Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1079

 

 

 

 

 

 

 

 

   2023         10          27                                   2023/ШЦТ/1079

 

                                  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш

Улсын яллагч Б.Өнөбат

Хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцсон эрүүгийн 2309017441998 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Эрмайл баар бий-д дизайнер ажилтай, ам бүл 5 /нөхөр хүүхдүүдийн хамтаар/, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-н Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц-т “оёдлын машин бусдад барьцаанд тавьчихсан байгаа тэрийгээ авчихвал танд 4,500,000 төгрөгийг чинь өсгөж өгнө” гэж худал хэлж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 4,500,000 төгрөгийг бэлнээр авч хувийнхаа хэрэглээнд зарцуулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би оёдолчин хийгээд 23 жил болж байна.Ц- манай нөхрийн үеэл. Нөхөртэйгөө гэрлээд 23 жил болж байна. Монголд болж байгаа томоохон шоу арга хэмжээ бүх л юмны хувцасыг оёдог. Шаглаа гээд брэнд үүсгээд  салон ажиллуудаг байж байгаад “хот монголиа” гэдэг солонгосоос костюм оруулж ирдэг газартай хамтарч ажиллах гэрээ хийгээд өмнөх жилийн 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хамтарч ажилласан. Явцын дунд үүссэн асуудлаас болоод оёдлын машинуудаа тэнд алдсан. Буцааж авья гэхээр 4.500.000 төгрөг өгөөд ав гэдэг. Ц-аас 4.500.000 төгрөг авсан нь үнэн. Ц-аас мөнгө аваад хуучин захирлаасаа оёдлын машинуудаа авах гээд очиход “надад чамтай яриад байх юм байхгүй” гээд машинуудыг маань өгөөгүй. Одоо хүртэл аваагүй байгаа. Хувьдаа хэрэглэсэн мөнгө гээд байгаа нь өмнөх жилийн 10 сард манай нөхрийн эмээ, нагац ах, үеэл дүүгийнх нь хүүхэд гээд 3 хүн нэг, нэг хоногийн зайтай нас барсан. Хотод нэг ажил явдал нь өнгөрсөн. Хоёр ажил явдал нь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд болж өнгөрсөн. Наашаа цаашаа 20 гаруй хоног явсан. Эдгээр зүйлүүдэд зарцуулагдсан. Би өөрөө бас өвчтэй байсан. Хавар утсыг маань авахгүй байсан. Би хавар 3 сард гуравдугаар эмнэлэгт үзүүлээд ходоодны шархтай гээд эмнэлэгт 20 гаруй хоног хэвтэж байгаад гарсан. Тэр хугацаандЦ- манай гэрт очиж мөнгөө нэхсэн байсан. Би тэр үед утсаа авах боломжгүй бие маш хүнд байсан. 5 сард эмнэлгээс гарснаас хойш ажил хийж байгаа. Манайх бүтэн 3000 ... захиалгатай ажил дуусахаар мөнгө нь орж ирэх гээд цалинтай, цалингүй ажиллаж байгаа. Уг нь мөнгөө цуглуулаад өрөө төлөх гээд явж байна..” гэв.

Хохирогч Д.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Б анх “6 оёдлын машинаа барьцаанд тавьсан. Хураалгах гээд байна. Чи ганц удаа тус болооч. Би чиний амьдралаар тоголно гэж байхгүй. Би чиний амьдралыг мэдэж байгаа ганц удаа тус болооч” гэж хэлсний үндсэн дээр хувьдаа байсан машинаа Банк бус санхүүгийн байгууллагад тавьж Б.Б4.500.000 төгрөгийг өгсөн. Б.Б надад 1.200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй...” гэв.

Эрүүгийн 2309017441998 дугаартай хэргээс

Иргэн Д.Ц-аас цагдаагийн байгууллагад Х-аж гаргасан гомдол, /хх-ийн 14 дүгээр хуудас/

Хохирогч Д.Ц-н мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

Хохирогч Д.Ц-н мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Б.х-н мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

Б овогтой Х-н .... тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа, /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-63 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц т “оёдлын машин бусдад барьцаанд тавьчихсан байгаа тэрийгээ авчихвал танд 4,500,000 төгрөгийг чинь өсгөж өгнө” гэж худал хэлж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 4,500,000 төгрөгийг бэлнээр авч хувийнхаа хэрэглээнд зарцуулж залилсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Ц-н “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороололд бэр Б- уулзах хэрэгтэй байна гэхээр нь би очиж уулзсан тэгсэн чинь "дуу нь 6 ширхэг оёдлын машин хүнд хураалгачихсан тэрийгээ авах гэсэн чинь 4.500.000 төгрөг хэрэгтэй болчхоод байна та надад олоод өгөөч надад олоод өгвөл би мөнгийг чинь буцааж өгөхдөө өсгөөд өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 560 дугаар байрны гадна очиж Б-т бэлнээр 4.500.000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг Б-т өгөхдөө өөрийн эзэмшлийн 4990 УАХ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 тээврийн хэрэгслээ ББСБ Финанс барьцаанд тавиад 4.500.000 төгрөгийн зээл авч өгсөн. Б- 2 сарын дотор ББСБ-д зээл төлж дуусгана гэсэн боловч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 сая төгрөг бэлнээр өгсөн тухайн мөнгийг би өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн мөнгө нь болохоор өмнө нь 2022 оны зун би өөрийн машинтайгаа Хэнтий аймгаар Б-т үйлчилж явж өгсөн тухайн мөнгөнийхөө хөлсийг аваагүй байсан тэгээд тэр 1 сая төгрөгийг суутгаж авсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 сая төгрөг над руу шилжүүлсэн тухайн мөнгийг би ББСБ финанс руу шилжүүлсэн. Тэгээд өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөөгүй учир 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ББСБ финансд би өөрийн приус 20 автомашинаа хураалгасан. Машинаа буцааж авахын ББСБ финансд 5.231.707 төгрөг өгөх ёстой байсан Б-ээс гуйсан чинь өгөхгүй утсаа ч авахгүй байсан тэгэхээр нь ээжийн найз Х эгчээс 5.900.000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгөнийхөө 5.231.707 төгрөгөө өгсөн. Үлдсэн мөнгөө машин авахдаа зарцуулаад мөн өртэй өрөө өгөөд өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан. Хэгчээс мөнгө зээлэхэд Б- 7 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5.500.000 төгрөгийг чинь өсгөж өгнө гэж хэлээд бас алга болчихсон. Х тухайн мөнгийг өгөхдөө хаач банкнаас 5.900.000 төгрөг зээлсэн. Одоо би Х эгчийн банкны мөнгийг төлж байгаа сард 1.200.000 төгрөг өгдөг...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Х-ын “...Д.Ц нь 2023 оны 03-р сарын 14-ний өдөр би тээврийн 7 хэрэгслээ Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад авсан мөнгөө бэр болох Б- гэгчид өгсөн ба одоо мөнгө болон тээврийн хэрэгслээ буцаан авч чадахгүй байна 5,500,000 төгрөг хэрэгтэй байна гээд Б-ийн зээл хүссэн гараар бичсэн өргөдпийн хамтаар ирсэн тэгэхээр нь Хаан банкнаас өөрийн пос машины орлогоо барьцаанд тавиад 6 сарын хугацаатайгаар 5,900,000 төг г зээлээд 5,900,000 төгрөгийг Д.Ц-н тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан БСБ банк бус санхүүгийн байгууллагын тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш Б- нь Д.Ц-аас авсан мөнгөө өгөөгүй мөн миний зээлж авсан мөнгийг өгөөгүй байгаа юм. Энэ асуудлаас болж би сар бүрийн 19-ны өдөр хаан банкинд зээл төлж байгаа юм...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба “оёдлын машин бусдад барьцаанд тавьчихсан байгаа тэрийгээ авчихвал танд 4.500.000 төгрөгийг чинь өсгөж өгнө" хэмээн бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б с 2.181.707 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-т олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирол төлбөрт 2.181.707 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Сайнбатаас: Гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, бусад нөхцөл байдлыг тус бүрээс нь харгалзаж үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “....Шүүгдэгчийн зүгээс гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Энэ ч үүднээс хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн  нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласугай. 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН