Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

Хохирогч П.Цогтбаатар,

Гэрч С.Хүрэлбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201625021605 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаатар, Монгол улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 41-200 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,   /РД:АР66012614 /;

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 06 дугааэр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэрээ өмөөрөн маргалдаж хохирогч П.Цогтбаатарын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...80 гарсан хөгшин аав маань надаас дэлгүүрээс архи аваад өгөөч гээд гуйхаар нь би эхнэртэйгээ хамт дэлгүүрээс архийг нь авч өгөхөд буруу архи авсан байна гэхээр

 

нь нөгөө архиа солиулаад буцаад гараад ирэхэд хохирогч Цогтбаатар 4-үүлээ ирээд дрилл аваад ир гээд 2 удаа цохисон. Тэгээд хохирогчтой хамт явж байсан Самбуу гэдэг хүн уг нь наад хүн чинь биш гэж тухайн үед хэлсэн. Тэгээд манай эхнэр надаас юу болоод байгаа юм гэж асуухад нь би энэ хүн дрилл аваад ир гээд байна гэхэд манай эхнэр хохирогч Цогтбаатарыг алгадсан. Хохирогч манай эхнэртэй ноцолдоод байхаар нь би боль наад хүн чинь гэдсэндээ оёотой шүү гэж хэлсэн. Самбуу намайг тухайн үед хохирогч, эхнэр 2 руу очуулахгүй гээд барьсан байсан. Тухайн үед хэргийн газар дээр 2 эмэгтэй хүн байсан ч боль гэж хэлээгүй. Самбуу хохирогчийн ах нь юм билээ. Самбуу ах нь ч боль гэж хэлээгүй. Манай эхнэрийг хохирогч өшиглөх гээд байсан учир би сандарсандаа чулуу аваад шидсэн. Хохирогчид би 2, 3 удаа манай эхнэр хагархай гэдэстэй шүү гэж хэлж байсан. Энэ хэргээс хойш манай эхнэр хагалгаанд орсон. Манай эхнэрийг хохирогч 2 удаа цохисон. Одоо толгой нь өвддөг. Хавтаст хэрэгт энэ хэргийн талаар зарим хүмүүс буруу мэдүүлэг өгсөн байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Цогтбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би ээжийнхээ хашааг янзлах гээд очсон. Бид нар 9-үүлээ манай ээжийн хашааг янзлах гээд байж байхад 2 хүн орж ирсэн. Тэр 2 хүний 1 нь шүүгдэгч байсан. Тэр 2 хүн орж ирээд гараад явсан. Тэгээд нөгөө 2 хүн гарахад Ганбаа ах дрилл хаана байна гээд асуухаар нь дриллээ хайгаад олоогүй учир дриллныхээ хойноос явсан. Тэгээд явж байхад шүүгдэгч, түүний эхнэртэй таарсан. Тухайн үед манай хашааны тэр хавиар энэ 2 хүнэээс өөр хүн яваагүй, дрилл алга болох ямар ч үндэс байхгүй байсан учир би Ганбаа ахтай очиж дрилл яасан бэ, манай дриллыг аваад архиар сольсон уу, бид нар 1 дриллтэй ирсэн, бид нар өнөөдөр хашаагаа янзлахгүй бол болохгүй байна, хэрвээ та нар барьцаанд тавьсан бол хамаагүй авъя гэхэд шүүгдэгчийн эхнэр Ариунаа бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь Ганбаа, Самбуу ах нар хая, орхи гээд байсан учир орхиод явсан. Тэгээд бид нар тэр хавийн дэлгүүрүүдээс улаан өнгөтэй дрилл тавьсан уу, тавьсан бол бид нар мөнгийг нь төлөөд авмаар байна гэхэд олдоогүй. Тэгээд Ганбаа ах танидаг хүнээсээ дрилл аваад ирье гээд явсан. Тэгээд бид нар хашаандаа ирээд хогоо цэвэрлээд байж байхад өөр дрилл ирсэн учир хашаагаа янзлах гээд байж байхад хашааны үүдэн дээр олон хүмүүс ирээд бөөгнөрөөд байхаар нь очиход шүүгдэгч, эхнэр, охинтойгоо ирээд манай хүмүүстэй хэрэлдээд байсан. Та нар боль, наад дриллны чинь талаар маргааш учраа олъё гэхэд шүүгдэгчийн эхнэр Ариунаа учир зүггүй заамдаж аваад чи яахаараа хүнийг ингэж хэлдэг юм гээд байхаар нь би зүгтсан. Шүүгдэгчийн эхнэр нь гудамжинд байсан 2, 3 чулуу авч над руу шидсэн. Тухайн үед шүүгдэгчийн эхнэр Ариунаа нь надаас 3, 4 алхам зайтай байсан. Тэгээд над руу чулуу авч шидэж байсан учир би боль гэж хэлээд байж байхад шүүгдэгч миний нүүр рүү том чулуу шидсэн. Жижиг чулуугаар айлгах гэж шидээгүй. Санаатай том чулуугаар алах гэж байгаа юм шиг шидсэн. Би Ариунаад хүрээгүй. Ариунаа ч намайг ойртуулаагүй. Би Ариунаагийн шидсэн чулуунаас зугтаж гүйж байгаад шүүгдэгчийн шидсэн чулуунд оногдсон. Хавтаст хэрэгт гэрч нар буруу мэдүүлэг өгөөгүй. Эмчилгээний зардал 1.300 хэдэн мянга байгаа. Үүнээс гадна би хамраа янзлуулна. Хамраа янзлуулахад дахиад 1.200.000-аас 1.500.000 төгрөгийн зардал гарна. Эмчилгээний шрупыг авахыг тулд надад 300.000 төгрөг хэрэгтэй. Миний үнэрлэх мэдрэмж байхгүй болсон. Хурц үнэртэй

 

зүйлийг үнэрлэж чадаж байгаа. Би дахиад 1.500.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэнэ. Эхлээд нүүрний хэвээ хэвэнд оруулна. Дараа нь үнэрлэх мэдрэмжээ эмчлүүлэх хэрэгтэй байгаа. Шүүгдэгч эхэндээ эмнэлэг дээр ирсэн боловч дахиж ирээгүй. Манай ээж, эгч нар тэтгэвэрийн хүмүүс байдаг. Намайг эмчилэхийн тулд тэтгэвэрийн зээл авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Хүрэлбат мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч төлөв даруу зантай, эхнэр хүүхдээ зодож, агсам согтуу тавьж байгаагүй. Шүүгдэгч болон эхнэр Ариунаа нь тогтсон ажил хийдэггүй, амьдрал нь хэцүү хүмүүс байдаг.  Архи дарс уугаад байдаггүй хүмүүс юм. Энэ хэргийн талаар маргааш нь юу болсон талаар асуухад манай эгчид хохирогч агсам согтуу тавьсан гэж хэлсэн. Манай эгч бие муутай хүн. Манай ахыг тухайн үед хүн бариад хориод байсан юм билээ. Манай эгчийг хохирогч өшиглөх гээд байхаар нь чулуу шидсэн гэж хэлсэн” гэв.

Хохирогч П.Цогтбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар асрын 02-ны өдөр өглөө 11 цагийн үед найзууд болох  Галбадрах, Амараа, Номин-Эрдэнэ, Галаагийн таньдаг 2 ах нь эхнэр 2 дүүтэйгээ долуулаа манай ээжийн зуслангийн газрынхаа хашааг солих гэж ирсэн. Тэгээд автобуснаас буугаад явж байхад Ганбаа, Самбуу ах 2 явж байхаар нь хамт манай хашаа руу явсан. Тэгээд хашаандаа очиход гэрт тог байхгүй байхаар нь би Самбуу ахын гэрээс тог татаад хашаагаа янзалж байсан. Би хашаан доторх хогоо цэвэрлээд явж байхад гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд бид нарын сууж байгаа газар суухаар нь юун хүн юм бол гээд очоод сууж байгаад гараад явсан. …Тэгээд бид нар хашаан дотор сууж байсан чинь гадаа уртасгагчинд залгаатай байсан улаан өнгийн дрилл алга болсон байсан. Тэгээд бид нар тэр хоёроос өөр хүн яваагүй гээд Самбуу, Ганбаа ах бид нар араас нь явсан чинь бид нартай ирсэн хүүхдүүд сая нэг 2 ах улаан өнгийн дрилл бариад дэлгүүрт зогсож байсан гэхээр нь дэлгүүр лүү очоод асуухад тийм дрилл байхгүй гэж хэлэхээр нь бид нар дэлгүүр орж ирээд буцаж байхад Эрдэнэбаатар болон эхнэр Г.Ариунаа нь урдаас нэг шил архи авч яваад тааралдаад дриллээ асуусан чинь эхнэр Г.Ариунаа нь урдаас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ах та дрилл хаана өгсөн бэ бид нар мөнгийг нь өгөөд ч хамаагүй авчихъя гэхэд эхнэр Г.Ариунаа нь яриулахгүй байхаар нь орхичихоод явсан… нөхөр нь бас чулуу шидээд байсан. Тэгээд би чулуунаас нь бултаад санаандгүй харахад нүүрэн дээр чулуу ирээд оночихсон. Нөхрийнх нь шидсэн чулуу миний нүүрэн дээр оночихсон юм. Тэгээд л би нүүрэн дээр чулуу ононгуут би гэдэргээ савж унасан чинь хамт байсан хүмүүс намайг хашаа руу оруулаад хашаан дотор байхад нь би муужирч унасан. Тэгээд л хүмүүс цагдаа дуудаад, түргэн дуудаад байсан тэгээд би босоход цус олгойдож байсан. …гэмтэл дээр ирээд тэр оройноо шуурхай гээд оёдол тавиад цусыг нь тогтоогоод орхисон. Тэгээд оёдолоо хийгээд цусаа тогтоолгоод шууд гэртээ харьсан. Тэгээд маргааш нь гэмтлийн хажуу талын эмнэлэгт очиж оёдол хийлгэж 10 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр очиж баруун нүдний доод талын ясыг 2 шрупээр хадуулсан. Одоо хадуулсан ясаа эдгэхээр хамраа тэгшлүүлж янзлуулна. Миний биед учирсан гэмтлийг би өөрөө Эрдэнэбаатар учруулсан гэж бодож байна… одоо миний бие мартамхай, цочромтгой, үнэрлэх боломжгүй болсон. Миний хамар битүү байна…” гэсэн мэдүүлэг /хх-37-39/,

 

Гэрч Ц.Дэмбэрэлсамбуу мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…тэр өдөр манай гудамжны урд талын айл манайхаас тог аваад хашаагаа янзалсан. Би гэртээ унтаж байгаад гараад ирэхэд хашаагаа янзалж байсан дрилл алга болсон гээд гэзэгтэй Цогтоо … яг манай гудамжинд байдаг авгай, нөхөр хоёртой маргалдаж байсан. Тэгээд би дундуур нь ороод салгаад Цогтоог нааш нь явуулахад маргалдаад байсан нөхөр нь чулуу шиидсэн. Гэхдээ би чулуу шиэдэхийг нь хараагүй. Цогтоо нь газар дээрээ ухаан алдаад унасан. Нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд цагдаа, түргэн ирээд чулуу шидсэн нөхрийг аваад явсан… Намайг гэрээсээ гарч ирснээс хойш Ариунааг зодсон зүйл байгаагүй, маргалдаад л зогсож байсан… Цогтбаатар гэзэгтэй байсан …” гэсэн мэдүүлэг /хх-41/,

Гэрч Ч.Чулуунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би сар өдрөө санахгүй байна. Зүс таних хүн эхлээд ганцаараа орж ирээд 0.5 литрийн архи аваад гараад явсан. Удалгүй эхнэртэйгээ орж ирээд 0.5 литрийн архиа, 0.33 литрийн архиар солиод аваад явсан. Архи авсан хүний өмнө хүмүүс орж ирээд дрилл тавьж архи авсан уу гэж асууж байсан. Ямар ч эд зүйл барьцаанд тавиагүй бэлэн мөнгөөр аваад гарсан. Эхэлж орж ирж архи авахдаа ганцаараа орж ирсэн, дараа нь эхнэртэйгээ орж ирээд авсан архиа солиулаад гарсан. Бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Хааяа өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж юм зээлж аваад хугацаанд нь авчихдаг. Тэр өдөр Эрдэнэбаатар ах дрилл барьж орж ирээгүй, өөр дрилл барьж орж ирсэн хүн байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-48-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8015 дугаартай дүгнэлтээр:

  1. Цогтбаатар биед тархи доргилт, 2 нүдний доод хана, баруун нүдний доод хана, этмойд хөндий, хоншоор яс, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-52/,

            Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Цогтбаатар гэх залуу намайг дрилл авсан гээд гараараа миний толгой руу 2 удаа цохиход манай эхнэр та боль бид нар дрилл аваагүй гэж хэлэхэд Цогтбаатар гэх залуу манай эхнэрийн толгой руу гараараа толгой руу нь 2 удаа цохиод авахаар нь би газраас чулуу аваад шидсэн чинь тэр залуугийн нүүүрэнд нь оночихсон. Тэгээд Самбуу Цогтбаатар гэх залууг боль боль эмэгтэй хүн зодлоо гэж хэлээд манай эхнэрийг холдуулсан. …тухайн үед манай эхнэрийг зодоод байхаар нь би эхнэр Ариунаагийн хагалгаанд орсон хэвлий хэсэг рүү өшиглөөд оёдлыг нь задалчивий гэж айгаад болиулах зорилгоор газарт байсан чулууг баруун гараараа аваад

Цогтбаатар гэх залууг чиглүүлж шидсэн юм. Цогтбаатар болон хамт байсан хүмүүс нь намайг дрилл хулгай хийсэн гэж хэлээд хоргоогоод байсан. Тэрнээс болж маргалдсан бид нарт өөр маргалдах шалтгаан байгаагүй. Тэгээд тэр залуус цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-71/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол “...14см х 12см орчим хэмжээтэй чулууг хавсаргахаар тогтоов. /хх-32/

Эд зүйлийн үнэлгээ /хх-63/,

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-79-92 /,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт /хх-93-96/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 06 дугааэр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэрээ өмөөрөн маргалдаж хохирогч П.Цогтбаатарын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч П.Цогтбаатарын “…Эрдэнэбаатар болон эхнэр Г.Ариунаа нь урдаас нэг шил архи авч яваад тааралдаад дриллээ асуусан чинь эхнэр Г.Ариунаа нь урдаас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ах та дрилл хаана өгсөн бэ бид нар мөнгийг нь өгөөд ч хамаагүй авчихья гэхэд эхнэр Г.Ариунаа нь яриулахгүй байхаар нь орхичихоод явсан… нөхөр нь бас чулуу шидээд байсан. Тэгээд би чулуунаас нь бултаад санаандгүй харахад нүүрэн дээр чулуу ирээд оночихсон. Нөхрийнх нь шидсэн чулуу миний нүүрэн дээр оночихсон юм. Тэгээд л би нүүрэн дээр чулуу ононгуут би гэдэргээ савж унасан чинь хамт байсан хүмүүс намайг хашаа руу оруулаад хашаан дотор байхад нь би муужирч унасан. Тэгээд л хүмүүс цагдаа дуудаад, түргэн дуудаад байсан тэгээд би босоход цус олгойдож байсан. ...10 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд 1 дүгээр эмнэлэг дээр очиж баруун нүдний доод талын ясыг 2 шрупээр хадуулсан. Одоо хадуулсан ясаа эдгэхээр хамраа тэгшлүүлж янзлуулна.” гэх мэдүүлэг /хх-37-39/,

гэрч Ц.Дэмбэрэлсамбуугийн “…би дундуур нь ороод салгаад Цогтоог нааш нь явуулахад маргалдаад байсан нөхөр нь чулуу шиидсэн. Гэхдээ би чулуу шиэдэхийг нь хараагүй. Цогтоо нь газар дээрээ ухаан алдаад унасан. Нүүрнээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-41/, гэрч Ч.Чулуунчимэгийн “…Эхэлж орж ирж архи авахдаа ганцаараа орж ирсэн, дараа нь эхнэртэйгээ орж ирээд авсан архиа солиулаад гарсан. Бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Хааяа өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж юм зээлж аваад хугацаанд нь авчихдаг. Тэр өдөр Эрдэнэбаатар ах дрилл барьж орж ирээгүй, өөр дрилл барьж орж ирсэн хүн байхгүй…” гэх мэдүүлэг /хх-48-49/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8015 дугаартай дүгнэлтээр: “Цогтбаатар биед тархи доргилт, 2

нүдний доод хана, баруун нүдний доод хана, этмойд хөндий, хоншоор яс, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./хх-52/,

шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын “…би газраас чулуу аваад шидсэн чинь тэр залуугийн нүүүрэнд нь оночихсон.” гэх мэдүүлэг /хх-71/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт /хх-93-96/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ц.Эрдэнэбаатарт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатараас 1.442.700 төгрөг гаргуулж хохирогч П.Цогтбаатарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Эрдэнэбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатараас 1.442.700 /нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Цогтбаатарт олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ИДЭР