Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0196

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Т” ХХК

          Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

          Гуравдагч этгээд: Ц.СТ

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/241 дүгээр захирамжийн "Т” ХХК-ийн ашигладаг дулааны узель, гараашийн газрыг иргэн Ц.СТд эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0003 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Х

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.О

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан   

          Хэргийн индекс: 114/2025/0044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/241 дүгээр захирамжийн "Т” ХХК-ийн ашигладаг дулааны узель, гараашийн газрыг иргэн Ц.СТд эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

              3. Давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх: "... Нэхэмжлэгчийн узель, түүний өрөө байрлаж буй обьектийн доорх газар нь тухайн обьектыг бий болохоос өмнө бусдад эзэмшүүлсэн газар байх ба хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2022 оны 01-А/241 дүгээр захирамж хуульд нийцсэн, илт хууль бус захиргааны актын шинжийг хангаагүй, үүний улмаас “Т” ХХК-ийн эрх, хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.... гэжээ."

1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-A/241 дүгээр захирамжаар иргэн Ц.СТд **** м.кв газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч "Т" ХХК-ийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч баригдсан дулааны узель, түүний өрөөний доорх газрыг эзэмшүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэх агуулгыг заасан байхад тухайн узель, түүний өрөө нь уг байршилд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрх үүсэхээс өмнө өмнөх эзэмшигчийн зөвшөөрлөөр баригдаж, 13 жилийн хугацаанд уг газар дээр байрласан байхад энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй. Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хот байгуулалтын кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор орших зам талбайн, ногоон байгууламжийн, барилга байгууламжийн, газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний, гэр хорооллын, инженер геологийн, ус, ус сувгийн гэсэн дэд ангиллаар ялгаж хот байгуулалтын байр зүйн агуулгатайгаар үйлдэхээр заасан байхад хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн газрын кадастрын зурагт узелийн өрөөний зураглал байхгүй, хариуцагч нь тухайн газрын барилгажаагүй үеийн зургийг үндэслэн иргэнд газрыг эзэмшүүлсэн байна. 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Т” ХХК-д уг газар дээр гадна дулаан, дотор халаалтын шугамын засвар хийх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага олгосон бөгөөд тухайн үеийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Очиржав тухайн газарт дулааны узель барих зөвшөөрөл олгосон байдаг. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т "Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга нь газрын үндсэн бүрдэл хэсэг болж, газартай хамт ашиглагдах тул дулааны узелийн доорх газрыг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4-д ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг, 3.1.5-д шугам сүлжээ гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг, 3.1.6-д цэвэр ус дамжуулах шугам гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг тус тус ойлгоно гэж зохицуулжээ. Тухайн узель буюу дулааны зангилаа нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарч “Т” ХХК нь эзэмшиж байх тул Газрын тухай хуулийн 31.3 дахь заалт буюу "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж иргэн Ц.СТд дулааны узелийн 36 мкв газрыг эзэмшүүлсэн. Хавтаст хэргийн 11 дэх талд “Т” ХХК-ийн эмнэлгийн барилгын дулааны шугамын байгуулалтын зураглал авагдсан бөгөөд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газарт дулааны шугамын үл хөдлөх тулгуур байрласан байх уг шугамын дээгүүр ямар нэгэн байдлаар барилгажих боломжгүй учир уг газар нь нийтийн эдэлбэрийн төдийгүй шугам сүлжээний газарт мөн хамаарах үндэслэлтэй юм.

Иймд уг узель, түүний өрөө нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсэхээс байсан, мөн маргаан бүхий газар нь шугам сүлжээний газарт хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/241 дүгээр захирамжийн "Т" ХХК-ийг ашигладаг дулааны узель, түүний газрыг иргэн Ц.СТд эзэмшүүлсэн хэсгийг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/241 дүгээр захирамжийн "Т” ХХК-ийн ашигладаг дулааны узель, гараашийн газрыг иргэн Ц.СТд эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

          3. Маргаан бүхий газрыг эзэмших эрхийн тухайд:

          3.1 Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1068 м.кв газрыг "К" ХХК-д ашиглуулж, газар ашиглах гэрээг байгуулсан байх ба 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 250 дугаар захирамжаар газрын хэмжилт, бүртгэл, зураглалд хамрагдсан зохих зөрчилгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг хавсралтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний 30-д дээрх “К” ХХК-ийн газар багтсан байна.

          3.2 Улмаар "К" ХХК өөрийн эзэмшиж байсан байрыг "Д" ХХК худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Дархан-Уул аймгийн Газрын албанд гаргасан байх бөгөөд хариуцагч 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар захирамжаар "К" ХХК-ийн эзэмшиж байсан 1011,4 м.кв газрыг "Д" ХХК-д эмнэлгийн зориулалтайгаар 20 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0079*** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээг байгуулсан байна. Мөн хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 513 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2019 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 01-А/377 дугаар захирамжаар газрын хэмжээг **** м.кв болгон багасгаж тус тус шийдвэрлэсэн ба тухай бүр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээг байгуулж байжээ.

          3.3. "Д" ХХК болон гуравдагч этгээд Ц.СТ нар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, холбогдох байгууллагад хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга маргаж буй 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/241 дүгээр захирамжаар "Д" ХХК-ийн эзэмшиж байсан уг **** м.кв газрыг гуравдагч этгээдэд шилжүүлэн эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд Ц.СТгийн газар эзэмших эрх хуульд зааснаар үүссэн болох нь үүгээр тогтоогдож байна.

          4. Харин нэхэмжлэгчийн дулааны узель, түүний өрөө нь 2013 онд баригдсан бөгөөд анх баригдахдаа түүний доорх газрыг “Д” ХХК-ийн газар гэдгийг мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч нь “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-тэй харилцан тохиролцож уг дулааны узель, түүний өрөөг бариулсан байх хэдий ч одоог хүртэл гэрчилгээ аваагүй байна.

          Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж зааснаар нэхэмжлэгчид дулааны узелийн доорх газрыг эзэмших эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс бусдын эд хөрөнгө байгааг харгалзан үзээгүй гэж гомдож буй нь үндэслэлгүй. Харин хариуцагч талаас “ ... нэхэмжлэгчид бусдын газар дээр дулааны узель барих ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй, гуравдагч этгээдийн эзэмшиж байсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрх хэмжээ хариуцагчид байхгүй.” гэж маргаж буй нь үндэслэлтэй байна.

          5. Энэ талаар анхан шатны шүүх “... Нэхэмжлэгчийн узель, түүний өрөө байрлаж буй обьектийн доорх газар нь тухайн обьектийг бий болохоос өмнө бусдад эзэмшүүлсэн газар байх ба хариуцагчийн үйл ажиллагаа буюу 2022 оны 01-А/241 дүгээр захирамж хуульд нийцсэн, илт хууль бус захиргааны актын шинжийг хангаагүй, үүний улмаас "Т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.” гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна.

          Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн актыг гаргахдаа хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, эсхүл хууль зөрчиж, үндэслэлгүйгээр шийдвэр гаргасныг хэлнэ. Энэ нь илт хууль бус акт бөгөөд эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй.

          Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж зааснаар хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ хуульд заасан процессын дагуу ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй байна.

          6. Мөн анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэр газар гэж хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлэхээр хуульчилсан бөгөөд Ц.СТгийн эзэмшиж буй газар нь анх /1997 оноос гэх боловч гэрчилгээ, кадастрын зураг байхгүй тул/ 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хүн, хуулийн этгээд эзэмшиж ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох тул нэхэмжлэгчийн дулааны узель, түүний өрөө байрлаж буй обьектын доорх газрыг нийтийн эдэлбэр газар гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114/ШШ2026/0003 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                            А.САРАНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР