| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0338/З |
| Дугаар | 221/МА2026/0217 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2026/0217
Ч.Хын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Х
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Х
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах,
3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Б/54 дүгээр тушаал,
4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/92 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох,
5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,
6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж,
7. ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П
Хариуцагч Б.Э
Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0338/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан "1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах, 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Б/54 дүгээр тушаал, 4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/92 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, 5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, 7. ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх"-ээр маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх "... эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаал хасагдаж, тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын орон тоо шинээр батлагдсан, ... Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өгссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан тул байх тул" гэх үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
Нэхэмжлэгч Ч.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд (Эрхэлсэн түшмэл, АА-4) ажиллаж байгаад маргаан бүхий Б/*** дүгээр тушаалаар Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл, АА-5)-ийн албан тушаалд томилогдсон буюу албан тушаал буурсан. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр, томилохыг даалгуулах шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх замаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг хуульчилсан бөгөөд энэхүү маргааны тухайд албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад маргаан бүхий актаар нэхэмжлэгч албан тушаал буурсан. Маргаан бүхий Б/*** тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчид олгосон нэмэгдэл баталгааны зохицуулалтыг хэрэглэсэн боловч нэхэмжлэгч нь Эрхэлсэн түшмэл ангиллын АА-4 зэрэглэлээс АА-5 зэрэглэлийн албан тушаалд томилогдож үндсэн цалин хөлс нь буурсан, өмнө нь зохих журмын дагуу томилогдсон АА-4 зэрэглэлийн албан тушаал эрхлэхийн тулд дахин шалгалт өгөх зэргээр эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаас үзвэл албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх зарчимтай байхад тусгай шалгалт өгөх боломжтой гэх нэхэмжлэгч иргэнээс өөрөөс нь үл хамаарах шалтгаан нь албан тушаал бууруулсан захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Нөгөө талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоол нь "Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай" буюу төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх үндэслэлээр гарсан байхад маргаан бүхий Б/*** дүгээр тушаалд нэр бүхий 4 албан тушаалтны хөдөлмөрийн харилцааны талаар тусад нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх нэг үйл баримтад бусад албан хаагч нарт Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дахь заалт харин нэхэмжлэгчийн хувьд Б/*** дүгээр тушаалд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд нийцээгүй.
Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино ..." гэж тайлбарласан. Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистик хариуцсан нэгж нь хэлтэс, газар байхаас үл хамааран тухайн нэгжийн удирдлагын орон тоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бүтцэд байхгүй болсон тохиолдолд орон тоо хасагдсан гэж үзэхээр байна. Гэтэл энэ тохиолдолд тухайн нэгжийн удирдлагын орон тоо байхгүй болоогүй, нэршил өөрчлөгдсөн боловч нэгжийн удирдлагын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн тул орон тоо хасагдаагүй болно.
3.2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авахад хэрэглэгдэх заалт бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан, уг албан тушаал нь өөр ангиллын албан тушаал байх тохиолдолд түүнд дэвшин ажиллахад хэрэглэгдэх зохицуулалт байна. Албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан боловч ангилал өөрчлөгдсөн энэхүү маргаанд нэхэмжлэгч ажиллаж байсан албан тушаалдаа томилогдохын тулд уг заалтын дагуу дахин шалгалт өгөх үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д сул орон тоог тодорхойлсон. Нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах болон дээр дурдсан бусад шийдвэр гараагүй тул сул орон тоо гэж үзэхгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолд дурдсанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн бөгөөд энэ тохиолдолд “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн" эсэх хууль зүйн үндэслэлийг шалгаж, хангагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах нэмэгдэл баталгааг эдлэх ёстой талаар тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх "... чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх зохицуулалт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөгдсөн буюу өссөн тохиолдолд хэрэглэгдэхгүй, харин байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын ангилал хэвээр үлдсэн тохиолдолд хэрэглэгдэхээр байна ..." гэсэн дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т тодорхой, ойлгомжтой заасан дээрх хуулийн шаардлагыг өргөжүүлж, хуулийг буруу тайлбарласан.
Хуульд "чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх" гэх тодорхой шаардлагыг заасан байхад "ангилал өөрчлөгдсөн эсэх" талаар буюу хуульд заагаагүй үндэслэлийг нэмж харгалзан үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэмэгдэл баталгаа эдлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үндэслэл зааж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
3.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1.8-д тус тус заасан.
Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.10.1-т "хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх" гэж зохицуулсан. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь “ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй" гэх зөрчил гаргасан болох нь ... тайлбар, тэмдэглэл, ... хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна ..." гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчээс "... хариултууд нь ажлын ачаалал, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, захирах захирагдах ёсны шаардлагаас хэрхэн ялгагдаж байгаа болох талаар тодорхой дурдаагүй, ... зөрчлүүд нь хэзээ хэрхэн үйлдэгдсэн талаар хангалттай нотлоогүйгээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох эсэх асуудал мөн тодорхойгүй” гэх зэргээр маргасан нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
Анхан шатны шүүхийн тогтоогдсон гэж үзэж буй дөрвөн төрлийн зөрчил тус бүр тодорхой үйлдлээр үйлдэгдэж, тус бүртээ нотлогдсон тохиолдолд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх боломжтой. Гэтэл І) "ажлын байрны дарамт үзүүлдэг” гэх зөрчил хэзээний, ямар үг, үйлдлээр үйлдэгдэж, тэр нь хэрхэн нотлогдсон, II) хэзээ ямар үйлдлээр "ялгаварлан гадуурхсан", III) “ёс зүйгүй” зөрчил нь удаа дараа давтагдсан ямар үйлдлээр илэрч, ийнхүү тооцогдсон, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ямар ажилд, ямар үндэслэл, шалтгаанаар оролцуулаагүй нь IV) "гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй” гэх ёс зүйн зөрчил болж, энэ нь хууль тогтоомжид заасан аль үндэслэлд хамаарч ёс зүйн зөрчилд тооцогдож байгаа нь хариуцагчийн шийдвэр, түүний үндэслэл, шүүхийн дүгнэлтэд ч тодорхой бус байдлаар тусгагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр гарсан.
3.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Маргаан бүхий Б/92 дугаар тушаалд заасан "Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй" гэх үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй, албан ёсны баримт бичигт ямар нэгэн алдаа гараагүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад анхан шатны шүүх "... зөрчил гаргасан болох нь тайлбар, танилцуулга, нэгдсэн дүн мэдээний төслийг танилцуулсан танилцуулга дээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтан гараар засвар хийсэн нөхцөл байдал гэх мэт нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ... тушаал үндэслэлтэй" гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагад дахин хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний, удирдлага статистикийн газраас Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлийг ямар нэгэн алдаа, зөрчилгүйгээр гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Уг нэгтгэл нь Үндэсний статистикийн хорооноос зөвшөөрөл олгосны дагуу баталсан маягт, аргачлал, томьёо бүхий хүснэгт файл /MS excel/ хувилбараар хийгдэж, энэхүү нэгтгэлд буюу томьёо бүхий хүснэгтэн эксел файлд үндэслэн Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг бичмэл /MS word/ хэлбэрт хөрвүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад танилцуулах үед статистик хариуцсан референтүүд техник алдаа гаргасан байсан.
Энэ тохиолдолд Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэл нь хүснэгт файл /MS excel/ хувилбараар (1) алдаагүй) хийгдсэн байхад уг файлд үндэслэн бичмэл /MS word/ хэлбэрт хөрвүүлэхэд (II) алдаатай) гарсан алдаа, нэмж оруулсан засварыг үндэслэн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий актын үндэслэл болсон “дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй” гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байгаа буюу хүснэгт файл алдаагүй гарсан нөхцөл байдлыг анхаарч, дүгнэлт өгөөгүй.
Мөн шүүх "нэгдсэн дүн мэдээний төслийг танилцуулсан" гэж дурдсан атлаа уг "төсөл"-д гарсан алдаа нь ямар үндэслэлээр сахилгын зөрчилд хамаарч байгаа талаар болон "төсөл” нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр баримт бичигт тооцогдох эсэх, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын дээд шүүх, Үндэсний статистикийн хороонд хүргүүлж үнэн зөв мэдээгээр ханган, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулж, “Нээлтэй шүүх" хэвлэлийн бага хурлыг хийж иргэд олон нийтийг мэдээллээр хангасан ямар нэгэн алдаа, зөрчилгүй дүн мэдээний нэгтгэлтэй адил хүчин чадал бүхий баримт бичигт тооцогдож, сахилгын зөрчил ногдуулах үндэслэл болж байгаа талаар шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
3.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ “... 6 үндэслэл тогтоогдож байна гэж үзэж, 6 үндэслэл тус бүрээр эрх зүйн үндэслэлүүдийг тодорхой, тоочиж заасан байна, хүсэлтүүд, ... тайлбар, ... илтгэх хуудас, танилцуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Учир нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн маргаан бүхий тогтоолд "эрх зүйн үндэслэлүүдийг тодорхой, тоочиж заасан” боловч тухайн үндэслэлд хамаарах зөрчилд нэхэмжлэгчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй хамаарч байгаа болохыг тогтоогоогүй. Гомдол болон ёс зүйн хэм хэмжээг харьцуулан дүгнэх байдлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байхад шүүх мөн шийдвэртээ нэхэмжлэгчийн тодорхой ямар үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцож, түүнийг нь ямар нотлох баримтыг үнэлэн тогтоож байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.
Нэхэмжлэгч нь хэлтсийн даргаар болон газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа аливаа ёс зүйн зөрчил гаргаагүй, нэгжийн удирдлагын хувьд захирах, захирагдах ёсыг баримталж, албан ажлын хүрээнд тавьж байсан шаардлагуудыг аливаа нотолгоогүйгээр ёс зүйн зөрчил гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон. Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын бүх албан хаагчид нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгчийг шууд ёс зүйн зөрчил гаргасанд тооцох үндэслэл болохгүй бөгөөд уг гомдол, хүсэлтүүд үндэслэлтэй эсэхийг хууль, журмын дагуу шалган тогтоох ёстой байтал хэлтсийн албан хаагчид нь бүгд гомдол гаргасан учраас гэх агуулгаар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, түүний хугацаа, түүнд өртсөн албан хаагчийг нэрлэн заах буюу ёс зүйн зөрчлийг тогтоож чадалгүйгээр ёс зүйн зөрчилд тооцсоныг шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Нөгөө талаар, ёс зүйн зөрчилд тооцогдож болох тодорхой үйлдэл, эс үйлдэхүй байна гэж үзэж байгаа тохиолдолд энэхүү үйл явдлыг нь гэрчлэх боломжтой гэж үзэж болох Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын бүх албан хаагчид нэхэмжлэгчид холбогдуулан гомдол гаргасан энэ тохиолдолд тухайн зөрчлийн шинжтэй мэдээллийг шалгах ажиллагаа нь хөндлөнгийн, хараат бус байх зарчимд нийцэж явагдах ёстой байтал уг шаардлагыг хангаагүй болохыг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.
3.6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгч ямар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, хэзээ гаргасан нь холбогдох ямар хэм хэмжээг зөрчиж байгааг огт нотолж чадаагүй байхад уг дүгнэлтийг үндэслэн төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ёс зүйн дэд хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэснээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь “зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн” шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадалгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хэзээ, хэрхэн үйлдэгдсэн үйлдлийг зөрчилд тооцож байгаа нь тодорхой бус байгаагаас шалтгаалан Төрийн албан хаагчийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох, шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх "... нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь давтан, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн үндэслэлийг хангаж байгаа" гэж нотлох баримтад үндэслээгүй, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил болохыг тогтоож чадалгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчээс Хүний эрхийн үндэсний комисст хандан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Э нь Нэхэмжлэгч Ч.Хын эрх зүйн байдлыг дордуулсан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрүүд удаа дараа гаргаж, ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэйгээр ажлын байрны дарамт, шахалт үзүүлж байгаа талаар" гомдол гаргасан.
Комиссын гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04/23 дугаартай гишүүний шаардлагад "... Албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд нийтлэг биш байх боловч Ч.Хд сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээг сүүлийн 10 сард гурван удаа эхлүүлсэн нь түүнийг ялгаварласан байж болзошгүйг илтгэж байна. Ч.Хд түүний удирдлагад ажилладаг албан хаагчид гомдолтой байх боловч ажил олгогчоос Ч.Хд үүрэгт ажилдаа зохих ёсоор явуулах боломжийг бүрдүүлээгүй, зохих дэмжлэг үзүүлээгүй, тулгамдсан асуудал, үйл ойлголцлыг шуурхай шийдвэрлээгүй, сэтгэл санааны тааламжгүй байдалд ажиллуулсан, эдгээр нөхцөлүүд даамжирсан нь харилцааны бусад асуудал, үйл ойлголцол үүсгэсэн” гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3.7. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар "Журам батлах тухай” тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.3-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлж өгнө үү.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан "1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах, 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/92 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, 5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар "Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, 7. ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх"-ээр маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой.
Шүүхийн шийдвэр “хууль ёсны байх” шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн байх ёстой.
Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байхыг шаардана.
4. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн 7 шаардлагуудаас нэхэмжлэлийн эхний шаардлага болох “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагад дүгнэлт хийж, улмаар “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах” шаардлагад дүгнэлт хийлгүй орхижээ. Өөрөөр хэлбэл өмнөх шаардлагыг дүгнэх явцад дүгнэгдсэн гэж үзжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд маргаж буй үндэслэлээс өөр дүгнэлт хийж АА-4 ангиллаас АА-3 ангилалд шилжих боломжгүй тухай дүгнэсэн байна. Ингэснээр эрхэлсэн түшмэлийн ангиллаас тэргүүн түшмэл ангилал руу шилжин ажиллах тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт зайлшгүй өгөх ёстой гэсэн үндэслэлээр Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын хэлтсийн даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д нийцэхгүй бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэсэн нэхэмжлэгчээс гаргаж буй гол үндэслэлийн тухайд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Бүхэлд нь авч үзвэл “Дэвшүүлэн томилох боломжгүй тул тушаал бууруулж томилсон нь зөв” гэсэн дараалал, агуулгаар дүгнэлт хийжээ. Зүй нь эхлээд Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын хэлтсийн даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр тушаал бууруулан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д нийцсэн эсэх талаар эсхүл албан тушаал, цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд томилохыг даалгах боломжтой эсэх талаар нь дүгнэх байжээ. Ийнхүү дүгнэсэн тохиолдолд “өмнө эрхэлж байсан АА-4 ангилал буурч эрх зүйн байдал дордсон” гэх үндэслэлд дүгнэлт хийх боломжтой болно.
Дараа нь АА-4 ангилал зэрэглэлээс АА-3 ангилал руу дэвшин томилох боломжтой эсэх талаар дүгнэвэл логик дараалалтай болох байжээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн тогтоож, ийнхүү баталсан дээрх тогтоол, тушаалын үндэслэлд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2024.06.05/-иар байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орсон гэснээс үзвэл 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн аль өөрчлөлттэй холбоотой тухайн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтсийг “газар” болгон өөрчилсөн хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой Газрын даргын чиг үүрэг нь Албаны даргын чиг үүргээс өөрчлөгдсөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.
5.1. Учир нь маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын Их хурлын 2019 оны 18 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам-ын 2.1-д Байгууллагын чиг үүргийн шинжилгээг хийсний үндсэн дээр тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт оруулах эсэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлно, 2.2-т Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсон тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулна, 6 дугаар зүйлийн 6.3-д Энэ журмын 2.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тус тус зааснаар байгууллагын чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн, түүнээс хамаарч Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтэс гэх нэгжийг “газар” болгож өөрчилсөн шалтгаан, тухайн Газрын даргын албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан эсэх, энэ нь Албаны даргын чиг үүргээс өөр эсэхийг Албаны чиг үүрэг, Албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг шинээр өөрчлөн баталсан Газрын чиг үүрэг, Газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг цуглуулж, харьцуулан дүгнэх шаардлагатай. Гэтэл хэрэгт зөвхөн шинээр батлагдсан Газрын даргын албан тушаалын тодорхойлолт авагдсан, бусад баримтууд авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
6. Дээрх хууль, журамд заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог ямар хэрэгцээ шаардлагын улмаас шинэчилсэн, тухайн маргаж буй нэгжид хамааралтай эсэх, хууль зүйн болон бодит үндэслэл, хариуцагч албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулахдаа цуглуулж, боловсруулсан ажлын байрны шинжилгээ, холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, нэгжийн чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтууд зэрэг дээр дурдсан баримтуудыг цуглуулсны үндсэн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалттай харьцуулан дүгнэх шаардлагатай.
7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухай анхан шатны шүүх бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалаар Ч.Хд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах шийтгэл ногдуулсан.
Дээрх тушаалыг гаргахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд үндэслэсэн байна.
Нэхэмжлэгч нь ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй гэх зөрчил гаргасан болох нь дээрх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт болон Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн илтгэх хуудас, Н.Атэй ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, П.Атай ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, Ж.Бын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бичгээр гаргасан тайлбар, Ц.Бтэй ярилцсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/54 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх үзжээ.
Дээрх дүгнэлт гарах болсон үндэслэл нь эхлээд Ч.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын хувиар тус хэлтсийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Сг
- удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй,
- гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлуулсан ажлын биелэлт хангалтгүй,
- албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хуулийн хугацаа хэтрүүлдэг зэрэг мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна. Үүний дараа 2024 оны 10 сарын 06-ны өдөр Ц.С нь гомдолд хариу тайлбарыг гаргахын сацуу, “... Ч.Хд хуульд заасан хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.
Дээрх хариу тайлбар, гомдлыг Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.М цохолт хийжээ.
Цохолтод: ... ШЗАХН хариуцсан референт Г.Мт. Хариу тайлбар (Гомдлыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулан дүгнэлт гаргая) Д.М Х/07 ... гэжээ.
Улмаар Ц.Сгийн гомдлыг Ч.Хд хүлээлгэн өгч хариу тайлбар авчээ. 2024 оны 11 сарын 13-ны өдөр Ч.Х болон Ц.С нарт Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Шүүхийн захиргаа хүний нөөцийн газрын дарга Д.Мын бичсэн Илтгэх хуудас дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга “Ёс зүйн хороогоор хэлэлцэх” хэмээн цохсон байна.
Өөрөөр хэлбэл Ц.Сгийн гаргасан гэх энэхүү гомдлын тухайд Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.М шалгах ажиллагаа явуулсан. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хороонд шилжсэний дараа Д.М мөн адил шалгах ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогджээ. Ийнхүү шалгах явцад анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн тайлбарууд авагдсан байна. Гэвч дээрх тайлбарыг авсан субьектын талаар шүүх дүгнэлт өгөөгүй төдийгүй нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх талаар дүгнээгүй байна.
Тодруулбал ярилцлага хийх хэлбэрээр тайлбар авсан гэх боловч ярилцлагын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн этгээдийн гарын үсэг байхгүй, мөн тайлбар өгсөн гэх Ц.Б, Н.А, П.А нарын гарын үсэг зурагдаагүй байна.
2025 оны 01 сарын 22-ны өдрийн Ёс зүйн дэд хорооны хуралдаанд дээрх баримтууд хэлэлцэгдсэн төдийгүй, хуралдааны явцад гишүүн Б.Н нь “Шүүхийн захиргааны хүний нөөцийн газраас тус хоёр албан хаагчдад хянан шалгах ажиллагаа болон тус хэлтсийн бусад албан хаагчдаас мэдүүлэг авчихсан юм байна зөв үү?” гэж асуухад илтгэгч Б.Аас “Тийм, мөн би нэмж хэдэн хүмүүсээс нь тайлбар авч ганцаарчилсан хэлбэрээр уулзсан” гэж хариулжээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана.” гэж заасан бөгөөд Шүүхийн захиргааны хүний нөөцийн даргын хувьд бүрдүүлсэн цуглуулсан баримтаа Ёс зүйн дэд хорооны даргын хувьд хуралдаанд авч орж хэлэлцүүлэн, дүгнэлт гаргаж буйд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Мөн хуралдаанаар Шүүхийн захиргаа хүний нөөцийн газрын даргын бүрдүүлсэн, зохих гарын үсэггүй баримтууд хэлэлцэгдсэн, улмаар дүгнэлт гарсан, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн Б/54 тушаал гарах үндэслэл болсон байгааг нэгтгэн дүгнэх шаардлагатай.
8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Уг тушаалыг Төрийн албаны зөвлөл хянаад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, тайлбар авах ажиллагаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заажээ. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хувьд ямар “ашиг сонирхол” байгааг заавал тогтоох ёстой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 103.3.3 дахь заалтын агуулгаас үзэхэд ... захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа ... гэсэн тодорхой нөхцөлийг заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 08 сарын 08-ны өдөр дахин гаргасан. Анхан шатны шүүхээс 2025.08.14-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 28-ны өдрийг хүртэл тогтоосон байна.
Нэхэмжлэгч талаас уг өдрөөр огноолон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн. Дээрх Б/92 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй байсаар шүүхээс 2025 оны 09 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Төрийн албаны зөвлөлийн тогтоол нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр гарсан байх бөгөөд шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч байх үед буюу 2025.09.11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын Б/92 дугаартай тушаал хүчингүй болсон байжээ. Тодруулбал шүүх хүчингүй болсон тогтоолд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар шийдвэрлэжээ.
Дээрх байдлаас шалтгаалан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 103.3.3 дахь заалтын ... захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа ... тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон ... гэсэн нөхцөл хангагдаагүй, харин ч хүчингүй болсон тогтоолд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мэт болжээ.
Нөгөө талаар “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж маргаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаал “үндэслэлтэй байна” гэж одоо цаг дээр авч үзэж буй нь ойлгомжгүй. Ингэснээр Ч.Хд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна /одоо цаг дээр/ гэж дүгнэх эсэх талаар маргаан үүсэхээр байна.
9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухайд:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-д заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гэж заасан. Заавал биелэх шинжтэй тул захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэнээрээ Ёс зүйн дэд хороог захиргааны байгууллага, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг захиргааны акт гэж үзсэн гэж дүгнэхээр байна.
Яагаад ийнхүү дүгнэх болсон нь ойлгомжгүй, уг акттай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн агуулгаас үзэхэд Ёс зүйн хорооны дүгнэлт төрийн албан хаагчийн талд гарвал хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол, мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно” гэж зааны дагуу гомдол гаргах, эсхүл мөн хуулийн 18 дугаар зүйлд “гомдол гаргах” гээд 18.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэжээ.
10. Нэхэмжлэгч Ч.Хд нийт 3 удаа хариуцлага тооцсон байх бөгөөд шийдвэр гаргах үйл ажиллагаа харилцан адилгүй процессоор явагдсан байгаад дүгнэлт хийх шаардлагатай.
11. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаартай Ч.Хд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг гаргажээ. Уг тушаалд “Чын Хын гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдал, давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулсугай” гэжээ.
Өөрөөр хэлбэл а/Зөрчлийн шинж байдал, б/Давтан үйлдсэнийг харгалзан төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулсан байна.
Анхан шатны шүүх зөрчлийн шинж байдал болон давтан үйлдсэн гэх үйл баримтад тодорхой дүгнэлт хийгээгүй байна.
12. Хэдийгээр Ч.Хыг буруутгаж, түүнд шийтгэл ногдуулаад байгаа боловч “Монгол улсын шүүхийн тайлан 2024” тайланг үзэхэд “Шүүн таслах ажиллагааны тайлан гаргасан: Н.А /эрүү/ Шүүхийн статистик хариуцсан референт, П.А /иргэн, захиргаа/ Шүүхийн статистик хариуцсан референт. Эмхэтгэсэн: М.Н Мэдээллийн төвийн дарга, Э.Э Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн багш, Б.Б Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн судлаач багш, Хянасан: Н.М, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Э гэжээ.
Иймд дээрх “Монгол улсын шүүхийн тайлан 2024” гэсэн оноосон нэр бүхий тайлан эмхэтгэлийг гаргахаар албан ёсны шийдвэр гарсан эсэх, бүрэлдэхүүнийг баталсан эсэх, түүнд нь Ч.Х байгаа эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай.
Хэрвээ зөрчил мөн гэж дүгнэж байгаа бол тухайн зөрчилд Ч.Хаас өөр этгээдэд хариуцлага ногдуулсан эсэхийг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч талаас “тэгш байдал”-ын талаар маргаж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох нь ач холбогдолтой.
13. Хэрэгт Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 04/23 тоот Шаардлага болон түүнд хариу хүргүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 01/1604 тоот албан бичиг авагджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг авахаас гадна “...ажлын албаны хамт олноос” ирүүлсэн хүсэлт /албан бичигт дурдсанаар/ гэх баримтыг эх хувиар нь гаргуулан авах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулах, маргаан бүхий үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР