| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0161/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/192 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/192
2023.08.29 2023/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0161/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Хохирогч О.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэрэн,
Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-тхолбогдох эрүүгийн 2339001130252 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О 2023 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, "Цогт-Өндөр" гэх газарт Митцубиши Оутландер маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7 а-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн энэ нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж хаалга мөргөсөн. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөн. 3.4-6-д заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дээрх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, улмаар тухайн хэрэгсэл дотор зорчиж байсан С.Г нь өвчүү яс, эгэм яс, олон хавиргануудын хугарал, орчны зөөлөн эдэд цус хуралт, уушгины дэлбэн хооронд, бөөрний өөхөн эд, үнхэлцэг хальсны гадаргуу, элэгний саран холбоосны цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, дух, хүзүү, мөр, ташаа, гуя, цээжний баруун хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл авч түүний амь насыг хохироосон,
мөн О.О-гийн биед их тархины баруун талд таламусын аалзан хальсан доорх цус харвалт, бүсэлхий нурууны нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын хавиргануудын хугарал, тархи доргилт, зүүн шанаанд шарх бүхий гэмтэл буюу хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч О.О-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.Г-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001130252 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 5-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 8-15-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-19-р хуудас),
Хохирогч О.О-гийн (1-р хх-ийн 32-33-р хуудас), гэрч Н.”Б”гийн (1-рхх-ийн 51-54-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэрэн, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 88-92-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 134-136-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (1-хх-ийн 184-185-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШД-112 дугаартай үнэлгээний тайлан (1-р хх-ийн 194-198-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч С.Наранхүүгийн 2023 оны 05-р сарын 06-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (1-хх-ийн 208-210-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 7-р хуудас),
Зээлийн гэрээний хуулбар (2-р хх-ийн 11-18-р хуудас),
Шүүгдэгчийн Голомт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, жолоочийн эрхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 228-233, 247, 249-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэвийн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах Чингис хотын хаалгыг “Outlander” маркийн 54-87 УЕБ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, улмаар С.Г нас барсан, зорчигч О.О-гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тухайн гэмт хэргийн улмаас зорчигч С.Г-ын амь нас хохирсон, зорчигч О.О-гийн биед хүнд хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин 21,186,800 төгрөг нэхэмжилсэн, эвдрэл гэмтэл 19,920,000 төгрөг байна. Эдгээр нотлох баримтуудад төлсөн баримт хэрэгт авагдаагүй байгаа учир Д.О-г бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна.... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...Машины зээлийг хуваарийн дагуу төлнө...Эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэв.
Шүүгдэгч Д.О-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.О 2023 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, "Цогт-Өндөр" гэх газарт Митцубиши Оутландер маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас С.Г нь өвчүү яс, эгэм яс, олон хавиргануудын хугарал, орчны зөөлөн эдэд цус хуралт, уушгины дэлбэн хооронд, бөөрний өөхөн эд, үнхэлцэг хальсны гадаргуу, элэгний саран холбоосны цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, дух, хүзүү, мөр, ташаа, гуя, цээжний баруун хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл авч түүний амь насыг хохироосон,
мөн О.О-гийн биед их тархины баруун талд таламусын аалзан хальсан доорх цус харвалт, бүсэлхий нурууны нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын хавиргануудын хугарал, тархи доргилт, зүүн шанаанд шарх бүхий гэмтэл буюу хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Болсон үйл явдалд маш их харамсаж байна... Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Mitsubishi Outlander маркийн 54-87УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод баруун талаасаа зүүн зүгт Хэнтий аймгийн Чингис хотын зүг явж байхдаа нойрмоглож унтаад Хэнтий аймгийн Чингис хаалганы хойд талын баганыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас “Г” ах эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан, түүний эх******* “О” хүнд гэмтэл учирсан. Би өөрийнхөө бурууг хүлээж байгаа. Болсон үйл явдалд маш их харамсаж байна...Миний зүгээс гэмт хэргийн улмаас учирсан зардлыг бүрэн төлж барагдуулах болно...Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал болон машины зээлийн төлбөрт нийт 12,080,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 5-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 8-15-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-19-р хуудас),
Хохирогч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн осол болдог өдрийн ойролцоогоор 18-19 цагийн орчимд Дорнод аймаг руу явах зорилгоор манай эгч М-ны охин Б-ийн нөхөр “О” болон миний нөхөр “Г”, мөн Б гээд залуугийн хамтаар бид 4 Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд замдаа хоол унд идэлгүй явж байгаад Хэнтий аймаг руу дөхөх үед орой болсон байсан учир би бол унтаад явж байсан гэтэл осол болсон юм шиг байсан. Тухайн үед би осол болсон шалтгааныг олж мэдэх зүйл байгаагүй учир нь би унтаж байсан. Тэгээд нэг сэрэхэд би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан. Энэ хооронд би ухаангүй байсан юм шиг байна лээ…Тухайн үед манай нөхөр зээлээр Инвескор гэдэг банк бус дээр байдаг Autolaunder маркийн 54-87УЕВ улсын дугаартай машиныг “О” жолоодож, жолоочийн хажууд дүү гэх залуу “Б” суугаад би “Б”гийн ард талд суудалд, нөхөр жолоочийн ард талын суудалд явж байсан…Намайг Багануур өнгөрөөд явж байхад харахад 80 км цагийн хурдтай явж байсан тэрнээс хойш мэдэхгүй байна…Тархины бяцралт, хагалгаанд орсон, мөн нурууны сэрвээний яс хугарсан гэмтэл учирсан…Би энэ хэрэгт холбоотойгоор осолд орсон машины төлбөр болон 12-р ангийн охины төлбөр тооцооны асуудал мөн эмнэлгээр явахад машин унаагүй асуудлууд байна. Энэ асуудлууд дээр туслалцаа үзүүлэхийг хүсэж байна…” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би болсон явдлын талаар 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим мэдсэн. Осол болсон талаар “О”ын эх******* “Б” надад утсаар хэлсэн. Ослын улмаас миний аав “Г” амь насаа алдаж, ээж О-ийн биед хүнд гэмтэл учирсан. “О”ын эх******* “Б” бол ээжийн төрсөн эгчийн хүүхэд байгаа юм....Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийг миний талийгаач аав Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр 45.000.000 төгрөгөөр авсан гэж надад хэлж байсан шиг санаж байна. Урьдчилгаа 20.000.000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг аав банк бусын зээлээр авсан гэж хэлж байсан…Гомдолгүй, харин Mitsubishi Outlander маркийн 54-87УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 19.920.000 төгрөг, ээжийн эмчилгээнд цаашид гарах зардал, 2023 онд дүү Г.Намуунзул оюунтан болж байгаа сургалтын төлбөрийг “О”аас нэхэмжилнэ...Миний ээж “О” ослын улмаас хүнд гэмтээд зүүн талын гар хөл мэдээгүй саажилттай болсон. 100 хувь хүний асаргаанд байгаа. Улсын эмнэлэг хагалгаа хийгдсэн одоо сэргээн засах эмчилгээ хийх шаардлагатай гэсэн. Сэргээн засах эмчилгээг хувийн эмнэлэг хийж байгаа. Ээжийнхээ биеийг хэвийн болох хүртэл нь сэргээн засах болон шаардлагатай эмчилгээг хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Иргэн С.”Г”, О.О нар нь "Инвескор" банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр В12022070706 тоот зээлийн гэрээ байгуулан Mitsubishi Outlander маркийн, /GG2W0003384/ арлын дугаартай, 54-87УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан 24.000.000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй 42 сарын хугацаатай автомашин худалдан авах зээлийн зориулалтаар авсан. Уг зээл 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусна. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 21,286.800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллага үндсэн болон хамтран зээлдэгчийн аль нэг нь нас барсан тохиолдолд зээлийн хүүг зогсоодог бөгөөд С.Г нас барсан 2023 оны 2 дугаар сараас зээлийн хүүг зээлийн эдийн засагч зогсоосон байгаа. Манай байгууллага 21.286.800 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.”Б”гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ах “О”, “Г”, “О” нарын хамт “Г” ахын машинаар явсан. Улаанбаатар хотоос гарахад “Г” ах ядраад байна гээд “О” ахаар машинаа бариулсан. Бид 4 замдаа хоол унд идэлгүй явсаар 23 цаг өнгөрөөд Хэнтий хаалга харагдсан. Би “О” ахтай хаалга харагдаж байна яриад явж байсан бөгөөд гар утсаа доош унагаагаад авах гээд тонгойсон, тэр үед би “О” ахыг замаас гарж зогсох гэж байна гэж бодтол түс хийсэн чимээ гарахад хаалганы багана мөргөсөн байсан. Миний цээжин дээр хамаг юм овоорчихсон байсан,хөдөлж чадахгүй байсан. “О” ах бид 2 хамгаалах бүсээ зүүчихсэн байсан. Харин ард “Г” ах, эх*******тэйгээ унтаад бүс зүүгээгүй явж байсан. “О” ах замын явцад 80 км цагийн хурдтай явсан. Миний эмээгийн бие муу байгаа учир Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явсан юм. Замд явахад цагдаагийн албан хаагч зогсоосон удаа байхгүй. Одоо миний цээж хөндүүр байна. Өөр учирсан гэмтэл байхгүй. Надад санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (хх-ийн 51-54-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай:
1.2. Талийгаач С.Г цогцост өвчүү яс, эгэм яс, олон хавиргануудын хугарал, орчны зөөлөн эдэд цус хуралт, уушгины дэлбэн хооронд, бөөрний өөхөн эд, үнхэлцэг, хальсны гадаргуу, элэгний саран холбоосны цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарч урагдсан шарх, дух, хүзүү, мөр, ташаа, гуя, цээжний баруун хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд илрээгүй, ходоодны шингэнд 1,3 промилли илэрсэн байна.
6. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх гэмтлийн улмаас цочмог дотуур цус алдаж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 88-92-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай:
1.2. О.О-гийн биед их тархины баруун талд таламусын аалзан хальсан доорх цус харвалт, бүсэлхий нурууны нугалмын арын сэртэнгийн хугарал баруун талын хавиргануудын хугарал, тархи доргилт, зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4 Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул хунд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс бүсэлхий нурууны нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын хавиргануудын хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр, зүүн шанааны шарх, тархи доргилт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон өвчний эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 134-136-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн 05 дугаартай:
1.”Mitsubishi Outlander” маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн энэ нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.
11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж хаалга мөргөсөн
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөн.
3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:
б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дээрх заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Зорчигч О.О, Н.”Б”, С.Г нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:
6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ:
а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо (энэ дүрмийн 3.4-ийн "6" заалтын тайлбар /Энэ заалт нь шуурхай албаны автомашины үүргээ гүйцэтгэж яваа жолооч, зорчигч, мөн биеийн эрүүл мэндийн байдалд үл тохирох заалт бүхий эмчийн магадалгаатай зорчигчид хамаарахгүй/ дурдсанаас бусад тохиолдолд) хамгаалах бүс хэрэглэх заалтыг зорчигч О.О, С.Г нар нь зөрчсөн байна. Энэ зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй. Зорчигч Н.”Б” нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт (1-хх-ийн 184-185-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШД-112 дугаартай:
“...Mitsubishi Outlander маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн зах зээлийн үнэлгээг 19,920,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (1-р хх-ийн 194-198-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээч С.Наранхүүгийн 2023 оны 05-р сарын 06-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (1-хх-ийн 208-210-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч О.О-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, С.Г-ын амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.Г-ынамь насыг хохироосон, хохирогч О.Огийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Унь эх О.Огийн цаашид гарах эмчилгээний зардал, оюутан дүүгийн сургалтын төлбөр, машины эвдрэлийн үнэлгээ 19,920,000 төгрөгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин нь машины зээлийн үлдэгдэл 21,286.800 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилж байна.
Шүүгдэгч Д.О нь хохирогч О.О болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Унарт эмчилгээний зардал болон машины зээлийн төлбөрт нийт 12,080,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн Голомт, Хаан банкны дансы дэлгэрэнгүй хуулга болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэрэнгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШД-112 дугаартай: “...Mitsubishi Outlander маркийн 54-87 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн зах зээлийн үнэлгээг 19,920,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (1-р хх-ийн 194-198-р хуудас)-гаар машины эвдрэлийн үнэлгээ, зээлийн гэрээний хуулбар (2-р хх-ийн 11-18-р хуудас)-аар зээлийн үлдэгдэл 21,286,800 төгрөг болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.”О”аас 19,920,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-д , 21,286,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Инвескор ББСБ-д тус тус олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч О.О цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Унь дүүгийнхээ сургалтын төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.”О”аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 4 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 4 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан ба шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 12,080,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй байна гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг хүлээн авах нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирч байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 249-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.”О”т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001130252 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 секунтын дүрс бичлэг бүхий CD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Унь дүүгийнхээ сургалтын төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.”О”аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.О-г гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.О-т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.О-аас 19,920,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-д , 21,286,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Инвескор ББСБ-д тус тус олгосугай.
8. Эрүүгийн 2339001130252 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 секунтын дүрс бичлэг бүхий CD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Унь дүүгийнхээ сургалтын төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.О-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР