Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2019/0008

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б, Н.Э

Хариуцагч: Төв аймгийн У Б Хэс

Нэхэмжлэлийн шаардлага: Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг иргэн Ж.Бд шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгч Н.Б, Н.Э нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Төв аймгийн У Б Хсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б надад болон миний эхнэр Н.Эгийн нэр дээр 2011 оны сүүлээр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул гэх газарт өмчлөлийн газар авах уу гэж хуучны танил Б.Цэрэнбалыг хэлэхээр нь авъя гэж манай эхнэр, охин бид 3 иргэний үнэмлэхийн хуулбарыг 500000 төгрөгтэй Б.Цэрэнбалд өгсөн. Түүнээс хойш захирамж гарсаныг асуухаар удахгүй болно гэсээр сүүлдээ утсаа ч авахгүй, олдохгүй болсон. 2011 оны 12 дугаар сард захирамж нь гарсан байсныг тухайн үед нь мэдээгүй. Дараа нь нэг өдөр газрын талаар лавлагаа авах гэтэл эхнэр бид 2-ыг газар өмчилсөн байна гэснээр мэдэж Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт ирж лавлахад бид 2-ын өмчлөлийн газрыг Д.Болдоо гэж хүнд нотариатаар баталсан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна гэсэн. Ингээд би аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Нотариат Ч.Наранцэцэг гэж хүн дээр очоод уулзахад Б.Цэрэнбал гэж хүн гуйж, гарын үсгийг дуурайж зурж нотариатаар батлаад бэлэглэлийн гэрээ хийгдээд дараа дараагийн хүмүүст шилжсэн байсан. Эхнэр Энхтүвшин бид 2 ямарч бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад нотариатч хуурамч гарын үсэгтэй бэлэглэлийн гэрээг баталгаажуулсан байсан. Б.Цэрэнбалтай Английн Лондон хотод 2009 онд танилцаж байсан. Д.Болдоог танихгүй, харин аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөний дараа нэг өдөр Б.Цэрэнбал өөр хэргээр Цагдаа дээр дуудагдаад ирсэн явахад нь таарч Цагдаад хэлтэл түүнийг саатуулж тайлбар авсан. Б.Цэрэнбал нь эхнэр бид 2-ын гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатч Наранцэцэгийг гуйж байгаад бэлэглэлийн гэрээ хийж, улсын бүртгэлийн газарт өгч бид 2-ын өмчлөлийн гэрчилгээг гаргуулж цааш нь хүмүүст бас л хуурамч гарын үсэгтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул гэх газар 5000 м.кв газрыг 2011 оноос өмчлөх эрхтэй болсон. 2017 оны сүүлээр У Б Хэс дээр ирж газрынхаа талаар уулзаад уг газар нь бэлэглэлийн гэрээ хийгдээд өөр хүнд шилжсэн гэдгийг мэдсэн. Нотариат Ч.Наранцэцэг дээр ирж уулзахад нэхэмжлэгч нарын гарын үсэг зурагдаагүй байхад хуурамч гарын үсэг зурж бэлэглэлийн гэрээ хийгдсэн байдаг. Үүнийг шалгуулахаар Цагдаагийн газар гомдол гаргасан. Б.Цэрэнбал гэж хүн ирж мэдүүлэг өгсөн. Нотариат Ч.Наранцэцэг ирж мэдүүлэхдээ нэхэмжлэгч нарыг байхгүй байхад Б.Цэрэнбал гэж хүн ирж гэрчлээд өгөөч гэж гуйснаар Д.Болдоо гэж хүнд газрыг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллагаас Нотариатын танхимд нотариатчид арга хэмжээ авахуулахаар албан бичиг явуулсан. Цагдаагийн байгууллагад уг хэрэг шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариат Ч.Наранцэцэг шүүхэд өгсөн гэрчийн тайлбартаа нэхэмжлэгч нарыг байхгүй байхад бэлэглэлийн гэрээ хийсэн гэж мэдүүлсэн байгаа. Манай зүгээс Ч.Наранцэцэг нотариатчийг өөрөө хуурамч гарын үсэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан гарын үсгийг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтээ хангагдсан гэж үзээд татгалзсан. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ хууль бус бэлэглэлийн гэрээг үндэслэж бүртгэсэн байгаа тул Улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т Захиргааны акт, гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан байдаг. Захиргааны байгууллага нотариатын баталсан бэлэглэлийн гэрээг үндэслэж бүртгэх ёстой. Хариуцагчийн хэлж байгаагаар түүнийг шалгах, хууль бус гэж үзэх боломжгүй байсан учраас бүртгэсэн байдаг. Тухайн үед байгаагүй нөхцөл байдал үүссэн байгаа. Энэ талаар нотариат гэрчээр мэдүүлэг өгсөн. Бэлэглэлийн гэрээг эдгээр хүмүүсийг байлцуулахгүйгээр Б.Цэрэнбал гэж хүн ирж гуйснаар гэрчилсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэрээ хүчин төгөлдөр болохтой холбоотой маргаан нь Иргэний хэргийн шүүхийн маргаан. Гэхдээ нотариат шүүхэд өөрөө хүчин төгөлдөр бус хэлцлийг баталснаа хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбогдуулан хэлэхэд анх газар өмчлөх эрх Н.Б, Н.Э нарын нэр дээр байсан. Бэлэглэлийн гэрээгээр Д.Болдоо руу, Д.Болдоогоос Х.Алтангэрэл рүү, Х.Алтангэрэлээс Ж.Б руу тус тус шилжсэн байдаг. Одоо хамгийн сүүлд Ж.Б уг газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, Д.Болдоо, Х.Алтангэрэл нарын өмчлөх эрхийг нь Улсын бүртгэлийн газар хүчингүй болгосон тул бид нэхэмжлэлийн шаардлагаа Ж.Быг уг газрын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлагаа зөвтгөн тодорхойлж байна. Цагдаагийн газраас шалгаад хэрэг бүртгэлийн хэргийг хаасан Прокурорын тогтоол энэ хавтаст хэрэгт ирсэн. Уг тогтоол дээр Б.Цэрэнбал нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн 2 дугаар хэсэг 4 дүгээр гудамж 17-18 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 5000 м.кв газрын хууль ёсны гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч Н.Э, Н.Б нарын эрхийг зөрчиж, өмчлөгч нарын өмнөөс илт хууль бус хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлэн залилсан гэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ж.Бын хувьд энэ газрыг 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбар өгсөн байсан. Үүнийг иргэний шүүхээр шийдүүлээд явах боломжтой. Иймд нотариат бэлэглэлийн гэрээг өөрөө хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас Улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Төв аймгийн У Б Х-сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.Цэрэнбал бидний гарын үсэггүй гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн гэдэг тул Б.Цэрэнбалын тайлбар байхгүй бол нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь нотлогдохгүй байх гэж үзэж байна. Н.Б, Н.Э нар 2011 оны 12 дугаар сарын 28-нд Эрдэнэ сумын Засаг даргаас газар өмчлөх захирамж гаргуулж, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэх эрхээ баталгаажуулаад гэрчилгээгээ авсан байдаг. Нотариат дээр бэлэглэлийн гэрээ хийгдээд 3 хүн дамжсан бэлэглэлийн гэрээ байдаг. Нотариатыг үнэн зөв гэрчилсэн гэж үзээд улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж, бүртгэл хийсэн байгаа. Улсын бүртгэлийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нотариат Ч.Наранцэцэг, Б.Цэрэнбал нар оролцсон санаатай, залилангийн үйлдэл мэт харагдаж байна. Нотариатын гэрчилсэн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн газраас үнэн зөв гэж үзэхээс, хуульд заасан хяналт тавих боломж байхгүй. Улсын бүртгэлийн үйлдэл үнэн зөв хийгдсэн, нотариатын үйлдлийг дүгнэж хэлж мэдэхгүй байна. Хийгдсэн бүртгэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлсэн. Эдгээр бүртгэлүүд нь хууль дүрмийг зөрчөөгүй, үнэн зөв, хуулийн дагуу хийгдсэн. Нотариат Ч.Наранцэцэг нь Б.Цэрэнбал гэж хүний гуйснаар гэрчилгээг баталсан гэж байгаа тул үүнийг шүүхээс авч хэлэлцэх байх. Үүний дараа гэм хорын асуудал нотариат дээр яригдах байх. Бүртгэлийн хувьд Иргэний хууль болон бусад хуулиудыг зөрчсөн зүйл байхгүй. Авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд байгаа гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ж.Бын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ. Хэргийн материалтай танилцахад хэд хэдэн нөхцөл байдал харагдаж байгаа. Нотариатын үйлдэл хийгдсэн 2011, 2012, 2013 онуудад 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байсан байгаа. Одоо хүчингүй болсон. Энэ харилцааг 2003 оны хүчин төгөлдөр хэрэгжиж хуулиар зохицуулсан байгаа. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар юуг үндэслэж Улсын бүртгэлийг хийх вэ гэснийг заасан байдаг. Хариуцагчийн тайлбарт дурдсан хуулиар үүрэг хүлээсэн нотариатын баталсан үйлдэлд дүгнэлт хийх боломжгүй. Үнэн зөв гэж үзэж улсын бүртгэлийг хийсэн гэж тайлбарлаж байгаа нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Н.Б, Н.Э нараас Д.Болдоод хийсэн газар өмчлөх эрхээ шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болсон гэсэн баримт хэрэгт байхгүй байгаа. Улсын бүртгэлийн үйлдэл нь нотариатын гэрчилсэн гэрээн дээр тулгуурлан хийгдсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болоогүй тохиолдолд өнөөдрийн маргаан улсын бүртгэлийн үйлдлээр хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хүчингүй болгох гээд байгаа нотариатын үйлдлийн гэрээний нэг тал нь Д.Болдоо байгаа. Д.Болдоо, Х.Алтангэрэл, Ж.Б нарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Бэлэглэлийн гэрээ байгаа боловч бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Д.Болдоо гэрч болохгүй. Учир нь хүчин төгөлдөр болгох гэж байгаа гэрээний нэг тал нь Д.Болдоо байгаа. Б.Цэрэнбалыг гэрчээр шүүх хуралдаанд оруулах, цагдаагийн байгууллагад Б.Цэрэнбал юу ярьсан зэрэг нь Б.Цэрэнбалыг олж ирснээр ач холбогдолтой болохгүй гэж үзэж байгаа. Хүчин төгөлдөр байгаа бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зурсан уу гэдгийг Захиргааны хэргийн шүүх дээр энэ маргааны явцад ярьж дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр бус болгох, хүчингүй болгуулах шаардлага байгаа болохоос бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн харьяаллын хувьд Иргэний хэргийн шүүх шийдэх маргаан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангаж шийдэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Д.Болдоо бол гэрч болохгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр Д.Болдоод шилжүүлсэн Улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах гэсэн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх санаачилгаараа, бие даасан шаардлага гаргаад эсвэл өөрөө хүсэлтээ гаргаад бие даасан шаардлага гаргах боломж байгаа. Хуульд зааснаар Ж.Бын эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд гуравдагч этгээдээр оролцуулсан байгаа. Улсын бүртгэл хүчин төгөлдөр байх уу үгүй юу гэдэг асуудал нь Н.Б, Н.Э нараас Д.Болдоо бэлэглэлээр шилжүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байх, хүчин төгөлдөр бус байхаас хамаарч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатыг гэрчээр асууж захиргааны шүүхэд гаргасан тайлбараар захиргааны хэргийн шүүх хуульд заасны дагуу бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр бус эсэхэд нотариатын үйлдэл хийсэн нотариатын мэдүүлгээр дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол үндэслэл нь Улсын бүртгэл хүчин төгөлдөр байх, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл нь бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр бус эсэхээс хамаарна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж Улсын бүртгэлийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэгэнт хүчин төгөлдөр байгаа хэлцлийн тухай, хүчин төгөлдөр бус гэж тооцогдоогүй хэлцлийн тухай нотариатын тайлбараар энэ хэлцлийг хүчин төгөлдөр, хууль зөрчсөн хэлцэл байна. Хууль зөрчсөн хэлцлийн Улсын бүртгэлийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Ж.Бын хувьд буруутай үйл ажиллагаа байхгүй. Өмнө хэлсэн тайлбараа дэмжиж байгаа. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийгдсэнийг буруутгах үндэслэл байхгүй. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэл нь нотариатын хүчин төгөлдөр үйлдлийг үндэслэн бүртгэлийг хийсэн байдаг. Улсын бүртгэлийн бүртгэх үндэслэл болсон бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Н.Б, Н.Э нараас шүүхэд хандан Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг иргэн Ж.Бд шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлэгт тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Б, Н.Э нарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн А/398 тоот захирамжаар тус сумын 3 дугаар баг Баянтуул суурин 2 дугаар хэсэг 4 дүгээр гудамж 17, 18 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18688319066630, 18687319971619 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5000 мкв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр болон эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, У Б Хэст гаргасан өргөдөл, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн газар нь 2012 оны 03 сарын 12-ны өдөр иргэн Н.Бг Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуул суурин 2 дугаар хэсэг 4 дүгээр гудамж 18 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18688319066630 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5000 мкв газрын өмчлөгчөөр Г-1423001295 дугаарт бүртгэж, 000146585 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, Н.Эг мөн дээрхи хаягын 17 тоотод байршилтай, нэгж талбарын 18687319971619 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5000 мкв газрын өмчлөгчөөр Г-1423001294 дугаарт бүртгэж, 000146584 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгожээ.

Улмаар хариуцагч нь нэхэмжлэгч Н.Эгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1123001294 дугаарт бүртгэгдсэн дээрхи газрыг өмчлөхийг хүссэн иргэн Д.Болдоогийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн У Б Хэст гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн Н.Б, Д.Болдоо нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Н.Б, Д.Болдоо нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Н.Бгийн өмчлөх эрхийг иргэн Д.Болдоод шилжүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001295 дугаарт бүртгэж, 000195203 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, мөн иргэн Х.Алтангэрэлийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн иргэн Д.Болдоо, Х.Алтангэрэл нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Д.Болдоо, Х.Алтангэрэл нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Д.Болдоогийн Г-1123001295 дугаартай газар өмчлөх эрхийг иргэн Х.Алтангэрэлд шилжүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001295 дугаарт бүртгэж, 000168190 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, мөн иргэн Х.Алтангэрэлийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн иргэн Х.Алтангэрэл, Ж.Б нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Х.Алтангэрэл,Ж.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Х.Алтангэрэлийн Г-1123001295 дугаартай газар өмчлөх эрхийг иргэн Ж.Бд шилжүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001295 дугаарт бүртгэж, 000168190 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг,

Мөн нэхэмжлэгч Н.Эгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1123001294 дугаарт бүртгэгдсэн дээрхи газрыг өмчлөхийг хүссэн иргэн Д.Болдоогийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн У Б Хэст гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн Н.Э, Д.Болдоо нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Н.Э, Д.Болдоо нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Н.Эгийн өмчлөх эрхийг иргэн Д.Болдоод шилжүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001294 дугаарт бүртгэж, 000195202 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, мөн иргэн Х.Алтангэрэлийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн иргэн Д.Болдоо, Х.Алтангэрэл нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Д.Болдоо, Х.Алтангэрэл нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Д.Болдоогийн газар өмчлөх эрхийг иргэн Х.Алтангэрэлд шилжүүлэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001294 дугаарт бүртгэж, 000168189 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, мөн иргэн Х.Алтангэрэлийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн өдрийн иргэн Х.Алтангэрэл, Ж.Б нарын хооронд хийгдсэн гэх Бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, Х.Алтангэрэл, Ж.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэн Х.Алтангэрэлийн газар өмчлөх эрхийг иргэн Ж.Бд шилжүүлэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1423001294 дугаарт бүртгэж, 000168235 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгожээ.

Нэхэмжлэгч нар нь дээрхи байдлаар маргаан бүхий газрыг өмчилж авахдаа өөрийн танил иргэн Б.Цэдэнбал нь газрыг хөөцөлдөж өгнө гэсэн учир 2 иргэний үнэмлэхний хуулбараа түүнд өгсөн гэх бөгөөд Б.Цэдэнбал нь үүнийг ашиглан Төв аймгийн 337 дугаар тойргын нотриатч Ч.Наранцэцэгийг гуйж нэхэмжлэгч Н.Б, Н.Э нарыг байлцуулахгүйгээр гарын үсгийг нь хуурамчаар зурж, дээрхи өмчлөх эрхтэй газраа иргэн Д.Болдоод бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээ-г хууль бусаар үйлдсэн болох нь маргаан бүхий газрын өмчлөгч Н.Б, Н.Э нарын иргэн Д.Болдоотой бэлэглэлийн гэрээ хийгээгүй, бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар, уг бэлэглэлийн гэрээг баталгаажуулсан нотриатч Ч.Наранцэцэгээс өгсөн Н.Б, Н.Э нарыг энэ гэрээнд гарын үсгээ зураагүй, над дээр ирээгүй, Б.Цэдэнбалыг гуйгаад байхаар нь би уг гэрээг хийж өгсөн, хуурамч гарын үсэгтэй тул хууль бус гэрээ гэдгийг зөвшөөрч байна, миний буруугаас болсон гэх гэрчийн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 282 тоот Прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хариуцагчаас өгсөн нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхдээ Төв аймгийн 337 дугаар тойргын нотариатч Ч.Наранцэцэгийн баталгаажуулсан бэлэглэлийн гэрээ-г үндэслэсэн, бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хууль бус бэлэглэлийн гэрээг үндэслэж хийгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэл нь хууль ёсны байх боломжгүй байх тул иргэн Д.Болдоо, Х.Алтангэрэл, Ж.Б нар дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг бүгд хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгчөөс бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгосон Иргэний шүүхийн шийдвэр гараагүй байхад улсын бүртгэл хүчингүй болгох ёсгүй гэж маргах боловч бэлэглэлийн гэрээнд оролцогч тал болох нэхэмжлэгч Н.Б, Н.Э нар нь нотариатч дээр өөрийн биеэр ирээгүй, тэдний өмнөөс хуурамч гарын үсэг зурсан байхад нь нотариатч Ч.Наранцэцэг хууль бус үйлдэл хийж уг гэрээг үнэн, зөв гэж баталгаажуулсан, мөн Төв аймгийн Цагдаагийн газраас маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч Н.Б, Н.Э нарын өмчлөх эрхийг нь зөрчиж тэд нарын өмнөөс хууль бус хэлцэл хийж, бусдыг залилсан гэх гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан зэргээс үзвэл /Прокурорын тогтоолд заасан/ уг бэлэглэлийн гэрээ нь хууль бус болох нь тогтоогдож байхад заавал Иргэний шүүхийн шийдвэрээр уг бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр 337 дугаар тойргын нотариатч Ч.Наранцэцэг нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 21.3.1-д хуурамч баримт бичгийг гэрчлэх гэж заасны дагуу хуурамч баримт бичиг гэрчилсэн нь тогтоогдож байх бөгөөд түүний хариуцлагагүй, хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. /хх-87-89/

 

Иймд Төв аймгийн У Б Хсийн 2013 оны 01 сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн Г-1423001294, Г-1423001295 дугаартай Улсын бүртгэлийг хүчингүй болгож. нэхэмжлэгч Н.Б, Н.Э нарын Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг иргэн Ж.Бд шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд иргэн Ж.Б нь өөрт учирсан хохирол гэх 25000000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулахыг шаардах эрхтэй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн У Б Хсийн 2013 оны 01 сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн Г-1423001294, Г-1423001295 дугаартай Улсын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б, Н.Э нарын Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг иргэн Ж.Б-д шилжүүлсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА