би “намайг хүн алах гээд дайраад байсан, би энэ хүнийг алчих шиг боллоо, намайг хурдан ирээд аваачээ, гэрээс гарах гэсэн чинь гарах боломжгүй байна, түргэн, цагдаа дуудаарай” гэж хэлсэн санагдаж байна. ...” /1хх-188/,

гэрч Б.Хонгорзулын “...Л.Б-... нилээн согтуу бололтой залгаад манайд манай ангийн хүүхэд ирээд энэ надруу дайрч намайг зодсон тэгэхээр нь би хутгалчихлаа одоо хөдлөхгүй байна гэж уйлаад утсаа салгасан. ...илүү түлхүүр аваад гэрт ороход шалан дээр эрээн өнгийн хувцастай том биетэй эрэгтэй хүн нил цус болчихсон хэвтэж байсан... нилээн согтуу “би хүн алсан, энэ байна, үхсэн” гэж хэлсэн тэгээд би цагдаа дуудсан. ...” /1хх-65/,

гэрч Ц.Болорчулууны “...утсаа авсан чинь нилээн согтуу байдалтай “дүү нь өнгөрсөн ахаа" гэж хэлсэн. ... “энэ нэг балай юм намайг ална тална гэж дайрч байсан, одоо өөрөө энд үхчихсэн хэвтэж байна. Та ирээд хэрэггүй, танд гай болно, би таныг ирүүлмээргүй байна.” гэж хэлээд утсаа тасалчихсан. ...Анх гэрийн хаалгыг онгойлгоход Болорсүх газарт хэвтэж байсан хүний цаад талд бие засах өрөөний үүдэнд газар сууж байсан. ...” /хх 70-71/,

гэрч О.Жамъяансүрэнгийн “... бид нарыг хараад тэр хүн “та нарыг ойртвол үсэрлээ шүү, би хүн алсан угаасаа насаараа шоронд явна” гэж хэлж байсан. Эрээн хувцастай хүний хувьд хэвлий орчимдоо зүсэгдсэн байдалтай байсан. Биеийн баруун талд нь шар өнгийн иштэй хутга байсан. ...” /хх 101-102/,

хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 818 дугаартай “...Талийгаачид нүүр, цээж, хэвлийн хөндий нэвтэрсэн, мөчидөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, дух, зүүн зовхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархийн хоёр тал бөмбөлөгийн аалзан хальс доохи цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий, чацархайн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи шархнуудыг ир үзүүртэй, 2.5 см-ээс доошгүй өргөнтэй 15 см-ээс доошгүй урттай зүйл 10-11 удаагийн, нүүрний зулгаралтууд нь мохоо зүйлээр үрэгдэх шүргэгдэх үед үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд үед нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Олон хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. Эмнэлгийн тусламж авах боломжгүй, цус богино хугацаанд ихээр алдаж үхэлд хүргэсэн байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1хх- 110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2123 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Шар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цус ДНХ-ийн тогтоцоороо 2299 дугаартай Л.Б-ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /2хх 64-65/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 818 дугаартай “талийгаачид нүүр цээж, хэвлий хөндий нэвтэрсэн мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, дух, зүүн зовхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий чацархайн цус хуралт тогтоогдлоо. Дээрх шархнуудыг ир үзүүртэй 2.5 см-ээс доошгүй өргөнтэй 15 см-ээс доошгүй урттай зүйлийн 10-11 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б- нь амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Очирвааны нараас “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүж өгнө үү.”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Адалбекээс “...бүх насаар нь хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Л.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх талаар гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 297 хоногийг 660 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсон байх тул энэ талаар бичсэн прокурор Н.Пүрэвтогтохын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хүлээж авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 заалтад “...660 хоног...” гэснийг “...297 хоног...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Очирваань, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Адалбек нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ