Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Б.Соёлсайхан,

Шүүгдэгч М.Батхишиг, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

Хохирогч М.Мөнхжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Мөнхтогоогийн Батхишигт холбогдох эрүүгийн 201625022050 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Хэрээд овогт Мөнхтогоогийн Батхишиг, Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, НТВ телевизэд сэтгүүлч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 40-678 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: СЭ88101170/;

Шүүгдэгч М.Батхишиг нь 2016 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” рестораны хашаанд албан үүргээ биелүүлж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад М.Мөнхжаргалын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдан хэл амаар доромжлон зодож уруулд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батхишиг мэдүүлэхдээ: 2016 оны 07

 

дугаар сарын 26-27-нд шилжих шөнө найз Учралсайхан, Ариунгэрэл нартай “Сөүл” ресторанаас гараад дуудлагын жолооч дуудсан байсан. Тэгээд дуудлагын жолооч ирэхэд машин жолоодож явсан Ариунгэрэл энэ залууд машин бариулахгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд Ариунжаргал өөрөө машинаа жолоодож явна гээд “Сөүл” рестораны зогсоолоос төв хаалга хүртэл явсан. Энэ үед би Учралсайханы хамт согтуугаар машин жолоодож болохгүй гээд машиныг унтраагаад “Сөүл” рестораны үүдэнд зогсож байсан. Ингэхдээ дахин 1900-1950 лавлах руу дуудлага өгсөн. Тэгтэл эргүүлийн цагдаа нар ирээд согтуугаар машинаа жолоодож яваагүй гээд маргалдсан. Тэгэхэд машинаасаа буугаад бичиг баримтаа шалгуулахыг шаардсаны дагуу шалгуулсан. Тэгсэн замын цагдаа нар ирээд машин ачиж жолооны эрхийг хасна гээд маргалдаж байтал ахмад М.Мөнхжаргал миний араас гуя руу цахилгаан бороохойгоор цохиулах үед уулгамч юм шиг сандарсандаа эргэж хараад хохирогчийг санаандгүй байдлаар уруул хэсэгт цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхжаргал мэдүүлэхдээ: Энэ машины эзэмшигч нь машин жолоодсон гэдгийг замын цагдаа нарт хэлсэн. Тухайн үед би бичиг баримтыг нь шалгаад замын цагдаа дуудсан. Тэгээд би замын цагдаа нарт бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тэгсэн М.Батхишиг нь найзыгаа авчихъя гэхээр нь би чамд ямар ч хамааралгүй, замын цагдаа нар шийдвэрлэнэ гэж хэлсэн. Гэтэл Батхишиг нь замын цагдаа нартай манай найзыг өгчих гээд маргалдахаар нь би чамд хамаагүй, холдож бай гээд цахилгаан бороохойгоор бөгс рүү нь цохиулахад эргэж хараад намайг цохисон. Сүүлд шүүгдэгч өөрөө уучлаарай ахаа сандарсандаа цохичихлоо гэж хэлсэн гэв.

Хохирогч М.Мөнхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 27-ны 00.30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 30 минутын орчим тус хэлтсийн Тамир 10-с “Сөүл рестораны хашаанд 50-00 гэх улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг согтуу бариад байна” гэсэн дуудлага Тамир-112 чиглэлийн автомашинд ирсэн. Тус дуудлагын дагуу би Отгонбаатарын хамт очиж шалгахад тус машины жолооны ард М.Батхишиг гэх согтуу залуу жолооны ард сууж байсан. Тэгэхээр нь би бичиг баримтаа шалгуулна уу гэж хууль ёсны шаардлага тавьж бичиг баримтыг нь үзээд замын цагдаагийн албан хаагч дуудаж уг бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Замын цагдаагийн албан хаагч хүрч ирээд согтуугаар жолооны ард сууж байсан М.Батхишиг гэх залууг драйгер үлээлгэх гэсэн чинь би үлээхгүй гээд байхаар нь тус Ланд-200 машины эзэмшигч залуугаар драйгер үлээлгэх гэсэн чинь Батхишиг гэх залуу нь ирээд би найзыгаа авч явна үлээлгэхгүй гээд тус замын цагдаагийн албаь хаагчийн цээжин тус газар гараараа 2 удаа түлхэж цохисон тэгэхээр нь би та боль яаж байгаа юм, цагдаагийн алба хаагч үүрэгт ажлаа биелүүлж байна гэж хууль ёсны шаардлага тавихад миний уруулын хэсэгт эргэж хараад гараараа цохичихоод цаашаагаа зугтаасан тэгэхээр нь би араас нь хөөж гүйгээд барьж авч цагдаагийн хэлтэс дээр авчран эрүүлжүүлэхэд хийсэн...надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-9-11/,

Гэрч Э.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар

 

сарын 26-ны өдөр ахмад Мөнхжаргалын хамт Тамир-112 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 00 цагийн орчим согтуу хүн машин барьж явах гээд байна гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл рестораны хашаан дотор очиж шалгахад 3 залуу Ланд-200 машин дотор сууж байсан. Тэгэхээр нь машинаасаа бууж ирээд бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавихад нэг залуу нь бууж ирээд бичиг баримтаа шалгуулсан. Тэгж байхад хажуунаас нэг залуу хэл амаар доромжилсон тэгэхээр нь тэр залууг саатуулах байранд авчирсан. Тухайн дуудлага дээр очиход 3 залуу согтуу байсан ба шаардлага тавиад биелүүлэхгүй болохоор Батхишиг гэх залууг Мөнхжаргал ахмад цахилгаан бороохойгоор цохиулахад тэр Батхишиг гэх залуу Мөнхжаргал ахмадын уруул хэсэгт гараараа цохичихсон…” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Гэрч А.Ариунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн найзууд болох Учралсайхан, болон Батхишиг нарын хамт Сөүл рестораны караокед орсон ба тэндээ "3 шил" виски уучихаад шөнө 00 цагийн орчим тус караокеноос гарсан гарахдаа би дуудлагын жолооч дуудсан. Тэгээд би машиндаа суугаад паркын хашааны хаалган дээр аваачих гээд машинаа бариад хаалганы тэнд очоод зогсож байхад цагдаагийн машин ирсэн ба дотроос нь 2 цагдаа бууж ирээд согтуу машин барьсан тул машиныг ачуупна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай ачуулахгүй гээд маргасан ба манай найз Батхишигийг цахилгаан бороохойгоор цохиулахад найз Батхишиг цочсондоо гараараа нэг цагдаагийн нүүр хэсэгт нь цохичихсон. Санаатайгаар цагдааг цохисон асуудал байхгүй...бид нар 3 шил виски уусан байсан нилээн согтуу байсан …” гэсэн мэдүүлэг /хх-13/,

Гэрч Г.Чинбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…тэгээд очиход эргүүлийн офицер цагдаа 2, 3 согтуу залуутай зогсож байсан тэгээд хэн нь машин барьсан бэ гэтэл эргүүлийн офицер энэ барьсан гээд нэг залууг заасан. Тэгтэл нөгөө залуу би барих нь барьсан юмаа гэхээр нь бичиг баримтаа шалгуулчих гэтэл би бариагүй нотолчих гээд хэл амаар бид нарыг доромжлоод эхэлсэн. Тэгээд байж байтал хамт байсан нэг найз нь би барьсан гээд бичиг баримтаа гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид нар машиндаа суулгаад драйгер багаж үлээгээд шалгаж байх хооронд 2 найз нь алаг машинаас найзыгаа авна буулга гээд орилоод байсан…” гэсэн мэдүүлэг /хх-56/,

Гэрч Б.Есөнтөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би тухайн үед Содон сервис гэж дуудлагын жолоочийн компанид ажилладаг байсан юм...Сөүл ресторан дээр дуудлагын жолоочоор ажиллаж байсан юм. Сөүл ресторан дээр дуудлагын жолооч хэрэгтэй байна гэж деспечерээс хэлэхээр нь хүнийх нь утсыг аваад ярьтал жолооч дуудаагүй гээд согтуу залуу яриад байсан. Тэгэхээр нь юу ч гэсэн яваад очъё гэж бодоод очтол хар өнгийн Ланд-200 маркийн машин байсан улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Хэдэн залуучууд ирээд маргалдаад байж байсан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хэдэн согтуу залуучууд согтуу машин барих гээд байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10463 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. М.Мөнхжаргалын биед уруулд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй… /хх-15-16/,

Шүүгдэгч М.Батхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28,

Хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-26, 27, 29, 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Батхишиг нь 2016 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” рестораны хашаанд албан үүргээ биелүүлж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад М.Мөнхжаргалын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдан хэл амаар доромжлон зодож уруулд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч Э.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-12/, гэрч А.Ариунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч Г.Чинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-56/, гэрч Б.Есөнтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-75/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10463 тоот шинжээчийн дүгнэлт “...М.Мөнхжаргалын биед уруулд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-15-16/ болон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

М.Батхишигт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Батхишигт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэрээд овогт Мөнхтогоогийн Батхишигийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбоди нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар М.Батхишигийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Батхишигт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Батхишигт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Батхишигт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Батхишигт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР